Wednesday, February 21, 2018

Багш нарын цалинг нь хоёр дахин хасчихсан. Мөнгөний ханш уначихсан гэсэн үг.

Багш нар цалингаа нэмүүлэх эрхтэй юу? 

Багш нарын цалин нэмэх талаар шаардлагын эргэн тойронд янз бүрийн байр суурь байна.
Эерэг сөрөг олон байр суурь байгаагийн дотор МАХН багш нарын ажил хаялт, цалин нэмүүлэх хөдөлгөөний ард байна гэх мэтээр сайлж, муулж байгаа тул өөрийн бодлоо хуваалцахыг хүслээ. Үндэсний статистикийн хорооны албан ёсны эх сурвалжууд болон бусад материалыг ашигласан болно.

Ер нь багш нар хэдэн төгрөгний цалин аваад байгаа юм бэ? 

Монгол Улсын багш нарын дундаж цалин ойролцоогоор 500 мянган төгрөг байна. Долларт шилжүүлбэл нэг сард 200 доллар гэсэн үг. Нэг ажлын өдөрт өдөрт 10 доллар хүрэхгүй. Гэтэл өндөр хөгжилтэй улсууд нэг цагт 10 доллараас буулгахгүй хэмээн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоож байна.

эх сурвалж: http://amc.namem.gov.mn/sanhuu/332togtool.pdf

Үндэсний статитикийн хорооны албан ёсны мэдээллээс үзвэл монгол улсын хэмжээнд дундаж цалин 959100 төгрөг буюу ойролцоогоор нэг сая төгрөгт хүрчээ.

эх сурвалж: http://ikon.mn/n/118u

Энд нийтэлсэнээс үзвэл "Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая 481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна. " гэж үндэсний статитистикийн хороо үзжээ. Тэгвэл багш нарын дундаж цалин 500 мянган төгрөг байгаа нь хамгийн бага цалингаас даруй 100 мянган төгрөгөөр доогуур тогтоогджээ. 

Тэр байтугай хуулиар тогтоосон ажилласан албан тушаалын нэмэгдэл, цалингийн шатлал ахиулахыг нь сайд нь тушаалаараа хориглосон байх юм. 


Түүнчлэн үндэсний статистикийн хорооны веб хуудаснаас үзхэд хамгийн энгийн ажил хийж буй хүмүүсийн цалин 648,000 төгрөг байгаа юм байна. хамгийн энгийн ажил мэргэжил гэдэг нь дээд болон тусгай мэргэжил эзэмшээгүй зөөгч, угаагч, цэвэрлэгч үйлчлэгч нарыг нэрлэдэг нэршил гэж ойлгож болно. 

эх сурвалж: https://www.nso.mn/content/1543#.WgO_hvl9600

Багш нар ядуу байна уу? 

Ядуурлын статистикт туйлын (абсолют), харьцангуй гэсэн үндсэн хоёр ойлголт давамгайлдаг. Туйлын (абсолют) ядуу гэж амьжиргааны наад захын зайлшгүй хэрэглээнээс доогуур хэрэглээтэй хүн амыг хэлнэ. Харьцангуй ядуу гэж тухайн хүн өөрийн хэрэгцээгээ хэрхэн үнэлж, бусадтай харьцуулж байгаагаар буюу хэрэгцээгээ өөрийн нөөц боломжтойгоо уялдуулан харьцуулж гаргасан дүгнэлтээр ядуу гэж тодорхойлж байгааг хэлнэ.

эх сурвалж: http://web.nso.mn/AAZMS/assets/uploads/files/88154-23_Yaduural.pdf

Манай улсын багш нар туйлын ойлголтоор ядуу, Харьцангуй ойлголтоор нэн ядуу гэж үзэж болохоор болжээ. Багшийн гэр бүлийн орлогыг гэр бүлийн гишүүдийн тоонд харьцуулбал туйлын ядууралд хүрснийг тооцож болно. Харин 4 жил дээд боловсрол эзэмшчихээд, ардын хүүхдийг эрдэм мэдлэгтэй болгохын төлөө зүтгэж зүтгэж боловсрол эзэмшээгүй, эзэмших шаардлагагүй энгийн ажил мэргэжил /дээр дурдсанчлан цэвэрлэгч, үйлчлэгч, угаагч г.м/ бүхий хүмүүсээс бага цалин авна гэдэг бол харьцангуй ядуурлын хэмжээсээр бол бол нэн ядуу гэдэг бүлэгт шууд багтана.

Миний бие Эрдэнэт хотод ажиллах явцад зарим багш нартай уулзаж ярилцахад багшийн цалин хаанаа ч хүрэхгүй байгаагаа хэлээд ГОК-ийн ажилчидийн цалинтай өөрсдийгөө харьцуулж байсан юм. Энэ нь нь шударга ёсны хийгээд, учир зүйн хувьд бодитой асуудал юм. Нэг аймагт нэг ижил дээд боловсролтой хэрнээ тэс ондоо цалин авч буй хүмүүсийн хувьд "чирэгдэнэ" гэдэг үзэгдэл бодит асуудал болж байгаа юм. Байрны үнэ, түрээс, бусад юмны үнэ ханш, хэрэглээний барааны үнэ, чанар нь өндөр цалинтай хүмүүст бага цалинтай хэсэг нь чирэгдэж, харьцангуй ядуурлын түвшингээр бол нэн ядуу хэмээх мэдрэмж, бодит байдал болжээ.

Миний байр суурь бол: Багш нарын цалинг даруй наад зах нь хоёр дахин нэмэх ёстой.

Аль ч улс оронд дээд боловсролтой багш нарын цалин нь дундаж цалингийн илэрхийлэл болдог. Тухайн орны багш нарын цалинг асуухад л тэр улсын дундаж цалингийн хэмжээг мэдэж болноо гэсэн үг. Гэтэл манай улс багш нараа хэтэрхий дорд үзэж дундажаас даруй хоёр дахин бага цалин өгч буй нь доромжлол, гутамшиг, ирээдүйгээ үл хайхарсан байдал мөн.

Бид хөгжлийн тухай олон онол номлол ярьдаг. Боловсролын салбарт ач холбогдол өгдөггүй улс орон хөгжих дэвших тухай яриад ч хэрэггүй. Хэрвээ шийдвэр гаргачид ерөнхий боловсролд ач холбогдол төдийлөн өгдөггүй юм бол үр хүүхдээ хаана сургаж байна? хэдий хэрийн хөрөнгө зарж байна гэдгийг бодоод үз дээ. МАН, АН-ийн дарга нар, УИХ-ын гишүүд, сайд нар бүгд өөрсдийн хүүхдийг хамгийн өндөр төлбөртэй хувийн гадаад дотоодын сургуульд сургаж байгаа нь нууц биш. Яагаад өөрийн хүүхдийн боловсролд тэгж их анхаарч байж ардын хүүхдүүдийг /тэдний багш нарыг/алаг үзээд байгаа юм?

Эсвэл МАН,АН буюу олиграхи бүлэглэлүүд боловсролын салбарыг цалин хөлсөөр нь хавчин, багш нарыг нь дайжуулж, цагаачлуулж, сэтгэлийг нь хөргөн, цөхрөөн байж ардын хүүхэд, албан тушаалтны хүүхэд гэсэн хоёр нийгмийн бүлэг үүсгэх гээд байгаа юм уу? Өнөөдөр дарга цэрэг хийж буй хэдхэн зуун гэр бүлүүд л, тэдний үр сад л хойшдоо манай улсыг авч явах, тэд л илүү өндөр боловсролтой байж үе дамжин энэ улс орны эзэн суух гээд байгаа юм уу?

Хувийн сургуулиуд сайн багш нарыг нь эд, мөнгө, цалин хангамжаар үнэ цохин авсаар, адаг сүүлдээ ардын хүүхдийн сургуульд багшлах багш ч олдохоо байх тийм үр дүнг хүсээд байгаа юм уу?

Тийм байж болохгүй, тийм байлгах ч үгүй. МАХН хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид Шинэ дээд үндсэн хуулийн төсөлдөө боловсрол, тэр бүү хэл дээд боловсрол эзэмших нь хүн бүийн үүрэг. Нэгэнт хүн бүрийн үүрэг учраас төр иргэнээ сурах боловсрох бүх бололцоог нь хангаж төрөөс зардлыг нь даана гэж оруулсан байгаа.

Бид дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын эгнээнд орохыг гол зорилго болгох тул боловсролыг хамгийн чухал хүчин зүйл хэмээн үзэж, монголын бүх залуучууд дээд бололвсрол, тодорхой мэргэжил эзэмшиж байж тэрхүү зорилтод хүрнэ гэж үзэж байгаа.

МАХН багш нарын шаардлагыг дэмжиж байгаа юу? Ард нь байгаа юу? 

Тиймээ. МАХН багш нарын ажил шаардлагыг дэмжиж байгаа, 200 хувь дэмжинэ. Багш нараа зоригжуулна. МАХН төр засгийн эрх мэдэлд хүрсэн цагтаа багш нараа тултал нь дэмжинэ. Өөр арга байхгүй. Социал демократ нам угаасаа тийм байдаг, байх ч болно.

Цалин нэмэгдэхээр эрээний барааг авна, инфляци өснө? 

Зарим хүмүүс тэгж мохоох гэж оролдож байгаа. Тэгвэл нэг л зүйл хэлье. Багш нарын цалин нэмэгдвэл багш нар банкинд, дэлгүүрт, бусаддаа тавьсан өрөө төлнө. Тэр дэлгүүр, банк, талх, махны худалдаачид чинь бас л монголчууд юм шүү дээ. Эрээнээс бараа аваа л биз. Авахгүй гээд шалдан явах юм уу. Ямар 10 саяын цалинтай дарга нар шиг дэлхийн брендэд мөнгөө үрэх биш.

Ер нь цаашдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл өсхөд юу хэрэгтэй юм бэ? Эрэлт шүү дээ. Эрэлт гэж юу юм бэ? Худалдан авах чадвартай хэрэгцээ гэж хэлдэг. Худалдан авах чадваргүй цалингийн систем нь өөрөө үнэ ханшийг унагаж, инфляцаас илүү аюултай дефляци гэх үзэгдлийг бий болгодог.

Тарьсан төмс ногоогоо нэг килограммыг нь 1000 төгрөгөөр борлуулна гэж тооцоод банкнаас зээл авсан тариачин намар ногоогоо зарах болсон 500 төгрөгөөр зарах хэмжээнд үнэ хан нь унавал яах билээ? Дампуурна биз дээ. Үүнийг л дефляци гэж хэлээд байгаа юм. Тиймээс зохих хэмжээний инфляци эрүүл үзэгдэл, байх ёстой зүйл. 1000 төгрөгөөр борлуулна гэж тооцсон ногооны үнэ 10 хувийн инфляцийн нөлөөгөөр 1100 төгрөгөөр  зарагдахаар үнэ нь өссөн байх нь илүү ашигтай биз дээ. Учир нь банкны хүү, гэрээ тогтмол, үнэ ханш унасан ч, өссөн ч цаасан дээр бичсэнээрээ тогтмол байдаг зүйл.  Инфляци өслөө гээд банк хүүгээ, зээлийн хэмжээгээ нэмэгдүүлдэггүй юм.

Эцэст нь 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатрын Твитерт тавьсан графикийг үзүүлье. Хар өнгийн зураас нь долларын ханшийн өсөлтийг илтгэж байна. Эдийн засаг хэвийн удирдлагатай байгаа үед ам.долларын ханш өсөх үед инфляци дагаад өсдөг. Доллар өсөх үед үнэ ханш өснө гэдгийг бүгд л мэддэг биз дээ? Гэтэл сүүлийн 7 жилд юу болж вэ? доллар өссөн ч цалин, инфляци хоёр өсөөгүй байна. Өнгөц хархад инфляци өсөөгүй нь сайн мэт харагдаж болно. Гэтэл ердөө л төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх харгис аргаар инфляцийг тогтоон барьжээ. Энэ нь үндэсний үйлдвэрүүд дампуурч, олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсны жинхэнэ шалтгаан мөн. Ам долларын ханшны хар зураас, жилийн инфляцийн хөх ягаан зураасны хоорондох зай бол дампуурсан хүмүүс, аж ахуйн тоотой бараг л тэнцэнэ.

Энгийнээр хэлбэл 2009 онд 400 долларын цалинтай байсан багш нар өнөөдөр 200 доллар авдаг болжээ л гэсэн үг. Цалин нэмэхгүй юм аа гэхэд ингэж хоёр дахин хасч хаячихаад төсөвт мөнгө байхгүй гэж хэлэх эрх төрд байхгүй. Ялангуяа МАН-д байхгүй.

 2016 оны сонгуулиар МАН "өрхийн дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ" гэж амалсан. Багш нар бол та нарт итгэж сонгосон өлөн өрх айлуудын тооноос хасагдчихаагүй юм бол энэ амлалтаа нэн даруй биелүүл. 2020 оны сонгуулийн өмнө нэмсэн царайлж дахин хууран мэхлэх хэрэггүй.

Эх сурвалж: http://www.nam.mn/a/310

Дундаж цалин сая төгрөг байна. Дундаж цалин 1 сая байхад багш нар 500 мянгыг авч байна гэдэг бол дарга нар дэндүү өндөр цалин авч байна гэсэн үг. Энэ цалингаа буулга, багш нарын цалинг нэм. Ингэвэл багш нарт 1 сая төгрөгийн цалин өгөх цалингийн сан бэлэн байна. Төрийн илүү дутуу зардлаа тана, хэмнэ. Тэгээд дундаж цалинг 2 сая төгрөгт хүргэх хэмжээний төсөв одоо ч байна.

МАХН 2020 онд ялна. Ялсан дороо цалин тэтгэвэрийг нэмнэ. Дан ганц багш гэлтгүй бүх монголчуудын цалин орлогыг хангалттай нэмэгдүүлнэ. Эд чадахгүй бол бид чадна.

No comments:

Post a Comment