Thursday, September 11, 2014

Ажлаа өгөх хүсэлт ба давж заалдах гомдол


Ийм хүсэлт хүргүүлжээ

Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танаа


Хүсэлт гаргах нь

Монгол Улсын Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян надад холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Нийслэлийн прокуророоос Сүхбатар дүүргийн шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн шүүх 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн ба улс төрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасч, 8 сая 424 000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн билээ.  
Миний бие гэм буруугүй гэдэгтээ итгэл төгс байгаа бөгөөд үүнийг нотлох баримт хангалттай байсан хэдий ч давж заалдах шатны болон, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иймд миний бие цаашид Монгол Улсын Хууль зүйн дэд сайдын ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн хаших хууль зүйн болон, ёс суртахууны боломж үгүй тул өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр уламжилж байна.
Энэ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
Хууль зүйн салбарт хийх ёстой шинэчлэл нь улс төрийн хувьд зөрчилтэй, хувь хүнд эрсдэлтэй хэдий ч зайлшгүй бөгөөд заавал хийж дуусгах ёстой үүрэг билээ. Таны цаашдын ажилд амжилт хүсч, ард иргэддээ ээлтэй, албан тушаалтнуудад хариуцлагатай, хэлмэгдүүлэлт, хилсдүүлэлтгүй шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх ерөөл өргөе.  

Хүсэлт гаргасан                                              Э.Эрдэнэжамъян

 Урд нь ийм хүсэлт хүргүүлж байжээ хөөрхий




Хүсэлт гаргах нь

Монгол Улсын Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян надад холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Нийслэлийн прокуророоос Сүхбатар дүүргийн шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн шүүх 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцэхээр шүүх хурлыг товлосон байна.
Миний бие гэм буруугүй гэдэгтээ итгэл төгс байгаа бөгөөд үүнийг нотлох баримт ч мөн хангалттай бий гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Хэргийг шүүхээр хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн яамны болон түүний харъяа агентлагийн зарим албан хаагч нар гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай байгаа бөгөөд миний бие шүүх хурлын үеэр одоогийн албан тушаалаа хашсаар байх нь гэрчүүдэд хууль бусаар нөлөөлөх, үнэн зөв мэдээлэл өгөхөд нь саад учруулах магадлалтай гэсэн хардлагыг төрүүлж болзошгүй байна.
Цаашилбал, миний бие Монгол Улсын төрт ёсны уламжлал, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн хүндэтгэсний үндсэн дээр надад үүсгэсэн эрүүгийн хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Хууль зүйн Дэд сайдын үүрэгт албан тушаалаас түр түдгэлзүүлж өгөхийг Танаас хүсч байгаагаа үүгээр уламжилж байна.
Энэ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

Хүсэлт гаргасан                                              Э.Эрдэнэжамъян
  


ийм давж заалдах гомдол гаргаж байжээ. 
 
эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд

Гомдол гаргах нь:
Э.Эрдэнэжамъян миний бие ЭБШХ-ийн 318; 319 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 408 тоот шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1.    Улстөрийн байр сууриа илэрхийлсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн

2.    Гэмт хэргийн бүрэлдэхүүн, шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн

3.    Интерполын байгууллагын дүрэм журмын дагуу хийгдсэн хууль ёсны ажиллагаа ба шийдвэрийг мөрдөн байцаалтад саад учруулсан гэсэн дүгнэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн

4.    Хуулийн байгууллагын (АТГ болон Интерполын Үндэсний товчоо) гаргасан алдааг улс төрийн албан хаагчид тохож хариуцлага хүлээлгэх гэж оролдсон

Нэг. Улстөрийн байр сууриа илэрхийлсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тухай
Миний бие Монгол Улсын Хууль зүйн дэд сайдын албан тушаалыг хашдаг бөгөөд, энэ нь төрийн улстөрийн албан тушаал. Монгол Ардын Хувьсгалт Намын  Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүний сонгуульт ажилтай. Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, төрийн болон бусад байгууллагад амаар болон бичгээр санал, гомдол, хүсэлтээ гаргах шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчаас ялгаатай нь өөрийн гишүүнээр элссэн намын улс төрийн байр суурийг хамгаалах, мөрийн хөтөлбөрт туссан болон үзэл баримтлалд нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хэнээс ч үл хамааран хийх, хэрэгжүүлэх үүрэгтэй улстөрийн албан тушаалтан билээ.
МАХН нь тус намын дарга Н.Энхбаярт холбогдуулсан эрүүгийн хэргийг улс төрийн учир шалтгаантай хэмээн дүгнэж удаа дараа мэдэгдэл гаргаж байсан ба одоо ч энэхүү байр суурь өөрчлөгдөөгүй байгаа билээ.
Миний бие Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Роберт Нобельд бичсэн захидалдаа чухамхүү өөрийн улстөрийн албан тушаал болон, улс төрийн намынхаа байр суурийг илэрхийлсэн байдаг. Энэ нь МАХН-ын Бага чуулганы мэдэгдэлийг хавсарган хүргүүлснээр нотлогдох болно.
Улс төрийн аливаа албан тушаалтны нэгэн адил би өөрийн байр сууриа хэвлэл мэдээллээр илэрхийлэх, үг хэлэх, албан бичиг захидал илгээх зэрэг бүхий л арга хэлбэрээр илэрхийлэх эрхтэй. Би өөрийнхөө үзэл бодлыг Интерполын цахим хуудас дахь http://www.interpol.int/Contact-INTERPOL хаягаар илгээсэн нь миний бие бусад хэвлэл мэдээлэл, болон холбогдох хүмүүстэй бичлэн уулзахдаа илэрхийлдэг байр сууриас огтхон ч ялгаагүй юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд авагдсан яллах гол баримт болох гэрч Г.Билэгтийн өгсөн мэдүүлэгт /хх-ийн 192-196/ “... хэрэв Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газар, Интерполтой харьцах л бол заавал Интерполын Үндэсний төв товчоогоор уламжлуулах ёстой байдаг. Хувь хүн, албан тушаалтан өөрөө шууд бичиг, хүсэлт явуулах талаар интерполын Үндсэн хуульд зааж өгөөгүй. Харин бичиг хүсэлтийг Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулахаар зааж өгсөн байдаг юм аа..” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч болон улсын яллагчийн зүгээс гэрч Г.Билэгтийн энэхүү мэдүүлэгт дурдсанчлан намайг хууль бус аргаар Интерполтой холбогдон өөрийн албан тушаалаа ашигласан хэмээн буруутгасныг анхан шатны шүүхээс нягтлан шалгалгүйгээр ял ногдуулсон.
Интерполын Үндсэн хуульд үнэхээр хэнээс хэнд бичиг захидал явуулж болох талаар зааж өгөөгүй ба энэ нь аль ч байгууллагын дотоод дүрэм журмаар зохицуулагддаг. Интерпол нь олон нийттэй харьцдаг http://www.interpol.int хэмээх цахим хуудастай ба http://www.interpol.int/Contact-INTERPOL хэсэгт нь электрон шуудан илгээх боломжтой цонх бий. Энэхүү хэсэгт дэлхийн аль ч орны ямар ч хувь хүн, иргэн байгууллага өөрийн санал хүсэлт, гомдлыг илгээн шийдвэрлүүлэх боломжтой юм. Гэрч Г.Билэгт нь интерпол  болон бусад байгууллагын олон нийттэй харилцах арга, нээлттэй зарчмыг мэдэхгүйгээс зөвхөн Монголын Үндэсний интерполын төв товчоогоор дамжуулан улс төрийн болон хувийн байр сууриа илэрхийлэх ёстой хэмээн эндүүрчээ.  
Хэрвээ Э.Эрдэнэжамъян гэх хүн өөрийн албан тушаалыг ашигласан  бол Хууль зүйн яамны албан бланк, тамга тэмдэгийг ашиглах, эсхүл ХЗЯ-ны харъяа байгууллага болох ЦЕГ, Үндэсний интерполын төв товчоонд албан үүрэг чиглэл өгөх, эсхүл   албан айлчлалын үеэр хийгдэж буй яриа хэлэцээрт дурдах зэргээр илрэх байсан болов уу. Миний бие гэрч Г.Билэгтийн хэлж буй албан ёсны харилцааны арга хэрэгсэл буюу Үндэсний интерполоор дамжуулан захидлаа илгээгүй, илгээхийг шаардаагүй, мөн интерполд АТГ болон бусад байгууллагыг мэдээллээ бэлтгэн хүргүүлхэд нь аливаа байдлаар нөлөөлөөгүй болно. 
Үндсэн хуулиар бүх хүнд олгогдсон эрх чөлөөгөө эдлэн, олон улсын байгууллагын дүрэм журамд нийцүүлэн, нийтээр хэрэглэдэг орчин үеийн арга хэрэгсэлийг ашиглан үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн ял ногдуулсанд гомдолтой байна.
Хоёр. Гэмт хэргийн бүрэлдэхүүн, шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн
Шүүхээс намайг гэм буруутай гэж үзэхдээ Шүүгдэгч Э.Эрдэнэжамъян нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ““... намайг бичсэнээс болоод эрэн сурвалжилах ажиллагаа зогсоогүй. Миний захидал албан ёсоор хэн нэгэнд нөлөөлөх, шийдвэр гаргах хэмжээний бичиг биш, Авлигатай тэмцэх газарт ямар нэг хор уршиг учраагүй” гэж мэдүүлж байгаа ч энэ нь дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэний гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болохын хувьд мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бодитой үйлдэл хийгдсэнээр уг хэрэг төгссөнд тооцогдоно” /шийтгэх тогтоолын 6-р хуудас / гэжээ.
 Дээр дурдсан нотлох баримт гэж шийтгэх тогтоолын 4-6 дугаар хуудаст дурдагсан нотлох баримтуудыг үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж дараах тайлбарыг хийж байна.
Шийтгэх тогтоолын 4-6 дугаар хуудаст дурдсан хэргийн нотлох баримтууд
Д/д
Нотлох баримт, агуулга
Тайлбар

Гэрч Г.Билэгт: ... 2012.10.22-ны өдөр мэдэгдэл ирсэн. Энэ мэдэгдэлд Э.Эрдэнэжамъян гэж хүнээс и-мэйл аваад тухайн Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдох хэрэгт тавьсан хүсэлт нь Интерполын үндсэн хууль дүрэмтэй нийцсэн эсэхийг судлахаар болсон талаар дурсан байна. Мөн нэмэлт мэдээлэл хүссэн байсан. Танай байгууллагаас нэмэлт мэдээлэлд нь хариу ирүүлснийг Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын Хуулийн асуудал хариуцсан хэлтэст хүргүүлсэн. 

Ингээд дэд сайд Э.Эрдэнэжамъянаас ирүүлсэн захиа, мэдээлэл мөн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээл зэргийг харьцуулан үзээд энэхүү эрүүгийн хэрэгт улс төрийн намуудын хооронд зөрчилдөөн үүссэн, улс төр давамгайлсан байна гэж үзээд эрэн сурважилах сэжигтний мэдээллийн сангаас устгахаар болсон байдаг







“... хэрэв Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газар, Интерполтой харьцах л бол заавал Интерполын Үндэсний төв товчоогоор уламжлуулах ёстой байдаг. Хувь хүн, албан тушаалтан өөрөө шууд бичиг, хүсэлт явуулах талаар интерполын Үндсэн хуульд зааж өгөөгүй. Харин бичиг хүсэлтийг Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулахаар зааж өгсөн байдаг юм аа..”

/1 дүгээр хх-ийн 192-196/
/Шийтгэх тогтоолын 4-5/
Гэрч Г.Билэгтийн мэдүүлэгт дурдсанаар Интерпол нь тухайн эрэн сухвалжилах хүсэлт нь хууль дүрэмд нийцсэн эсэхийг судлахаар л болсон билээ. Харин “Э.Эрдэнэжамъянгийн хүсэлтээр, захидлын дагуу шийдсэн” гэсэн утга байхгүй. Өөрөөр хэлбэл албан ёсны бичиг биш мэдээлэл гэж хүлээж авсан нь тодорхой байна.  
Гэрч Г.Билэгт зөвхөн АТГ-ийн албан бичиг болон Э.Эрдэнэжамъянгийн захидал хоёрыг харьцуулсан мэтээр илт ташаа мэдүүлэг өгсөн байдаг. Интерполын албан бичигт (2012/335001  2012/334842) /3 дугаар хх-ийн 82-83/ Э.Эрдэнэжамъянгийн захидал болон болон хэргийн талаар ирүүлсэн танай мэдээлэл болон Ерөнхий нарийн бичгийн даргын газраас хийгдсэн судалгааны үр дүнд улс төр давамгайлсан гэж үзлээ гэсэн байдаг.
Энэхүү албан бичгийн орчуулгыг буруу хийж зөвхөн Э.Эрдэнэжамъянгийн захианаас болсан мэтээр ойлгуулахыг чармайж байгаа үнэн байдалтай нийцэхгүй байна

Интерполын Үндсэн хуульд үнэхээр хэнээс хэнд бичиг захидал явуулж болох талаар зааж өгөөгүй ба энэ нь аль ч байгууллагын дотоод дүрэм журмаар зохицуулагддаг. Интерпол нь олон нийттэй харьцдаг http://www.interpol.int хэмээх цахим хуудастай ба http://www.interpol.int/Contact-INTERPOL хэсэгт нь электрон шуудан илгээх боломжтой цонх бий. Энэхүү хэсэгт дэлхийн аль ч орны ямар ч хувь хүн, иргэн байгууллага өөрийн санал хүсэлт, гомдлыг илгээн шийдвэрлүүлэх боломжтой юм. Гэрч Г.Билэгт нь Интерпол  болон бусад байгууллагын олон нийттэй харилцах арга, нээлттэй зарчмыг мэдэхгүйгээс зөвхөн Монголын Үндэсний интерполын төв товчоогоор дамжуулан улстөрийн болон хувийн байр сууриа илэрхийлэх ёстой хэмээн эндүүрчээ.  


Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Хуулийн асуудал хариуцсан хэлтсээс Интерполын Үндэсний төвчоонд 2012.11.26-ы өдөр ирүүлсэн албан бичигт: “...Интерполын Үндсэн хууль болон дүрмүүд, тодруулбал улстөр, цэрэг, шашин эсвэл арьс өнгөөр гадуурхахтай холбоотой үйл ажиллагаа явуулах, ямар нэг хэлбэрээр оролцохыг тус байгууллагад хатуу хориглоно гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлтэй нийцэж байгаа эсэхийг бататгах үүднээс хууль зүйн шалгалт хийгдсэн. Дээрх хоёр хүний эсрэг явуулсан хуулийн дагуу гэдэг нь маргаантай, энэ нь Монголын улстөрийн нэртэй намуудын хооронд маргаан үүсгэсэн гэдэг нь тус хэргийн талаар танай Үндэсний төв товчооноос өгсөн мэдээлэл, Монгол Улсын Хууль зүйн дэд сайдаас хүлээн авсан захиа мөн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас хийгдсэн судалгааны үр дүнд харагдаж байна. Иймд 3 дугаар зүйлд зааснаар энэхүү хэрэг нь улс төр давамгайлсан шинжтэй гэсэн дүгнэлтийг хуулийн асуудал хариуцсан хэлтэсээс гаргасан болно

/3 дугаар хх-ийн 82-83/
Шийтгэх тогтоолын 5-6/

Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Хуулийн асуудал хариуцсан хэлтсээс Интерполын Үндэсний товчоонд 2014.01.16-ны өдрийн LA51063-8/5.2DHA/lb дугаартай албан бичигт Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эсрэг гаргасан улаан булант зар мэдээнүүдтэй холбогдуулан мэдэгдэхэд, Ерөнхий нарийн бичгийн даргын газар нь Монгол Улсын Хууль зүйн сайд Э.Эрдэнэжамъянгаас ирүүлсэн дээрх мэдээнүүд нь улстөрийн сэдэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгч асантай холбоотой гэж дурдсан захидлыг хүлээн авсны дараа Монгол Улсын Үндэсний төв точооноос хариу болгож ирүүлсэн мэдээллийг хянаж үзээд Улаант булант мэдээнүүдийг эгүүлэн татах шийдвэр анх гаргасан юм. Гэвч нэмэлт мэдээлэл хүлээн авч ахин хянаж үзсэний эцэст Монгол Улсын Үндэсний төв товчооны хүсэлтийн дагуу Улаан булант зар мэдээнүүдийг сэргээсэн болно ..”

/3 дугаар хх-ийн 106-108/
/Шийтгэх тогтоолын 6/
Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас ирүүлсэн захидлууд нь шууд утгаараа, ямар нэг эргэлзээгүйгээр миний захидалд үндэслэн шийдвэр гаргаагүйн нотолгоо болж байна.

Интерпол нь Э.Эрдэжамъянгийн захидлыг мэдээлэл хэмээн хүлээн авсан ба шийдвэр гаргахдаа Үндэсний төвчоо болон АТГ-ээс Интерполд илгээсэн мэдээлэлд үндэслэсэн гэдгийг удаа дараа илэрхийлсэн байна.

Захидлыг хөндлөнгийн, мэргэжлийн гурван өөр орчуулагчаар орчуулуулхад

Э.Эрдэнэжамъянгийн ирүүлсэн захидал ба хэргийн нөхцөл байдлын талаар танай Үндэсний төвчооноос ирүүлсэн мэдээлэл болон Ерөнхий нарийн бичгийн даргын газраас хийгдсэн судалгааны үр дүнд харагдаж байна” гэж орчуулдаг.

Анх Интерполоос ирүүлсэн албан бичиг нь 1. Э.Эрдэнэжамъянгийн захианы тухай 2. Хэргийн нөхцөл байдлын тухай гэсэн албан бичиг байсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэрхүү албан бичигт хариу болгон Үндэсний товчооноос:
1. Э.Эрдэнэжамъян тэр захиаг өөрөө бичсэн ба, улс төрийн намын байр сууриа илэрхийлсэн 2. Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн мөн” гэсэн утга бүхий хариуг явуулсан байдаг.

Э.Эрдэнэжамъянгийн захиа болон хэргийн нөхцөл байдлын талаар илгээсэн Үндэсний товчооны мэдээлэлд үндэслэн шийдвэрээ гаргасан гэх бичгийг буруугаар орчуулан, илт мушгин гуйвуулж намайг яллахдаа давхар Интерполыг дүрэмдээ нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болгожээ.

Нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны дараа хийгдсэн ажиллагааны хүрээнд мөн адил Монгол Улсын Үндэсний төв товчооноос ирүүлсэн мэдээллийг хянаж үзээд шийдвэр гаргасан гэдгийг тодорхой бичсээр байгаа нь Э.Эрдэнжамъянгийн захидал бол зөвхөн мэдээлэл хүргүүлсэн төдий зүйл ба харин шийдвэрийн гол үндэслэгээ нь Үндэсний төв товчоо буюу АТГ-ийн мэдээлэл гэдгийг нотлож байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч Э.Эрдэнжамъян нь Хууль зүйн дэд сайдын албан тушаалын байдлаа ашиглаж Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполын “улаан булант” мэдээнээс улстөрийн шинжтэй учир хасуулахыг хүссэн захидал илгээсний улмаас Авлигтай тэмцэх газраас нэр бүхий этгээдүүдийг 2012.12.05-наас 2012.04.18-ны өдрийг хүртэлх хугацаанд тэдний талаарх мэдээллийг Интерполын гишүүн орнуудаас олж авах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэг буюу мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Э.Эрдэнэжамъянд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв” гэжээ.
Анх Үндэсний товчооноос интерполд илгээсэн эрэн сурвалжилахыг хүссэн албан бичигтээ АТГ болон Үндэсний товчоо нь туйлын хариуцлагагүй хандсан байдаг. Н.Энхтуяа, Б.Хуяг нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээд гэсэн хэсэгт  Н.Энхбаяр нь сэтгүүлч мэргэжилтэй, орчуулагч хүн гэж явуулжээ. Угтаа Н.Энхбаяр нь монголын парламентад цөөнхийн суудалтай “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн, Монгол Улсын нөлөө бүхий нам болох МАХН-ын дарга гэсэн мэдээллийг нууж хаалгүйгээр явуулсан бол Интерполын хуулийн хэлтсээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл илгээхийг шаардаж, мөн өөрсдөө ч зохих судалгаа хийх байсан нь дагаж мөрддөг Үндсэн хуулиас нь болон миний илгээсэн захианы мөрөөр авсан арга хэмжээнээс нь хархад тодорхой болов уу.  
Миний захиаг авсны дараа Үндэсний төв товчоонд ирүүлсэн албан бичигтээ /3-р хх-ийн 25/ Э.Эрдэнэжамъян нь үнэхээр энэхүү захидлыг бичсэн бол түүнд интерполын дүрэм журмын дагуу албан ёсоор харилцах бол Үндэсний товчоогоор дамжуулан харилцах болохыг сануулна уу гэсэн байдаг. Үүнийг Интерпол нь миний захидлыг авсан цагаасаа энэ бол албан ёсоор даалгасан буюу хүссэн албан харилцаа биш гэдгийг сануулсан гэж үйлдэл буюу намайг албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдээгүй гэдгийн нотолгоо гэж үзэж байна. Түүнчлэн тэрхүү албан бичигтээ энэхүү хэрэг нь улс төрийн хэрэг байж байж болзошгүй тул нэмэлт мэдээлэл хэрэгтэй тухай товчоогоор дамжуулан АТГ-т өгсөн байдаг. Харин анхнаасаа буруу, дутуу мэдээлэл бүрдүүлсэн АТГ нь бодит байдлыг нуух аргагүй болсон тул үнэхээр Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч асан мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
АТГ-аас Үндэсний товчоогоор дамжуулан Н.Энхбаяр нь Ерөнхийлөгч асан хүн мөн бөгөөд анхан шатны шүүхээс ял оноосон байгаа тухай нэмэлт мэдээлэл явуулсны дараа Интерпол нь уг мэдээллийг нягтлан үзээд урд явуулсан сэтгүүлч орчуулагчаас өөр буюу улс төрийн нөлөө бүхий хүнтэй холбоотой гэдгийг нь мэдсэн учир өөрсдөө хяналт шалгалт явуулсан нь ирүүлсэн бичгүүдээс нь тодорхой харагддаг.
Хэрвээ АТГ болон Үндэсний товчооноос нэмэлт мэдээлэл нэхээгүй, эдгээр байгууллага дахин өөрчилсөн мэдээллээ явуулаагүй, Интерполын хуулийн хэлтэс өөрсдөө хяналт шалгалт хийлгүйгээр Э.Эрдэнэжамъянгийн илгээсэн захидалд үндэслэн эрэн сурвалжилах жагсаалтаас хассан бол  би албан тушаалаа ашиглан нөлөөлсөн гэх үндэслэлд гомдол гаргахгүй байсан.
Нөгөө талаар Мөрдөн байцаах ажиллагаа гэдэг нь Монгол Улсын ЭБШХ-иар зохицуулагдан тодорхойлогддог үйл ажиллагаа юм. Интерпол нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд процесс ажиллагаанд аливаа эрх, болон үүрэггүй бөгөөд зөвхөн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хэлбэр билээ.
Монгол Улсын ЭБШХ-д “ ... мэдээлэл авах боломжгүй байдал үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатаар саад учруулах “ гэсэн ойлголт үгүй байтал шүүхээс надад ял халдааж байгаа нь нь цаашдаа аль нэг иргэн, албан тушаалтан өөрийн үнэн зөв гэж бодсон итгэл үнэмшилээр хууль, хяналтын байгууллагад мэдээлэл, хүсэлт гаргаж захидал өргөдөл өгсөн бол, түүний улмаас мөрдөн байцаалт зогссон, саатсан гэж үздэг буруу жишиг тогтох болов уу.
Энгийнээр жишиж харьцуулхад: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг, эсвэл УИХ-ын гишүүнийг мөрдөн шалгах хүсэлтээ тавьтал УИХ, Цэц зөвшөөрөөгүй тул мөрдөн байцаалт тодорхой хугцаагаар саатлаа. Иймд мөрдөн байцаалт явуулах боломжгүй байдал үүсгэсэн ... нарт албан тушаалаа ашиглан мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, ял ногдуулсугай гэх үү?
“Мэдээлэл авах боломжгүй байдал үүсгэх” гэдгийг чухам ямар утгаар тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзхэд Үндэсний товчооны ирүүлсэн албан бичигт үндэслэн цуцласан, Үндэсний интерполын ирүүлсэн бичигт шинжилгээ хийж үзсэн зэргээр дурдагсан байгаа нь Үндэсний интерполын ажилтнууд, түүнд хүсэлт илгээсэн АТГ болон албан тушаалтнуудын гэм бурууг надтай хамт нотлосон гэж үзэх үндэслэлтэй биш үү? 
Гурав. Интерполын дүрэм журмын дагуу хийгдсэн хууль ёсны ажиллагаа ба шийдвэрийг мөрдөн байцаалтад саад учруулсан гэсэн дүгнэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн
Анхан шатны шүүхийн шийдвэр нь агуулгын хувьд Э.Эрдэнэжамъян гэх хүний хүсэлтийг хүлээн авч, зарим хүнийг эрж хайхыг зогсоосон Интерполыг буруутгаж байгаа мэт болжээ.
Интерпол болон Монгол Улсын хуулийн байгууллагууд бүгд өөрсдийн баримталдаг дүрэм журамтай бөгөөд хэн нэгний захидал, ятгалга, нөлөөнд автахгүй байх хуультай. Тиймээс миний захидлаас шалтгаалсан ч эс шалтгаалсан ч Интерпол өөрийн дүрэм журамд нийцүүлэн мэдээлэл цуглуулж, хяналт шалгалт явуулсан үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэж болохгүй гэж бодож байна.  
Хэрвээ би Интерполд бичсэн захидалдаа худал хуурмаг зүйл бичиж төөрөгдүүлсэн гэж үзэж байгаа бол миний бичсэн захидалд нэг ч худал хуурмаг зүйл байгаагүй гэдгийг би хаана ч хэний ч өмнө нотлож чадах ба үүнийгээ ч мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхэд мэдээлсэн байгаа. 
Хэрвээ АТГ болон Үндэсний товчоо нь анхнаасаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг хайх хүсэлтийг явуулахдаа эдгээр хүмүүс нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга бөгөөд “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаяртай холбоотой гэдгийг Интерполд мэдэгдсэн бол Интерпол тухайн хэргийг улстөрийн хэрэг мөн эсэхийг нягтлан үзэх байсан гэдэг нь лавтай. Миний захидлаас хамааралгүйгээр Интерполын өөрөө хяналт шалгалт явуулан улс төрийн шалтгаантай хэрэг гэж үзсэн бол хэн нэгнийг  Монголын ЭБШ ажиллагаанд буюу мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзэж үзэх үү?   
Дөрөв. Хуулийн байгууллагын (АТГ болон Интерполын Үндэсний товчоо) гаргасан алдааг улстөрийн албан хаагчид тохож хариуцлага хүлээлгэх гэж оролдсон
Энэхүү мөрдөн байцаалтад саад учруулсан гэх хэрэгт АТГ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан ба мөн нэгэн зэрэг иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. ЭБШХ-ийн 115-р зүйлд “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон, эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ... иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй..” 117 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нь тайлбарлана” гэж заасан байдаг. Гэтэл иргэний нэхэмжлэгч  болох АТГ-г төлөөлж буй Б.Аз шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “манай байгууллагад гэм хор учраагүй..” гэсэн байдаг. АТГ –д гэм хор учраагүй, надаас хохирол нэхэмжлээгүй байтал ямар учраас шүүх хуралдаанд хүртэл иргэний нэхэмжлэгчээр оролцож байгааг ойлгохгүй байна. Анхнаасаа ЭБШХ-иар тусгайлан заасан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын харъяалал зөрчин эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулсан, өөрсдөө мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх боломжгүй болмогц нэхэмжлэлгүйгээр иргэний нэхэмжлэгч болсон зэрэг ЭБШХ-ийн зарчмыг ноцтой зөрчин гэмт хэрэгт холбогдуулхаар мөрдөн мөшгөж байгаад нь гомдолтой байна.
Төрийн байгууллага буюу АТГ нь анхнаасаа дутуу мэдээллийг интерполд өгсөн нь хэргийн талаар нягтлан шалгах шалтгаан болсон. Энэхүү хариуцлагаа өөрийн улстөрийн байр, сууриа илэрхийлж Интерполд мэдээлэл хүргүүлсэн надад тохож эрүүгийн хэрэг үүсгэх замаар ажлын хариуцлагаас зайлсхийхийг оролдсон гэж үзэж байна. Энэхүү хэргийг бүхэлд нь нийгэмд аюултай гэмт хэрэг гэж үзэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой гэдгийг эхэлж хэлсэн нь би, харин албан ёсоор нотлосон нь АТГ учраас, АТГ-ийн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргасан гэдгээ Интерпол мэдэгдсэн учраас тэд бас гэмт хэргийг хамтран үйлдсэн болохгүй гэж үү?
Эцэст нь улстөрийн албан тушаалтны хувьд өөрийн байр сууриа илэрхийлсэн нь тодорхой байгууллагуудыг хяналт шалгалт хийхэд хүргэсэн бөгөөд хэн нэгэнд хохирол учраагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит байдлыг илт буруугаар үнэлэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 408 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү.
Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна.




Гомдол гаргасан:
Э.Эрдэнэжамъян           


2014 оны 04 дүгээр сарын 29