Wednesday, February 21, 2018

ЖАРГАЛЫН НАЙМАН ХОТ


Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгийн 
МАХН-ын 2 дугаар Их чуулганд сонордуулсан илтгэл
Улаанбаатар хот, 2018 он

Эрхэм журмын нөхдөө!

МАХН-ын 2 дугаар их чуулганы төлөөлөгчид, хүндэт зочид, хатагтай ноёдоо

20 дугаар зууны тусгаар тогтнол, социализмийн бүтээн байгуултыг хийж бүтээсэн, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг олон хот, тосгоныг байгуулж, Монгол хүнийг сансарт нисгэж, бүх иргэдээ бүрэн боловсролтой болгож, иргэн бүр нь ажилтай, их дээд сургуулийн төлбөрийг төрөөс даадаг, тэр бүү хэл дотоодод ч, гадаадад ч цалинтай сургадаг байсан БНМАУ-ыг цогцлоон хөгжүүлсэн МАХН-ын гишүүд, ахмадууддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн төрөөс иргэддээ орон сууц үнэгүй өгдөг байсан, иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулж, үнэ төлбөргүй эмчилж чаддаг байсан, хүнд хэцүү дайны жилүүдэд ч урваж ухарч, буцаж байгаагүй эх орончид билээ.

Мянганы замыг барьж, их бүтээн байгуулалтын үнэ өртөг их өрийг дарж, энхийг сахиулах үйлсэд оролцон эх орноо дэлхийн хэмжээнд гаргаж, МАХН-аа шинэчлэн байгуулсан МАХН-ын шинэ үеийн гишүүд, эх орончид оо. Байгалийн баялагийг харийнханд хуйвалдан өгөхгүй гэж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлхийн төлөө тэмцэн өвгөдөөс өвлөгдсөн эх орноо хойч үедээ бүрэн бүтэн өгөхийн төлөө тэмцэгч эх орончид оо та бүхнийхээ үйлсийг ерөөж, 2 дугаар Их чуулганы үйл ажиллагаанд тань өндөр амжилт хүсье.

МАХН-ын Их чуулганы харалдаанаар бид өчигдөр намынхаа үндсэн мөрийн хөтөлбөрийг баталсан билээ. 2012, 2016 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, Дээд хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлсэн аяны үр дүнд МАХН-ын үндсэн мөрийн хөтөлбөр шинэчлэгдэн батлагдсан юм.  МАХН-ын мөрийн хөтөлбөрийн нэг чухал зорилт нь Жаргалын найман хотыг байгуулах замаар 21 дүгээр зууны их бүтээн байгуулалтыг байгуулах төлөлөгөө юм.

Мэдээж ард түмэн, сонгогчид, МАХН-ын дэмжигчид гишүүд маань яагаад жаргалын найман хотыг барих ёстой гэж? Яагаад их бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой вэ гэсэн асуултыг зүй ёсоор тавих биз ээ. Үүний хариултыг буюу жаргалын найман хотын тухай өнөөдрийн хэлэлцүүлгийг эхлүүлэн өрнүүлж байна. Энэхүү илтгэл маань гурван хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээрт:               Жаргалын найм ан хот байгуулах үндэслэл шалтгаан
Хоёрдугаарт:           Жаргалын найман хотын нэг Дорнот аймагт байгуулагдах Эрүүл мэндийн чөлөөт бүс, шинэ хотын тухай
Гуравдугаар:            Жаргалын найман хотыг байгуулах зорилтыг хэрэгжүүлхэд МАХН, түүний гишүүд юу хийх вэ гэдгийг хөндөн илтгэе.

Нэг. Жаргалын найман хот байгуулах үндэслэл шалтгаан

Манай улсын дундаж цалин 960 мянган төгрөг. Багш нарын дундаж цалин 500 мянган төгрөг. Ажлын байр хүрэлцээгүй, байгаа ажлын байр нь тогтворгүй, улирлын чанартай байгаагаас ядуу буурай улс хэмээн тооцогдож, нийтээрээ нэн ядуу, өдрөөс өдөрт өр ширэнд баригдан зовж зүдэрсээр байна. Хүний дайтай цалин орлоготой болохын төлөө гадаадын улс оронд түр, бүр хугацаагаар цагаачлан царайчлан амьдарч байна. Залуу хүмүүсийн ойрын мөрөөдөл нь гадаадад гаръя, виз гаргуулъя гэх бодол болжээ. Нэгэн жиргээч бүсгүй “Цалингаас зээл, байр, сөх, утас, интернет, жижиг өрнүүдээ өгөөл гар дээр цэвэр нулимс л үлдэхийм даа” гэж бичжээ. Бид ингэж амьдармааргүй байнаа. Иргэдээ ингэж амьдруулмааргүй байна аа. Гэж жиргэсэн нь товчхондоо өнөөдрийн монгодын дундаж амьдралтай хүмүүсийн амьдралын нөхцлийг харуулж байна.

Хүний дайтай цалин өгөхүйц бизнесийн таатай орчин бүрдүүлж огт чадахгүй байна. Арга ядсан бизнес эрхлэгчид нь “ажил хийх нь амиа хорлосонтой адилхан болж” гэж ярьцгааж байна. Бизнесийн таатай орчин гэж татвар нэмэх хасах тухай, тусгай зөвшөөрөл өгөх өгөхгүйн тухай, эсвэл мэргэжлийн хяналт торгох торгохгүйн тухай асуудал огт биш ээ. Төмс тарьж, мал малласан ч, барилга барьж, ресторан нээсэн ч борлуулалт байхгүй, зах зээл байхгүй гэдэг нэг л том хүчин зүйл бизнесменүүдийн зүрхийг үхүүлж, мөрөөдлийг нь булшилж байна. Монгол Улсын хувьд хамгийн “том найдвартай худалдан авагч” нь төр учраас төрд орох, төрийн зарласан тендерт орж ялахын төлөө хахууль өгөх, тэр тендерийг зохицуулж авлига авах гэсэн чөтгөрийн тойрогт улс орноо сүйдлэн бужигнаж байгаа нь “Одтой тэнгэр орчиж Олон улс байлдаж Орондоо унтах завгvй Олзлон булаалдаж байв” гэж Нууц товчоонд өгүүлснийг санагдуулна. .

Манай төр засаг иргэдийнхээ бизнес эрхлэх чадвар, чадавхийг чиглүүлэн хөгжүүлж, тэдэндээ боломж олгож чадахгүй байна. Бизнесийн таатай орчин гэдэг бол төр нь иргэддээ бизнес эрхлэх шинэ шинэ боломжийг нээж өгөх тухай асуудал юм. Шинээр зах зээлийн бололцоог гаргаж өгөх тухай, техник технологийг олж ирэх, бүтээмж нэмэх, технологийг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих тухай яригдаж байвал бизнесийн орчин ярьж байна гэж ойлгох хэрэгтэй.
Манай улсын хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч, ажиллаж байна. Утаатай, угаартай, тоостой шороотой, бөглөрөлтэй, шигүү шавсан энэ хотын эдийн засаг нь хөгжсөн юм байхгүй гэж хэлж болно. Улаанбаатрын асуудал нь улсын асуудал мөн. Улсын асуудал мөн юм бол улсын хэмжээний төлөвлөлт, алсыг харсан бодлогын хүрээнд Улаанбаатарын асуудлыг шийдэх ёстой.

Гэтэл өнөөдрийн эрх баригчид асуудлыг шийдэхдээ асуудлыг үүсгэж байгаа шалтгааныг арилгахгүйгээр илэрч байгаа шинж тэмдэгийг нь шийдэх гэж оролдсоор байгаа  нь буруу юм. Шарилжийг устгахдаа дээд цэцэг навчыг нь тайрч, зулгаагаад нэмэр болохгүй. Үндэс нь байгаа цагт маргааш нь ургаад л гараад ирнэ биз дээ. Шарилжны үндэсийг нь тасалж, хөрсийг нь цэвэрлэж, өөр бусад ургамал ургах нөхцлийг бүрдүүлж байж шарилжнаас сална. Үүний нэгэн адил улс орны, Улаанбаатрын асуудлыг шийдэхдээ уг уг асуудлын үндэсийг нь олж шийдэх ёстой.

Монголчууд сайн сайхан амьдралыг хүсч, мөрөөдөж байна. Утаа тоосгүй эрүүл орчинд, орчин үеийн тохилог хотод, аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Гадаадад биш эх орондоо өндөр цалин хөлстэй ажил хийж, эх орноо хөгжүүлмээр байна. Харь гүрний хуулийг зөрчин, гэр бүлээсээ холдон харламаргүй байна. Эх орныхоо их бүтээн байгуулалтын нүргээнд, хань ижлийнхээ дэргэд наранд шарагдаж, борломоор байна. Дэлхийн хаана ч шагшигдан магтагддаг хөдөлмөрч ард түмэнд гагцхүү төр засгийн зөв бодлого, эдийн засгийн эрх чөлөө, хийх бүтээх боломжийг олгох шаардлагатай байгаа юм.
Эдгээр үндэслэл шалтгааныг дэлгэрүүлэн үүнээс ч олон шалтгааныг тоочиж болох боловч илтгэлийн цагт багтаан дараагийн хэсэгтээ шилжие.

Жаргалын найман хот

Их бүтээн байгуулалтын санааг бид 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө анхлан дэвшүүлсэн. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаар дэлхийд нэгт жагсдаг. Монголын 3 сая иргэн, өлгийтэй хүүхдийг оролцуулаад нэг хүнд уртаашаа 1 км, өргөөшөө 500 метр газар оногдож байна. “Хөдөө тал минь малаар дүүрэн. Хөвч ой минь ангаар бүрэн. Хөрсөн доор нь эрднээр арвин. Хүний хэрэгцээ цөм багтсан. Яндаж болдоггүй далай шиг. Яасан баян нутагт  Ямар их хувь заяагаар. Бид нар эзэн нь болж төрөө вэ гэж дуулдаг ард түмэн бид ганцхан том хотод хүн амын тал хувь нь чихэлдэн цухалдан амьдрах нь зөвхөн төр засгийн бодлогын алдаа юм. Тиймээс Жаргалын найман хот байгуулах замаар 21 дүгээр зууны их бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг МАХН мөрийн хөтөлбөртөө тусган тунхаглаж байгаа юм.

Жаргалын найман хот нь тус бүртээ байгалын баялаг, эдийн засаг, газар зүйн байршил зэргийг онцлогийг харгалзсан хөгжлийн өөр өөр төлөвлөлттэй, ард түмэндээ төрийн үйлчилгээ, зах зээл, дэд бүтэцийг ойртуулсан жигд тархсан байршилтай байх шаардлагатай. Энэ хотуудад орчин үеийн үйлдвэр завод, эмнэлэг сургууль, аялал жуулчлалын үзвэр үйлчилгээ бүгд цогцоор төлөвлөгдөнө. Эдгээр хотууд утаагүй, түгжрэлгүй, ядууралгүй, хүнд сурталгүй хотууд байх бөгөөд монгол мөрөөдлийг хэрэгжүүлэх гол цэгүүд болох юм.

Монгол мөрөөдөл гэдэг нь МАХН-ын мөрийн хөтөлбөрт туссан зорилтууд хэрэгжсэн байхыг ойлгоно. Тухайлбал дэлхийд хүний хөгжил, эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийн улс орнуудын түвшинд эхний 30 улсын хэмжээнд хүрэхүйц индекс бүхий улс болно. МАХН-ын мөрийн хөтөлбөрт дээд мэргэжилтэй хүний дундаж цалин 5 сая төгрөг болно. Дундаж тэтгэвэрийг 1,5 сая төгрөгөөр тогтооно гэж зорилт дэвшүүлсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ Англи улс лугаа, эсхүл МАХН-ын удирдаж байсан 1990 оноос өмнөх үе шиг үнэ төлбөргүй болох. Дээд боловсролыг Герман болон европын улсууд шиг, эсхүл 1990 оноос өмнөх манай улсын жишгээр төр засгаас хариуцан даадаг. Сингапур, Индонез, Бразил зэрэг улсын жишгээр эсхүл 1990 оноос өмнөх монгол улс шиг төрийн сууцны сангаас хүн бүр орон сууцаар хангагдсан, дундаж наслалтыг өнөөдрийн хэмжээнээс 10 насаар нэмэгдүүлсэн, утаагүй, түгжрэлгүй хотуудад амьдардаг, хийсэн бараа бүтээгдэхүүн нь дотоодын болон гадаадын зах зээлд баараггүй борлогддог бизнесийн орчинтой улс болох ёстой. Ажлын байр, Орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын тогтолцоог шийдсэн цагт бид дэлхийн бусад улстай хөл нийлүүлэн хөгжиж байна гэж ам бардам хэлнэ.

Ийм зорилтыг шийдэхдээ одоо байгаа бэрхшээлүүдийн шинж тэмдэгийг нь аргалах замаар, арай ядан шийдэх гэж оролдох бус харин илүү том, илүү алсыг харсан, ирээдүйтэй зорилтыг тавьж байж шийдэж чадах юм. Орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлсэн, инновацийг шингээсэн, бүтээмж өндөртэй үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хөгжүүлэх нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийн гол арга зам билээ. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ улс орныхоо ирээдүйг харсан байдлаар шийдье гэж бодож байна. Дорнод, Хэнтий, Дархан, Орхон, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудад эдгээр найман хотыг барьж байгуулна хэмээн тусгасан. Хүн арддаа хүрч үйлчлэх, цаг агаар байгаль цаг уурын хувьд иргэддээ ээлтэй хот байгуулах, түүхэн ач холбогдол зэрэг шалгуураар өнөөдөр эдгээр аймгуудыг сонгосон бөгөөд хэрэгжүүлэх явцад өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Тухайлбал Таван толгой, Оюу толгой зэрэг бүтээн байгуулалт өрнөсөн томоохон ордуудаа түшиглэн хот байгуулах тухай саналыг Өмнөговь аймгийн МАХН-аас удаа дараа гаргаж, шаардаж байгаа билээ.

Эдгээр хотуудаас өнөөдрийн Их хуралд нэг хотыг онцлон жишээ болгож, төсөөлж төлөвлөж байгаагаа та бүхэнтэй хуваалцая.

Хоёр: Дорнот аймагт байгуулагдах Эрүүл мэндийн чөлөөт бүс, шинэ хотын тухай

Энэ бол Бурхант уул, Халх нөмрөгийн дархан цаазат газар, үзэсгэлэн Буйр нуур, нүд алдам уудам Мэнэнгийн тал, үржил шимт хөрс, түүхт Халх гол, хувьсгалчдын өлгий гэдгээрээ алдартай Дорнот аймагт байгуулагдах Эрүүл мэндийн чөлөөт бүсийн тухай юм. 

Эрүүл мэндийн аялал жуулчлал гэдэг шинэ тутам ойлголт бий болж дэлхий нийтээр өөр өөрийн улсын эрүүл мэндийн үйлчилгээг экспортлохоор өрсөлдөж байна. Зарим улсын аялал жуулчлалын хамгийн гол стратеги нь үүнд чиглэж байна. Гэхдээ улс бүрийн анагаах ухааны хөгжил өөр өөр түвшинд байх бөгөөд хөгжүүлсэн, амжилт олсон салбар чиглэлүүд нь ялгаатай байна. Анагаах ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлж, шинжлэх ухааны ололт амжилтаа экспортын гол чиглэлүүдээ оруулж байгаа эдгээр болон бусад улсууд гадаадын эмнэлэгийг өөрийн улсад нээхэд хатуу ханддаг боловч, өөрийн орны эмнэлэгийн үйлчилгээг экспортлохыг хүсдэг нь энэхүү хотыг байгуулах гол үндэслэл юм.

ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг бидний хөрш болон зэргэлдээ улсууд бол дэлхийд эрүүл мэндийн шинжлэх ухаанаар тэргүүлж байгаа улсууд мөн. Гэхдээ орос эмнэлэг японд байгуулагдах, япон эмнэлэг солонгост байгуулагдах, солонгос эмнэлэг орост байгуулагдах боломж маш бага. Нэгэн зэрэг нэг хотод байгуулагдах бололцоо бүр байхгүй гэж хэлж болно. Тухайн улсын стандартыг хангах, эмч нартаа тусгай зөвшөөрөл авах гэх мэтийн олон хүнд сурталын хориг саадыг бодож үзээрэй.

Түүнчлэн дээрх болон бусад улсын иргэд өөр хоорондоо зорчихдоо визийн хязгаарлалттай байдаг. Тиймээс эмчлүүлэх хүсэлтэй иргэдэд хүссэн улс орных нь эмнэлгийн оношилгоо эмчилгээ байдаг, Эрүүл мэндийн чөлөөт бүсийг байгуулбал манай улс эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт хүчтэй байр суурь эзлэх боломж байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс эрүүл мэндийн чөлөөт бүсэд байгаа олон улсын эрүүл мэнд эмнэлэгийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг олгож, манай улсын эрүүл мэндийн үйлчилгээний чадавхи, үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийг тэлж, холын зах зээлийг ойртуулах нь энэ хотын стратегийн зорилт юм.

Нэг үгээр хэлбэл эрүүл байхыг хүсч, өвчин эмгэгээ анагаая, оношлуулъя, орчин үеийн оношилгоонд хамрагдахыг хүссэн хүн бүрт олон улсын түвшний олон улсын эмнэлэгтэй мөртлөө, аятай таатай цаг агаар бүхий, аялал жуулчлалын таатай орчинг бүрдүүлсэн хотыг санал болгоё. Хэн ч гэсэн эрүүл мэндээ анхаарангаа аятайхан газар амрах, хамт яваа, хань бараа нь үзэж харах юмтай хотод очиж эмчлүүлэх нь таатай биш гэж үү? Цаг агаарын хувьд монголоос урагшаа хэт халуун учир манай сэрүүн бүсийн цаг агаар эм гэсэн үг. Нян бактери үржих, халдахаас авхуулаад халуун орны эмнэлэг буудлуудад эйр кондишн, түүнээс үүдэх харшил ханиад зэрэг асуудлаа шийдэж чадахгүй байгаа нөхцөлд Монгол оронд ирж хэвтэн эмчлүүлэх нь юу юунаас илүү байгалын давуу тал мөн.  

Дэлхийд анхны эрүүл мэндийн үйлчилгээнд ээлтэй хотыг анхлан байгуулах санааг дэлхийд шинээр байгуулагдаж байгаа хотын стандартаар дэмжиж өгнө. Наад зах нь утаа, агаарын бохирдол үүсгэдэг нэг ч үйлдвэр тэр бүсэд байгуулагдахгүй байх, онгоц, галт тэрэг, авто зам нь эрүүл мэндийн үйлчилгээнд ээлтэй байхаас эхэлнэ.

Монголын цэвэр байгаль, тэр дундаа Дорнот аймгийн байгаль цаг уурын нөхцөл  нь эрүүл мэндийн хот байгуулах бурханаас заяасан өгөгдөл юм. Тэнд уул ус, нуур нь байна, халуун хүйтэн рашаан байна, хойд талаасаа хүчилтөрөгчийн эх ундарга болсон сибирийн  өтгөн ойгоор хүрээлэгдсэн байна. Мэнэнгийн тал нутаг, байгалын үзэсгэлэнт Халх нөмрөгийг сав газар, түүхэн дурсгалт газрууд, дэлхийд томоохонд тооцогдох бурхантай уул гэх мэтээр жуулчдыг татах байгалын тогтоц цөм бүрджээ.  

Дорнот аймаг ОХУ, БНХАУ-тай шууд хиллэж, Япон, БНСУ зэрэг улсаас онгоцоор 30 минут нисэх төдий ойрхон байна. Хил залгаа Манжуурын бүс нутаг нь худалдаа  ба аялал жуулчлалын салбарт үсрэнгүй хөгжиж, жилд хэдэн арван сая жуулчин зочилж байна. Хамгийн их жуулчинг, хамгийн бага замын зардлаар ирүүлж болох бүс нутаг бол яахын аргагүй Дорнот аймаг мөн. Төмөр зам, авто зам хил дээр бэлэн.

Их түүхээ эргэн харвал Хархорин хотод Будда, христ, лал, бөө шүтлэгтэй хүмүүс сүм хийдээ барьж, нэгэн дор эв найрамдалтай оршин байсан тухай тухайн үедээ үлгэр домог мэт гайхагдан бичигдэж, Монголын энх тайван гэж нэрлэгдэж байсан билээ. Бидний үед даян дэлхийн хамгийн сайн эмнэлэгүүдийг нэгэн хотод цуглуулж чадсан эрүүл мэндийн чөлөөт бүсийг бүтээн байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дахин сануулахад ийм хотыг барих байгуулах бүрэн боломжтой.  Анагаах ухаан өндөр хөгжсөн улсууд эмнэлэг, эмчилгээ, эмчийн эрхийг хүртэл стандартчилж, хатуу шаардлага тавьж, дүрэм журмаа хуульчилсан байдаг учраас бусад оронд гадаадын эмнэлэгийн салбарыг байгуулах боломж бараг байдаггүй. Манай улсад ч гадаадын эмнэлэгүүд зөвхөн төлөөлөгчийн газар нээх эрхтэй ба шууд эмчлэх, оношлох боломж байдаггүй юм.

Монгол хүний эрүүл мэндээ сайжруулахад асар их нөлөө үзүүлэх хот босно. Эрүүл мэндийн чөлөөт бүсэд байгуулагдах олон улсын анагаах ухааны сургуульд монголын эмч нараа бэлтгэж, дадлагажуулах замаар улсынхаа эрүүл мэндийн салбарыг шинэ шатанд гаргах болно. Хийсч ирсэн өвчин зовлонгоо эмчлүүлэх гэж замын зардал, эмнэлэгийн өндөр үнэ, визний бэрхшээлийг даван туулж буй зовж буй иргэдийнхээ зовлонг ч хөнгөлж өгнө шүү дээ.

Эрүүл мэндээс гадна ямар ашигтай вэ?

Эрүүл мэндийн чөлөөт бүсийн хүчин чадлыг жилд 10 сая хүн ирэх, эмчлүүлэх, жуулчлахаар тооцон төлөвлөж байна. Нэг хүн дундажаар аялаж байгаа бол 1-3 хоног, эмчлүүлж байгаа бол 3-30 хоног байна гэж гэж төсөөлж байна. Дундажаар 5 хоног гэж тооцвол бидэнд 50 сая ор хоногийн хэрэгцээ байна. Энэ хэрэгцээг хангахын тулд 3-5 одтой, том жижиг олон янзын буудал 50 ширхэгийг барих хэрэгтэй болно. Нэг буудал нь хоёр ортой 500 өрөөтэй зочид байхаар төсөөлж болно. Зочид буудлын төлбөрийг 30 ам.доллараар тооцвол 10 сая хүн 5 хоноход дунджаар зөвхөн зочид буудлын орлого 1,5 тэрбум ам.доллар хүрнэ. Хоол хүнсэндээ дунджаар 30 ам доллар гэж тооцвол бас л 1,5 тэрбум ам доллар олох боломж байна. 

Хоол хүнс зочид буудлаас гадна аялал жуулчалын бизнесийн бусад орлого үзвэр үйлчилгээ, эм, эмнэлэгийн төлбөр, ложистик, дурсгалын болон бусад бараа бүтээгдэхүүн дэлгүүрийн орлого, магадгүй  казиногийн орлого гээд тооцоод байвал лавтайяаа 10 тэрбум ам.долларын орлогыг олох бололцоог энэ хот нээж өгнө. Хоол хүнсний гол орц болох мах сүү, гурил, ус ундаа хүнсний ногоо бизнес эрхлэгчидэд гэхэд жил бүр наад зах нь 1 тэрбум ам.долларын  зах зээл шинээр нээгдэнэ. Барилгын бизнес эрхлэгчидэд 80 мянган айлын орон сууц, 50 том зочид буудал барих буюу наад зах нь 3 тэрбум ам долларын ажлын захиалга үүсэхээр байна.

Зөвхөн хоол буудлаас олж болох орлого нь өнөөдрийн байдлаар Таван толгой, Оюу толгой, эрдэнэтийн олж буй орлогын нийлбэрээс давна гэсэн үг. Таван ордоос коксжих нүүрсийг 70 доллараар зарна гэж тооцвол жилд 20 сая тонн коксжих нүүрс борлуулж байж гэмээ нь энэ хотын зөвхөн зочид буудлаас олох орлоготой нь дөхөж чоно гэсэн үг. Шинэ хот, эрүүл мэндийн чөлөөт бүс нь баялаг нь барагддаггүй, дуусдаггүй шинэ орд, шинэ зах зээл гэсэн үг юм. 

Ийм хотыг байгуулхад мэдээж зардал хэрэгтэй. Хотын хүн амыг 100-160 мянган хүнтэй байна гэж тооцож байна. Ийм хэмжээний хүн амыг орон сууцаар хангахад  1,5 тэрбум ам.доллар шаардагдах тооцоо судалгааг гаргасан байгаа. Дээр дурдсан 50 том зочид барихад 350 орчим сая доллар шаардагдана. Олон улсын эмнэлэг, олон улсын анагаах ухааны цогцолбор барихад 1 тэрбум ам.доллар шаардагдана. Сургууль цэцэрлэг, дэд бүтэц барьж байгуулах, аялал жуулчлалын бааз суурийг хөгжүүлхэд ойролцоогоор 500 сая доллар зарцуулна. Бусад зардлыг оролцуулан нийтдээ 3,5 тэрбум ам.доллараар ийм хэмжээний хотыг цоо шинээр, хүнд ээлтэйгээр байгуулах боломжтой байна.

Мэдээж олон улсын хөрөнгө оруулагчид ийм төсөлд дуртайяа хөрөнгө оруулна. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлийн бизнес эрхлэгчидэд ч, үйлчлүүлэгчидэд ч, бусад эрүүл мэндийн сангуудад ч энэ төсөл диваажин гэж тодорхойлогдоно. Яагаад заавал татварын диваажин байгуулах ёстой гэж? Эрүүл мэндийн диваажинг байгуулж гадаадын хөрөнгө оруулалтыг бодитойгоор татах боломж бидэнд байна.  

Төр өөрөө бүх зардлыг нь гаргаж, эсвэл олон улсаас хөнгөлөлттэй зээл авах, бонд босгох аль ч арга замаар хөрөнгө босгосон энэ хот 5-8 жилийн дотор оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхүйц бизнесийн төсөл болж чадна.

Манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийтлэг нэг асуудал тулгардаг. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах зах зээл, бусад улсын зах зээлийн хаалттай байдал нь тулгарч байгаа бэрхшээл юм. Тиймээс жилд 10 сая жуулчин ирдэг хот бол зах зээлээ өөртөө ойртуулан авч ирж буй мега төсөл юм. Манай махыг аваад өгөөч, хэдэн тонн мах экспортлох зөвшөөрөл өгөөч гэж бусдыг шалж гуйхгүйгээр шинэ, том зах зээлийг бий болгоно. Яваандаа тэр хотоор дамжин, эрүүл, чанартай гэдэг нь танигдсан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах стратегийг хэрэгжүүлэх боломжтой болно.

Мах, сүү, Хүнсний бүтээгдэхүүн, цэвэр ус ундаа, үндэсний үйлдвэрийн шар айраг зэрэг бидний хийж сурсан, чадаж байгаа бизнесээс гадна цоо шинээр Эмийн үйлдвэрүүд байгуулагдах бололцоог ч олж харах ёстой. Монгол орон даяар ургаж байгаа, тарьж ургуулах боломжтой эмийн ургамалууд, амьтны гаралтай биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг бидний төсөөллөөс ч илүү бизнесийн боломжуудыг бий болгоно. Малын эрүүл мэндээ ч анхааръяа. Тийм сайхан зах зээлийн боломжийг хаяандаа авч ирсэн байхад манайхан эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бараа бүтээгдэхүүн, хүнс махаа дэлхийн стандартад нийцүүлж чадна. Үүний тулд МАХН-ын мөрийн хөтөлбөрт улсын мал эмнэлэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хөгжлийг тусгаж өгсөн байгааг бас сануулъя.

МАХН эрх барих бол бүх зүйл боломжтой болно. Монголчууд шинэ мөрөөдөлтэй болно. Монгол хүн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно.

Залуучуудаа, бизнес эрхлэгчид ээ? Интерпрьенерүүд, шинэ амьдрал, шинэ боломжийг хүсч мөрөөдөж буй Монголчуудаа! бүгдээрээ хамтдаа жаргалын найман хотыг байгуулъяа. Энэ бол хий хоосон мөрөөдөл биш. Энэ бол боломж. Гагцхүү итгэх, хамтдаа мөрөөдөх, хамтдаа зорих хэрэгтэй байна.

Жаргалын найман хотыг байгуулах зорилтыг хэрэгжүүлхэд МАХН, түүний гишүүд юу хийх вэ

Зөвхөн Дорнот аймагт байгуулагдах нэг хот гэхэд ямар сайхан шинэ бололцоог ард түмэнд өгч чадахыг бид жишээ болгон танилцууллаа.  

Бид юу хийх вэ?

МАХН-ын Их чуулганы төлөөлөгчид та бүхнээс Жаргалын найман хотыг байгуулах уриалгыг дэмжин батлаж өгөхийг хүсч байна. Жаргалын найман хот байгуулах ажлын хэсгийг хот тус бүрээр тус тусад нь байгуулж төлөлвөлт болон урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хэрэгтэй. Хотыг байгуулах ажлын хэсгийг эртнээс байгуулж ажиллах нь  2020 оны сонгуульд ялсны дараа цаг алдалгүй ажлаа эхлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой учир Бага чуулган, Гүйцэтгэх товчоонд эдгээр ажлын хэсгүүдийг нэн даруй байгуулах хэрэгтэй болов уу.

Жаргалын найман хотын бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгж, мэргэжилтэн, ажилтан, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой нийлүүлэгч нарын судалгаа гаргаж, төсөөлөл төлөвлөгөөгөө танилцуулах, нарийвчилсан тооцоо судалгаа хийх, тухайн бүс нутгийн иргэд байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг төр засгаас шалтгаалахгүй бэлтгэл ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.  

Засгийн газарт хэдэн зүйл шаардлага хүргүүлье.  
Нэг. Жаргалын найман хот байгуулхад асар их хэмжээний түүхий эд материал ашиглагдана. Цемент, төмөр, хаалга цонх гэх мэтээр манай улс дотооддоо үйлдвэрлэж болох, үйлдвэрлэх шаардлагатай бараа, түүхий эдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлж, шинээр байгуулж, их бүтээн байгуулалтын бэлтгэлийг хангаж өгөхийг шаардацгаая.
Хоёр. Жаргалын найман хотыг байгуулах талаар МАХН-ын хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн гэх мэт ЗГ, УИХ-ын дэмжлэгтэй арга хэмжээнд танилцуулах боломжийг олгох,
Гурав. Чөлөөт бүс байгуулах талаар хөрш орнуудтай гэрээ хэлцэл хийж, олон улсын эрх зүйн зохицуулалтыг бэлтгэлийг хангаж байхыг хүсч шаардах хэрэгтэй байна.
МАХН хүнд хэцүү цаг үеүүдэд түүхэн шийдвэр гаргаж 20 дугаар зууны их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан нам. Өнөөдөр ч 21 дүгээр зууны их бүтээн байгуулалтыг манлайлан өрнүүлж чадна. Энэ бол бидэнд өгч буй түүхэн даалгавар хэмээн хүлээн авч өөрсдийн чадах бүхнээр хувь нэмэр оруулахыг та бүхнээс хүсч байна.
Дорнот, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Завхан, Өмнөговь аймгуудад 

МАХН-ын манлайлал дор баригдах жаргалын найман хотыг барьж Монгол улсаа мандуулъя хэмээн уриалж байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа

1 comment:

  1. АМЖИЛТ ХҮСЬЕ, ӨӨРИЙГӨӨ БАЯРЛАЛАА.
    Таныг Illuminati-ийн гишүүнээр элсэж, таныг дэлхийд нэр хүндтэй, алдартай болгох, дэлхийн оройд байгаа хүмүүсийг хянах хүч чадалтай байхыг хүсч байна. Та бизнесмэн эсвэл эмэгтэй, зураач, улс төрч, хөгжимчин, оюутан, та баян, алдартай, амьдралд хүчирхэг болохыг хүсч, өнөөдөр Иллюминати ахан дүүсийн шашин шүтлэгт нэгдэж, хурдан бөгөөд баян нийлбэрийг авахыг хүсч байна. Долоо хоногт 2 сая доллар, үнэгүй байртай болно. хаашаа ч хамаагүй энэ дэлхий дээр амьдрахаар сонгоод сардаа 2026,000 $ 2026% цалин авна
    ИЛИНИНАТИ ЖИЛИЙН ШИНЭ ҮНЭГҮЙ АЖИЛЛАГАА ХҮНД АВЧ БАЙНА.
    1. 800,000 ам долларын мөнгөн шагнал
    2. Шинэ гоёмсог Мөрөөдлийн CAR-ийн үнэ $ 500,000 ам
    3. Мөрөөдлийн байшин өөрийн сонгосон оронд худалдаж авсан
    4. Таны мөрөөдөж буй аялал жуулчлалын газарт нэг сарын амралт (бүрэн төлбөртэй).
    5.Гольфын холбооны багц багцын нэг жил
    6.V.I.P дэлхийн бүх нисэх онгоцны буудлын эмчилгээ
    9. Гишүүн болсноор сар бүр банкны дансанд 99,000,000 ам
    10. Сар дэлхийн хамгийн шилдэг 5 удирдагч, дэлхийн шилдэг 5 алдартнуудтай уулзахаар товлов.
    Хэрэв та биднийг агуу их гэрэлтүүлэгч ахан дүүсийн сатан гараар бэлгэдэж нэгдэх сонирхолтой байгаа бол яг одоо бидэнтэй холбоо бариарай collonburr3@gmail.com

    ReplyDelete