Monday, March 16, 2015

АНХААР !!! МАНАЙ БАРИЛГА НУРЛАА



БАРИЛГАД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ...
Барилга барихад заавал шаардагддаг хирнээ бидний төдийлөн тоож үнэлдэггүй нэг материал байдаг.
Бид тоосго , цемент, арматур, будаг цавуу гэх мэт барилга барихад ордог бүх л материалын үнэ,  тоо ширхэгийг нь тооцож, өртөг зардлыг нь боддог билээ. За тэгээд том ч бай жижиг ч бай байшин барихад барилгачин, инженер, захирал, нярав, өрлөгчин, шаварчин зэрэг  хүмүүс оролцоно. Бид ч бас хүний хөдөлмөрийг ямартай ч үнэлээд тооцоолоод л байдаг.
Гэтэл барилга барьж эхлэхээс авхуулаад, дуусгаад цэвэрлэх хүртэл,  ашиглалтанд орсны дараа ч хамгийн чухал зүйл бол УС байдаг.   Шавраа усаар зуураагүй бол тоосго хэрхэн тогтох вэ, цемент яаж бэхжих вэ? Усаар угаахгүй бол цэвэрхэн сайхан барилга боллоо юу? Ус хэдийгээр тэрхэн зуур хатчихдаг боловч нэгэнт зуураад, зууралдуулаад авсан хойно өөрийн оролцоотойгоор тэр байшинг хэдэн арав, хэдэн зуун жилийн туршид нурж уналгүй тогтоход нь хамгийн гол ач холбогдолтой гэж хэлж болно биз дээ?
Түүнтэй адилаар аливаа улс, нийгмийг сайн сайхан болгохын тулд төр хэрэгтэй, төрийн бус байгууллага хэрэгтэй, ард түмэн газар шороо байж гэмээнэ  улс гүрэн тогтоно гэх мэтээр бид бас жагсаалт гаргаж байдаг.  Хууль хэрэгтэй, хууль хэрэгжүүлдэг байгууллага хэрэгтэй, тэр байгууллагыг бүрдүүлэхэд сонгууль хэрэгтэй, сонгуульд хар машин хэрэгтэй гэх мэтээр бас хэрэгтэй зүйлүүдээ бичиж болноо. Мэдээжийн хэрэг татвар, татвар төлдөг байгууллагууд ч амин чухал байх.
Миний бодлоор өнөөдрийн бидний байгуулсан нийгмийг байшинтай зүйрлүүлбэл байх ёстой материалууд нь дээр дурдсанаар бас ч гэж байх нь байна аа. Нэг гэм нь бидний барьж байгуулж буй өнөөдрийн нийгэм гэдэг байшин маань нэг л тогтворгүй, хэн нэг нь санаандгүй түлхчихвэл нурчих гэж байгаа мэт тааруухан л барилга болчихоод байгааг хүн бүр л ярьж бичиж байна. Тоосгоо өрсөн боловч хоорондоо наалдаагүй, цементээ зуурсан боловч усгүй учраас барьцалдаагүй тэр чигээрээ овоолсон тоос шиг замхарч байдаг бүрдэл хэсгүүдтэй байна.
Нийгмийг байгуулахад шаардлагатай бүх л хуулиудыг батлаад л, аливаа улс гүрэнд байх ёстой байгууллагуудыг байгуулаад л байдаг, нийгэм гэдэг байшин овойж оцойтлоо хөгжөөд босоод ирэхгүй байгаагын цаад шалтгаан юу билээ? Барилгад хэрэгтэй усны үүргийг чухам юу гүйцэтгэх вэ? Бидэнд төдийлөн үнэлэгдэхгүй  байгаа хирнээ, зайлшгүй шаардлагатай ЮУГ бид тооцохгүйгээр барилгын материалуудаа овоолж өрөөд байна вэ?
Миний бодлоор хүн чанар, хүний мөс, эв нэгдэл, шударга ёс, хүн хүндээ итгэх итгэл, биесээ хүндлэх хүндлэл, бусдыг хайрлах хайр, маргааныг царцаадаг хүлээцтэй байдал,  бусдыг үл доромжлох ёс суртахуун, хариуцлагаа ухамсарлах сэтгэхүй, ажил хөдөлмөрт дурлах хандлага, ахмадаа дээдлэх ёс зүй зэрэг нийгмийн үнэт зүйлсийг бид үнэлэхгүй байгаагаас үүдэлтэй гэж бодном.
Хэдэн ч том зам бариад, хичнээн ч аймгийг холбоод нэгэнт бие биенээ хүндлээд зам тавьж өгөхгүй  л бол замын хөдөлгөөний хуулийг цагдаад даатгаад яах юм бэ?
Үр хүүхдүүддээ бусдыг хүндлэж, хайрлахыг зааж өгөхгүй юм бол өрөөл бусдаас өөрийн хүүхдийг яаж хамгаална гэж бодож байна. Өдөр бүр цэрэг цагдаагийн хамгаалалттай байдаг нийгмийг төсөөлж чадах уу? Өрөөлийг хүндэтгэхгүйгээр  өөрөө өөртөө хүндлэл олж авдаг ид шид гэж дуулсан уу? Өөрөөсөө ахмад хүмүүстэй ямар ч барьергүйгээр, ичиж эмээлгүйгээр хэрэлдэж байгаа орчин үеийн залуус, гэр гэрээсээ, гар утасныхаа цаанаас хэнтэй ч хамаагүй хэрэлдэж, хэнийг ч хамаагүй доромжилж байдаг сошиал гэх ертөнцийн баранк бүтээгдэхүүнүүдээс бид ямар харилцаатай нийгмийг хүсэн хүлээх вэ? 
Улс төрд итгэл, эв нэгдлээ сахихгүй бол эрх мэдэлд хүрээд яаж хамтын шийдвэр гаргаж энэ нийгмээ урагшлуулна гэж бодож байна? Сонгож байгуулсан монгол төрөө хүндлэхгүй юм бол улс гээд яах юм бэ? Тэдний батласан хуулийг хэн хэрэгжүүлэх ёстой юм бэ? Гаднаас довтлоход дотроос хаалга нээж өгөх урвагчид лугаа адил бусадтай нийлээд төрөө ард түмнээ худалдаад, муучлаад байвал нэг улс гэж байгаад яах юм бэ?
Хоёр тал муудчихаад эвлэрч сурахгүй юм бол, хайртаа хосууд туньчихаад бие биеэ уучлаж чадахгүй юм бол төр засгаас эвлэрүүлдэг хууль гаргаад нэмэртэй юу? Эдийн засгийг хөгжүүлээд тааламжтай юу?
Эмч нь өвчтөндөө халамж тавьдаггүй бол хичнээн MRI байгаад нэмэртэй гэж үү? Багш нь заах сэтгэлгүй бол лэп топоор зэвсэглээд ч сайжрахуу? Сэтгүүлч нь мөнгөнд явчдаг бол уншигчид нь гэгээрээд, сэхээрлээ юу? Улс төрчид худлаа амалдаг л бол сонгуулийн хуулийг өөрчлөөд улс орон хөгжлөө юу?
Бид аз жаргалыг хэтэрхий материаллаг зүйлсээс, хэлбэр дүрсээс нь хайгаад байгаа юм биш биз? Эгэл ардаас эрдэмтэдээ хүртэл, түлээчин залуугаас төрийн түшээдээ хүртэл зөвхөн эдийн засгийн өсөлт, улс төрийн амжилтыг ярьдаг сонирхдог, тойрч хэрэлддэг улсад аз жаргалын индексийг юугаар тооцох хэрэг вэ?
Тиймээс найзуудаа АНХААРААРАЙ. Манай барилга нурлаа шүү.  Бид усгүй цементээ шуудайтай чигээр нь өрчихөөд, тоосгоныхоо хооронд хуурай шавар асгачихаад есөн давхар байшин барьчих гээд үзээд байна. Энэ хооронд хэдэн ч инженер халагдаж, хэдэн ч барилгачин дарагдаж үхэх ёстой юм бэ? Уг нь ус байсаар л байгаа. Өөрсдөө л гэр гэртээ ууж байгаа болохоос барилгадаа хэрэглэх талаар бодож үзмээр байна.



No comments:

Post a Comment