Tuesday, July 22, 2014

Морьтон монгол



Морьтон монгол

Саяхан наадмын нээлт үзэж суугаад морьны үзүүлбэрийг хараад бага зэрэг харамсах сэтгэл төрөхийн хамт өөрт бодогдож явдаг хэдэн санаагаа та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.  Манайдаа бараг ганц байгаа тэр хэдэн залуусд браво гэж хэлэх нь зүйтэй. Төрөлх авъяас дээрээ ганц жилийн цэргийн бэлтгэлийг хослуулан үзүүлж буй тэдний үзүүлбэр бас ч гэж улсынхаа нүүрийг тахалж л байна. Эмх замбараа муутайхан, дэглэлт тааруухан бөгөөд морьд нь ч бас тааруухан сургуультай байсан гэсэн шүүмж бол байсаан.

Гэлээ гэхдээ гаднаас авч ирсэн эрлийз хэдэн морь, хугацаат цэргийн албаа дуусгаад буцах хэдхэн залуугаас өөр монгол морьтон эрсийн ид хавыг гайхуулах хүн үнэндээ л алга байна.  

Мэдээж би морь сонирхогч биш, уяач биш ерөнхийдөө энэ салбараас хол хөндий хүн гэдгээ эхэнд нь дурдъя. Гэхдээ хүүхдээр морь унуулах нь зөв буруу эсэх дээр маргаж мэтгэлцэхийг уншиж сонсож, заримдаа оролцож, наадмаар хурдан морьныхоо уралдааныг шимтэн үздэг монгол хүн билээ.

Яагаад хэдэн зууны турш хэдэн сар жилээр дайчин монгол эрсийг зэр зэвсэгтэй нь холын аян дайнд авч явж байсан монгол морь өнөөдөр хүүхдээс өөр хүн дааж уралдахаа байчихав гэж сонирхон асуудаг хөөн би.

Энэ асуултын хариуд нэгэн хөдөөний малчин хариулахдаа манай морьд давжаараад байгаа юм аа гэж хариулж байсан нь санаанд тодхон. Яагаад давжаараад байгаа юм бол гэсэн асуултад хэд хэдэн хүн бараг нэгэн хариулт өгч байсан нь бараг үнэний ортой байх.  Хүнээр жишээд үзхэд бөхөөр хичээллэсэн /ер нь спортоор хичээллэсэн/ хүний бие хөгжиж, бие хаа булчин шөрмөс нь томорч чангардаг биз дээ. Түүнтэй адил морь мал ч гэсэн унуулж, эдлүүлж байж л булчин шөрмөс нь хөгжих нь хамгийн энгийн логик юм. Манайхан сүүлийн зууны туршид машин техник хэрэглэж эхлэхийн хэрээр Монгол морь эдэлгээгүй болсон нь үнэн. Эдлэж унаж, ачаалал өгөхгүй байхын хэрээр морь өөрийгөө л дааж байвахад хангалттай хэмжээнд бие хаа нь өөрчлөгджээ.  

Дээр нь морио мэдэж таньдаг, эдлэж сургадаг хүмүүс ч өдрийн од шиг болж. Сүүлийн үед мориндоо хайртай монголчууд морио уралдуулан цэнгэж, уяачид олширон, наадам ихсэж байгаа боловч адуучид харин улам л ховордоод байгааг морь сонирхдог бүхэн л хэлэх байх.

Дэлхий дахинаа морин спортыг хөгжүүлсэн улс орнууд бишгүй дээ бий. Тэрэн дундаас нэг хүнд ногдох адууныхаа тоогоор болон, адуу мориороо өөрсдийгөө онцгойлдог, төрийн сүлдэндээ морио тахьсан, бараг бүгдээрээ шахуу моринд хайртай улс бол магадгүй ганцхан монгол улс билээ. Гэтэл манай улсад  хувийн, улсын нэг ширхэг ч морин спортын албан ёсны сургууль байтугай, курс ч алга.

Адуучны сургууль бий болгож адуу маллах арга ухаан, хурдан морь унах арга техник, удам угсааг нь сайжруулах талаар ш/у-ны судалгаа, идэш тэжээлийг нь бэлтгэж боловсруулах судалгаа шинжилгээний ажилтаныг бэлтгэдэг болох юмсан.

Адуу маллахад хэрэглэх чөдөр, аргамжнаас авхуулаад, эмээл хазаарыг хүртэл орчин үед тааруулан хөгжүүлж гэмээ нь алсдаа магадгүй бусад оронд адууны хэрэгслийг бэлтэгж өгөх экспортын үйлдвэрлэлийн суурийг ч тэнд боловсруулах хэрэгтэй мэт. Хар багаасаа морь малтай ноцолдон, хурдан морь унаж байгаа хүүхдүүдийг нэг газарт төвлөрүүлэн осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх талаар сурган бэлтгэж алсдаа мэргэжлийн адуучин, тив дэлхийд мэргэжлээрээ ажиллах “жокей” болгох ч боломж бий.  Мэдээж ерөнхий боловсролыг бас тэнд эзэмшүүлэх хэрэгтэй.

Адуучны төрөлжсөн сургууль байгуулан, морьтон монголын ид хавыг гайхуулахын давуу талыг  та надаар хэлүүлэлтгүй сэтгэн суугаа биз ээ. Санаа оноогоо нэмэрлээрэй.