Tuesday, November 24, 2015

ЗАКСОН АНХАЛТ МУЖИЙН МАГДАБУРГ ХОТООС ДҮҮРГЭСЭН ГАНЗАГА

Холбооны бүгд найрамдах Герман улсын Заксон Анхалт Мужийн барилга, зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзлаа. 

Мужийн барилгын яамны гадаа урт урт цагаан асар хэдийг барьсан байв. Сайд юуны түрүүн эдгээр асруудаа тайлбарлан “манай мужид долоо хоногт 30 мянган цагаач ирж байна. Яаралтай зохицуулалт хийхгүй бол хүмүүсийг хүйтний улиралд гадаа хонуулах нь байж боломгүй юм. Тиймээс бид бэлтгэл болгож эдгээр асруудыг барьсан ба түр байршуулах, хоол хүнс, эм тариагаар үйлчилэх зориулалтаар эдгээр асруудыг барьж байна. Эндээ түр байлгаж байгаад дараа нь цагаачдад орон байр гаргаж өгдөг юм гэлээ.

Заксон Анхалт мужийн зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь зам харилцаа, барилга, газрын харилцааг хариуцан зохицуулах чиг үүрэгтэй. Тухайлбал Германд замыг холбооны, мужийн, орон нутгийн гэж хуваадаг ба яам нь 7000 км холбооны улсын статустай хурдны зам, орон нутгийн шинжтэй 11000 км замыг хариуцдаг байна. Түүнчлэн 30 мянган км төмөр замын асуудлыг энэ мужийн зам тээвэр барилгын яам хариуцдаг байна.

Муж улсад амьдарч байгаа, энэ нутгаар дайран өнгөрч байгаа хүмүүсийн шилжих хөдөлгөөн буюу ложистикийг зохицуулхад асар их хүчин чадал зарцуулагддаг ба төмөр зам, автобус гэх мэт нийтийн тээвэр нь аль нь ч өөрийн өртгөө нөхөж чаддаггүй тул Холбооны улсын засгийн газар болон Европын холбооноос татаас авах замаар алдагдалыг санхүүжүүлдэг байна.

Магдабург хотын ирээдүн хөгжлийг тодорхойлох зорилгоор Хотын хөгжлийн сан байгуулсан ба жилд 80 сая евро энэхүү сангийн үйл ажиллагаанд хувиарладаг байна. Ер нь германы хотууд иймэрхүү хотын хөгжлийг урьдчилан харж бодлого боловсруулах зорилго бүхий сан, төсөвтэй байдаг гэв. Ингэж байж л германы хотууд илүү сайн төлөвлөлттэй, хүний амьдрах орчин тав тухыг илүүтэй хангасан байж чаддаг ба хотоо сайхан болгохын тулд зайлшгүй хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг онцлов.

Магдабург хот, Саксон Анхалт муж улс нь нь хүн ам зүйн хувьд ихээхэн асуудалтай тулгараад байгаа юм байна. 25 жилийн өмнө Монгол улсаас бараг хоёр дахин их хүн амтай байсан боловч өдгөө 2.5 сая болтлоо буурчээ. 1990 онд нэг жилд 30 мянган хүүхэд шинээр төрдөг байсан бол өнөөдөр талдаа ч хүрэхгүй болтлоо төрөлт буурсан байна. Европ, Германы хотуудад тохиолдож буй хүн ам зүйн бэрхшээлийн нэг жишээ нь энэ муж болжээ.

Германы барилгын салбарын нэг онцлог бол барилга дээр ажиллах боловсон хүчнийг хосолмол удирдлагаар бэлддэг явдал юм. Нэг талаас барилгын компани өөрийн ажилчидийг захиалан бэлтгэх, нөгөө талаас сургууль буюу түүнийг эзэмшигч яам, барилгачдын холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхим нь хамтран ажилладаг байна. Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутан нэг талаас компанийн ажилтан, нөгөө талаас сургуулийн суралцагч гэсэн үг. Онолын сургалт, дадлага ажил хоёр зэрэг явагдах ба тухайн барилга дээр сургуулийн дадлагаар ажиллаж байсан оюутан төгсөөд шууд ажлын байртай болно гэж ч ойлгож болох юм. Ингэснээр тухайн оюутны сурлагын чанар, барилгын компанийн чадавхи ихээхэн дээшлэдэг байна. Ер нь Австри Герман гэх мэт ийм хосолмол тогтолцоотой мэргэжилтэн бэлтгэдэг улсуудад ажилгүйдэл хамгийн бага түвшинд байдаг ба ялангуяа 25 нас хүртэлх залуучуудын ажилгүйдэл бусад оронтой харьцуулхад байхгүйтэй адил гэнэ. Ийм тогтолцоо практик ач холбогдол нь маш өндөр учраас сүүлийн үед зарим улс орнууд ийм системийг нэвтрүүлэх талаар туршлага судлаж, туршилж эхэлж байгаа юм байна.

Ажлын байран дээрх сургалт маш чухалд тооцогддог ба сургиулаа төгссөн инженерүүдийг ч тогтмол сургалтанд хамруулж байдаг байна. Учир нь техник технологи маш эрчимтэй хөгжиж байгаа тул барилгын компаниуд хөгжлөөс хоцрохгүйн тулд өөрийн инженери, техникийн ажилчидаа сургаж боловсруулах талд дээр яам болон сургалтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг гэнэ.

Жишээ нь байрны халаалтын систем гэхэд л маш өндөр хөгжсөн ба 10, 20 жилийн өмнөхөөс бодлогын хувьд ихээхэн өөрчлөгдсөн байдаг байна. Герман улсын тэр дундаа энэ мужийн эрчим хүчний хэрэглээний 40 хувь нь зөвхөн орон сууцны халаалт болон, агааржуулалт, хөргөлтийн хэрэглээнд зарцуулагддаг байна. 2050 он гэхэд орон сууцны эрчим хүчний хэрэглээг “0%” болгохоор зорьж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд жил бүр “Ногоон хот – Ногоон хөгжил – Ногоон үйлдвэрлэл” хэмээх бага хурал зохион байгуулж байгаа бөгөөд хотуудын проблем шинэ шийдлийг хуваалцах хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр нь болоод байгаа юм байна.

Хот бүр, тойрог хотууд гэгддэг дагуул хотууд тус бүр өөрсдөө шинээр баригдах барилгад тусгай зөвшөөрөл олгодог ба энэхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо нэмж “Дулааны алдагдалгүй байх” шаардлага тавьж хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Энэ нь нэг ёсондоо “0” буюу тэг агаарын солилцоотой буюу айл, өрөө бүр цонхоор замжуулан агаар солилцуулахгүй байх учиртай юм байна. Энэ зорилтыг хэрэгжүүлхэд хамгийн бэрхшээлтэй зүйл нь хүмүүсийн амьдралын хэвшмэл хэв маяг саад болж байгаа гэх. Хүмүүс амьдралынхаа туршид цонх онгойлгож агаарын солилцоог хийсээр сурсан бөгөөд цонх онгойлгохгүйгээр агаарын солилцоог явуулах, дулааны алдагдалыг багасгах технологуудад төдийлөн дасч өгөхгүй байна. Хүмүүст шинэ буюу ногоон барилгад амьдрах хэвшлийг ойлгуулах нь Берлинд хууль батлахаас хамаагүй илүү хэцүү даалгавар гэж сайд нь хэлж байлаа.

Жишээ нь саяхан ахмадуудад зориулсан асрах байрыг хүлээн авч, нээлтийг нь хийсэн бөгөөд цонхыг яагаад онгойлгож болохгүй тухай, цонх онгойлгохгүйгээр яаж агаарын солилцоог хийх тухай ханан дээр нь томоор, тодоор бичиж өлгөсөн бөгөөд тэнд байсан бараг бүх ахмад түүнийг нь ойлгохыг хүсэхгүй байсан ба харин удаж төдөлгүй тэдгээр ахмадууд “ногоон” байрандаа дасан зохицсон гэнэ.

Заксон Анхалт мужийн Магдабург хот бол хуучин зүүн герман буюу зөвлөлтийн талд харъяалагддаг байжээ. Энэ хот, муж улсын хувьд байгаль орчинд төдийлөн анхаарал тавьдаггүй байсан ба жишээ нь хотын төвийнхөөс бусад айлууд нь төвийн бохирын системд огт холбогдоогүй тус бүртээ жорлонтой байснаараа манай улстай ихээхэн төстэй байжээ.

Сүүлийн 25 жилийн дотор хотын төв, хотын зах, хөдөө орон нутагт байгаа бүх айлууд нэг ч үлдэлгүй 100 хувь бохирын нэгдсэн системд холбогдож чадсан ба энэ нь байгаль орчинд маш сайхан эерэг үр дүнг авч ирсэн байна. Тухайлбал энэ хотын дэргэдүүр урсдаг Элга гол 25 жилийн өмнө маш их бохирдолтой, үнэр танартай, загас жараахай огт байхгүй байсан бол өдгөө цэвэрхэн урсгалтай, загас жараахай хөвсөн гол болж цэвэршжээ. 25 жилийн өмнө хил залгаа баруун германаас ирсэн бол хаана яваагаа тэр  дор нь мэддэг тийм их ялгаатай болсон бол өнөөдөр ялгахын аргагүй ижил түвшинд хүрсэн гэдгээрээ бахархаж явдаг ажээ.

Бохирын нэгдсэн систем байгуулах ажил тийм ч амархан яваагүй бөгөөд төсвийн хөрөнгөнөөс гадна айл өрх, газрын эздээс ихээхэн хөрөнгө санхүү шаардсан ажил байжээ. Өөрсдөө мөнгө гаргаж бохирын нэгдсэн системд орохыг эсэргүүцсэн хүмүүс багагүй байсан бөгөөд тухайн үед өнөөдрийн зам тээврийн сайдын гэр бүл гэхэд л 17000 марк төлж байжээ. Энэ нь нэг талаасаа иргэдэд санхүүгийн дарамт болсон хэдий ч гарсан үр дүн нь иргэдэд таалагдсан, ихээхэн үр дүнтэй ажил болсон байна.

Хотын хөгжлийн иймэрхүү зардлын нэг евро тутамд 0.5-1 еврог улсын төсвөөс татаас маягаар өгч шийдэж байсан гэдгийг дурдалгүй өангөрч болохгүй.

Алслагдсан газар буюу 10 км-ээс цааш бохирын төвлөрсөн системд холбогдох айл өрхүүдийн бохирын системийг шийдэхдээ хиймэл цөөрмийн аргыг ашигласан ба манай улсыг ч мөн адил аймаг сумынхаа бохирын нэгдсэн системийг шийдэхдээ хиймэр цөөрмийн аргыг ашиглахыг зөвлөж байлаа. Энэ нь бусад орчин үеийн аргатай харьцуулхад маш хялбар бөгөөд бараг зардлын 5 хувьд ч хүрдэггүй хямд өртөгтэй мөртөө үр дүнтэй арга гэнэ. Манай улс газар нутаг томтой, хүн ам цөөтэй тул иймэрхүү аргыг ашигласан нь дээр гэж байлаа. Хиймэл цөөрөм байгуулж, зэгс гэх мэт цэвэршүүлэх, үнэр дарах ургамал хамт тариад л шийдчих боломжтой ажлыг өндөр технологи гэх мэтээр хүндрүүлэх шаардлагагүй юм гэж байлаа.



No comments:

Post a Comment