Thursday, February 23, 2017

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС /БНМУ/-ЫН ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛЬ



Төсөл /Эцсийн найруулга/

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС /БНМУ/-ЫН 
ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛЬ

Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж буй Монголын ард түмэн бид:

-          Эрт эдүгээгийн баялаг түүхийнхээ ололт амжилтаас үнэт сургамж авч, бататган баяжуулж,
-          Нийт монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалж, сайн сайхан амьдралыг хангахын тулд оршин тогтнож буй БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалж, бэхжүүлэн  бататгахаа гүнээ ухамсарлаж,
-          Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-          Өвөг дээдсийн үнэт сургааль, хэл соёлынхоо нандин өв, уламжлалыг хадгалан хөгжүүлж,
-          Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтод хүндэтгэлтэй хандаж,
-          Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг дэвшүүлж энэхүү Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
           
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БНМУ-ЫН  БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

Нэгдүгээр зүйл. Бүгд Найрамдах Монгол Улс

1.1.         БНМУ бол тусгаар тогтносон, нутаг дэвсгэрийн хувьд хуваагдашгүй цул, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төр засгийг эмхлэн байгуулах, түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ардчилсан зарчмыг тууштай баримтлагч, иргэдийнхээ сайн сайхан амьдралыг хүссэн тэмүүллийг хөхиүлэн дэмжигч, нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс  бөгөөд албан ёсны нэр нь “Бүгд Найрамдах Монгол Улс”/товчлол нь - БНМУ/ мөн.
1.2.         БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
1.3.         Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
1.4.         Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг бэлгэдэн илтгэсэн жигүүртэй ариун бүхний илэрхийлэл болсон цагаан өнгийн хийморийн морь, нуруун дээр нь алтан соёмбо залсан байдлаар хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
1.5.         Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь БНМУ-ын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
1.6.         БНМУ-ын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь монгол хүний эрх, эрх чөлөөг бат хамгаалах болон БНМУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх тэмцлийн ялалт, монголын ард түмний эр зориг, үйл хэрэг нь мандан бадрах амжилтын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
1.7.         Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар “Бүгд Найрамдах Монгол Улс”гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг БНМУ-ын  Ерөнхийлөгч барина.
1.8.         БНМУ-ын  уриа нь: “Эрч хүч, Цог хийморь, Эв нэгдэл, Гал голомт” мөн.

Хоёрдугаар зүйл. БНМУ-ын Үндсэн  хууль, хууль тогтоомж

2.1.          Үндсэн хууль нь БНМУ-ын хууль эрхзүйн дээд хүчин чадалтай тулгуур хууль мөн.
2.2.          БНМУ-д Үндсэн хуулийн утга агуулга, зарчим болон зүйл заалт бүрийг яг зааснаар нь хөдөлбөргүй баримтлан дагаж мөрдөнө.
2.3.          БНМУ-ын хууль, хууль тогтоомж болон олон улсын гэрээ, хэлэлцээр БНМУ-ын Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд нийцсэн байна.
2.4.          БНМУ-ын олон улсын гэрээ, хэлэлцээр Үндсэн хуулиас бусад хууль, хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ, хэлэлцээрийг баримтлан уг хууль тогтоомжийг олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрчлөн нийцүүлнэ.
2.5.          БНМУ-ын Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд төрийн байгууллагын аливаа шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрэн  нийцсэн байна.

Гуравдугаар зүйл. БНМУ-ын иргэн

3.1.      БНМУ-ын  иргэн эцэг эхээс төрсөн хүн БНМУ-ын  иргэн   байна.
3.2.      Эцэг, эхийнх нь аль нэг нь БНМУ-ын иргэн бол тухайн хүн 16 нас хүрмэгцээ БНМУ-ын иргэн болох хүсэлтээ гаргавал БНМУ-ын иргэн болно.
3.3.      БНМУ-ын уугуул иргэн буюу гурван үеэрээ БНМУ-ын иргэн байгаагаас бусад хүн иргэний давхар харъяалалтай байж үл болно.
3.4.      БНМУ-ын  иргэн болох өөр шалгуурыг хуулиар тогтооно.
3.5.      БНМУ-ын  иргэн сайн дураар өөрийн иргэний харъяалалаас татгалзаагүй бол өөр хэн ч ямар ч үндэслэл шалтгаанаар түүнийг БНМУ-ын  иргэнээс хасч үл болно.
3.6.      Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

Дөрөвдүгээр зүйл. БНМУ-ын ард түмний төр засгийг бүрдүүлэх бүрэн эрх 

4.1.      БНМУ-ын нийт иргэд, тэдний үр сад нь Монголын ард түмэн мөн.
4.2.      БНМУ-д Монголын ард түмэн төр засаг, түүний бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж мөн бөгөөд төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна. Монголын ард түмэн төр засгийн бүрэн эрхийг энэхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчмын дагуу барина.
4.3.      БНМУ-д ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахдаа, төр засаг нь үйл ажиллагаагаа явуулахдаа гагцхүү ардчилсан зарчмыг баримтална.
4.4.      БНМУ-ын төр засаг гагцхүү хуулийн хүрээнд, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
4.5.      Төр засгийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
4.6.      БНМУ-ын төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж хугацаанаас нь өмнө огцруулан шинээр эмхлэн байгуулах эрхтэй.

Тавдугаар зүйл. Төр засгийн эрх мэдлийн хуваарилалт

5.1.      БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийг хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэл гэсэн байдлаар хуваарилан хэрэгжүүлнэ.
5.2.      Хууль тогтоох эрх мэдлийг Улсын Бага Хуралдай болон Үндэсний Их Хуралдай хадгалж хэрэгжүүлнэ.
5.3.      Хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хадгалж хэрэгжүүлнэ.
5.4.      Шүүх  эрх мэдлийг бүх шатны шүүх хадгалж хэрэгжүүлнэ.
5.5.      Хянах эрх мэдлийг Ардын Хянан Шалгах Хороо, Хүний Эрхийн Үндэсний Хороо хадгалж хэрэгжүүлнэ.
5.6.      Төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчид нь үйл ажиллагаагаа харилцан тэнцвэртэй байх зарчмаар явуулах бөгөөд аль нэг нь бусдаасаа давамгай эрх мэдэл эдэлж үл болно.

Зургаадугаар зүйл. БНМУ-ын нутаг дэвсгэр, түүний халдашгүй дархан байдал

6.1.         БНМУ-ын нутаг дэвсгэр халдашгүй дархан бөгөөд улсын хилийг Үндсэн хуулийн дагуу хуулиар бататгана.
6.2.         БНМУ-ын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваарилагдана.
6.3.         БНМУ-ын төр засаг улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг ханган хамгаалахын тулд улс төр, нийгэм, эдийн засаг, цэрэг, дипломатын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6.4.         БНМУ-ын төр засаг даян дэлхийд энх тайвныг хамгаалан дэмжих байр суурь баримтлах бөгөөд бусдыг түрэмгийлэх цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулахгүй.
6.5.         БНМУ-ын Зэвсэгт хүчин БНМУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үүрэгтэй.
6.6.         БНМУ-ын Зэвсэгт хүчин улс төрийн хувьд төвийг сахих байр суурь баримтална.
6.7.         БНМУ-ын Зэвсэгт хүчин иргэний, ардчилсан хяналтын дор үйл ажиллагаагаа явуулна.
6.8.         Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
Долоодугаар зүйл. Хэл, соёл

7.1.         БНМУ-д төрийн хэл нь монгол хэл байна. БНМУ-ын иргэн монгол хэлийг заавал эзэмшсэн байна.
7.2.         БНМУ-д олон улсын байгууллагаас бусад аливаа байгууллага  албан хэргээ монгол хэлээр явуулна.
7.3.         БНМУ-д төр засгийн байгууллагууд албан хэргээ монгол хэлээр явуулахаас гадна дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр  явуулж болно.
7.4.         Хүн амын цөөнх үндэстэн эх хэлээрээ суралцах, харилцах болон соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхтэй.
7.5.         БНМУ-ын төр засаг монголчуудын өвөрмөц дүр төрхийн эх ундарга болсон монгол үндэстний хэл соёлыг хамгаалах, нийт иргэдэд тэгш хүртээх, түгээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэхэд таатай нөхцлийг хангана.
7.6.         БНМУ-ын төр засаг хилийн чанадад оршин сууж байгаа монголчууд үндэсний хэл соёлоо хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Наймдугаар зүйл. БНМУ-ын эдийн засаг

8.1.         БНМУ-ын эдийн засгийн үндэс суурь нь хувийн өмч, төрийн өмч, нийтийн өмч, дундын өмч зэрэг өмчийн олон хэлбэрт тулгуурласан аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх чөлөө, эрүүл саруул өрсөлдөөн, хамтын ажиллагааг хүндэтгэсэн нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн харилцаа мөн.
8.2.         БНМУ-ын мөнгөн тэмдэгт нь төгрөг байна.
8.3.         БНМУ-ын төр засаг аливаа өмч, түүний дотор хувийн өмчийг хамгаална. БНМУ-ын уугуул иргэнд хувийн хэрэгцээнд нь зориулж газар өмчлүүлж болно.
8.4.         БНМУ-ын нутаг дэвсгэр дэх газар, түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамал, агаарын орон зай төрийн өмч мөн.
8.5.         Төр засаг БНМУ-ын иргэдэд өмчлүүлснээс бусад газар болон түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамалыг ашиглуулах эрхийг орон нутагт шилжүүлж болно.
8.6.         БНМУ-ын газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмал нь ард түмний дундын өмч мөн бөгөөд нөөцийг нь үндэслэн үнэлж стратегийн, эсхүл орон нутгийн шинж чанартай гэж ангилна.
8.7.         Стратегийн ач холбогдолтой ард түмний дундын өмчийг гагцхүү Үндэсний Их Хуралдайн зохион байгуулсан БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн Засгийн газар захиран зарцуулна.
8.8.         Орон нутгийн шинж чанартай ард түмний дундын өмчийг гагцхүү тухайн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан сонгуулийн насны иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн аймгийн Засаг дарга захиран зарцуулна.
8.9.         Хувийн өмчийг гагцхүү нийтийн эрх ашгийн төлөө хуулийн дагуу  шударга нөхөн олговортойгоор авч болно.
8.10.     Төр засаг газар өмчлөгч БНМУ-ын иргэнд өмчилсөн газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэж болно.
8.11.     Аж ахуй эрхлэх эрх чөлөөг гагцхүү нийтийн эрх ашгийн үүднээс хуулиар хязгаарлаж болно.
8.12.     Аль нэг этгээд эдийн засгийн харилцаанд оролцохдоо шударга бус дангаар ноёрхол тогтоох, арилжааны банк, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцааг дангаар өмчилж өөртөө давуу байдал бий болгохыг хориглоно.
8.13.     Төр засаг нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг хангах, иргэний баталгаатай орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ард түмний дундын өмч зэрэг эх үүсвэрээс бүрдсэн тусгай сан байгуулан ажиллуулж болно.
8.14.     Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

Есдүгээр зүйл. Гэр бүл

9.1.         Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж, нийгмийн харилцааны суурь мөн.
9.2.         Хуулиар тогтоосон насанд хүрсэн эмэгтэй эрэгтэй хоёр хүний сайн дурын, тэгш эрх бүхий харилцаанд тулгуурласан, хууль ёсоор  баталгаажсан хамтын амьдралын холбоог гэр бүл гэнэ.
9.3.         БНМУ-ын иргэн гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг эрхэмлэх, гэр бүлийн гишүүдээ асран хамгаалах, хүүхэддээ өв тэгш хүмүүжил олгох, ургийн бичгийг хөтлөх журамт үүрэгтэй.
9.4.         Хүний албан ёсны нэр нь ургийн овгийн нэр, эцгийн нэр, өөрийн нэрээс бүрдэнэ. Гэр бүлийн гишүүд нь өрхийн тэргүүний овгийн нэрийг авна.
9.5.         БНМУ-ын төр засаг гэр бүлийг хамгаалан дэмжинэ. Төр засгийн хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого гэр бүлийн сайн сайхан  амьдралыг хангахад чиглэгдсэн  байна.
9.6.         БНМУ-д гэр бүл бүр орон сууцтай байх эрхтэй. Гэр бүл бүр орон сууцтай байх эрхээ эдлэхэд нь төр засаг дэмжлэг үзүүлнэ. Төр засаг 25 жилээс дээш тогтвортой ханилсан, түүнчлэн олон хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг орон сууцаар хангана.
9.7.         Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

Аравдугаар зүйл. Төр засаг, шашны харилцаа

10.1.     БНМУ-д төр засаг нь аливаа шашныг хүндэтгэнэ.
10.2.     БНМУ-д төр засгийн байгууллага сүм хийдийн дотоод хэрэгт оролцох, шашны байгууллагууд улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг тус тус хориглоно.
10.3.     БНМУ-д үндэсний аюулгүй байдалд харшлахуйц харгис шашин болон шашны гаж урсгалыг хориглоно.
10.4.     Энэхүү харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

Арваннэгдүгээр зүйл. Улс төрийн нам, сайн дурын байгууллага

11.1.     БНМУ-ын төр засаг улс орноо хөгжүүлэхэд чиглэгдсэн үзэл бодлын эрүүл саруул өрсөлдөөний орчныг бүрдүүлэхийн тулд тодорхой үзэл баримтлал бүхий улс төрийн нам байгуулах эрх чөлөөг хангана.
11.2.     Улс төрийн нам нь үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг баримталвал зохино.
11.3.     БНМУ-ын  төр засаг улс төрийн олон нам бүхий тогтолцоог дэмжин хамгаалах үүрэгтэй бөгөөд улс төрийн намыг санхүүжүүлж болно.
11.4.     БНМУ-ын төр засаг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, сайн дурын байгууллага, сан зэрэг төрийн бус байгууллага байгуулах эрх чөлөөг хангана.
11.5.     Үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь харгис, дарангуйллын шинж чанартай, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, хэт үндсэрхэх үзэлтэй, төр засгийн эрхийг илэрхий хүчирхийллийн аргаар авах  зорилго, үйл ажиллагаатай улс төрийн нам, байгууллагыг хориглоно.
11.6.     Үзэл баримтлал, зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь харгис, дарангуйллын шинж чанартай, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, хэт үндсэрхэх үзэлтэй, төр засгийн эрхийг илэрхий хүчирхийллийн аргаар авах зорилго, үйл ажиллагаатай улс төрийн нам, байгууллагыг татан буулгах асуудлыг Хүний Эрхийн Үндэсний Хороо Улсын Дээд Шүүхэд өргөн барьж, Улсын Дээд Шүүх тус нам, байгууллагыг татан буулгах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
11.7.     Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

Арванхоёрдугаар зүйл. БНМУ-ын нийслэл, засаг захиргааны бүтэц

12.1.     БНМУ-ын хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдлийн төв байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ.
12.2.     БНМУ-ын нийслэл нь Улаанбаатар хот мөн.
12.3.     БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийн аль нэгэн эрх мэдлийн төв байгууллага байнга оршдог хотыг хоёр дахь нийслэл гэнэ.
12.4.     БНМУ нь засаг захиргааны хувьд нийслэл, аймаг, хотод хуваарилагдана. Нийслэл, улсын чанартай хот нь дүүрэг, хороонд, аймаг нь орон нутгийн чанартай хот, тосгон, сумд хуваарилагдана.
12.5.     Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БНМУ-ЫН  ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХ,
ЭРХ ЧӨЛӨӨ, ҮҮРЭГ, баталгаа

Арвангуравдугаар зүйл. Хүний болон иргэний эрх, эрх чөлөө 

13.1.        Хүн бүр амьд явах эрхтэй. Хүн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах эрхтэй.
13.2.        Хүн бүр хууль эрх зүйн этгээд байна. Хүн бүр хууль эрх зүйн харилцаанд аливаа байгууллага, албан тушаалтантай ижил тэгш эрхтэй.
13.3.        Хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хүний оршин сууж байгаа байр халдашгүй дархан байна. Шүүхийн шийдвэргүйгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэн боловч эрх чөлөөг нь  хязгаарласан ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн эсэхийг нэн даруй тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
13.4.        БНМУ-д эмэгтэй эрэгтэй хүн гэр бүл, улс төр, нийгэм, эдийн засгийн аливаа асуудлаар тэгш эрхтэй. Эмэгтэй эрэгтэй хүн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, адил ажил хийсний төлөө адил хэмжээний цалин хөлс авах, нийгмийн хамгаалалд хамрагдах, аливаа албан тушаал хаших, дэвших, шагнал, урамшуулал авах тэгш эрхтэй.
13.5.        Хүн хөдлөх, үл хөдлөх өмч хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах, залгамжлуулах эрхтэй. Өмч хөрөнгөө хуулийн хүрээнд хамгаалах, хамгаалуулах эрхтэй.
13.6.        БНМУ-ын иргэн өөрөө, эсхүл хуулийн этгээдээр дамжуулан хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй.
13.7.        Хүн бүр сурч боловсрох, мэргэжил эзэмших, мэргэжлээ ашиглах болон ажлаа сонгох эрхтэй.
13.8.        БНМУ-ын иргэн эрх тэгш зарчмын дагуу төрийн алба хаших эрхтэй.
13.9.        Хүн бусадтай харилцах, бусадтай харилцсаны нууцаа хамгаалах, хамгаалуулах, өөрийн тухай болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхэд, төрөл садныхаа талаарх мэдээллийг нээн дэлгэхгүй байх эрхтэй. 
13.10.    БНМУ-ын иргэн төр засаг өөрийнх нь тухай цуглуулсан мэдээлэл, өөртэй нь холбоотой баримттай чөлөөтэй танилцах, өөрийнх нь талаар төр засгийн цуглуулсан буруу ташаа, бүрэн бус, хууль зөрчин олж авсан мэдээллийг устгуулах, залруулахыг шаардах эрхтэй.
13.11.    БНМУ-ын иргэн эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр  болон удаан хугацаагаар оршин суух газраа чөлөөтэй сонгох, эх орноосоо чөлөөтэй гарах, эх орондоо чөлөөтэй орох эрхтэй.
13.12.    Монгол үндэстэн мөн гэдэг нь албан ёсоор тогтоогдсон хүн БНМУ-д байнга оршин суух эрхтэй.
13.13.    Гадаадын иргэн, харьяалалгүй хүн улс төрийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар БНМУ-д орогнох эрхтэй.
13.14.    Хүн шүтэх, эс шүтэх эрхтэй.
13.15.    Хүн өөрийнхөө бодол, санааг чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзвэл зохино.
13.16.    Хүн эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох эрхтэй. Сайн дурын байгууллага,  мэргэжлийн холбоо, ажил олгогчдын байгууллага зэргийг байгуулах, түүнд элсэх, нэгдэх эрхтэй. Хүн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялт болон бусад хэлбэрийн эсэргүүцлийг зохион байгуулах, хамтын маргааныг шийдвэрлэх, хамтын хөдөлмөрийн болон бусад гэрээ байгуулах зорилгоор яриа хэлэлцээ хийх эрхтэй.
13.17.    Хүн мэдээлэл эрж хайх, олж авах, түгээж дэлгэрүүлэх эрхтэй. Мэдээлэл авах эрхэд төр засгийн үүргийг гүйцэтгэж, төрийн өмчийг  эзэмшиж, улсын төсвийг захиран зарцуулж байгаа аливаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллага болон хувь хүний үйл ажиллагааны тухай бодитой мэдээлэл авах явдал мөн адил хамаарна.
13.18.    Хүн хөдөлмөр эрхлэх, эрүүл, аюулгүй нөхцөл бүхий ажлын байраар хангагдах, хийсэн ажил, эзэмшсэн мэргэжил, ур чадвартаа тохирсон, гэр бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц цалин хөлс авах эрхтэй.
13.19.    Хөдөлмөр эрхэлж байгаа хүн долоо хоног тутам амрах өдрүүдтэй байх, жил бүр нэгээс доошгүй удаа цалинтай амрах эрхтэй.
13.20.    БНМУ-ын иргэн тэтгэврийн насанд хүрсэн бол тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсан, хүүхэд төрүүлсэн, хүүхдээ асарч байгаа, түүнчлэн өвчний болон хөгжлийн бэрхшээлтэйн улмаас хөдөлмөрлөх чадвар, эсхүл тэжээгчээ алдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон бол тэтгэмж зэрэг хуулиар тогтоосон нийгмийн халамж хүртэх эрхтэй.
13.21.    Амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой иргэн төрөөс сар бүр баталгаатай орлого авах эрхтэй.
13.22.    Хүн эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. БНМУ-ын иргэн орлогын төвшингөөс үл хамааран төсвөөс санхүүжүүлж байгаа эрүүлийг хамгаалах зардлаас тэгш хүртэх эрхтэй.
13.23.    БНМУ-ын иргэн, түүний хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, эдгэршгүй хүнд өвчтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сэтгэцийн хүнд эмгэгтэй  иргэн төр засгийн онцгой анхааралд байж, эрүүл мэндийн үйлчилгээний зардлаа БНМУ-ын төр засгаар  бүрэн хариуцуулах эрхтэй.
13.24.    БНМУ-ын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, халдварт өвчин, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.
13.25.    Хүн нийтийн биеийн тамираар хичээллэх эрхтэй.
13.26.    Хүн төр засгийн байгууллага, албан хаагчийн хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг төр засгаар нөхөн төлүүлэх эрхтэй.
13.27.    БНМУ-ын иргэн шууд буюу төлөөлөгчөөрөө уламжлан төр засгийг эмхлэн байгуулах эрхтэй. 18/21 нас хүрсэн БНМУ-ын  иргэн бүх нийтийн санал асуулгад оролцох, БНМУ-ын Ерөнхийлөгч, Хүний Эрхийн Үндэсний Хороо, УБХ, ҮИХ, Улсын Дээд Шүүх, Ардын Хянан Шалгах Хорооны гишүүнийг сонгох, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчийг сонгох эрхтэй.
13.28.    Шүүхийн шийдвэрээр хорих ял эдэлж байгаа иргэний сонгогдох эрхийг хязгаарлаж болно.
13.29.    Эцэг эхийн халамж үзэхгүй байгаа хүүхэд төр засгийн халамж, тус дэмжлэгийг авах эрхтэй.
13.30.    Хүүхдийг хүчирхийлэх, харгис хэрцгий хандах, дарлан мөлжих болон уруу татах явдлаас хамгаалахыг хүн төр засгаас шаардах эрхтэй.
13.31.    Хүн бүр уран бүтээл туурвих, шинжлэх ухааны судалгаа хийх, үр дүнг нь хэвлэн нийтлэх, багшлах, соёл урлагийн бүтээлтэй танилцах, үр шимийг нь хүртэх эрхтэй.
13.32.    Хүн өөрийн, нийтийн ашиг сонирхол, бусдыг төлөөлөн тэдний ашиг      сонирхолын дагуу аливаа байгууллагын шийдвэрлэж байгаа асуудалтай холбогдуулан хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
13.33.    БНМУ-ын иргэн гадаадад байх цаг хугацаандаа төр засгаас тус дэмжлэг авах эрхтэй.
13.34.    Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлнэ. Хүн БНМУ-ын  хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүх, Хүний эрхийн үндэсний хороонд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.
13.35.    Хүн өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд  өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй.
13.36.    Хүн бүр өөрт нь тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх, үүргээ тодорхойлуулахдаа бие даасан, хараат бус, үл туйлширдаг шүүхээр адил тэгш эрхийн үндсэн дээр нээлттэй, шударгаар хэлэлцүүлэх эрхтэй. Асуудал нь  шүүхээр хэлэлцэгдэж байгаа хүн аль ч шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхтэй.
13.37.    Хүн өөрийнхөө болон гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
13.38.    Хүн шүүх, эсхүл төр засгийн байгууллага Үндсэн хуулинд заасан өөрийнх нь эрх чөлөө, эрх үүргийн талаар эцсийн шийдвэр гаргахдаа үндэслэсэн хууль, хууль тогтоомж, шийдвэр нь Үндсэн хууль, түүний утга агуулга,  зарчимд нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын Дээд Шүүх, Хүний эрхийн үндэсний хороонд хандан гомдол гаргах эрхтэй.

Арвандөрөвдүгээр зүйл. Хүний болон иргэний үүрэг

14.1.        Хүн бүр бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй.
14.2.        Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг дээдлэн сахиж, улс үндэсний эрх ашгийг хүндэтгэх үүрэгтэй.
14.3.        Эцэг эх хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх журамт үүрэгтэй. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ түүний нас, бие бялдар, хүйсийн онцлог, хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөөг нь харгалзсан байвал зохино.
14.4.        Хүний хөдөлмөрлөх журамт үүргийг хуулиар тогтооно. 16 нас хүрээгүй хүүхэд хөдөлмөрлөх журамт үүрэг хүлээхгүй.
14.5.        Иргэн бүр дээд боловсрол эзэмших, тодорхой мэргэжилтэй болох үүрэгтэй. БНМУ-ын иргэн дээд боловсрол эзэмших, тодорхой мэргэжилтэй болох үүргийг биелүүлэх журмыг хуулиар тодотгон зохицуулна.
14.6.        Хүн бүр нийтийн эрх ашиг, сайн сайхан амьдралын төлөө өөрт ноогдох хуулиар тогтоосон төлбөр хураамж, татварыг төлөх үүрэгтэй.
14.7.        БНМУ-ын иргэн эх орноосоо урвахгүй байх, монголын ард түмний нийтийн эрх ашиг, сайн сайхан амьдралын төлөө чин үнэнчээр зүтгэх үүрэгтэй.
14.8.        БНМУ-ын эрэгтэй эмэгтэй иргэн бүр эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэй. Цэргийн албыг дүйцүүлэн хааж болно.
14.9.        Хүн байгаль орчныг хайрлан хамгаалах үүрэгтэй. Байгаль орчныг доройтуулсан үйлдэл, эс үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
14.10.    Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

Арвантавдугаар зүйл. Хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа

15.1.        БНМУ-д Монгол хүн төрийн хамгаалалтанд байна. БНМУ-ын  төр засаг хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хуулиар бататган хамгаалах, аюулгүй байдлыг нь баттай хангах үүрэгтэй.
15.2.        Хүний эрх, үүрэгт нь үл хамаарах үйлдлийг хүчээр тулган хийлгэхийг хориглоно.
15.3.        Төр засаг хүн бүрт сурч боловсрох эрхээ эдлэхэд нь  эрх тэгш нөхцлөөр хангана. Төрийн өмчийн сургуулийн сургалтын бүх зардлыг төр засгаас хариуцна.
15.4.        Төр засаг хүн бүрт тэгш хандах үүрэгтэй. Хэнийг ч аливаа улс төр, хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн үндэслэл шалтгаанаар ялгаварлан гадуурхахыг хориглоно.
15.5.        Аль нэгэн нам, бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.
15.6.        БНМУ-ын  төр засаг хүний хувийн амьдралын нууц, нэр төрийг хуулиар хамгаална. Хүний бусадтай харилцах, харилцсаны нууцыг хамгаалах, хамгаалуулах эрхийг гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл шалтгаанаар хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр хязгаарлаж болно.
15.7.        Хүний амь насыг хуулиар хамгаална. БНМУ-д цаазаар авах ялыг хориглоно.
15.8.        Хэний ч бие бялдарт  хууль бусаар халдахыг хориглоно.
15.9.        Хэнийг ч өөрөө сайн дурын зөвшөөрөл өгөөгүй бол шинжлэх ухаан, анагаах ухааны туршилтад оруулахыг хориглоно.
15.10.    Хэнтэй ч ямар ч үндэслэл шалтгаанаар харгис хэрцгий, хүнлэг бусаар харьцах, дорд үзэн доромжлох, нэр төрд нь халдан гутаахыг хориглоно.
15.11.    Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр хязгаарлахыг хориглоно. Хүний орон байр, тээврийн хэрэгсэл, аливаа өмчид гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл шалтгаан, журмын дагуу нэгжлэг хийж болно.
15.12.    Хүнээс өөрийнх нь болон гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.
15.13.    Хүнийг хуульд заасан үндэслэл шалтгаанаар албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байдлаар эрх чөлөөг нь хязгаарлахдаа үндэслэл, шалтгааныг тэр дор нь өөрт нь тодорхой ойлгогдох байдлаар тайлбарлаж, энэ тухай түүний гэр бүл, өмгөөлөгч, эсхүл эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний нэрлэсэн хүнд нэн даруй буюу 12 цагт багтаан мэдэгдэнэ. Хүнийг хуульд заасан үндэслэл шалтгаанаар баривчилсан, цагдан хорьсон бол 24 цагт багтаан түүний баривчлагдсан, цагдан хоригдсон асуудлыг шүүхээр  шийдвэрлүүлнэ. Хэрэв баривчлагдсан, цагдан хоригдсон хүн асуудал нь шүүхэд шилжсэнээс хойш 24 цагт багтан өөрийг нь тодорхой хугацаагаар үргэлжлүүлэн баривчилсан, цагдан хорьсон тухай шүүхийн шийдвэрийг өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлийн хамт хүлээж аваагүй бол нэн даруй суллагдана.
15.14.    Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүнтэй хүнлэг ёсоор хандаж харилцана. Хэнийг ч ямар ч үндэслэл шалтгаанаар эрүүдэн шүүхийг хориглоно.
15.15.    БНМУ-ын төр засаг иргэнээ зориудаар гэмт хэрэгт холбогдуулах үйл ажиллагаа явуулахыг  хориглоно. Хэнд ч  хилсээр ял тулгаж үл болно. Хууль бусаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний хохирлыг төр засаг заавал хариуцан төлнө.
15.16.    Тухайн үед гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл, эс үйлдлийг үндэслэн хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэж болохгүй. Гэмт хэрэг гарсан тохиолдолд хүнийг яллан шийтгэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлана. Хүнийг яллан шийтгэхдээ өмнө нь ял эдэлсэн гэх шалтгаанаар хүндрүүлж яллахыг хориглоно.
15.17.    Дээд шатны албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, тушаалыг доод шатны албан тушаалтан нь биелүүлэхгүй байх үүрэгтэй.
15.18.    Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны эсрэг гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.
15.19.    Шүүхээр гэм буруутай гэж эцэслэн тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруугүйд тооцно. Хуульд заасан журмыг зөрчин гэмт хэрэгт холбогдуулахыг хориглоно. Шүүх гагцхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчимд нийцсэн хуулийн дагуу хүний гэм буруутай эсэхийг тогтооно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.
15.20.    Шүүхийн шийдвэрийг нээлттэй зарлана. Шүүхийн хуралдааныг  зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой шалтгаан, тухайн хүний өөрийнх нь хүсэлтийн дагуу хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хаалттай хийж болно.
15.21.    Өмчтэй байх, өмчлөлийн бусад эрх эдлэх, өв залгамжлах, залгамжлуулах эрх эдлэхийг хуулиар бататгана. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Зөвхөн хуулиар тогтоосон үндэслэл шалтгаанаар, хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр аливаа өмчийг хураан авч болно. Өмчтэй байх эрхийг өмчтэй байхын утгыг алдагдуулахгүйгээр гагцхүү хуулиар хязгаарлаж болно.
15.22.    Эцэг эх байх эрхийг гагцхүү хуулиар тогтоосон үндэслэл шалтгаанаар хуулийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрээр хязгаарлаж, эсхүл хасч болно.
15.23.    БНМУ нь ардчилсан зарчмыг тууштай баримтлагч улс орон мөн тул төр засаг иргэдээ мөрдөн мөшгөх, тагнах, захидал харилцаанд нь халдах, хувийн харилцааных нь талаар  мэдээлэл эрж хайх, цуглуулахыг хориглоно.
15.24.    БНМУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаадын иргэний эрх, үүргийг БНМУ-ын хууль, уг иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр, харьяалалгүй хүний эрх, үүргийг БНМУ-ын хуулиар тус тус тогтооно. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор, эсхүл онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад үндэслэлээр хүний БНМУ-ын нутаг дэвсгэрээс гадагшаа гарах, оршин суух эрхийг хязгаарлахыг хориглоно. БНМУ-д улс төрийн шалтгаанаар мөрдөн мөшгөхөөс дайжин зугтаж орогнох эрх хүссэн, хүчирхийллийн аргаар гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсоноос бусад гадаадын иргэнийг албадан гаргах, гадаад улсад хүлээлгэн өгөх асуудлыг уг иргэнийг харьяалсан улстай БНМУ-ын байгуулсан гэрээгээр, ийм гэрээ байхгүй бол БНМУ-ын шүүхээр шийдвэрлэнэ. БНМУ-д улс төрийн шалтгаанаар  мөрдөн мөшгөхөөс дайжин зугтаж орогнох эрх хүссэн, хүчирхийллийн аргаар гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсоноос бусад харьяалалгүй хүнийг албадан гаргах, гадаад улсад хүлээлгэн өгөх асуудлыг БНМУ-ын шүүхээр шийдвэрлэнэ.
15.25.    БНМУ-ын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ БНМУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зарим хязгаарлалт тогтоож болно.
15.26.    БНМУ-ын иргэнийг эх орноосоо явах, эх орондоо буцаж ирэхийг хориглож үл болно.
15.27.    БНМУ-ын иргэнийг ямар ч үндэслэл шалтгаанаар гадаад улсад хөөн гаргах, шилжүүлэн өгөхийг хориглоно.
15.28.    Хүний шашин шүтэх эрхийг гагцхүү улс орны аюулгүй байдлыг хамгаалах болон нийтийн хэв журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор хуулинд тогтоосон үндэслэл шалтгаанаар хязгаарлаж болно. Хүнд шашны үйл хэрэгт оролцох, эс оролцох, баримталдаг үзэл бодол, шашны итгэл үнэмшлээ нээн илчлэхийг тулган шаардахыг хориглоно.
15.29.    Зөвхөн хуульд заасны дагуу үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд төр засгаас  хяналт тавихыг хориглоно.
15.30.    Жагсаал, цуглаан зохион байгуулах, оролцох хүний эрхийг зөвхөн хуульд заасны дагуу үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хязгаарлаж үл болно.
15.31.    Үндсэн хуулиар тогтоосон зарчимтай зөрчилдөж байгаа зорилго, үйл ажиллагаатай байгууллагыг хориглож болно.
15.32.    Нийтийн эрх ашгийн үүднээс ажил хаялт зохион байгуулахыг зарим төрлийн ажилчид болон зарим салбарын хувьд хязгаарлах, эсхүл хориглохыг гагцхүү хуулиар тогтооно.
15.33.    Жагсаал, цуглаан хийх эрхийг зөвхөн бусад байгууллага, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, улсын батлан хамгаалах болон улсын эдийн засгийн нэн чухал ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор  гагцхүү хуулиар тогтоосон үндэслэлээр хязгаарлаж болно.
15.34.    БНМУ-ын  төр засаг өв залгамжлах эрхийг хамгаална.
15.35.    БНМУ-ын сонгуулийн насны нэг мянгаас доошгүй  иргэний  албан ёсны саналыг төр засгийн аль ч шатны байгууллага, албан тушаалтан  заавал авч хэлэлцэнэ.
15.36.    Хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон ажлын цагийн дээд хэмжээг хуулиар  тогтооно.
15.37.    Хүн эрүүл ахуйн болон аюулгүйн нөхцөл хангагдсан орчинд хөдөлмөр эрхлэх,  хөдөлмөр эрхэлж байгаа хүн хуулиар тогтоосон амрах өдрүүдтэй байх, жил бүр цалинтай амрах эрхтэй.
15.38.    Нийгмийн тэтгэмжийн хэмжээ, хэлбэрийг хуулиар тогтооно. БНМУ-ын  төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ хүний зэрэгтэй амьдрах, хөдөлмөр эрхлэх чадвартай болох, нийгмийн харилцаанд оролцох зэрэгт нь хуулиар тогтоосны дагуу тус дэмжлэг үзүүлнэ.
15.39.    БНМУ-ын иргэнд орлогынх нь төвшингөөс үл хамааран төсвөөс санхүүжүүлж байгаа эрүүлийг хамгаалах зардлаас тэгш хүртээх нөхцөл болон хэмжээг хуулиар зохицуулна.
15.40.    Эх орныхоо тусгаар тогтнол, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой гавьяа байгуулсан, улсынхаа нэр хүндийг дэлхий дахинд мандуулсан, хүн төрөлхтөний хөгжил дэвшилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны нээлт хийсэн,  бүтээл туурвисан, аж үйлдвэрийн цоо шинэ технологи бүтээсэн иргэнд төр засгаас онцгой дэмжлэг үзүүлнэ.
15.41.    БНМУ-ын төр засаг хүүхдийн эрхийг хамгаална.
15.42.    Зохиогчийн болон шинэ бүтээл, нээлтийн эрхийг  хуулиар хамгаална.
15.43.    БНМУ-ын төр засаг байгаль орчныг хамгаалах болон сайжруулахад чиглэгдсэн хүний үйл ажиллагааг дэмжинэ.
15.44.    Төр засгийн байгууллага, албан хаагчийн хууль зөрчсөн үйлдлээс бусдад учирсан хохирлыг төлүүлэх журмыг хуулиар зохицуулна.
15.45.    Хүний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг заавал сэргээнэ. Хүн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө сэргээхийг аливаа хэлбэрээр хориглосон хууль, хууль тогтоомж батлах, үйлдэл, эс үйлдэлээр саад бэрхшээл учруулахыг  хориглоно.
15.46.    БНМУ-ын төр засаг ахмад настан, олон хүүхэдтэй эмэгтэй, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг онцгойлон дэмжинэ.
15.47.    Иргэний үүсэл гарал, үзэл бодол, итгэл үнэмшил зэргээс шалтгаалан хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлж ажиллах эрхээ эдлэхэд нь аливаа саад бэрхшээл учруулахыг хориглоно.
15.48.    Онц болон дайны байдал зарласан тохиолдолд хүний зарим эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд ч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах үйлдлийг гаргуулахгүй байхыг хангасан байна.
15.49.    Үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөг гагцхүү ардчилсан улс орны аюулгүй байдал, нийтийн хэв журам, нийгмийн ёс суртахуун, байгаль орчныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хуулиар хязгаарлахдаа хүний эрх, эрх чөлөөний мөн чанарыг алдагдуулж үл болно.
15.50.    Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. БНМУ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ.Хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл

Арванзургаадугаар  зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгч

16.1.            БНМУ-ын Ерөнхийлөгч бол төр засгийн тэргүүн бөгөөд Үндсэн хуулийг хүндэтгэн дээдэлж, чандлан баримталж, төр засгийн байгууллагуудын хариуцлагатай үйл ажиллагаа, төрийн үйл хэрэг үл тасалдах байдлыг хангаж зохицуулна.
16.2.            Ерөнхийлөгч нь Засгийн газрын тэргүүн байна.
16.3.            Ерөнхийлөгч нь БНМУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий захирагч байна.
16.4.            Ерөнхийлөгч  нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн байна.
16.5.            Ерөнхийлөгч нь Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдай, Дээд Шүүхийн гишүүн зэрэг хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах төрийн болон төрийн бус байгууллагад ажил, албан тушаал хавсран хашиж  үл болно. 
16.6.            Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
16.7.            Ерөнхийлөгч Монголын ард түмний итгэл дэмжлэгээр БНМУ-ын  Ерөнхийлөгчөөр сонгогдсон би энэхүү эрхэм албыг хаших хугацаандаа үндэсний язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх үүрэг, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, их эзэн Чингис хаан, өвөг дээдсийн өв сургааль, түүх, соёл иргэншлийнхээ уламжлалыг хадгалан хөгжүүлж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг туйлын шударгаар биелүүлэхээ нийт Монгол түмэндээ андгайлан тангараглаж байнагэж ард түмэндээ тангараг өргөнө.

Арвандолоодугаар  зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, сонгох

17.1.        Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэнийг таван жилийн хугацаагаар сонгоно.
17.2.        Улсын Бага Хуралдайд суудал бүхий нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно. Улсын Бага Хуралдайд суудалгүй нам тавин мянгаас доошгүй БНМУ-ын сонгуулийн насны иргэний дэмжсэн гарын үсэг цуглуулж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно.
17.3.        Ерөнхийлөгчийн сонгуульд БНМУ-ын сонгуулийн насны иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.
17.4.        Ерөнхийлөгчид хоёроос доошгүй нэр дэвшигчид нэр дэвшсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчин төгөлдөр хэмээн тооцно.
17.5.        Анхны санал хураалт явагдахаас өмнө нэр дэвшигчийн хэн нэг нь нас нөгчих, эсхүл сонгуульд оролцох боломжгүй болсон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг хойшлуулна.
17.6.        Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг БНМУ-ын   Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
17.7.        Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч нийт сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчдын хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг анхны санал хураалт болсноос хойш арван дөрөв дэх өдөр нь дахин санал хураалтад оруулна.
17.8.        Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн аль нэг нь, эсхүл хоёулаа ямар нэгэн шалтгааны улмаас дахин санал хураалтад орох боломжгүй болсон, эсхүл татгалзсан тохиолдолд хамгийн олон санал авсан дараагийн нэг, эсхүл хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулна. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.
17.9.        Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш 30 дахь өдөр тангараг өргөнө.
17.10.    БНМУ-ын уугуул иргэнийг Ерөнхийлөгчөөр хоёроос илүү удаа сонгохыг хориглоно.

Арваннаймдугаар зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.        Засгийн газрыг тэргүүлэх;
18.2.        БНМУ-ын Зэвсэгт хүчнийг ерөнхийлөн захирах;
18.3.        Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлэх;
18.4.        Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх;
18.5.        Засгийн газрын гишүүнийг Улсын Бага Хуралдайтай зөвшилцөн томилох;
18.6.        Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах;
18.7.        Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын талаархи саналаа Улсын Бага Хуралдайд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;
18.8.        Засгийн газрын хуралдааныг даргалах;
18.9.        Улсын Бага Хуралдайн тогтоож, Үндэсний Их Хуралдайн баталсан БНМУ-ын хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээг эцэслэн соёрхон батлах;
18.10.    Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн даргатай зөвшилцөж Улсын Бага Хуралдайг тарааж, шинэ сонгууль зарлах тухай зарлигийг бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа гаргах (Улсын Бага Хуралдайн сонгууль явуулсаны дараах эхний нэг жилийн хугацаанд Улсын Бага хуралдайг тараах зарлигыг гаргаж үл болно);
18.11.    Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг Үндэсний Их Хуралдайд оруулж шийдвэрлүүлэх;
18.12.    Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Бага Хуралдайд танилцуулсны дараа томилох буюу эгүүлэн татах;
18.13.    Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
18.14.    БНМУ-ын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
18.15.    БНМУ-ын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
18.16.    БНМУ-ын засаг захиргааны нэгжийн хуваарийг батлах, өөрчлөх тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Бага Хуралдайд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;
18.17.    Бүх нийтийн, эсхүл хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
18.18.    Нийтийн хэв журам алдагдаж эмх замбараагүй байдал бий болох, байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болж үндэсний аюулгүй байдалд бодит аюул занал учрах тохиолдолд Зэвсэгт хүчин, Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын асуудал эрхэлсэн  байгууллагын дарга нартай зөвлөлдсөний дараа улсын нийт нутаг дэвсгэрт, эсхүл зарим хэсэгт нь онц байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх зарлиг гаргах;
18.19.    БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайны байдал зарлаж зарлиг гаргах;
18.20.    Жилд нэг удаа Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн хамтарсан чуулганд оролцож ард түмэндээ хандан илгээлт гаргаж улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулж, байр сууриа илэрхийлэх;
18.21.    Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн чуулганы хуралдаанд тааллаараа оролцож үг хэлэх.
           
Арванесдүгээр зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг

19.1.        Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжид нийцүүлэн зарлиг гаргана. Ерөнхийлөгчийн зарлиг батлагдмагцаа хүчин төгөлдөр болж, хууль, хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.
19.2.        Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө, эсхүл Улсын Дээд Шүүх хүчингүй болгоно.

Хорьдугаар зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах, чөлөөлөх

20.1.        Улсын Дээд Шүүхийн бүрэн бүрэлдэхүүний дийлэнх олонхи буюу 2/3 нь Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн тохиолдолд Үндэсний Их Хуралдай Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг 30 хоногт багтаан авч хэлэлцэн нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ.
20.2.        Ерөнхийлөгч нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдөх санал гаргасан тохиолдолд Үндэсний Их Хуралдайн ээлжит бус чуулган зарлан хуралдуулж,  уг асуудлыг авч хэлэлцэн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эцэслэн шийдвэрлэнэ.
20.3.        Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг Сонгуулийн ерөнхий хороо 7 хоногт багтаан зарлаж, хоёр сарын дотор явуулна.
20.4.        Ерөнхийлөгч хүндээр өвчилсөн хүндэтгэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд буюу түр эзгүйд нь Шадар сайд түүний бүрэн эрхийг түр хугацаанд хэрэгжүүлнэ.
20.5.        Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Шадар сайд түр хэрэгжүүлнэ.
20.6.        Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна. 

Хориннэгдүгээр зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн баталгаа

21.1.        Ерөнхийлөгчийн нэр төр халдашгүй байна.
21.2.        Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүдийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна. Ерөнхийлөгчийн халдашгүй дархан байдлыг хуулиар бататган тогтооно.
21.3.        Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хугацаанд мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны этгээд болохгүй.
21.4.        Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн өөрөө хүсвэл Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн орон тооны гишүүн байна.
21.5.        Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн өөрөө хүсвэл Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч байна.
21.6.        Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш 5 жилийн хугацаанд гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн байгууллагад ажиллах, төлөөлөх, хамтран ажиллахыг хориглоно.

Хоринхоёрдугаар  зүйл. БНМУ-ын Засгийн газар

22.1.        Засгийн газар бол төр засгийн хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч байгууллага мөн. Засгийн газар Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг биелүүлж, эдийн засаг, нийгэм, соёл, захиргааны байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй.
22.2.        Засгийн газар Ерөнхийлөгч, Шадар сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нийтдээ арван таваас дээшгүй байна.
22.3.        Засгийн газрын гишүүн нь 40 нас хүрсэн, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
22.4.        Засгийн газрын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад ажил, албан тушаалыг давхар хашихыг хориглоно.
22.5.        Улсын Бага Хуралдай Засгийн газрын гишүүнд итгэл хүлээлгэх эсэх саналаа Ерөнхийлөгчид уламжилж болно. Энэ нь Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг заавал огцруулах үндэслэл болохгүй.
22.6.        Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргах бөгөөд түүнд Ерөнхийлөгч, тухайн асуудал эрхэлсэн сайд гарын үсэг зурна.
22.7.        Засгийн газрын тогтоол нь хууль тогтоомжид нийцээгүй бол Ерөнхийлөгч, эсхүл Улсын Бага Хуралдай хүчингүй болгоно.
22.8.        Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар тогтооно.

Хорингуравдугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Засгийн газар дараахь бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

23.1.        Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээний биелэлтийг улс даяар зохион байгуулах, хэрэгжүүлэх;
23.2.        Төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх;
23.3.        Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, цуцлах;
23.4.        Төрийн захиргааны төв байгууллагыг шууд удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах;
23.5.        Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
23.6.        Улсын хилийг тогтоох асуудлыг боловсруулж, Улсын Бага Хуралдайд өргөн барих;
23.7.        Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
23.8.        Нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
23.9.        Хүн ам, иргэний бүртгэлийг шударгаар хөтлөх;
23.10.    Иргэн бүрт авьяас чадвараа нээн хөгжүүлэх, хөдөлмөрлөх, ирээдүйдээ итгэлтэй, амар амгалан амьдрах нөхцлийг хангахын тулд улс орны хөгжлийн хурдыг тогтмол өндөр төвшинд байлгахыг зорьж, мэдлэг, дэвшилтэт технологид суурилсан эрчимтэй хөгжлийн урт, дунд (Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр) болон богино (Нийгэм, эдийн засгийн хөгжлийн Үндсэн чиглэл) хугацааны харилцан уялдаа бүхий оновчтой бодлогыг хэрэгжүүлэх;
23.11.    БНМУ-ын төр засаг улс орны хөгжлийн бодлогыг  хэрэгжүүлэхдээ байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулах, байгаль орчныг хамгаалах;
23.12.    БНМУ-ын  төр засаг өнөө болон хойч ирээдүй үеийн сайн сайхны төлөө байгаль орчны аюулгүй, тэнцвэртэй байдлыг  хангахуйц бодлого боловсруулан тууштай хэрэгжүүлэх;
23.13.    Иргэн тогтмол, үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэх нөхцлийг ханган бүрдүүлэх бодлогыг баримталж, ажилгүйдэлтэй тэмцэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, мэргэжлийн сургалт явуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх болон нийтийг хамарсан хөдөлмөрийг дэмжин зохион байгуулах;
23.14.    БНМУ-ын хөгжлийн урт болон дунд (Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр) хугацааны бодлогын төслийг боловсруулж Үндэсний Их Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх;
23.15.    БНМУ-ын хөгжлийн богино (Нийгэм, эдийн засгийн хөгжлийн Үндсэн чиглэл) хугацааны бодлогын төслийг Улсын Бага Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх;
23.16.    Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Улсын төсвийн төслийг боловсруулж Улсын Бага Хуралдайд оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх;
23.17.    Салбар болон салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн  асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
23.18.    Ард түмний дундын өмчийг ашиглахтай холбоотой санал боловсруулж Үндэсний Их Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлэх;
23.19.    Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хориндөрөвдүгээр зүйл. БНМУ-ын Төрийн алба

24.1.        Төрийн алба нь төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх, шүүх, хянах эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагчдаас  бүрдэнэ.
24.2.        Ард түмнээс сонгогдсон, томилогдсон төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагчид төрийн албыг хашина. Төрийн захиргааны болон тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.
24.3.        Цэргийн алба хаасан, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн БНМУ-ын  уугуул иргэнийг төрийн албанд ажиллуулна.
24.4.        Төрийн албан хаагч төрийн ажил үүргээ хэрэгжүүлэхдээ үйлдсэн бичиг баримт, бусадтай харилцсан харилцаа нь ил тод байна.
24.5.        Төрийн нууцыг гагцхүү үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулиар тогтооно.
24.6.        Төрийн жинхэнэ албан хаагч нь улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.
24.7.        Төрийн бүх шатны албан хаагчид ард түмэнд хүрэх төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүртээх, үйл ажиллагаагаа хэнийг ч алагчлан үзэлгүйгээр нийт иргэдийн сайн сайхны төлөө шударга явуулах үүрэгтэй.
24.8.        Төрийн бүх шатны албан хаагчид ард түмний өмнө шууд хариуцлага хүлээнэ.
24.9.        Магистр, докторын зэрэгтэй, эсхүл ахлах офицероос дээш цолтойгоор алба хашиж байсан БНМУ-ын уугуул иргэнийг төрийн албаны нөөцөд шалгалтгүйгээр шууд бүртгэнэ.
24.10.    Төрийн албыг чадавхжуулах, төрийн албан хаагчдыг төрийн албан хаагчдын нөөцөөс хэсэгчлэн шинэчлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэл, төрийн албаны шалгалт, зэрэг дэв олголт, төрийн албан хаагчийн цалин, урамшуулал, үр дүнгийн үнэлгээний журмыг тогтоох чиг үүрэг бүхий Төрийн албаны зөвлөл ажиллана. Төрийн албаны зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилно.
24.11.    Төрийн алба, Төрийн албаны зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хоринтавдугаар зүйл. Сонгуулийн ерөнхий хороо

25.1.        Сонгуулийн ерөнхий хороо нь БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн  санал асуулга, бүх шатны сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий сонгуулийн төв байгууллага мөн.
25.2.        Сонгуулийн ерөнхий хороо нь хамтын шийдвэр гаргах зарчмын дагуу ажиллах бөгөөд хамтаараа хариуцлага хүлээнэ.
25.3.        БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн  санал асуулга, бүх шатны сонгууль, бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн нийт зардлыг тухай бүр төр засгаас бүрэн хариуцна.
25.4.        Бүх шатны сонгуулийн санал хураалтыг жил бүрийн 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Даваа гарагт зохион байгуулна.
25.5.        Бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь өөрийн, эсхүл улс төрийн нам, төр засгийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, хувь хүний зардлаар сонгуулийн кампанит ажлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэхийг хориглоно. Уг зохицуулалтыг зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татуулж, 5 жилийн хугацаанд аль ч шатны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй.
25.6.        Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчийн, Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүний, Үндэсний Их хуралдайн төлөөлөгчийн, Улсын Бага хуралдайн, Ардын хянан шалгах хорооны гишүүний, Улсын дээд шүүх болон бүх шатны бусад шүүхийн шүүгчийн, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчийн ээлжит болон ээлжит бус сонгуулийг зарлан явуулна.
25.7.         Бүх шатны сонгуулийн сонгогчийн саналын хуудсыг гараар тоолно.Сонгуулийн ерөнхий хороо, гишүүн нь хэнээс ч хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчмыг чанд мөрдөн иргэний сонгох, сонгогдох эрхийг баттай хангах үйл ажиллагааг хуулийн дагуу шударгаар явуулна.
25.8.        Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг Хүний Эрхийн Үндэсний Хорооны санал болгосноор Үндэсний Их Хуралдай 6 жилийн хугацаагаар томилно.
25.9.        Сонгуулийн ерөнхий хороо нь 15 гишүүнтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.
25.10.    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь 40 нас хүрсэн, ёс суртахууны шаардлага хангасан, БНМУ-ын уугуул иргэн байна.
25.11.    Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь насаар хамгийн ахмад гишүүн нь байна.
25.12.    Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн бол Хүний эрхийн үндэсний хороо Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг огцруулах саналыг Үндэсний Их Хуралдайд оруулан шийдвэрлүүлнэ.
25.13.    Сонгуулийн ерөнхий хорооны бие даасан, хараат бус үйл ажиллагааны эдийн засгийн баталгааг төр засаг хариуцна.
25.14.    Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

ХОЁР. БНМУ-ЫН  хууль тогтоох эрх мэдэл
                                                                       
Хоринзургаадугаар зүйл. Парламент

26.1.        Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч нь парламент байна. Парламент нь хууль тогтоох эрх бүхий Улсын Бага Хуралдай, хууль батлах эрх бүхий Үндэсний Их Хуралдайгаас бүрдэнэ.
26.2.        Улсын Бага Хуралдайн тогтоосон, Үндэсний Их Хуралдайн баталсан, Ерөнхийлөгчийн соёрхон баталсан, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор хэвлэгдсэн хууль, хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилнэ.
26.3.        Ерөнхийлөгч дангаараа, Улсын Бага Хуралдайн 8-аас доошгүй гишүүн хамтарч, Үндэсний Их Хуралдайн 45-аас доошгүй гишүүн хамтарч хуулийн төслийг тус тус санаачлан өргөн барих эрх эдэлнэ.
26.4.        Иргэд, бусад байгууллага хуулийн тухай саналаа хуулийн төслийг санаачлан өргөн барих эрх бүхий этгээдэд уламжилж болно.
26.5.        БНМУ-ын сонгуулийн насны 10000 (арван мянган) иргэний гарын үсэг цуглуулсан хуулийн төслийг Улсын Бага Хуралдай заавал авч хэлэлцэнэ.
26.6.        Хууль санаачлагч хуулийн төслийг Улсын Бага Хуралдайд өргөн барина. Улсын Бага Хуралдайд өргөн барьсан хуулийн төслийг 30 хоногт багтаан хэлэлцэж эхлэнэ.
26.7.        Өргөн барьсан хуулийн төслийг Улсын Бага Хуралдай хэлэлцэж эхлэхдээ Хүний Эрхийн Үндэсний хороонд 5 хоногийн дотор хүргүүлнэ. Хүний эрхийн Үндэсний хороо нь уг хуулийн төсөл хүний эрх, эрх чөлөөг дордуулсан байна гэж үзвэл тэр тухайгаа мэдэгдсэн зөвлөмжийг Улсын Бага Хуралдайд хүргүүлнэ. Улсын Бага Хуралдай уг хуулийн төслийг хэлэлцэхдээ Хүний эрхийн үндэсний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг харгалзана. 
26.8.        Улсын Бага Хуралдай БНМУ-ын хууль, хууль тогтоомжийг тогтоон Үндэсний Их Хуралдайд батлуулахаар өргөн мэдүүлнэ.
26.9.        Улсын Бага Хуралдайн тогтоосон хууль, хууль тогтоомжийг Үндэсний Их Хуралдай бүхэлд нь батлах, батлахгүйгээр бүхлээр нь, эсхүл хэсэгчилэн хориг тавин буцааж болно. Хориг тавьсан хууль, хууль тогтоомжийг ажлын 3 хоногт багтаан Улсын Бага Хуралдайд буцаан хүргүүлэх бөгөөд Үндэсний Их Хуралдай болон Улсын Бага Хуралдай уг асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулна. Тухайн ажлын хэсэг байр сууриа нэгтгэсэн бол уг хууль, хууль тогтоомжийг Улсын Бага Хуралдайгаар ердийн журмаар дахин хэлэлцэн тогтоож Үндэсний Их Хуралдайд  батлуулахаар өргөн мэдүүлнэ.
26.10.    Үндэсний Их Хуралдайн хориг тавьсан асуудлаар ажлын хэсэг байр сууриа нэгтгээгүй бол Улсын Бага Хуралдай нь хоригийг хүлээж авах эсэхийг хоригийн журмаар дахин хэлэлцэж, Улсын Бага Хуралдайн чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний 2/3-оос доошгүй нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хэвээр үлдэж батлагдсанд тооцогдоно. Улсын Бага Хуралдай уг хууль, хууль тогтоомжийг соёрхон батлуулахаар шууд Ерөнхийлөгчид ажлын 3 хоногт багтаан өргөн мэдүүлнэ.
26.11.    Улсын Бага Хуралдай өөрийн тогтоосон хууль, хууль тогтоомжийг хэлэлцүүлэн батлуулахаар Үндэсний Их Хуралдайд ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ. Үндэсний Их Хуралдай нь Улсын Бага Хуралдайн тогтоосон хууль, хууль тогтоомжийг хүлээн авснаасаа хойш 10-аас доошгүй хоногийн хугацаа өнгөрсний дараа хэлэлцэж эхлэнэ.
26.12.    Ерөнхийлөгч Улсын Бага Хуралдайн тогтоосон, Үндэсний Их Хуралдайн баталсан хууль, хууль тогтоомжийг ажлын 10 хоногт багтаан соёрхон батлах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч соёрхон батлаагүй хууль, хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчлэхгүй бөгөөд уг хууль, хууль тогтоомжийг Улсын Бага Хуралдай, Үндэсний Их Хуралдай нэг жилийн хугацаанд дахин авч хэлэлцэхгүй.
26.13.    Улсын төсөв, төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, албан тушаалын томилгоо, тэдгээртэй холбоотой шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хуулиар тусгайлан зохицуулна.

Хориндолоодугаар зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдай

27.1.        Үндэсний Их Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллага мөн.
27.2.        Үндэсний Их Хуралдайн дарга, дэд даргыг Үндэсний Их Хуралдайн гишүүдийн дотроос хамгийн ахмад настай гишүүнээс эхлэн насаар нь эрэмбэлж нэг жилийн хугацаагаар тус тус томилно.
27.3.        Үндэсний Их Хуралдай нийт иргэдийг төлөөлөн сонгогдсон болон томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
27.4.        Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч нь Засгийн гарын гишүүн, төрийн сонгуульт болон жинхэнэ албан хаагчийн ажлыг давхар хашиж үл болно.
27.5.        Үндэсний Их хуралдайд хороо, тосгон, сум тус бүрээс 1 төлөөлөгч сонгогдоно. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийг сонгуулийн насны иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.
27.6.        Үндэсний Их Хуралдайн анхдугаар чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн тоо сонгогдвол зохих нийт гишүүдийн 3/4-т хүрсэн тохиолдолд Үндэсний Их Хуралдайн бүрэн эрх хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.
27.7.        Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчөөр 30/35 нас хүрсэн, тухайн засаг захиргааны нэгжид сүүлийн 2-оос доошгүй жил байнга оршин сууж байгаа бүртгэлтэй БНМУ-ын уугуул иргэнийг сонгоно.
27.8.        Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн сонгуульд өөрийг нь дэмжсэн 250-аас доошгүй хүний гарын үсэг цуглуулсан иргэн нэрээ дэвшүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчид нэр дэвшихийг  хориглоно.
27.9.        БНМУ-ын  Ерөнхийлөгчийн алба хашиж байсан иргэн өөрөө хүсвэл Үндэсний  Их Хуралдайн томилогдсон төлөөлөгч байна.
27.10.    БНМУ-ын Хууль тогтоох байгууллагад 3-аас цөөнгүй удаа сонгогдсон, Улсын Дээд Шүүхийн шүүгч, Төрийн албаны Зөвлөлийн дарга, Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүний албыг хашиж байсан иргэн, Өмгөөлөгчдийн төв байгууллагын дарга, Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллагын дарга, Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн төв байгууллагын дарга, Залуучуудын төв байгууллагын дарга, Хүүхдийн төв байгууллагын дарга, Ахмадын төв байгууллагын дарга, Үндэсний олимпийн хорооны дарга, Сэтгүүлчдийн төв байгууллагын дарга, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төв байгууллагын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгууллагын дарга, Соёл урлагийн нэрт зүтгэлтэн нарын зэрэг иргэдээс Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх чадвартай бөгөөд хүсэлтэй 20 (хорин) иргэнийг Ерөнхийлөгч  нэг жилийн хугацаагаар төлөөлөгчөөр томилно. Төлөөлөгчийг улируулан томилж болно.
27.11.    Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч бол ард түмний элчийн хувьд нийт иргэн, үндэсний эрх ашгийг илэрхийлэгч байна.
27.12.    Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна.
27.13.    Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн бүрэн эрх Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар сэлгэгдэн шинээр сонгогдсон төлөөлөгчид тангараг өргөснөөр дуусгавар болно.
27.14.    Үндсэний Их Хуралдайн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Чуулганы хуралдаан таслахыг хориглоно.
27.15.    Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчид илэрхийлсэн байр суурь, өгсөн саналынх нь  төлөө хариуцлага хүлээлгэхгүй. 
27.16.    Үндэсний Их Хуралдайн сонгогдсон нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгийг жил тутам сонгоно.

Хориннаймдугаар зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн бүрэн эрх

Үндэсний Их Хуралдай дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

28.1.        БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулгыг хуулийн дагуу зарлан явуулах;
28.2.        БНМУ-ын Үндсэн хуулийн тухай,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Бага Хуралдайн боловсруулсан төслийн талаарх БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн шийдвэрлэх;
28.3.        Засгийн газраас өргөн барьсан ард түмний дундын өмчийг захиран зарцуулах асуудлыг шийдэх тухай БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн  санал асуулгыг зарлан явуулах;
28.4.        БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн олонхи нь оролцсон санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох;
28.5.        Улсын Бага Хуралдайн хэлэлцэн баталсан хууль, хууль тогтоомжийг батлах, бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн хориг тавин буцаах;
28.6.        Улсын Дээд Шүүхийн дүгнэлтийг үндэслэн Ерөнхийлөгчийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх;
28.7.        Засгийн газраас өргөн барьсан БНМУ-ын  нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт /10-аас доошгүй жил/  ба дунд /5-аас доошгүй жил/ хугацааны бодлогыг тодорхойлох;
28.8.        Улсын хилийг тогтоох;
28.9.        Дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэн шийдвэрлэх; Үндэсний Их Хуралдай Ерөнхийлөгчийн дайны байдал зарласан зарлигийг уг зарлиг гарснаас 48/72 цагт багтаан хэлэлцэж, 3 хоногт багтаан батлах, эсхүл хүчингүй болгох;
28.10.    Ерөнхийлөгчийн өргөн барьсаны дагуу Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүнийг шийдвэрлэх;
28.11.    Хүний Эрхийн Үндэсний Хорооны өргөн барьсаны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох;
28.12.    Хүний Эрхийн Үндэсний Хорооны өргөн барьсаны дагуу Сонгуулийн ерөнхий хороо огцруулах;
28.13.    Улсын Бага Хуралдайн өргөн мэдүүлсэний дагуу БНМУ-ын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;
28.14.    Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;
28.15.    БНМУ-ын Бага хуралдайн гишүүнийг эгүүлэн татах эсэхийг шийдвэрлэх.

Хоринесдүгээр зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн чуулган
                                                                   
29.1.        Үндэсний Их Хуралдайн ээлжит чуулганыг улирал тутам нэг удаа ажлын 10 хоногийн хугацаанд багтаан Төрийн ордонд хийнэ. Шаардлагатай тохиолдолд  тухайн чуулганыг ажлын 5 хоногоос илүүгүй хугацаагаар сунгаж болно.
29.2.        Үндэсний Их Хуралдайн ээлжит чуулганыг улирал тутмын эхний сарын хоёрдох долоо хоногийн Даваа гарагт эхлэхээр тооцож Үндэсний Их Хуралдайн даргын зарласнаар зарлан хуралдуулна.
29.3.        Үндэсний Их Хуралдайн чуулганы хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндэсний Их Хуралдайн гишүүн чуулганы хуралдаанд оролцон тухайн асуудлаар саналаа өөр этгээдэд шилжүүлэхгүйгээр биечлэн гарган шийдвэрлэх үүрэгтэй.
29.4.        Улсын Бага Хуралдайн тогтоолоор Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарсан бол Үндэсний Их Хуралдайн даргын зарласнаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.
29.5.        Ерөнхийлөгч дайны байдал зарласан бол Үндэсний Их Хуралдайн дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.
29.6.        Үндэсний Их Хуралдайн зохион байгуулалт, төлөөлөгчийг сонгох болон үйл ажиллагааны бусад дэг журмыг хуулиар тогтооно.

Гучдугаар зүйл. БНМУ-ын Бага хуралдай

30.1.        Улсын Бага Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллага мөн.
30.2.        Улсын Бага Хуралдайн гишүүнийг сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу БНМУ бүхэлдээ сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу намын жагсаалтаар сонгоно. 
30.3.        Улсын Бага Хуралдайн гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж Улсын Бага Хуралдайн дараагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр дуусгавар болно.
30.4.        Улсын Бага хуралдай  55/99 гишүүнтэй байна.
30.5.        Улсын Бага Хуралдайн гишүүнээр БНМУ-ын 35/40 нас хүрсэн, сонгуулийн насны БНМУ-ын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно.
30.6.        Улсын Бага Хуралдайн сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон Улсын Бага Хуралдайн гишүүдийн тоо сонгогдвол зохих нийт гишүүдийн 3/4-т хүрсэн тохиолдолд Улсын Бага Хуралдайн бүрэн эрх хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.
30.7.        Улсын Бага Хуралдайн даргыг Улсын Бага Хуралдайн гишүүдийн дотроос намуудын авсан суудлын тоог харгалзсан дарааллаар эрэмбэлж, хамгийн олон суудал авсан намаас эхлэн нэр дэвшүүлж ээлжлэн нэг жилийн хугацаагаар томилно.
30.8.        Улсын Бага Хуралдайн дэд даргыг Улсын Бага Хуралдайн гишүүдийн дотроос авсан суудлын тоогоор хоёрт эрэмбэлэгдэх намаас эхлэн нэр дэвшүүлж ээлжлэн нэг жилийн хугацаагаар томилно.
30.9.        Улсын Бага Хуралдайн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа Улсын Бага Хуралдайн дарга, дэд дарга шинээр томилогдох хүртэл үргэлжилнэ.

Гучиннэгдүгээр зүйл. БНМУ-ын Бага Хуралдайн бүрэн эрх

Улсын Бага Хуралдай төрийн дотоод, гадаад бодлогын дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

31.1.        Хууль, хууль тогтоомж батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн тайлбар гаргах;
31.2.        Үндсэн хуулийн төслийг шинээр боловсруулах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах;
31.3.        Төрийн дотоод, гадаад бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлох;
31.4.        Улсын Бага Хуралдайн бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;
31.5.        БНМУ-ын  нийгэм, эдийн засгийн хөгжлийн богино хугацаа /1 жил /-ны бодлого буюу нийгэм, эдийн засгийн хөгжлийн Үндсэн чиглэлийг  батлах;
31.6.        БНМУ-ын  улсын төсвийн  гүйцэтгэлийн тайлан, Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах;
31.7.        Засгийн газраас боловсруулсан Улсын төсвийг зарлага, орлогын зохистой харьцааг баримтлан батлах;
31.8.        Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тухайн жилийн бүх шатны сонгуулийн нийт зардлыг батлах;
31.9.        БНМУ-ын  Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг батлах;
31.10.    Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол банкны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг хэлэлцэн томилох;
31.11.    Үндэсний Их Хуралдайн баталсан БНМУ-ын  нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт /10-аас доошгүй жил/ хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр буюу дунд /5-аас доошгүй жил/ хугацааны бодлогын хүрээнд төрийн санхүү, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, албан татвар, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг батлах;
31.12.    БНМУ-ын  хууль, хууль тогтоомжийн биелэлт,  Улсын Бага Хуралдайн баталсан бодлогын шинжтэй баримт бичгийн хэрэгжилтийг шалгах зорилгоор парламентын нээлттэй сонсгол, Засгийн газрын асуулга зэргийг зохион байгуулж шаардлагатай гэж үзвэл холбогдох шийдвэр гаргах;
31.13.    Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай санал гаргаж Ерөнхийлөгчид хүргүүлэх;
31.14.    Засгийн газрын өргөн барьсан улсын хил тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэн тогтоож, Үндэсний Их Хуралдайд оруулан шийдвэрлүүлэх;
31.15.    Засгийн газрын өргөн мэдүүлснээр засаг захиргааны нэгжийн хуваарийг батлах, өөрчлөх;
31.16.    Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;
31.17.    Улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;
31.18.    Засгийн газрын өргөн мэдүүлснээр БНМУ-ын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах асуудлыг хэлэлцэн Үндэсний Их Хуралдайд  өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;
31.19.    Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэн шийдвэрлэх; Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Бага Хуралдай уг зарлиг гарснаас 48 цагийн дотор хэлэлцэж, 3 хоногт багтаан батлах, эсхүл хүчингүй болгоно. Хэрэв Улсын Бага Хуралдай уг зарлигийг гарснаас нь хойш 48 цагийн дотор хуралдан хэлэлцэж эс чадах аваас уг зарлиг хүчин төгөлдөр хэвээр хэрэгжинэ.
31.20.    Улсын Бага Хуралдайн бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тодотгон тогтооно.

Гучинхоёрдугаар зүйл. БНМУ-ын Бага хуралдайн чуулган

32.1.        Улсын Бага Хуралдай бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
32.2.        Улсын Бага Хуралдайн ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таван хоногоос доошгүй ажлын өдөр чуулна.
32.3.        Улсын Бага Хуралдайн гишүүдийн гуравны нэгээс илүү нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч дангаараа, Улсын Бага Хуралдайн дарга болон намын бүлгийн дарга нар хамтран санаачилсанаар ээлжит бус чуулган чуулж болно.
32.4.        Улсын Бага Хуралдайн анхдугаар чуулганы хуралдааныг сонгууль явуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор Ерөнхийлөгч, ээлжит чуулганыг Улсын Бага Хуралдайн дарга товлон зарлана.
32.5.        Улсын Бага Хуралдайн чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
32.6.        Улсын Бага Хуралдай Байнгын хороодтой байна.
32.7.        Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Гучингуравдугаар зүйл. БНМУ-ын Бага Хуралдайн гишүүний бүрэн эрхийн баталгаа

33.1.        Улсын Бага Хуралдайн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Төрийн албаны Зөвлөлөөс тогтоосон хэмжээний цалинг улсын төсвөөс авна.
Улсын Бага Хуралдайн гишүүн нь Засгийн газрын гишүүний болон
төрийн болон төрийн бус аль ч байгууллагын ажил, албан тушаал, сонгуульт ажлыг давхар хашихыг хориглоно.
33.2.        Улсын Бага Хуралдайн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд илэрхийлсэн байр суурь, өгсөн саналынхаа  төлөө хариуцлага хүлээхгүй.
33.3.        Улсын Бага Хуралдайн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан таслахыг хориглоно.
33.4.        Улсын Бага Хуралдайн гишүүн чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд саналаа өөр этгээдэд шилжүүлэхгүйгээр биечлэн илээр гарган шийдвэрлэх үүрэгтэй.
33.5.        Улсын Бага Хуралдайн гишүүнээр 2-оос дээш удаа дараалан сонгогдохыг хориглоно.
33.6.        Улсын Бага Хуралдайн гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 80 ба түүнээс илүү цагаар тасалж, үүргээ хангалтгүй биелүүлсэн, авлигад холбогдсон, үндэсний эрх ашигт хор хохиролтой үйл ажиллагаа явуулсан гэж арван мянгаас доошгүй тооны сонгогч үзсэн, эсхүл нэр дэвшүүлсэн нам нь эгүүлэн татах санал гаргасан  бол эгүүлэн татах эсэх асуудлыг Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлнэ.
33.7.        Улсын Бага Хуралдайн гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гарсан, өвчний улмаас болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар орон гарсан тохиолдолд түүний оронд намын жагсаалтанд дараа нь бичигдсэн хүнийг Улсын Бага Хуралдайн гишүүнээр сонгогдсонд тооцно.
33.8.        Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

ГУРАВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Гучиндөрөвдүгээр зүйл. БНМУ-ын Шүүх

34.1.        БНМУ-д шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх өөртөө хадгалан хэрэгжүүлнэ. Хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлэхийг хориглоно.
34.2.        Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын Дээд шүүх, нийслэл, аймаг, улсын чанартай хотын болон тангарагтны шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүхийг байгуулж болно. Дагнасан шүүх, арбитрын үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
34.3.        Улсын Дээд Шүүх Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний зарчим, заалтыг зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэх эрх мэдлийгхэрэгжүүлнэ.
34.4.        Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хоорондын аж ахуйн  маргааныг гэрээний үндсэн дээр арбитраар шийдвэрлүүлж болно.
34.5.        Шүүх нь эрүүгийн хүнд, онц хүнд хэргийг тангарагтны шүүхээр, эрүүгийн хөнгөн, хүндэвтэр болон иргэний, захиргааны хэргийг дагнасан шүүхээр шүүн таслах үйл ажиллагаа явуулна.
34.6.        Тангарагтны шүүх нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг гагцхүү санал нэгтэйгээр эцэслэн шийдвэрлэнэ. Шүүгч нь гагцхүү шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосон тангарагтаны шийдвэрийн дагуу ял оногдуулах, эсхүл цагаатгах шийдвэр гаргана.
34.7.        Улсын Дээд Шүүх нь Тангарагтны шүүхийн шийдвэрийг гагцхүү эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хянана.

Гучинтавдугаар зүйл. Шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим

35.1.        Бүх шатны шүүх хэрэг, маргааныг эрх тэгш талуудын мэтгэлцээний үндсэн дээр хянан хэлэлцэж аль нэгэн талын байр суурьт хэт хөтлөгдөлгүйгээр шударгаар шийдвэрлэнэ.
35.2.        Анхан шатны шүүх эрүүгийн хөнгөн, хүндэвтэр хэрэг, иргэний болон захиргааны хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шударгаар шийдвэрлэхдээ иргэний төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. Иргэний төлөөлөгчийг иргэдийн дундаас мэтгэлцэж байгаа талуудын оролцоотойгоор санамсаргүй сонголтын аргаар сонгож шүүх хуралдаанд оролцуулна.
35.3.        Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нь гэм буруугүй гэсэн зарчмыг баримтална.
35.4.        Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
35.5.        Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно.
35.6.        Зөвхөн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, бага насны хүүхдийн хувийн нууцыг хамгаалахтай холбоотойгоор хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэрэг, маргааныг ил нээлттэй таслан шийдвэрлэнэ.
35.7.        Шүүхээр эрх, эрх чөлөөтэй нь холбоотой асуудал хэлэлцэгдэж байгаа хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй.
35.8.        Хүний эрх, эрх чөлөөг шүүхэд хамгаалах мэргэжлийн чиг үүргийг өмгөөлөгч хэрэгжүүлж болно. Шүүхээр эрх, эрх чөлөөтэй нь холбоотой асуудал хэлэлцэгдэж байгаа хүн болон түүний өмгөөлөгч өөрөө, эсхүл хувийн болон төрийн мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагаар дамжуулан нотлох баримтыг цуглуулах, цуглуулсан нотлох баримтаа шүүхийн бүх шатны хуралдаанд гаргаж өгөх, хэлэлцүүлэх, үнэлүүлэх эрхтэй.
35.9.        Шүүхээр эрх, эрх чөлөөтэй нь холбоотой асуудал хэлэлцэгдэж байгаа хүн өөрийнх нь асуудлыг хэлэлцэж байгаа шүүхийн бүх шатны хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхтэй.
35.10.    Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах үүрэгтэй.
35.11.    Өмгөөлөгчийн хуулийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаанд хэн ч аливаа саад бэрхшээл учруулахыг хориглоно.
35.12.    Өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
35.13.    Шүүхээр эрх, эрх чөлөөтэй нь холбоотой асуудал хэлэлцэгдэж байгаа хүн эдгээр эрхээ эдлэхэд хэн ч аливаа саад учруулахыг хориглоно.
35.14.    Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.

Гучинзургаадугаар зүйл. Шүүхийн бие даасан байдал, бүрэн эрхийн баталгаа

36.1.        Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүхийн үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн найдвартай баталгааг төр засаг хариуцан хангана.
36.2.        Шүүгч хэнээс ч хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүний утга агуулга,  зарчимд захирагдаж, Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг яг зааснаар нь хөдөлбөргүй баримтлан даган мөрдөж, үйл ажиллагаагаа гагцхүү хуулийн дагуу явуулна.
36.3.        Ерөнхийлөгч, Улсын Бага Хуралдайн гишүүн, Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч болон Засгийн газрын гишүүн, төр, нам, төрийн бус байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ шударгаар хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс хутгалдан оролцож аливаа саад бэрхшээл учруулахыг хориглоно.
36.4.        Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүндээр өвдөж үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон, өөрөө хүсэлт гаргасны дагуу чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулахыг хориглоно.

Гучиндолоодугаар зүйл. Шүүгчийг сонгох, чөлөөлөх

37.1.   Бүх шатны шүүхийн шүүгч  6 жилийн хугацаагаар сонгогдоно.
37.2.        Улсын Дээд Шүүхийн шүүгчийг БНМУ-ын сонгуулийн насны иргэд БНМУ нь   сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
37.3.        Бусад шатны шүүхийн шүүгчийг тухайн шатны шүүхийн харьяалах засаг захиргааны нэгжид оршин сууж байгаа сонгуулийн насны иргэд нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
37.4.        Бүх шатны шүүхийн сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд сонгуулийн зардлыг нэр дэвшигч өөрөө, хувь хүн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын аливаа хандиваар бүрдүүлэхийг хориглоно.
37.5.        Улсын Дээд Шүүхийн шүүгч нь 45 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.6.        Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь 40 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан  БНМУ-ын уугуул иргэн байна.
37.7.        Сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 35 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.8.        Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүх, сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнийг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоог харгалзан хуулиар тогтооно. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүх, сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчээр хамгийн олон жил ажилласан нь байна.
37.9.        Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнийг БНМУ-ын иргэдээс бүрдүүлэх бөгөөд хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний тоо, тангарагтны шүүгчийг тухайн шүүн таслах ажиллагаанд санамсаргүй сонголтын аргаар  сонгон оролцуулах бөгөөд энэхүү журмыг хуулиар тодотгон тогтооно.
37.10.    Тангарагтны шүүгч нь 40 нас хүрсэн, ёс суртахууны шаардлагыг хангасан  БНМУ-ын уугуул иргэн байна.
37.11.    Улс төрийн намын удирдлагад ажиллаж байсан хүн Улсын Дээд Шүүхийн шүүгчээр сонгогдохыг хориглоно.
37.12.    Бүх шатны шүүхийн шүүгч улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.

Гучиннаймдугаар зүйл. Улсын Дээд Шүүх

38.1.        Улсын Дээд Шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Улсын Дээд Шүүх нь 21 гишүүнтэй байна. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр  хамгийн олон жил шүүгчээр ажилласан нь ажиллана.
38.2.        БНМУ-ын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
38.2.1.  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дагнасан шүүхийн болон тангарагтны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;
38.2.2.  Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэх, Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчим, зүйл, заалт зөрчигдсөн эсэхийг тогтоох;
38.2.3. Улсын Дээд Шүүх Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчим, зүйл, заалт зөрчигдсөн эсэх асуудлаар өөрийн санаачлагаар, эсхүл албан тушаалтан, байгууллага, иргэнээс ирүүлсэн  хүсэлтийг хянан шийдвэрлэх;
38.2.4. Хуулиар эрх олгогдсон бусад асуудлыг шийдвэрлэх;
38.3.        Улсын Дээд Шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Улсын Дээд Шүүхийн шийдвэр хуульд харшилсан эсэх асуудлыг Улсын Дээд Шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцэж хүчингүй болгох эсэхийг эцэслэн   шийдвэрлэнэ.

Дөрөв. Хянан шалгах эрх мэдэл

Гучинесдүгээр зүйл. БНМУ-ын Ардын хянан шалгах хороо

39.1.             БНМУ-ын Ардын хянан шалгах хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.

39.2.        Ардын хянан шалгах хорооны гишүүнийг сонгуулийн насны иргэд БНМУ сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган 5 жилийн хугацаагаар шууд сонгоно.
39.3.        Ардын Хянан шалгах хорооны гишүүн нь 40 нас хүрсэн, эдийн засгийн болон хуулийн дээд боловсролтой, төрийн жинхэнэ албан хаагчаар 10-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн нягтлан бодогч БНМУ-ын уугуул иргэн байна.
39.4.        Ардын хянан шалгах хороо нь 9 гишүүнээс бүрдэнэ. Ардын хянан шалгах хорооны дарга нь насаар хамгийн ахмад гишүүн нь байна.
39.5.        Ардын хянан шалгах хорооны гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт ажлаас  өөр ажил, албан тушаал давхар хашихыг хориглоно.
39.6.        Ардын хянан шалгах хорооны гишүүн нь нам бус байна.

Дөчдүгээр зүйл. БНМУ-ын Ардын хянан шалгах хорооны бүрэн эрх

40.1.        БНМУ-ын Ардын хянан шалгах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
40.2.        Төр засгийн байгууллагын төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг хянах;
40.3.        Төр засгийн байгууллагын хөрөнгө мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийг хянах;
40.4.        Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн хөрөнгө мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийг хянах;
40.5.        Төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа, төрийн өмчийг ашиглаж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн хөрөнгө мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийг хянах;
40.6.        Зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл хангагдаж байгаа эсэхийг хянах;
40.7.        Төрийн өмч, нийтийн өмч, ард түмний дундын өмчийг зөв зохистой захиран зарцуулж байгаа эсэхийг хянах;
40.8.        Ардын хянан шалгах хороо нь хамтын удирдлагын байгууллага байх бөгөөд тогтоол, шаардлага гаргана.
40.9.        Ардын хянан шалгах хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тодотгон зохицуулна.

Дөчиннэгдүгээр зүйл. БНМУ-ын  Хүний Эрхийн Үндэсний Хороо

41.1.        БНМУ-ын Хүний эрхийн үндэсний хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.
41.2.        Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө, үүрэгтэй холбоотой асуудлаар гаргасан зөрчлийг хянах, шаардан засуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан хянах эрх үүрэг бүхий Хүний Эрхийн Үндэсний Хороо ажиллана.
41.3.        Хүн төр засгийн байгууллага, албан хаагчийн үйлдлийн улмаас зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулан сэргээлгэхээр Хүний Эрхийн Үндэсний Хороонд хандан хүсэлт гаргах эрхтэй.
41.4.        Хүний эрхийн үндэсний хороо нь хууль тогтоох, шүүх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг дордуулсан, зөрчсөн тухай зөвлөмж хүргүүлэх бол хорооны шийдвэрээр, төр засгийн байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай зөвлөмж хүргүүлэх бол хорооны гишүүний шийдвэрээр тус тус гаргана.
41.5.        Хүний Эрхийн Үндэсний Хороо нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтаны харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан уг зөрчлийг арилгуулахаар зөвлөмж гаргана. Дээд байгууллага, албан тушаалтан Хүний эрхийн үндэсний хорооны зөвлөмжийг заавал авч хэлэлцэнэ.
41.6.        Хүний эрхийн үндэсний хороо нь шүүх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл тухайн шүүхэд хандан зөвлөмж гаргана. Тухайн шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Хүний Эрхийн Үндэсний Хорооны гаргасан зөвлөмжийг харгалзвал зохино.
41.7.        Хүний Эрхийн Үндэсний Хороо төр засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн байгууллага албан тушаалтанд, эсхүл харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан уг зөрчлийг арилгуулахаар зөвлөмж гаргана. Тухайн байгууллага, албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан нь Хүний эрхийн үндэсний хорооны гаргасан зөвлөмжийг заавал авч хэлэлцэнэ. Хүний эрхийн Үндэсний хорооны гаргасан зөвлөмжийг авч хэлэлцэн шийдвэрлэх хүртэл уг шийдвэрийн үйлчлэл  түдгэлзэнэ.
41.8.        Төр засаг, хууль, шүүхийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэхээр тухайн иргэний  өмнөөс Хүний Эрхийн Үндэсний Хороо холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шаардлага хүргүүлнэ. Тухайн байгууллага, албан тушаалтан Хүний эрхийн үндэсний хорооны шаардлагыг заавал авч хэлэлцэнэ.
41.9.        Хүний Эрхийн Үндэсний Хорооны хамтын шийдвэрээр уучлал үзүүлнэ.
41.10.    Хүний Эрхийн Үндэсний Хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг нэр дэвшүүлэн Үндэсний Их Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлнэ.
41.11.    Хүний Эрхийн Үндэсний Хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, үйл ажиллагаа БНМУ-ын иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг огцруулах тухай саналыг Үндэсний Их Хуралдайд өргөн барьж шийдвэрлүүлнэ.
41.12.    Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүн нь 45 нас хүрсэн, ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна. Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгуулийн насны иргэдээс БНМУ нэг тойрог гэсэн  зарчмын дагуу сонгоно.
41.13.    Хүний эрхийн үндэсний хороо 15 гишүүнтэй байна. Хүний эрхийн үндэсний хорооны гурван гишүүнийг жил бүр сонгоно.Хүний эрхийн үндэсний хорооны даргыг гишүүдийн дундаас насаар хамгийн ахмадаас нь эхлэн насаар нь эрэмбэлүүлж жил бүр ээлжлэн сонгоно. Хүний Эрхийн Үндэсний Хороо хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа эсэхийг нийт орон даяар хянах, хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц төсөв,  ажлын албатай байна. Хүний Эрхийн Үндэсний Хороо, түүний ажлын албыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
41.14.    Хүний эрхийн үндэсний хорооны гишүүн нь нам бус байна.
41.15.    Хүний Эрхийн Үндэсний Хороо, түүний гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа, ажиллах журмыг хуулиар тодотгон тогтооно.


ДӨРӨВДҮГЭЭР  БҮЛЭГ

БНМУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААны УДИРДЛАГА

Дөчинхоёрдугаар. Засаг захиргааны тогтолцоо

42.1.  БНМУ-ын  нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд нийслэл, аймаг, улсын чанартай хотод, аймаг нь орон нутгийн чанартай хот, сум, тосгонд,  нийслэл, улсын чанартай хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд тус тус хуваарилагдана.
42.2.   Нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, сум, тосгон, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон эрх, үүрэг бүхий удирдлагатай засаг захиргааны нэгж  мөн.
42.3.    БНМУ-ын Засаг, захиргааны нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.Засаг захиргааны нэгж, түүний хилийн цэсийг тогтоох, өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршил, дэд бүтэц болон эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй, тогтвортой бөгөөд хурдтай хөгжлийн шаардлагыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Бага Хуралдай шийдвэрлэн тогтооно.

Дөчингуравдугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

43.1.         Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол нийслэл, дүүрэг, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, тосгон, суманд тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн нийтийн хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн.
43.2.         Нийслэл, дүүрэг, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, тосгон, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 4 жилийн хугацаагаар сонгоно.
43.3.        Нийслэл, улсын чанартай хот, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тухайн нутаг дэвсгэрийг сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмаар сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгоно.
43.4.        Нийслэл, улсын чанартай хот, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгчөөр 30 нас хүрсэн, тухайн засаг захирганы нэгжид 1-ээс доошгүй жил байнга оршин сууж байгаа бүртгэлтэй БНМУ-ын уугуул иргэн сонгогдоно.
43.5.        Дүүрэг, орон нутгийн чанартай хот, тосгон, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн засаг захиргааны нэгжид оршин сууж байгаа сонгуулийн насны иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.
43.6.        Дүүрэг, орон нутгийн чанартай хот, тосгон, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 25 нас хүрсэн, тухайн засаг захиргааны нэгжид 1-ээс доошгүй жил байнга оршин сууж байгаа бүртгэлтэй БНМУ-ын уугуул иргэнийг тухайн засаг захиргааны нэгжид оршин сууж байгаа сонгуулийн насны иргэд тус бүр нэг мандаттай  тойргоос саналаа нууцаар гаргаж шууд сонгоно.
43.7.        Дүүрэг, орон нутгийн чанартай хот, тосгон, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд өөрийг нь дэмжсэн 51-ээс дээш хүний гарын үсэг цуглуулсан иргэн нэрээ дэвшүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч нийслэл, улсын чанартай хот, аймаг, дүүрэг, орон нутгийн чанартай хот, тосгон, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшихийг  хориглоно.
43.8.        Дүүрэг, орон нутгийн чанартай хот, тосгон, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь бүрэн эрхийнхээ хугацаанд намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ.

Дөчиндөрөвдүгээр зүйл. Засаг захиргааны нэгжийн удирдлага

44.1.         Нийслэл, аймаг, сум, дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн нийслэл, аймаг, сум, дүүрэг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.
44.2.         Улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот, тосгоны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн хот, тосгоны Захирагч хэрэгжүүлнэ.
44.3.        Улсын чанартай хотын Захирагч, аймгийн Засаг даргыг Ерөнхийлөгч, орон нутгийн чанартай хотын Захирагч, тосгоны Захирагч, сумын Засаг даргыг тухайн аймгийн Засаг дарга, дүүргийн Засаг даргыг хотын Захирагч, нийслэлийн Засаг дарга тус тус томилно.
44.4.        Хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга томилно.
44.5.        Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн сонгуулийн насны иргэдийн санал хураалтаар шууд сонгоно.
44.6.        Нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрын гишүүний эрх зүйн байдалтай байна.
44.7.        Хорооны Засаг дарга нь 25 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн байна.
44.8.        Орон нутгийн чанартай хотын Захирагч, сумын Засаг дарга, тосгоны Захирагч нь 30 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн байна.
44.9.        Улсын чанартай хотын Захирагч, аймгийн Засаг дарга 35 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн байна.
44.10.    Нийслэлийн засаг дарга нь 40 нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэн байна.

Дөчинтавдугаар зүйл. Төрийн болон өөрөө удирдах ёсны байгууллагын уялдаа холбоо

45.1.         Засаг дарга, Захирагч нь харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг дарга, Захирагчийн өмнө биечлэн хариуцна.
45.2.         Засаг дарга, Захирагч нь тухайн нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, тосгон, сум, дүүргийн хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.
45.3.        Тавьсан хоригийг нь хурал өөрийн төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга, Захирагч уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ холбогдох хурал, эсхүл Ерөнхийлөгч, харьяалах дээд шатны Засаг дарга, Захирагчид гаргаж болно.
45.4.        Нийслэлийн Засаг даргын тавьсан хоригийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дийлэнх олонхийн саналаар няцаан хүлээн авах боломжгүй гэж үзсэн тохиолдолд Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тараах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа гаргах эрхтэй.
45.5.        Нийслэлийн Засаг дарга  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулагдсан эхний нэг жилд тараах шийдвэр гаргахыг хориглоно.
45.6.        Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тараасан тохиолдолд Сонгуулийн  Ерөнхий Хороо 45 хоногийн хугацаанд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулна.
45.7.        Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг даргын болон хот, тосгоны Захирагчийн  ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн, эсхүл нэг маягаар тогтооно.

Дөчинзургаадугаар зүйл. Засаг захиргааны нэгжийн удирдлага, үйл ажиллагаа
46.1.         Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тухайн нийслэл, улсын чанартай хот, аймаг, орон нутгийн чанартай хот, сум, тосгон, дүүрэг, хорооны Засаг захиргааны нэгжийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улсын чанартай асуудал болон дээд шатны нэгжийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.
46.2.         Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тухайн Засаг захиргааны нэгжийн Засаг дарга, Захирагчийн саналыг үндэслэн орон нутгийн татвар, хураамж, түүний хувь хэмжээг тогтоох, орон нутгийн өмчид тулгуурлан үнэт цаас гаргах, газрын харилцаа, түгээмэл тархацтай ашиг малтмалын зохицуулалт, ашиглалт, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тодорхой хэсгийг тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх зэрэг шийдвэр гарган хэрэгжүүлж болно.
46.3.         Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.
46.4.        Улсын Бага Хуралдай, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэл, аймаг, улсын чанартай хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Захирагчид шилжүүлж болно.
46.5.        Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.


Дөчиндолоодугаар зүйл. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Захирагчийн шийдвэр

47.1.         Нийслэл, улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот, тосгон, сум, дүүрэг, хорооны хурал эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, Засаг дарга, Захирагч  нь захирамж тус тус гаргана.
47.2.         Хурлын тогтоол, Засаг дарга, Захирагчийн захирамж нь Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжид нийцсэн байх бөгөөд тус тусын Засаг захиргааны нэгжид хүчин төгөлдөр үйлчилнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

БНМУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬД
НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Дөчиннаймдугаар зүйл. Үндсэн хууль шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

48.1.         БНМУ-ын Үндсэн хууль шинээр батлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт сонгогчдын 10-аас доошгүй хувь нь албан ёсоор санал гаргасан тохиолдолд уг саналыг Улсын Бага Хуралдай авч хэлэлцэнэ.
48.2.         Хүний эрх, эрх чөлөөг дордуулах, улс төрийн аливаа сонгуульт албан тушаалын бүрэн эрхийн хугацаа, сонгогдох давтамжийг нэмэгдүүлэх тухай заалт бүхий Үндсэн хуулийн төсөл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлах, боловсруулах, хэлэлцэх, батлахыг хориглоно.
48.3.        Энэхүү Үндсэн хуульд зааснаас өөр арга замаар Үндсэн хуулийг шинээр батлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
48.4.        Энэхүү Үндсэн хууль батлагдан хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөс хойш хорин тав дахь жилийн давтамжтайгаар Үндсэн хуулийг шинээр, эсхүл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэхүү Үндсэн хуульд заасан журмын дагуу хэлэлцэн батлаж болно.
48.5.        Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
                                             
Дөчинесдүгээр зүйл. Үндсэн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах журам

49.1.        Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Улсын Бага Хуралдай авч хэлэлцээд нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь санал нэгдэн баталвал баталсан хувийг Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлнэ.
49.2.        Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Бага Хуралдайгаар авч хэлэлцэхэд нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уг төслийг дараагийн ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Бага Хуралдайн шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй.
49.3.        Үндэсний Их Хуралдай Улсын Бага Хуралдайгаас өргөн  мэдүүлсэн Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар авч хэлэлцэнэ:
49.3.1.  Ард нийтийн санал асуулгаар;
49.3.2.  Үндэсний Их Хуралдайн нийт гишүүдийн саналаар;
49.4.        Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулгаар олонхи нь дэмжвэл Үндэсний Их Хуралдай батална.
49.5.        Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний Их Хуралдай авч хэлэлцээд нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь дэмжвэл уг төсөл батлагдсанд тооцогдож, хүчин төгөлдөр болно.
49.6.        Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.

Тавьдугаар зүйл. Үндсэн хуулийг дагаж мөрдөх
50.1. БНМУ-ын энэхүү Үндсэн хуулийг ... оны ...  дугаар сарын –ны/ний өдрийн ... цаг     буюу Арван долдугаар жарны ... жилийн ... сарын шинийн ... өдрийн ... цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.
50.2.         Мэдэгтүн! Сахигтун!

...  оны  ...-р сарын ... өдөр                                                   Улаанбаатар хот.