Monday, October 21, 2013

Увс аймагт ажиллаа



Баруун гурван аймгаар ажлын томилолтоор яваад ирлээ. Явсан ажлын тайлан болгож аян замын тэмдэглэл бичлээ. Аян замын богц гэх үү дээ. Хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, нутгийн иргэдтэй ч уулзлаа.

Увс аймаг.

Увс аймагт хамгийн сүүлд очсоноос хойш их өөрчлөгджээ. Аймгийн төвийн гудамж нь цэмбийгээд цаанаа л нэг цэмцгэр сайхан болсон байна. Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнтэй уулзаж ярилцлаа. Увс аймагт эрүүгийн нөхцөл байдал тэр дундаа малын хулгай эрс багассан байна. Аймгийн засаг дарга архидалттай шийдэмгий тэмцэж байгаа бөгөөд ажлын байран дээр архидах, угтан авалт, үдэн гаргалт мэтээр найрлаж, наргидаг байдлыг халжээ. Тэр байтугай засаг даргын орлогчдоо хүртэл арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн байна.  Энэ нь ч үр дүнгээ өгч архидалт эрс багасчээ. Иргэд ч энэ асуудалд ихээхэн нааштай байгаа нь анзаарагдаж байна. Аймгийн төв цомхон, архидалттай шийдвэртэй тэмцвэл бас үр дүнд хүрдэгийн жишээ юм уу даа. 

Хууль сахиулах байгууллагуудад тулгарч байгаа нэг асуудал бол боловсон хүчний тогтвор суурьшил юм. Жишээ нь увс аймагт, ялангуяа сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хүнийг бэлтгэх дээр анхаарал тавих хэрэгтэй юм байна. Улаанбаатар хотоос томилогдож очсон хүн шинээр идээшихэд зарим хүндрэл гардаг. Гэр орны асуудал, гэр бүлээрээ очвол эхнэрийнх нь ажлын байр, хүүхдийн сургууль цэцэрлэг гээд олон асуудал шийдэх болдогоос нэг их удалгүй хот руу шилжих хүсэлт гаргаж эхэлдэг байна. Энэ асуудлыг ХСИС-тай хамтран шийдвэрлэж болохоор санагдлаа. Цагдаагаар ажиллах хүсэлтэй нутгийн залуучуудыг аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран өргөдлөөр буюу гэрээгээр сургаж, буцаад орон нутагт нь томилж ажиллуулбал олон асуудлыг хамтад нь шийдэж болохоор байна. 

Хууль сахиулах буюу хууль зүйн яамны харъяа байгууллагуудаас өөрийн гэсэн байргүй, орон тоо цөөн гэх мэт асуудлууд байна аа. Жишээ нь Хил хамгаалах байгууллага маань орон сууцны асуудалтай байна. Томилогдож очсон алба хаагчидынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь чухал бөгөөд тэднийхэн засаг даргатайгаа хамтран 40 айлын орон сууц барих талаар төлөвлөж байгаа юм байна.  

Манай бүртгэлийн газар харин шинэ байранд оржээ. Саруулхан, үйлчилгээ болон архивын зай талбай хангалттай сайхан байр байна. Гэм нь бага зэрэг чийгтэй байгаа нь архивын хадгалалтад сөргөөр нөлөөлж магадгүй. Энэ талаар удирдлагууд нь анхаарна биз.

Увс аймагт бас нэг дутагдалтай байгаа асуудал бол хөндлөнгийн хараат бус шинжээчийн /үнэлгээчин/ асуудал байна. Урд нь шинжээчээр ажиллаж байсан хүн өөр ажил албан тушаалд томилогдсон учраас одоогоор тамгын газрын хэдэн ажилтан шинжээийн үүргийг шүүгчийн захирамжаар гүйцэтгэж байгаа юм байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран нэн даруй шийдвэрлэхгүй бол мэргэжлийн бус хүмүүсээр хэдий болтол хөндлөнгийн шинжээч хийлгэх вэ дээ. 

Түүнчлэн аймгуудад яамдаас зарим нэг ажил үйлчилгээний эрхийг шилжүүлэхдээ төсөв хөрөнгийг нь зэрэг шилжүүлдэггүйгээс болж ажил сунжрах, эзгүйдэх зэрэг асуудал бэрхшээл үүсдэг байна. 

No comments:

Post a Comment