Monday, October 21, 2013

Баян-Өлгий аймагт баярын үеэр таарлаа



Баян-Өлгий аймагт мусульман шашинтануудын баярын Хурбанайт өдрөөр таарлаа. Мусульман шашны гол таван үүргийн /Коран унших, Мацаг барих буюу Рамадан, Меккад мөргөх, Буян үйлдэх буюу өглөг өгөх, өдөр бүр Мөргөл хийх гэж санаж байна / нэг болох мацаг барих Рамадан сарын дараа 90 дэх өдөрөөс эхэлж гурав хоног үргэлжилдэг байна. Энэ гурван өдөр мал муулж, мах чанаж өнчин ядуусыг цадтал хооллож, дайлж цайлдаг учиртай гэнэ. Бүр Туркээс хүртэл хүмүүс ирж хэдэн зуун хонь худалдан авч хүмүүсийг дайлж байхтай таарлаа.  Уг нь бусад улсуудад албан ёсны амралтын өдөр байдаг боловч манайд хууль тогтоомжоор зааж өгөөгүй учир ажиллаж л байдаг байна. 

Нутгийн иргэдийн зүгээс хууль сахиулах байгууллагын дарга нар бараг бүгд казах биш хүн томилж байгаад сэтгэл дундуур байна. Энэ төрийн бодлого юм уу, эсвэл тохиолдлоор ийм томилгоо хийгээд байна уу гэж асуух, гоморхох хоёрын дундуур хэлэх хүн олон байна

Баян-Өлгий аймагт ноториат гэдэг нь хамгийн хүнд сурталтай газар болчихжээ. Аймгийн хэмжээнд хоёрхон ноториатч байдгийн нэг нь хувийн ажил ихтэйгээс бараг үйлчилгээ үзүүлхээ байсан ба үлдсэн нэг нь үйлчилгээ үзүүлэх гэж ёстой л хаан шиг, заан шиг болчихсон гэнэ. Эд хөрөнгийн бүртгэлийг суманд хийдэггүй учраас иргэд заавал аймгийн төвд очиж бүртгэлээ хийлгэдэг. Гэтэл хаа холоос зорьж ирсэн сумын иргэд ноториатчаас болж чиргэдэж байна. Энэ асуудлыг яам, Нотораитчдын танхим хамтран зохицуулж болохоор асуудал байна. 

Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэсийн дарга Батболд маш чухал санал дэвшүүлж байна. Хятад мотоцикльд стандарт шаардлага тавихгүй бол осол эндэгдэл их гардаг. Ялангуяа баруун аймгууд замын бартаа ихтэй, нөхцөл хүнд байдгаас мотоциклийн эд анги /руль, дугуй гэх мэт үндсэн явах эд анги/ салж унах, хүний амь нас эрүүл мэндэд хор аюул учруулах нь их байна гэнэ. Ямар чанарын стандартад нийцсэн техник, сэлбэгийг оруулж ирэх талаар холбогдох байгууллагуудтай нь хамтран шийдвэрлэх болно. Мөн мотоциклийг зарахдаа хамгаалалтын дуулгатай нь хамт зарж болохгүй юу гэсэн нь бас л сонин шинэлэг санаа байсан. Иргэд хамгаалалтын дуулга гэхээр заримдаа барилгын малгай хүртэл өмсөөд явж байх нь бий гэнэ.  

No comments:

Post a Comment