Манай Улаанбаатар хотын хамгийн ужиг асуудал бол
утаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ ярианыхаа эхэнд утааны хор хохиролын дахин
нэг сануулъя. Эрүүл мэндийн талаасаа Улаанбаатарчууд ханиад тусдаг, нэг ханиад
тусахаараа маш хүнд хэлбэрээр, удаан хугацаанд өвчилж байгаа та бүхэн харж
байгаа. Энэ бол үндсэндээ бидний уушиг тэр чигтээ өвчилж, ердийнхөөрөө ажиллаж
чадахгүй байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн бараг гурван хүн тутмын нэг нь
ямар нэг байдлаар харшилтай байдаг болсныг харж байгаа. Харшлын хамгийн гол
шалтгаан нь хортой утаа, хүнсний бүтээгдэхүүн нь хамар, амьсгалын замын өвчний
гол шалтгаан бөгөөд, нэг ёсондоо хүний эрхтнийг хордуулж, ажиллагаагүй болгож
байгаагийн нэг илрэл гэж үзэж болно. Дээр нь сүүлийн үед сүръеэ гэх аймшигтай
өвчний тархалт нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын мэдээ тоо
баримтаас харагдаж байна.
Сүръеэ бол маш аймшигтай өвчин. Хүн бүрт шахуу
сүръеэгийн вирус байдаг, манай улсын хувьд бараг 90 хувь нь сүръеэгийн вирусны
тээгч гэж ярьдаг. Хэзээ хүний дархлаа муудах, эсхүл сүръэгээгийн вирус нь өвчин
болж хувирсан хүнээс халдвар авсан тохиолдолд энэ өвчнийг тусдаг гэж ярьдаг.
Нэгэнт сүръеэ туссан бол маш хүчтэй эм тариаг тасралтгүй ууж байж л намжаадаг
аюултай өвчин. Энэ бол энэ хорт утаанаас үүдэн гарч байгаа олон өвчний зөвхөн нэг
нь гээд бод доо. Зүв зүгээр эв эрүүл явж байсан сайхан залуучууд сүръеэ гэх
өвчнөөр өвчлөөд олон хоног сараар эмнэлэг эм тариа болоод явж байгааг бид нэг
хүний, хэдхэн хүний асуудал гэж харж болохгүй ээ. Арайхийж хашсан аймшигт өвчин
утаан дээр суугаад хашаа даваад гараад ирсэн байна.
Бид олон жил утаатай тэмцэх гэж худал үнэн ярьж,
сүүлдээ утаа багатай зуух, хямд үнэтэй нүүрс хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт
асуудал уруу орж, хэлсэн амалсан бүхэн нь жил ирэх тутам замхарч, эвлэрэх,
дасах тийшээ хандаж байна. Харамсалтай нь төрийн бодлого, аль нэг даргын ажлын
төлөвлөгөө, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд утаатай дасан зохицож болох авч
хүний эрүүл мэнд тэр тусмаа бидний хүүхдийн эрүүл мэнд энэ утаатай хэзээ ч
дасан зохицохгүй юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр доройтож байгаа
бидний эрүүл мэнд, улам бүр нэмэгдэж байгаа аюултай өвчинг бид маш яаралтай
аюулын харанга гэж хүлээж авахгүй бол, эрс шийдвэрээр зоригтойгоор таслан
зогсоохгүй бол бид үндэсний хувьд ч орших уу эс орших уу гэдэгтээ тулах цаг
хаалга тогшиж байна.
Одоо гол асуудал руугаа оръё. Яаж энэ утааг
байхгүй болгох вэ гэж?
Цорын ганц арга бий. Урд нь туршигдсан ганц л арга
бий. Энэ бол ердөө л нүүрс, мод түлдэг зуухнаас салж, утааны хувьсгал хийх юм.
Утаагүй зуух, хямд нүүрс гэх мэт нь угтаа жаахан багасгах, нүүрсний үнийг
хямдруулах л санаа болохоос утааг алга болгох санаа огт биш юм. Бидний сайн
мэдэх Лондон хотын утаа нь яг өнөөдрийн Улаанбаатрын хэмжээнд хүрч, утаанаас
болж олон мянган хүн нас бардаг, өвчилдөг байжээ. Лондончууд утаатай тэмцэх
олон арван жилийн туршлага хуримтлуулж, хэд хэдэн хууль, акт гаргаж байсан ч
утаа алга болоогүй юм. Харин ч хотын хүн ам, байшин барилгын тоогоор өдөр бүр
утаа нь яг л өнөөдрийн Улаанбаатрын адил нэмэгдсээр байсан. Английн Ерөнхий
сайдаар Төмөр хатагтай Маргерет Тетчер сонгогдож, янданг буюу нүүрс, мод түлдэг
зуухыг огт хориглож чадсанаар лондон хот хоёрхон жилийн дотор утаанаас салж
чадсан байна.
Маргерет Тетчерийг айл бүр газаар эсвэл тогоор
гэрээ халаа гэхэд сөрөг хүчин, ард түмний зарим хэсэг, хэвлэл мэдээллийнхэн огт
бүтэхгүй зорилго тавьлаа хэмээн баалж, шүүмжилж, улдан зүтгэж байсан байсан
байдаг. Лондончууд газ хэрэглэж чадахгүй, газаа дэлбэлнэ, олон арван хүн
дэлбэрч үхнэ гэх нэг хэсэг байхад тог тасарвал яах вэ, зарим нь цахилгааны
хүчин чадал хүрэхгүй, гал түймрийн аюултай, гэх мэтээр ч үндэслэлээ гаргаж
байжээ. Ядуу хүмүүс гэрийнхээ тоноглолыг сольж чадахгүй, тог цахилгаан, хийн
газынхаа мөнгийг төлж чадахгүй гэх мэтээр ядууралтай холбон эсэргүүцэх хүмүүс ч
байсан байдаг. Манай улсад ч мөн адил тийм асуудал гарна гэдгийг би мэдэж
байна. Нэгэн цагт Лондончууд газ хэрэглээд бүгдээрээ дэлбэрчихээгүйн адил, тог
цахилгаан нь лондон хотыг галдан шатаачихаагүйн адилаар Монголчууд
Улаанбаатарчууд бид тэр зэргийн эд хэрэгслийг өөриймшүүлээд, аюул осолгүйгээр
хэрэглээд сурчихна гэдэгт би итгэж байна. Тог цахилгаан хэрэглэснээр Лондонгийн
оршин суугчид ядуурч, гудамжинд гарчихаагүй, тогны мөнгөгүйгээс бол хөлдөж
үхсэн англи хүн гараагүйн адилаар нийслэлийнхээ иргэдийг тогны мөнгөгүй хэмээн
хөлдөөчихгүй алчихгүй хэмжээний улс төрчид байгаа гэдэгт итгэж байна. Лав л
МАХН нь социал демократ намын хувьд хэзээ ч иргэдээ тэгж хөсөр хаяхгүй гэдгийг
амлаж байна.
Нийслэлийн иргэдийн хурал, УИХ нь Улаанбаатрын
утааг ийм замаар зоригтой шийдэх бараг цор ганц амлалтыг өгөх ёстой. Энэ зорилт
хатуу, хэцүү, зарим тохиолдолд санхүүгийн хувьд төрийн хувьд ч, иргэдийн хувьд
ихээхэн шалгуур сорилт, бэрхшээлийг бий болгох нь дамжиггүй.
Хамгийн түрүүнд иргэд, айл өрхүүд өөрсдийн янз
бүрийн аргаар утаа гаргадаг зуухаа шинэчлэх нь эхний томоохон зардалыг бий
болгоно. Чадалтай боломжтой айлууд ч өөрсдөө шийдчих байх. Нэлээд олон айл
хэрвээ төр засгаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийн механизмийн хүчээр
бас тогоор, газаар халаалтаа шийдчихэж чадна. Бас цөөнгүй айлууд төрийн шууд
дэмжлэгээр шийдэхээс өөр аргагүй байгаа нь ч үнэн.
Харин Лондончууд гуч, дөчин жилийн өмнө нүүрс
модноос газ, цахилгаан халаагуурт шилжиж байсантай харьцуулхад техник,
технологийн хөгжил асар өндөр түвшинд хүрчихсэн, харьцангуй бага зардлаар
халаалтаа шийддэг, хэмнэлттэй шийдлүүд өргөн дэлгэрчээ. Манай монголчууд ч энэ
талын судалгааг хийж, өндөр хөгжилтэй улсуудаас энэ чиглэлийн технологийг
оруулж ирэхийг оролдож байгаа ба төрийн шийдвэр л дутагдаж байгаа юм.
Дараагийн нэг том зардал бол сар бүрийн цахилгааны
зардал, халаалтын зардлын асуудал юм. Өнөөдрийн байдлаар хүн бүр цахилгааны
төлбөр хэт өндөр болох вий, тэр зардлаа дийлэхгүй байх вий гэсэн болгоомжлол
үүсэх нь мэдээж юм. Төр шийдвэрээ гаргахдаа халаалтанд зарцуулж байгаа
цахилгааны мөнгийг одоогийн орон сууцны айлууд өвөл халаалтын зардалд төлж байгаагаас
ихгүй байхаар зохицуулах ёстой. Богино хугацаанд айлууд зардал гаргаж халаалтын
системээ шинэчилж байгаатай нь холбогдуулан хэд хэдэн шийдэл байж болох юм.
Нэгдүгээрт нийт айлуудад халаалтын системээ
шинэчилж байгаатай нь холбогдуулан өвлийн улиралын цахилгааны зардлыг үе
шаттайгаар хямдруулах. эхний нэг хоёр жил 80 хувь хямдруулах, Гурав дөрөвдэх
жилээс 60 хувь хямдруулах, тав зураа дах жилээс 50 хувь хямдруулах ба түүнээс
цааш дээр дурдсан орон сууцны халаалтын зардлаас илүүгүй байхаар тогтох. Эсвэл
өрхийн орлогоор нь ангилан өрхийн орлого багатай айлуудад 80 хувь, дундаж
өрхүүдэд 60 хувь, дундаас дээш орлоготой айлуудад 20 хувь гэх мэтээр хөнгөлөлт
үзүүлж болж байна. Эсвэл манай улсын онцлогоос шалтгаалан хүн амын өсөлтийн
бодлоготой уялдуулан дөрвөн хүүхэдтэй айлын хувьд 80 хувь, 3 хүүхэдтэй айлын
хувьд 60 хувь, 2 хүүхэдтэй бол 50 хувь, нэг хүүхэдтэй бол 40 хувь гэх мэтээр
хөнгөлөх механизмийг ч бодож олж болно. Бидний хувьд аль хэлбэр нь илүү дээр
болохыг хэдэн дарга нар өөрсдөө шийдэх бус иргэдээсээ асууя, тэдний саналаар
шийдвэрээ үндэслэе хэмээн үзэж байгаа юм.
Тиймээс МАХН-ын гишүүд дэмжигчдээс тодорхой санал
асуулга явуулж байгаа бөгөөд утаагүй болох “Цэвэр Улаанбаатар Хувьсгал” хийхийг
дэмжиж байгаа эсэх, ингэхдээ цахилгааны хөнгөлөлтийг ямар байдлаар хийх вэ
зэргийг Улаанбаатарчуудаасаа асууж байгаа билээ.
Энэ ажил боломжтой ажил, хэрэгтэй ажил, бүтэх ажил
гэдгийг тайлбарлан хэд хэдэн аргументийг энд бас дурдах нь зүйтэй байна. “Цэвэр
Улаанбаатарын төлөөх Хувьсгал” бол маш том бизнес юм. Хэдхэн компанийн бизнес
биш, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, хүсэлтэй хэн бүхний оролцох боломжтой
бизнес юм. Улаанбаатрын гэр хорооллыг бүхэлд нь цахилгаан халаагуурт шилжүүлнэ
гэдэг бол энэ төрлийн техник, хэрэгсэл авч ирэх, худалдан борлуулах хүсэлтэй хэн
бүхэнд том боломж авч ирнэ. Гарын дүйтэй, цахилгааны мэргэжилтэй, энэ чиглэлийн
сургалтанд сууж мэргэших хүсэлтэй бүх хүнд шинэ боломж, шинэ орлого авч ирэх
юм. Хотын ойролцоох нүүрсний уурхай, түүнийг дагасан цахилгаан станц, газ бюу
хийн түлшний төсөл хэрэгжүүлэх сонирхолтой дотоод гадаадын хөрөнгө оруулагчидад
бол алтан боломж болно. Ажлын байр нэмэгдэнэ. Орлого татвар ч мөн түүнийг
дагаад нэмэгдэнэ.
“Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгал” бол гоё
Улаанбаатрын зөвхөн эхний шат болно. Хэрвээ Улаанбаатар бүхэлдээ утаагүй, цэвэр
агаартай болчихвол гэр хорооллын хашаа, байшингийн үнэ өсөж, харин шавааралдан
барьсан байрны үнэ тэр хэрээр буурах хөрөнгийн зах зээлийн хувьсгал болно. Гэр
хорооллын айлууд буюу өөрсдөө тусдаа байртай байхыг, хүлэмжтэй, гарааштай,
өөрийн тоглоомын талбайтай байхыг хүсдэг хэн бүхнийг цэвэр агаартай хороололд
оруулж байгаагаараа тэдэнд ашигтай, харин нийтийн буюу орон сууцанд амьдрахыг
хүсч байгаа хүмүүст орон сууцыг нь хямдруулж өгснөөрөө бас давуу талыг олгож
байгаа нь сайн хэрэг юм.
Нүүрс түлдэг айлууд ялангуяа гэрийн эзэгтэй нар,
эмэгтэйчүүд маань мэднэ дээ. Гал түлэх, нүүрс буулгах, оруулах, утаа уугиулах,
хувцас хунараа бусад зүйлээ утаа тортогоос салгах нь өрхийн ариун цэвэр, соёл
төдийгүй санхүүд ч ямар их боломжийг бий болгох нь ойлгомжтой. Гал галлах гэж
хичнээн цаг хугацааг алддаг вэ? Ажлаас ирхэд хүв хүйтэн гэрийг дулаацуулах нь
ямар онцгүй сэтгэгдэл байдгийг ч бид мэднэ. Энэ бүхнийг бүх нийтээр цахилгаан,
хийн түлшийн халаагуурт шилжиж байж л бид шийдэж чадна. Зуслангийн газар сайхан
байшин барьчихсан айлууд маань ч, үр хүүхдээ цэвэр агаарт салхилуулахыг хүсдэг
хэн бүхэн энэ хувьсгалыг дэмжих нь ойлгомжтой юм.
“Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгалын” дараагийн
алхам нь хот, гэр хорооллын дундах чулуун болон цементэн зам, цэцэрлэгжүүлэх,
бохирын нэгдсэн суваг, цэвэр усны хангамж гэх мэт олон асуудал бий. Гэхдээ
амьдралд тулсан, эрүүл мэндэд аюул занал учруулж байгаагийн хувьд эрэмбэ
дарааллаараа, төсөв хөрөнгийг зарцуулах хэрэгцээ шаардлагаараа хамгийн эхэнд
хийх хувьсгал бол утааг, янданг хориглох хувьсгал билээ.
Утаанд зарцуулж байгаа хувьсгалд зарцуулах өртөг
өнөөдөртөө их мэт, боломжгүй мэт харагдаж байгаа ч угтаа хамгийн хямд аргаар
халаалтаа шийдэж байгаа юм. Энгийнээр хэлхэд цахилгаан станц нэг тонн нүүрсээ
ойролцоогоор хорин мянган төгрөгөөр худалдаж аван, техникийн дэвшил ашиглан
дулаан үйлдвэрлэж байна. Харин айл өрхүүд нэг тонн нүүрсийг наяаас хоёр зуун
мянган төгрөгөөр худалдан авчмаш болхи технологиор дулаан үйлдвэрлэж байна?
Нөгөө талаас бид эрүүл мэндийн асар их асуудалтай болсон бөгөөд иргэд эмнэлэгт
үзүүлэх, оношлуулах, эм тариа худалдан авах зэрэгт, төр засаг нь иргэдийнхөө
өдөр тутам илт муудаж буй эрүүл мэндийг асуудлыг шийдэх гэж эмнэлэгийн
төслүүдэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалтуудыг алсдаа бид өөр ашигтай зүйлд
зарцуулах боломжтой болгож байгаа хувьсгал юм. Айлын эхнэрүүд өдөр бүр тоос
тортог болж ирдэг гэрийнхнийхээ хувцасыг угаах гэж зарцуулдаг зардлаа ч
хэмнэнэ, цагаа ч хэмнэнэ.
Хамгийн гол нь эрүүл мэнд. Өдөр ирэх тусам
нэмэгдэж байгаа амьсгалын замын өвчин, сүръеэ, харшил гэх мэт шинэ тутам
өвчнүүд, зүрхний аттак, уушиг, арьсны гэх мэт тоо нь цөөн ч хүний амь бие эрүүл
мэндэд ноцтой аюул учруулдаг олон өвчнийг эмч докторууд нэрлэж, тодорхой ярих
биз ээ.
Эрүүл мэндээ хамгаалж, халаалтын зардлаа хямдруулан,
шинэ бизнес, олон ажлын байр бий болгох Цэвэр Улаанбаатрын төлөө Хувьсгал
хийхийг уриалж байна.
Жич: Улаанбаатрын гэр хороололд 197 мянган өрх
байна. Ойролцоогоор 200 мянга гээд бодчиход их хол зөрөхгүй байх аа.
Манай нэг найз өөрийн 100 мкв байрыг тогны
халаалтын орчин үеийн хэрэгслээр тоноглосон ба өвөлдөө тогонд 100,000 төгрөг
сард төлж байгаа гэнэ. Энэ жишгээр бодоход хоёр зуун мянган өрхийн сарын
цахилгааны төлбөр сард 20 тэрбум төгрөг. 10 дугаар сараас дөрөвдүгээр сарыг
дуустал цахилгаан хэрэглэнэ гэж тооцвол дээд тал нь 160 тэрбум төгрөг болно.
Хэрвээ манай айлууд ихэнх нь 6х8 байшинтай гэж
тооцвол хоёр дахин бага буюу 80 тэрбум төгрөг. Энэ мөнгөний иэхнхийг буюу
шөнийн цагаар халаах цахилгаан хаашдаа үнэгүй гэж үзвэл бид бараг л 20 тэрбум
төрөөс илүү санхүүжүүлэх шаардлагатай болоод байх юм хар багцаагаар.
Мэдээж айл өрхүүдийн нэмэлт тоноглолын мөнгө
шаардалагатай ба үүнийг харин хөнгөлөлттэй зээлээр шийдвэл ямар вэ гэж бодож
байна.
No comments:
Post a Comment