Thursday, May 29, 2014

Архичин эдийн засаг буюу шарталтын синдром


Манай эдийн засгийг айл гэрийн амьдралаар жишиж харвал ямархуу дүр зурагтай байх бол гэж бодогдоод нэг нийтлэл бичлээ.

Айхтар ажилсаг айл гэж байна. Амьжиргаа сайтай айл гэж байна. Эхнэр ч тэр, нөхөр ч тэр залхууралгүй ажиллаж, хашаа хороогоо өөд нь татаж өдрөөс өдөрт амьдрал ахуй нь өөдлөн дэвждэг. Америк, Япон, Хятад, Европын хөгжиж улсууд бүгд л ажилсаг, амьжиргаатай айлууд. Арчаагүй залхуу айл ч байна. Төр хувийн компанид болсон болоогүй ажил хийчихээд, олдсон хэдэн бор төгрөгөө олигтой ч зарцуулж  чадахгүй хир, даахьтай, өлмүн зөлмүүн явж л байдаг. Африк, арабын газар нутаг нь баялагтай ч иргэд нь зүдэрсэн царайтай улсууд нэг тиймэрхүү. Ядарсан зүдэрсэн өрх ч бас байна. Насны эрхээр ажиллаж чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй болчихсон гэх мэт шалтгаанаар бусдын тусламжгүйгээр амьдрахад хүндрэлтэй болчихсон өрөвдөлтэй айл ч цөөнгүй. Тэр байтугай архичин айл ч гэж байна.

Архаг хар архичид яадаг билээ дээ. Хэрвээ багахан  мөнгө төгрөг олдсон бол шууд л архи аваад уучихна. Арай ахиухан мөнгө олдвол найзуудтайгаа нийлээд уучихна. Асар их мөнгө олчихсон бол асар үнэтэй архи аваад уучихна. Сонголт нь ерөөсөө л байгаа мөнгөө дуустал нь уух. Гэр бүл үр хүүхэд нь архины шилийг нь тушааж байж талхаа авч иддэг онигоо хүртэл байдаг байх шүү.

Манай улсын улс төр, улс төрөөсөө шалтгаалсан эдийн засгийн бүтэц бол яг нэг архаг хар архичин шиг болчихвуу гэж бодогдох. Жаахан мөнгө олдвол ажил болгож өсгөж үржүүлэх гэхээсээ илүү хуваагаад л идчихнэ. Арай ахиухан шиг мөнгө олдвол олуулаа нийлж аваад хуваагаад хусчихна. Хэт их мөнгө олдвол хэтэрхий тансаг хэрэглээндээ зарцуулчихна.

Архичид ер нь ажил хийх дургүй байдаг. Эхэндээ ажилсаг байгаад олдсон мөнгөөрөө уудаг байсан ч ялгаагүй ажил хийх дургүй ба, ихэнхдээ дурсамжин дээрээ амьдарч, бусдын хов яриагаар үг хийн хэрүүл тэмцэл хийж суудаг. Архичид аль амархан аргаар мөнгө олоход дурлах ба тийм амархан мөнгөний сурган дээр ялаа шиг шавцгаадаг. Хэл үг нь сэцэн цэлмэг, нүүрэмгий бөгөөд худлаа ярихаас огтхон ч сийхгүй. Архичид сэтгэхдээ юу нь зөв бэ гэдгийг биш архинд дааж магадгүй хүнд юу талагдах вэ гэж сэтгэдэг. За энэ хэсгийн архичид гэдгийг нь улс төрчид гээд уншчихвал миний архичин эдийн засаг гэж юу гэхгээд байгааг бараг л ойлгочих байх.

Хятадын эдийн засгийн өсөлт болон, нүүрсний хэрэгцээ, ханган нийлүүлэлтийн үед гарсан боломж бололцоонуудтай давхцан Таван толгой бодит хөрөнгө болж, Оюу толгой олдож, хөрөнгийн бирж дээр гарсан нь манай улс төрчдөд бол асар өндөр үнэтэй, том шилтэй конъяк болж харагдаад сонгуульд хэн ялсан нь нөгөөхөөс уулцах болсон учир долоон сарын нэгэнд төрсөн МАНАН  хэмээх  архаг архичдын нийгэмлэгийг үүсгэсэн билээ.

Одоо хамт ууж байсан нэг нөхөр нь шартчихаад нөгөөхөө хар архичин гээд л хүн амьтанд муулаад яваа ч юм шиг. зарим нөхөд нь энд тэндээс зээл олоод бас зээлсэн мөнгөөрөө шараа тайлах гээд ч байгаа юм шиг. Товчхон хэлбэл өчигдөр хийсэн хэргийнхээ үр дүнг зөөлрүүлэх, өвчнөө намдаах гэсэн хийрхэл синдром яваад байгаагаас бус эмчилгээ огт хийхгүй байна. Уг нь шараа тайлахын тулд архи уух арга байх нь байдаг боловч ер нь шартатлаа архидахаа болих нь зөв биз дээ. 

Эдийн засгийг эрүүлжүүлнэ гэдгийг архинаас гаргахтай зүйрлүүлж болж байна шүү. Нэгдүгээрт хүмүүст зүгээр өгөөд байдаг архины мөнгийг нь хурааж авах хэрэгтэй. Бүх хүнд өгдөг байсныг мөнгөгүйн эрхэнд больсон бол одоо оюутнуудад өгдөг хэсгийг ч бас хасах хэрэгтэй. Тэр мөнгөөрөө 4 жил хэмнэхэд бараг цагаан суваргын 34 хувийг өр тавилгүй авчих л юм билээ.

Хоёрдугаарт хийх ажлаа бүх хүмүүстээ хувиарлаж завгүй ажиллуулах хэрэгтэй. 200 мянган оюутныг хичээлийнх нь хувиарыг зохицуулхад л хавраас намар хүртэл үргэлжилдэг бүтээн байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, за тэгээд жуулчид ирдэг бол үйлчлүүхэд хангалттай хүрээд илүү гарах ажиллах хүчтэй болчихно.  Юун тэр дамын наймаар олддог өндөр үнэтэй хятад ажилчид. Эхэндээ залхуурна л биз. Аяндаа ажил хийгээд сурчихна.

Гуравдугаарт ажил хийж байгаа хүмүүсийнхээ цалинг дорвитойхон нэмэх хэрэгтэй. Ажил хийж байгаа нь амьдарсан шиг амьдрахгүй байхад ажил хийгээгүй хүмүүс нь гоё харагдаад байдаг болчихож.

Дөрөвдүгээрт манай газар нутагт болдог наймаа арилжааны хамгийн том хэсэг болох төрийн худалдан авалтаа зарчмын хувьд өөрчилж арай урт хугацаанд үйлчлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлд өөрчилж, улайрсан уралдсан тэмцэл биш болгох.   Тэмцэлд ялсан тал нь баяраа тэмдэглэж архидаад байгаа учраас тэр л дээ.

Тавдугаарт төрөөс томоохон эрх олгож байгаа ашигт малтмлал, бүтээн байгуулалт,  зам гүүр, барилга байгууламжийн төсөлд хөрөнгийн биржэд бүртгүүлэн бусад талуудтай ашиг, эрсдэлээ хуваалцах шаардлага тавих.

Нэг өгүүлбэрт багтаавал хүмүүс нь ажилтай, тэр ажил нь сайхан цалинтай, ажиллуулж байгаа ажил олгогчийнх нь бизнес, ирээдүй дор хаяж 3-5 жилээр тодорхой байж, томоохон мөнгөний төслүүд нь ганц гэр бүлийн хармаанд ордоггүй байж гэмээ нь нийтээрээ баялаг бүтээхэд оролцох болно.  

/жишээ нь замын компанид гэрээ өгөхдөө нэг нэг жилээр биш дор хаяж 5 жилийн ажлын гэрээ байгуулах хэрэгтэй. Ингэж байж бизнес эрхлэгч нь таван жилээр хөрөнгө оруулалтаа тооцож, төр дунд нь хяналтаа тавьж, тогтвортой ажиллахын тулд ажилтандаа сайн цалин өгнө. /

No comments:

Post a Comment