Нөхцөл байдал.
Өнөөдөр 175 мянган оюутан суралцаж байгаагаас 155
мянга нь бакалавр, 16 мянга орчим нь магистрантурт суралцаж байна. Нийгмийн
ухааны чиглэлээр 50 гаруй мянга, зам барилга, уул уурхайн чиглэлээр 30 гаруй
мянган оюутан суралцаж байна.
Дээд боловсролын шинэчлэлийг нийгмийн асуудлуудтай
уяалдуулах шаардлагатай. Сургалтын чанар материаллаг баазын асуудлыг энд хөндөх
гэсэнгүй. Харин оюутны хичээл, амьдралын хэмнэлийг улс орны бүтээн байгуулалт,
улирлын мөчлөг зэрэгтэй хэрхэн уялдуулж болох талаар өөрийн санааг хүргэх гэсэн
юм.
Өнөөдөр ямар ч компанийн захирал, эзний толгойны
өвчин бол хүний нөөцийн асуудал байдаг. Ажилдаа дур сонирхолтой чадварлаг
хүмүүс цөөхөн байна, хариуцлагатай, итгэлтэй хүн бүр ховордож байна гэж гомдолцгоодог.
Харин хэн ч илүү их цалин нэхдэг, эсвэл академик мэдлэг муутай гэхчилэн
гомдоллоод байдаггүй.
Оюутнууд төгссөөд ажилд орохдоо диплом дээрх
дүнгүүдийг ажил олгогч нэг их сонирхдоггүй ба тэр тусмаа ерөнхий эрдмийн
хичээлүүд бараг хэрэггүй гэж үзээд,мэргэжлийн хичээлүүдээ ч нөгөө хэдтэйгээ
адилхан халтуурдсанаа мэддэг. Суралцах арга барил сайн эзэмшсэн хэсэг нь ажил
дээрээ амархан дадлагажаад явж байхад нэг хэсэг нь шаардлага хангахгүйн улмаас
дипломтой худалдагч болцгоодог. Тэгэхлээр шинээр ажил горилогч залуучууд хэрэг
болохооргүй хичээлд мөнгө, цаг үрж байхаар ямар нэг ажил хийж байсан бол дээр
байж дээ гэх яриаг ч төгссөн хойноо өрнүүлж сууцгаадаг.
Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар нь дорвитой
зөвлөгөө өгөх газар бараг байхгүйтэй адил. Мэргэжлээ сонгосон байлаа гээд
хүссэн ангидаа орох бололцоогүй нь бас шийдвэрлэх ёстой асуудал мөн. Үүнийг
ихээхэн уян хатан зохицуулах, хуучин явж ирсэн тогтолцооноос, хайрцагнаас гарч нийгмийн
шаардлагатайгаа уялдуулах хэрэгтэй болоод байна. Мэргэжлээ зөв сонгох талаар
төрөөс хийх зохицуулалтын талаар санал болгомоор анаа байна.
Бакалаврын сургалтын хөтөлбөрийг уян хатан болгон өөрчлөх
Их дээд сургуулиудын бакалаврын
хөтөлбөрийг мэргэжлийн дээд боловсролын, шинжлэх ухааны дээд боловсролын гэсэн
хоёр төрөлтэй болгох арга хэмжээ байж болох юм.
Өнөөгийн бакалаврын
хөтөлбөр нь эхний нэг, хоёрдугаар курсэд ерөнхий эрдмийн хичээлүүд буюу хэл,
түүх, эдийн засаг, эрх зүй гэхчилэн дээд боловсролтой хүний мэдэх ёстой наад
захын мэдээллүүдийг өгөхөд чиглэгддэг ба гурав дөрөвдүгээр курсээс эхлэн нарийн
мэргэжлийн хичээлүүд нь ордог.
Ихэнх оюутнууд өөрийн мэргэжлийн хичээлүүдээс
бусдыг нь үл ойшоох, халтуурдах байдлаар ханддаг ба сургалтын байгууллага ч
эдгээр хичээлийг нэг их хайхардаггүй гэхэд болно.
Нэгэнт мэргэжлийн амин чухал судлагдахуун биш
учраас сургуулийн зүгээс багш нарыг сонгохдоо ч, тэр чиглэлээр судалгаа
шинжилгээний ажил явуулахдаа ч төдийлөн ач холбогдол өгдөггүй.
Интернетийн эрин үе эхэлсэн өнөө үед ерөнхий
эрдмийн хичээлийн агуулгыг дээд боловсролын программд заавал оруулаад байх
шаардлага байна уу үгүй юу гэдэг асуудлыг гаргаж ирж тавих цаг нь болсон байж
мэднэ.
Ийм шалтгааны улмаас их дээд сургуулийн программыг
шахаж богиносгох санаачлага хэрэгтэй гэж үзлээ.
Монголын ажиллах хүчнийг хамгийн их шингээдэг
бизнесийн салбарууд улиралын чанартай байгаа юм. Өөрөөр хэлбэл зам, барилга,
аялал жуулчлал, уул уурхай гэх мэт бизнесүүд, тэдгээрийг дагасан үйлдвэрлэл
үйлчилгээ ч улирлын чанартай байна. Иймээс бакалаврын сургалтыг илүү уян хатан
болгож зөвхөн мэргэжлийн хичээлийг шахаж оруулдаг хөтөлбөрийг бий болгох,
эдгээр хураангуйлсан гэх үү мэргэжлийн программыг их дээд сургуулиуд хүйтний
улиралд хэрэгжүүлдэг байж болох юм.
Жишээ нь барилгын инженерийн мэргэжил эзэмшиж буй
бакалавр оюутан гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл аль нэг барилгын
компанид туслах ажилтнаар орох ба, аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл
оюутныхаа ажлыг хийж суралцана. Арван жилээ төгсмөгц барилгын компанид ажилд
орсон, 4 жилийн дараа инженер болох хүсэлтэй залуучуудад зөвхөн сургууль нь биш ажил
олгогч нь нарийн мэргэжлийн чиг баримжаа
олоход нь туслаж болно.
Найз нараасаа, ойр тойрныхноосоо авсан ийм мэргэжил
гоё, ирээдүйтэй гэх зөвлөгөөнөөс илүү тухайн ажлын байрандаа ажлын амт,
хөдөлмөрийн үр шимийг хүртэхийн зэрэгцээ амьдрал дээр харж мэдэрсэн мэргэжлийг
илүү сонгох боломжтой болно.
Давуу тал нь.-
Бодитой сонголт. Өөрийн сонгосон мэргэжлээр үнэхээр ажиллах уу үгүй
юу гэдгээ эхний жил ээ л мэдрэх боломжтой. Хэрвээ үнэхээр барилгын мэргэжил
эзэмших дур сонирхлыг нь татахааргүй бол 4 жил, цаг хугацаа хөрөнгө мөнгөө
шатаасны дараа мэргэжлээ өөрчлөхөөс илүү давуу талтай. Барилгачин биш хуульч
хийх ёстойгоо ойлгоод шинээр эхлэх боломжтой л болно гэсэн үг.
-
Нарийвчилсан сонголт. Ерөнхийдөө барилгын инженер болно гэх
бодолтой ороод тухайн үед өөрт нь оногдсон хувиарын дагуу суралцахаас өөр
аргагүй байдалд ихэнх оюутнууд орсон байдаг. Тэгвэл эхний жилээсээ л аль нэг
барилга дээр ажиллаж эсэлсэн бол цахилгааны инженер болох уу, дулааны инженер
болох уу, эсвэл дотоод засал чимэглэлээр явсан ннь дээр үү, агааржуулалтаар
дагнах уу гэдэг шийдвэрээ өөрөө, эсвэл компанийн хүний нөөцийн менежер, цех бригадын
даргаасаа зөвлөж байж шийдэх боломжтой болно.
-
Өөрийн чадварыг үнэлж сурна.
-
Суралцахдаа хариуцлагатай болно. Одооны оюутнуудын багагүй хэсэг нь сүх
далайтал үхэр гэгчээр “айвуу тайвуу” суралцдаг нь өөрчлөгдөнө. Зунжин хийсэн,
туслах, хар бор ажлаа хийх үү эсхүл өндөр мэргэжилтэй инженер болох уу гэдэг
сонголтыг тэд биеээр мэдэрнэ. Бие даалтаа халтуурдах уу эсвэл чин сэтгэлээсээ
хийх үү гэдэг нь цаашдаа амьдрахад нь хэр үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдэрэх болно.
-
Сургалтын төлөвлөгөөтэй болно. Багш, профессоруудас яг юу асууж, хичээл
дээрээ чухам юуг судлах ёстойгоо сайн мэднэ. Ажиллаж байгаад гадагшаа дотогшоо
явж суралцсан хүмүүсийн хийсэн судалгааны ажил илүү ажил хэрэгч байдаг гэж
ярьцгаадаг нь оргүй үг биш байх.
-
Үр бүтээлтэй суралцана. Нэгэнт барилгын инженер болох хүнд бөөн
чирэгдэл болгож түүх, нийгэм заагаад байх шаардлагагүй. Хүн өөрийн мэргэжилд
хамааралгүй танин мэдэхүйн хэрэгцээгээ, өөрийн сонирхлын дагуу ном сонин,
интернет тэр байтугай телевизийн сувгуудаас олох бүрэн боломжтой болсон. Тэр
хүн гадаад хэл, мэргэжлийн хэл шаардлагатай бол төгсөхийнхээ хэрд боломжийн
курсад суралцах, эсвэл бий болгосон хуримтлалаараа хэдэн сар гадаад оронд очиж
хэлний сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийхэд дутуу дулимаг зааж цаг үрсэн хэдэн
кредитийн хөтөлбөрөөс хэд дахин илүү үр ашигтай байна.
Ийм учраас “мэргэжлийн” бакалаврын сургалтын
хөтөлбөрүүдийг бий болгож ажиллах хүч, боловсрол, ажил олгогчийн хоорондын
уялдаа холбоог бий болгох нь чухал байна. Үүний тулд дараах хэд хэдэн
шийдвэрийг ажил хэрэг болгох шаардлагатай болов уу.
Ийм шинэчлэлийг хийсний үр дүнд нийгэмд тулгараад
байгаа дараах томоохон зорилтуудыг шийдвэрлэж чадна.
-
Ажиллах хүчний хангамжийг зохицуулна. Зуны улиралд заавал гаднаас ажиллах хүч
авч байж хийдэг бүтээн байгуулалтын ажлуудад оюутны хүчийг дайчлах боломжтой
болно. Жил бүр Засгийн газар гаднаас ажиллах хүчин авдаг байдал ихээхэн
өөрчлөгдөнө. Ядаж л нарийн мэргэжлийн инженерүүдээ түлхүү авч ирж, монгол
ажилчидаа сургаж, дадлагажуулах зорилт нь биелнэ.
-
“Цаг нөгцөөгч” оюутан багасна. Ямар ч байсан бакалавр болно гэсэн ойрын
зайн зорилттой суралцаад дараа нь мэргэжлийн бус ажил хийхэд тулдаг асуудлыг
шийдвэрлэнэ
- Туршлагатай ажилтануудтай болно. Бакалаврын зэрэгтэй төгсөгчид ажлын
байрандаа шууд бэлэн болсон бүтээгдэхүүн болон очно.
- Төсөв хэмнэнэ. Төрөөс оюутнуудад зарцуулдаг 70 мянга гэхчилэн төсөв
хэмнэгдэхээс гадна оюутнууд өөрсдөө түүнээс хэд дахин илүүтэйгээр баялаг бүтээхэд бодитой оролцож эхэлнэ.
Эцэст нь бүх оюутныг ийм шахсан программд оруулах
гээгүй гэдгээ дурдъя. Өөрөө хүссэн эсвэл уралдаант шалгалтад дээгүүр байр
эзэлсэн оюутнууд бүрэн буюу шинжлэх ухааны дээд боловсролын программаар
хичээллэх ёстой. Цаашид мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний, судалгааны
карьер хөөх хүсэлтэй, магистер доктор, профессор болох төлөвлөгөөтэй оюутнууд
ерөнхий эрдмийн хичээлүүд, мэргэжлийн хичээлүүдээ үзэж суралцах ёстой.
Мэргэжлийн дээд боловсрол, шинжлэх ухааны дээд
боловсрол аль нь ч дөрвөн жил суралцаад бакалаврын зэрэг авч болох ба хэрвээ
цаашдаа магистрийн зэрэг хамгаалах бол мэргэжлийн дээд боловсролын программаар
суралцсан оюутан богино хугацааны ерөнхий эрдмийн сургалтад хамрагддаг
зохицуулалтыг бий болгож болно.
Дээрх санаа жишээг эрх зүйч, аялал жуулчлал, тэр
байтугай үйлчилгээний ажил мэргэжлүүд дээр ч хөрвүүлхэд болохоор санагдана. Та
бас тунгаана биз ээ. Баялаг бүтээх бүтээн байгуулалтдаа өөрсдөө гар бие оролцох
нь чухал байгаа энэ үед манай залуучууд дуртайяа хүлээн авах байх гэдэгт найдаж
байна.
Манай улсад хуулийн зөвлөгөө өгөхөөр ирсэн нэг
гадны хуульчийн үгээр энэ бичлэгээ дуусгъя.
“Танайх хуулийн зөвлөх авах сонгон шалгаруулалт
зарлахдаа заавал эрдмийн зэрэг (master, PhD ) шаардах юм аа. Заримдаа бид тийм хүнийг өөрийн
багтаа олж авах гэж их дээд сургуулиас хүн хайж, олж байж танай шалгуурт
тэнцдэг. Өөр ямар ч оронд хуулийн зөвлөгөө тухайлбал даатгалын чиглэлээр
хуулийн зөвлөх авах гэж байгаа бол даатгалын чиглэлээр хэдэн жил ажилласан, хэдэн
хэлцэлд орж байснаар нь шалгаруулдаг. Судлаач бол судлаач, тэд шинийг санаачилдаг,
туршдаг заримдаа философич байдаг учраас яг амьдралд хэрэгтэй зөвлөгөө
өгдөггүй. Танай хууль, бусад гэрээ хэлцэл чинь амьдралаас хол хөндий,
хэрэгждэггүй, ашиггүй гэсэн шүүмжлэл гарч байгаа бол ихэнх хуулийг чинь онолын
хүмүүс боловсруулснаас тэгж байгаа юм” гэж билээ.
No comments:
Post a Comment