Wednesday, December 11, 2013

Том төрөөс – Ухаалаг төрлүү


Улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн зардал, санхүүжилтийн тухай

Манай төр “том” байгаагийн суурь шалтгааны нэг нь улс төрийн намуудын үйл ажиллагааны хүрээ, санхүүжилт ба сонгуулийн тогтолцоо юм.  Үүнийг зөв голдиролд нь оруулах талаар улстөрчид, судлаачид олон талаар байр сууриа илэрхийлж байгаа боловч “гол бурууг” намуудын гишүүнчлэлд хандуулах явдал голчилж байна уу гэх сэтгэгдэл төрж байна

Нэг. Улс төрийн намуудын үйл ажиллагааны хүрээг хумих тухай  

Монгол Улс нь хэдийгээр нэгдмэл улс боловч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага, бүтэц зохион байгуулалтын хувьд зөрчилтэй, зарим тохиолдолд нэгдмэл улсын хувьд байж боломгүй, хэт улстөржсөн, төвөөс буюу Засгийн газар, УИХ-аас хараат бус тогтолцоо бий болсон байна. Баг, хороо, сум, дүүрэг, аймаг нийслэлд иргэдийн хурлын сонгуулийг зохион байгуулж, орон нутагтаа олонхи болсон бол ялсан нам нь Засаг даргаа сонгож, томилох замаар бид орон нутаг дахь “төр”-өө байгуулдаг.

Иргэдийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн тогтолцоо бол  зорилго, онолынхоо хувьд зайлшгүй бөгөөд чухал зүйл мөн. Харамсалтай нь өнгөц харахад нэг зүйл мэт боловч өөр хоорондоо хамааралгүй, нэг нэгнийгээ хянаж байх ёстой орон нутаг дахь гүйцэтгэх засаглалын салаа мөчрийг иргэдийн хурлаас сонгодог байхаар зохицуулсан нь өнөөдрийн амьдралд ч тэр, улс төрийн онолынхоо үндэслэлд ч таарахгүй байна.

Нэгдмэл улсын нэг тодорхой шинж бол татвар болон төсвийн нэгдмэл тогтолцоотой байдаг. Холбооны улсын хувьд муж улс бүр нь өөр өөрийн хууль тогтоох байгууллагатай, тэд нь татвар болон нийгмийн бусад бодлогын талаар тусдаа бие даасан хууль эрх зүйн акт боловсруулдаг. Харин Монгол Улс бол нэгдмэл улс. Нэгэнт татвар, төсвийн нэгдмэл тогтолцоотой газарт гүйцэтгэх засаглал нь босоо тогтолцоотой байх учиртай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас тусдаа үзэл баримтлалтай, өөр бодлоготой Засаг дарга, аль нэг намыг төлөөлөн орон нутаг дахь гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэх нь тогтолцооны хувьд ихээхэн зөрчилтэй байдлыг буй болгож байна.

Хууль тогтоох түвшинд буюу УИХ дээр л улс төрийн намуудын үзэл баримтлалын ялгаа, зааг байх ёстой. Нэг аймаг нь социал демократ маягаар, нөгөө аймаг нь либертари маягаар, нэг аймаг нь барууны үзлээр нөгөө сум нь зүүний үзэл санаагаар хөгжинө гэж юу байх вэ дээ.

Улс төрийн бодлогын гол ялгаа нь татвар, нийгмийн халамж гэх мэт цөөн хэдэн асуудал дээр л гардаг. Аль нэг сум хороонд сургууль, цэцэрлэг барих барихгүйн тухай, зам хаагуур тавих талаар аж ахуйн гэмээр асуудалд улс төрийн үзэл онол анхаарлаа хандуулдаггүй. Аж ахуйн хувьд, төлөвлөгөөний хувьд өөр өөр бодолтой байгааг улс төрийн намын бодлогын ялгаа гэж ойлгодоггүй. Нэгэнт эдийн засаг- татвар, нийгмийн бодлого нь зөвхөн УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хадгалагдаж байдаг учраас орон нутгийн сонгуульд улс төрийн намууд улс төрийн үзэл онол, мөрийн хөтөлбөр боловсруулан сонгуульд өрсөлдөх нь утга авцалдаагүй хэрэг юм.

Төрийн албаны мерит тогтолцоо зөвхөн яам, агентлагийн түвшинд бус улс орон даяар буюу баг сум, хороо дүүрэгт ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчидад хамааралтай байж гэмээ нь төрийн албыг улс төрөөс харьцангуй ангид байлгаж чадна.

Сонгууль бүрийн дараа үүсдэг үл ойлголцол, сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэй ажилгүйдэл гээд зөвхөн улс төрийн гажиг тогтолцооноос үүдэн гардаг нийгмийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүний тулд улс төрийн намууд УИХ-ын сонгуулиас бусад сонгуульд ордоггүй байх хэрэгтэй. Хэрвээ сум баг, хорооны сонгуульд намууд оролцоод л байвал намуудын “хатуу гишүүнчлэл”, иргэдийн намчирхан талцдаг байдал, төрийн албаны тогтворгүй байдал үргэлжилсээр байх болно.

Хоёр. Сонгуулийн зардалыг багасгаж “төрийг барьцаанаас гаргах” тухай  

Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн зардал олох, туслаж дэмжсэн байгууллага, иргэдэд тавьсан “өрөө” төлөх үүрэгтэй учраас төр томорч байна.   

Эдийн засаг нь хөгжсөн, хувийн хэвшлийн хөрөнгийн хуримтлал нь улс төрийн “цэвэр” санхүүжилтийг хийх бололцоотой улс орнууд бий. Тэдгээр улс орнуудад ч хүртэл сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, түүнийг дагасан албан ба албан бус лобби нь асуудал дагуулж байна.
Манай улсын хувьд шинээр төрөн гарсан чинээлэг бизнес эрхлэгчидэд хандах иргэдийн хандлага сөрөг  тал нь давамгайлсан  байдаг. Төрийн эрх мэдлийг атгаж байгаа намууд цөөн хэдэн хүн, корпарациудаас санхүүгийн хувьд хамааралтай байх улстөрийн намуудын нэр хүндийг унагаж, улмаар төрд итгэх итгэлийг бууруулж байгаа бодитой субъектив хүчин зүйл юм.
Асар их хөрөнгө, хүн хүчний туслалцаатайгаар сонгуульд ялсан нам, эвсэл, нэр дэвшигчид нь сонгуулийн кампанит ажилд хөрөнгө мөнгө, санаа сэтгэл, эд материалын “тусламж дэмжлэг” үзүүлсэн бүх хүний өрийг дарах үүрэгтэй болдог. Санхүүгийн болон бусад өр нь төр томрох, төрлийн алба болж хувирах санхүүгийн гав гинж болж сонгуулийн үр дүнд барьцаалагдсан төр барьцаалагдан хоцорч байна.  

Сонгуулийн үед нам, нэр дэвшигчдээс гарах зардлыг бууруулах замаар төрийг, төрийн алба хаагчдыг элдэв барьцаанаас ангижруулах хэрэгтэй байна.

Өнөөгийн хуулиар 200 гаруй мянган хүн сонгуулийн явцад албан ёсоор аль нэг нам улс төрийн хүчнийг дэмжиж идэвхитэйгээр оролцож болохоор байгаа. Энэ нь манай төрийн албан хаагчдын тоотой бараг тэнцүү гэсэн үг.

Сонгуулийн үеэр хэвлэгддэг Нам эвслийн, нэр дэвшигчдийн ухуулга сурталчилгааны материал нь гол төлөв гадаадын хэвлэлийн бизнесийг тэтгэдэг. Сонгогчдийн гар дээр очиж байгаа мэдээ мэдээллийн ихэнх хувь нь чухал биш, сонгуулийн агуулгад нийцээгүй материал байдаг. Иймээс ногоон хөгжлийн төлөө ч болтугай сонгуулийн үеэр нам эвсэл, нэр дэвшигч бүр айл өрхүүдэд “цаасан хог” хүргүүлдэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй юм.

Зарим улсад сонгуулийн төв байгууллага нь нэгдсэн журмаар бүх намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн танилцуулгыг нэг “шар ном”-д багтааж айлуудад хүргүүлдэг сайн жишээ бий болсон. Манай улсад ч мөн адил Сонгуулийн ерөнхий хороо нь УИХ-ын сонгуульд оролцох намуудын хөтөлбөр, амлалтыг багтаасан, нэр дэвшигчдийнх нь танилцуулга бүхий нэг л номыг айлуудаар түгээдэг болмоор байна.

Түгээлтийн хувьд төрийн нэрийн өмнөөс сонгуулийн хэсгийн хороо, сонгуулийн үеэр ажиллаж байгаа хүмүүс тараадаг зохицуулалт хийвэл олон тооны хүмүүсийг сонгуульд татан оруулдаг явдал багасмаар санагдаж байна.

Сонгуульд нэр дэвшигчид, нэр дэвшүүлж байгаа намуудын танилцууулгыг албан ёсоор төрөөс хэвлэн, түүнийг төрийн нэрийн өмнөөс нэг сувгаар тараах нь намуудыг элдэв өрөнд оруулахаас сэргийлхийн зэрэгцээ улстөрчдөд тэгш байдал, иргэдэд сонголтоо хийх тэгш боломж олгож иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдэлсэн хэрэг болно.

Өнөөгийн улс төрийн намын тухай хууль нь намууд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, нэгэнт байгуулагдсан бол ард түмний дэмжлэгтэй ч бай үгүй бай нам өөрөө татан буугдах шийдвэр гаргаагүй л бол  оршин тогтнож, улс төрийн сонгуульд оролцож байдаг. Ард түмнээс дэмжлэг аваагүй нам нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээдэггүй, иргэдийн дэмжлэгийг авсан нам нь төрийн зүгээс бодитой дэмжлэг авдаггүй байдлаар зохицуулагдаж ирсэн билээ.

Гурав. Улс төрийн намын санхүүжилтийн тухай

УИХ-д суудалтай нам нь хууль батлах, боловсруулах ажилдаа хариуцлагатай хандах үүрэгтэй. Зөвхөн УИХ-д сонгогдсон гишүүний мэдлэг, туршлагад тулгуурлан үйл ажиллагаа явуулах нь улстөрийн намыг хүчгүйдүүлж, төрийн чанар муудаж, гүйцэтгэх засаглал томроход хүргэж байна. АНУ гэх мэт хөгжингүй улсуудад бодлогын судалгааны төв (think tank) хэдэн арван жил хөгжөөд төрийн бодлогын үндэслэл тооцоог хийхэд оролцдог болжээ. Манай улсад ийм тогтолцоо хараахан хөгжөөгүй. Бодлогын судалгааны төвийг бий болгож хөгжүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэгтэй. Зөвхөн сонгуулийн өмнө сонгогчдийн саналыг авахын төлөө хуурмаг, эсвэл хэт популист амлалтаар мөрийн хөтөлбөр бодлогоо гаргадаг алдаанаас салахын тулд намуудад бодлогын судалгаа явуулхад нь хангалттай хөрөнгө мөнгө төсөвлөж өгөх нь цаашдаа төрийн бодлого тогтвортой, шинжлэх ухааны үндэслэлтэй, амьдралд нийцсэн байхад ч голлох нөлөөг үзүүлнэ.

Намууд аливаа асуудлаар нухацтай судалгаа хийх төсөв хөрөнгө нь хангалттай байвал УИХ ч танин мэдэхүйн шинжтэй, эсвэл хэтэрхий улстөржүүлсэн маргаанаас бодлогын, шийдлийн асуудалд анхаарлаа хандуулах боломж бүрдэнэ.

Улс төрийн намын санхүүжилт болон үйл ажиллагааных нь цар хүрээг тогтоох, том төрийг ухаалаг болгоход хэрэг болох болов уу хэмээн өөрийнхөө санааг чадан ядан илэрхийллээ.

Э.Эрдэнэжамъян