Monday, November 11, 2013

Бодох, хэрэгжүүлэх хоёрын зааг




Нөлөөтэй толь гэж бүгд мэднэ дээ. Байгаагаас минь шал өөр харагдуулдаг. Тэрэн шиг зарим бодлого шийдвэр анхны санаа нь зөв зүйтэй, сайн сайхан боловч үр дүн нь шал эсрэгээр гарчихдаг тохиолдол зөндөө.

Нэгэн бизнесмен арабт очиж өөрийн ундааны бизнесийг эхлүүлэхээр болжээ. Европын зар сурталчилгааны томоохон агентлагт өөрийн санааг хэлж цувруулж байрлуулахаар гурван том самбар бүтээлгэж. Эхнийх нь цөлд харангатаад уначихсан залуугийн зураг, хоёрдахь нь тэр залуу ундаа ууж буй зураг, гуравдахь нь эрч хүчээр дүүрэн гүйж буй самбар хийлгэн арабын гуамжуудаар дүүрэн байршуулжээ. Гэтэл мань хүний ундаа огт зарагдахгүйгээр үл барам хүмүүс нь өнөөх самбарлуу эвгүй хараад байх юм гэнэ. Мань хүн зураг авхуулсан залуу нь таалагдаагүй юу, эсвэл ундааны нэрэнд учир байна уу гэж гайхаж байтал их энгийн шалтгаанаар рекламных нь төсөл нуран унасан байжээ. Учир юу гэвэл арабууд бичих уншихдаа баруунаас зүүн тийшээ уншдаг учир мань эрийн рекламны рекламны утга нь "сайхан эрч хүчтэй гүйж явсан залуу ундаа уугаад газар дээрээ нам" гэсэн утгатай болчихсон аж.   

Бас нэг жишээ байдаг нь хүүхдийн эрхийг хамгаалах төсөлтэй холбоотой юм. Урд зүгийн шүрэн арлуудад шүр сувд түүх ажилд гол төлөв өсвөр насны хүүхдүүд оролцдог байжээ. Далайн гүнд шумбаж шүр сувд цуглуулан ар гэрээ тэжээдэг тэдэн дээр хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд анхаарлаа хандуулжээ. Далай тэнгис бол хүүхдэд аюултай орчин, махчин загаснаас авхуулаад хүчилтөрөгчгүй, хөдөлмөрийн хүнд нөхцөл орчинд хүүхдийг ажиллуулах нь өсөлт хөгжилд нь саад болж байна гэхчилэн маш чухал олон асуудлыг дэвшүүлэн нийгмийн анхаарлыг хандуулж эрх баригчидаар зохих шийдвэрийг нь амжилттай гаргуулсан байдаг. Нэгэнт төрийн шийдвэр гарсан учир цагдаа, хүүхдийн байгууллагууд нийлээд хүнд хүчир хөдөлмөрөөс хүүхдүүдийг салгах кампанит ажил өрнөж амжилттай хэрэгжсэн гэдэг. Төд удалгүй сайн шийдвэрийн саар талууд гарч эхэлсэн байна. Нэгэнт ар гэрээ ямар нэг аргаар тэжээдэг хүүхдүүд орлого олох өөр гарцыг хүссэн ч эс хүссэн хайж эхэлсэн ба нэн ядуу, ажлын байргүй, ажлын байр байлаа ч хүүхдийг ажиллуулж болдоггүй учраас гол төлөв хууль бус ажилд орооцолдох болсон байна. Хар тамхи зарах, зөөвөрлөх, биеэ үнэлэх, том жижиг хулгай дээрмийн бүлгүүдэд элсэх гээд жинхэнэ аймшиг руу тэр чигээрээ яваад орчихсон тэднийг буцаад шүр сувдных нь ажилд оруулах гээд ч хүчрээгүй гэдэг.

Манай жишээн дээр. Ердөө хоёрхон жилийн өмнө гадны хөрөнгө оруулалтыг зохицуулахаар хууль санаачилжээ. Угтаа гадныхан монголыг авилга, хүнд суртал ихтэй тэр нь хөрөнгө оруулалтад саад болоод байна гэцгээдэг. УИХ гишүүд ч яах вэ авлига дунд доод шатандаа их бий, тиймээс хөрөнгө оруулалтыг УИХ, Засгийн газар дээр шийдэж байя гэсэн маягтай хууль батлачихав. Манайхан нэг нэгэндээ итгэдэггүй өөрийн гараар л оруулж байж шударга юм байна, зүйтэй юм байна гэж үздэг зөн мэдрэхүй ч нөлөөлсөн л байх. Харин гадныханд бол шууд утгаараа хөөж байгаа юм шиг санагдсан байх. Гадны хөрөнгө оруулалт бүрийг Засгийн газар дээр, бүүр УИХ дээр шийдэж байх нь нэгдүгээрт бүтэмж талаасаа барахгүй даваа. Хоёрдугаарт цаг хугацаа талаасаа бүүр бүтэхгүй даваа. Гуравдугаарт тэр олон аймаар улс төрчидөд хээл хахууль өгөх нь ёстой дийлдэшгүй даваа гэцгээгээд арилах нь арилж өгсөн. Зарим нэг улс төрчид нь хөрөнгө оруулагчидаа хөөсөн ч байж магадгүй яриаг сонгуулийн өмнө өгцгөөж, нутаг орондоо очихдоо гадныханыг яаж хөөх гэж байгаа талаараа яриад унасан нь тэр байтугай дипломат үгсийн цаана юу бодож байгаа бол яах гэж байгаа бол гэж анализ хийгээд сурчихсан хүмүүст ойлгомжтой уншигдана шүү дээ.

Одоо хичнээн хууль тогтоомжоо өөрчлөөд, та нарт их гоё тогтвортой орчин санал болгож байгаа гэж ярьлаа гээд нөгөөдүүл яг бидний бодсон санасанаар гүйгээд ороод ирэхгүй. Одоо хулгана та нарыгаа идэхээ больсоон гээд эрх зүүчихсэн яваа муур багш шиг харагдаад байж магадгүй л юм.

Улс төрийн намуудын тухай хуульд нам нь улс орны гадаад бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж болохгүй тухай тов тодорхой заалт байдаг. Манай улс ардчилсан замаар явна уу, хаант засаглалтай байна уу, эсвэл нэг намын тогтолцоотой байна уу бусад улсад албан ёсоор огт хамааралгүй. Түүнтэй адил бусад улсууд ямар улс төрийн системтэй байх нь манай улс төрчидөд падлий байхгүй. Эрдэмтэн судлаачид, философичид, сэтгүүлчидэд танин мэдэхүйн талаасаа, сургамж туршлага талаасаа сонирхож хэлэлцэх эрх нь харин чөлөөтэй. Угтаа манай улс төрчид маань улс орноо хөгжүүлчих юмсан, бусдын алдааг давчихгүй юмсан гэж санаж түүнийгээ аль нэг улсын жишээн дээр ярих гэж, иргэддээ ойлгуулах гэж хичээж байсан байж болох л. Сайхан санаж хэлсэн үг нь, санамсаргүй авсан жишээ нь огт өөр агуулгаар бууж гадаад харилцаанд хүртэл сэв суулгачих магадлалтай.

Хамгийн сүүлд батласан УИХ-ын болон бусад сонгуулийн хуульд намууд мөрийн хөтөлбөртөө юуг амлаж болохгүй талаар бараг нэг ижил заалт оруулсан.     “...сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно” гэж. Бас сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болох ёстой зарчмыг ч хуульчилаад өгчихсөн. Уг санаа нь сонгуулиар элдэв популист амлалтаар өрсөлдөж, дараа амлалтандаа баригдан улс орноо, эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй. Харамсалтай нь нөгөө талаас ард түмний өмчид, төрийн мэдэлд байх ёстой байгалын баялагийг хэрхэн ашиглах, ард түмэнд ямар бололцоог олгох тухай хамгийн чухал асуудал сонгуульд, намуудад огт хамаагүй болж мөрийн хөтөлбөрөө хийцгээсэн. Нэгэнт мөрийн хөтөлбөртөө тусгаагүй учраас одоо Оюу толгой, Таван толгойг хэрхэн шийдвэрлэх нь засгийн газар, УИХ-ын бүрэн эрхийн асуудал боловч ард түмэнд амалсан амлалтанд нь даанч хамаагүй. Амлаагүй учраас нэхэх боломжгүй. Яагаад гэвэл  балай юм амалж ард түмнийг хуурсан МАНАН-гаас болж зөв юмыг ч амалж болохгүй болчихсон.

Эцэст нь Шударга ёс гэдэг бол зөв зүйлийг бодох, түүнийхээ төлөө зөв зүйл хийх, зөв аргаар хэрэгжүүлэх, зөвөөр ойлгуулахын цогц билээ. Зөв бодсон ч буруу хэрэгжүүлбэл алдаа болно. Зөв бодоод, зөв хэрэгжүүлсэн ч буруу ойлгуулсан бол алдаа болно. Яагаад гэвэл ард түмэн юу нь зөв, юу нь буруу тухай үнэнийг олж мэдэх эрхтэй.

жич: Залуучууд бидэн дээр хэзээ нэг цагт улсын маань хувь заяа төрийн бодлоготойгоо, хэрэгжүүлэх үүрэгтэйгээ, хэвлэл мэдээлэлтэйгээ ачаа болоод л бууна. Зөв бол өрсөлдөгчөө ч дэмжиж, буруу  ахул нөхрөө ч шүүмжилдэг төрийн түшээ, нийгмийн зүтгэлтэн болох юмсан.