Wednesday, May 16, 2018

МАХН-ын Мөрийн хөтөлбөр


МАХН-ын 2 дугаар Их чуулганы
... тоот тогтоолоор батлав.

Монгол Ардын Хувьсгалт Намын
МӨРИЙН ХӨТӨЛБӨР

МАХН нь монголын ард түмэн, Монгол Улсын язгуур эрх ашгийг иш үндэc болгож, нийгмийн бүхий л давхаргын ашиг сонирхлыг эн тэнцүү илэрхийлэн xамгаалж, үзэл баримтлалын хувьд улс төрийн “социал демократ үзэл”-ийг баримталж, өвөг, дээдсийнхээ хийж бүтээснийг хүндэтгэн үнэлж, өнөөгийн үеийнхнийг амьдралдаа эзэн болохын чухлыг ойлгуулан зоригжуулж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэхүү Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна.

Юуны түрүүн байгалийн баялгийг ард түмний өмчлөлд хадгалан ашиглах эх оронч үзэл, МАХН-ын 2 дугаар Их чуулганы төлөөлөгчдийн хэлэлцэн сайшаасан БНМУ-ын шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн гол гол санаа нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийн үндэс суурь мөн.

МАХН гадаад, дотоодын бизнесийн бүлэглэлүүдийн төлөөлөл болсон цөөн тооны хүн өөрсдөө бүтээгээгүй хэрнээ Монгол эх орны минь байгалийн баялагт эзэн сууж байгаа өнөөгийн шударга бус тогтолцоог халж, манай улсын газар, түүний баялаг монголын ард түмний дундын өмч болж, улс орны эрчимтэй хөгжлийн түлхүүр болох ёстой гэсэн байр суурийг баримтална.

Байгалийн баялаг дундын өмч байх эх оронч үзэл санаа нь МАХН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих эдийн засгийн баталгаа, монгол хүн эх орондоо жинхэнэ ёсоор эзэн суухын угтвар нөхцөл мөн.

МАХН ард түмнийхээ дэмжлэгтэйгээр шударга сонгуульд өрсөлдөн төр, засгийн эрх мэдлийг авч, богино хугацаанд ядуурлыг арилган, дунд ба урт хугацааны оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр чинээлэг дундаж давхаргыг бий болгон бэхжүүлж, Монгол Улсыг хүний хөгжил, амьжиргааны түвшин, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дэлхийн эхний 30 улс орны тоонд багтах улс болгоно.

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө боловсруулах, МАХН сонгуульд сонгогчдын дэмжлэг авч Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхтэй болж үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхдээ энэхүү Мөрийн хөтөлбөрийг иш үндэс болгоно.

Зорилго

Монгол хүн бүр гэр бүлээ бэхжүүлж, нийгэмд авьяас чадвараа нээн хөгжүүлж, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж, хүний зэрэгтэй амьдрахад хүрэхүйц цалин орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ.

Мэргэжилтэй буюу дээд боловсролтой хүний сарын орлого чинээлэг амьдрахад хүрэлцэхүйц, мэргэжил хараахан эзэмшээгүй буюу тусгай мэдлэг шаардагддаггүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний сарын орлого амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц байхаар тооцож цалин орлогыг нь тууштай нэмэгдүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлнэ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, өндөр технологийг нэвтрүүлэн хөгжүүлж, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.

Ахмадууддаа сард маргаашийн өдөртөө санаа зоволгүй амьдрахад хүрэлцэхүйц тэтгэвэр олгож, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хязгаарлагдсан хүмүүст баталгаатай орлого буюу сард өдөр тутмын хэрэгцээнд нь хүрэлцэхүйц тэтгэмж олгодог болно.

Монголын гол баялаг бол Монгол хүн мөн хэмээн үзэж, өндөр цалин бүхий ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгон, ядарч зүдэрсэн иргэдээ төрийн хайр халамжид авч хүний зэрэгтэй амьдрахад туслах нь төр засгийн хамгийн чухал зорилт мөн хэмээн үзнэ.

Улс орны хөгжлийг эрчимжүүлэх нь боловсролын тогтолцооноос ихээхэн хамааралтай тул хүн бүр дээд боловсролтой болох, төрийн өмчийн дээд сургуульд дээд боловсрол олгоход шаардагдах зардлыг төрөөс бүрэн хариуцдаг зарчмыг үе шаттай нэвтрүүлнэ. Ингэснээр монгол залуу хүн бүр дээд боловсрол, ялангуяа инженер техникийн дээд боловсрол эзэмшиж хөрвөх чадвартай боловсон хүчний хэмжээнд үнэлэгдэнэ.

Монгол Улсын нийгмийн харилцааны үндсэн нэгж нь гэр бүл мөн тул гэр бүлийг дэмжих бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, юуны түрүүн гэр бүлийг орон сууцаар хангах зорилгыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд амьдралаа шинээр зохиож буй залуу гэр бүлүүд орон сууцтай болж тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь МАХН-ын зүгээс залуучуудад зориулсан нэгэн тулгуур бодлого байх болно.

Төр засгаас улс орны хөгжлийг эрчимжүүлэхийн тулд хотын хөгжилд онцгой анхаарч, хүн ардаа тав тухтай орчинд ажил хөдөлмөр эрхлэн амгалан тайван амьдрахад туслах зорилготой “Жаргалын найман хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхдээ төрийн мэдлийн орон сууц барьж, улмаар өрх бүр төрийн өмчийн орон сууцанд амьдрах боломжийг хангана. Нэг өрх айлд дунджаар 50 ам дөрвөлжин метр талбайтай орон сууц оногдохоор тооцож, орон сууцгүй айл өрхөд жаргалын найман хот буюу улсын чанартай, бүсийн чанартай хотуудад орон сууц барьж олгох бодлого баримтлан хэрэгжүлнэ.

Улс орныхоо газар зүйн байрлал, байгалийн баялаг, дэд бүтцийн сүлжээ, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг үндэслэж, хүн ам зүйн бодлоготой уялдуулан жаргалын найман хотыг байгуулах хөтөлбөрийн хүрээнд ажлын олон байр бүхий орчин үеийн технологийн үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулна.

Жаргалын найман хотод орчин үеийн эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээний газар, соёл урлаг, спортын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, асрамжийн газар зэрэг орчин үеийн хотуудад тавигдах шаардлага, стандартыг бүрэн хангасан орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хот хөдөө ойртож, төрийн үйлчилгээ хүн бүрт хүрч, бараа таваар, үйлчилгээний үнэ өртөг хямдарч, чанар нь нэмэгдэж, монгол хүний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирч, баян хоосны ялгаа арилж, нийгимийн харилцаа эе эвтэй болно.

Баруун хязгаарыг Зүүн хязгаартай ойртуулж, жаргалын найман хотыг хооронд нь холбосон Мянганы төмөр зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр бүхий цахилгаан станцууд,  бусад шаардлагатай дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулна. Ингэснээр экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтэгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн таатай нөхцлийг бүрдүүлнэ.

Манай улсын хоёр хөрш, ойр зэргэлдээ гуравдахь хөршүүд хүн амын хувьд олон, эдийн засгийн хөгжил нь дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь МАХН-ын Мөрийн хөтөлбөрийн зорилтууд хэрэгжихэд таатай гадаад хүчин зүйл мөн.

Манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго нь химийн бордоогүй органик, хүний биед нэн тустай, зах зээлд өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэхэд орших бөгөөд энэ зорилгод хүрэхийн тулд шинэ технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бүрдүүлнэ.

Эдийн засгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, боловсролын тогтолцоог шинэчилж, төр засгийн байгууллагын үйлчилгээг мэдэгдэхүйц сайжруулж, шударга ёсыг тогтоож, хүнд суртал хээл хахуулийг арилгана.

Эрүүл мэндийн бодлогыг шинэ шатанд гаргаж, иргэдийн эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг тогтолцоо руу үе шаттайгаар шилжинэ. Ингэснээр эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтыг 10 насаар нэмэгдүүлнэ. Өндөр настан өөрөө хүсвэл дахин мэргэжил эзэмших, мэргэших сургалтанд үнэгүй хамрагдаж болно.

Улс орны мөнгөний бодлогыг цэгцэлж, банкны тогтолцоог орчин үеийн мөнгөний бодлогын дагуу өөрчилснөөр мөнгө хүүлэх байдлаар дээрмийн зээл олгож, иргэдийг мөлждөг өнөөгийн банк-санхүүгийн шударга бус тогтолцоог хална.  Жижиг, дунд бизнес эрхлэх, өндөр технологи нэвтрүүлэх, экспортын чиглэл бүхий аж ахуй эрхлэхэд төрөөс онцгойлон анхааран дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох тогтолцоог бий болгоно.

Залуучууд, шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд гарааны хүүгүй зээл, татваргүй тогтолцоог бий болгон дэмжиж, зээлээ төлөгч иргэнээс барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгодог зарчмыг нэвтрүүлнэ.

Төрийн тогтолцоо

1992 онд батлагдсан Үндсэн хууль, түүний үр дүнд бий болсон төрийн тогтолцоог гажуудуулан хувийн эрх ашигтаа үйлчлэх бүтэц болгон ашиглаж буй намуудыг хандив өгөх нэрийдлээр үнэн хэрэгтээ эрхэндээ оруулан хувьчлан авсан улс төр-бизнесийн бүлэглэлүүд Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болж, нийгэмд шударга ёс тогтооход саад учруулж байна.

Тийм учир төр засгийн эрх мэдлийн эх сурвалж нь гагцхүү ард түмэн мөн, төр засгийн эрх мэдлийг ард түмэн байнга өөртөө хадгална гэсэн суурь зарчимд тулгуурласан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ нээлттэй хэлэлцүүлэн батлах нь тулгамдсан өнөөгийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх хамгийн зөв гарц мөн гэж үзэж байна.

МАХН-ын Мөрийн хөтөлбөрийн гол гол зорилт хэрэгжих угтвар нөхцөл нь ард түмний хараа хяналтанд байнга байдаг хариуцлагатай төр засгийн тогтолцоог бий болгох явдал юм. Төр засгийн байгууллага, албан тушаалтнууд өөрсөддөө биш харин гагцхүү ард түмэндээ үйлчилдэг байх нь оршиж байгаагийнх нь гол утга учир мөн хэмээн үзэж, төр засаг ард түмний тав тухтай амьдрах нөхцлийг хангахын тулд улс орныг урт, дунд, богино хугацаагаар тогтвортой хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн зарчим шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлд туссаныг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах нь Монгол Улсын хөгжил дэвшил нэг хүн, эсхүл цөөн хэдэн хүний дур зоргоор аашлах хэт шалтгаалх байдлаас хамгаалах нэгэн чухал нөхцөл болно хэмээн үзэж байна.

Хууль тогтоох байгууллага хэдхэн хүний хуйвалдаанаар хууль батлан гаргаж, тэд ард түмний татварын орлогоор бүрдүүлсэн төсвийн хөрөнгийг хоорондоо үгсэн хуйвалдаж хуваан идэж байгаа буруу тогтолцоог засна.

Парламент хоёр танхимтай буюу Улсын бага хуралдай хуулийн төслийг боловсруулан тогтоож, ард түмний ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлдэг, Үндэсний их хуралдай хуулийг баталдаг тогтолцоог буй болгож, Парламентаас батлагдан гарч байгаа хууль болгон нийт ард түмний эрх ашигт нийцсэн байх нөхцлийг бүрдүүлнэ.

Хэн нэгэн эрх мэдэлтэн, түүнийг тойрсон улс төр-бизнесийн бүлэглэлийн дэмжлэгтэйгээр хууль, шүүхийн байгууллагад томилогддог, эргээд өөрсдийг нь томилсон тухайн албан тушаалтан, түүний бүлэглэлийн улс  төр-бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд үйлчилдэг хараат хууль шүүхийн байгууллага, албан тушаалтны буруу тогтолцоог өөрчилнө.

Шударга ёс алдагдсан улс оронд ард түмэн зовно, хүн ирээдүйдээ итгэхгүй, улс орон хээл хахуулийн “харх”-нд идүүлж, улмаар аюулгүй байдал, тусгаар тогтнол эрсдэлд орно. Тийм улс оронд ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй, иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээ бий болохгүй, иргэдийн санаачилга дэмжигдэхгүй, эрүүл саруул бизнесийн орчин бий болохгүй. Иймд бүх шатны шүүгчдийг төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж болсон ард түмнээс сонгодог болох нь шүүхийн тогтолцоог шударга болгох тулгуур зарчим мөн. Ард түмнээс тодорхой хугацааны давтамжтайгаар сонгогддог шүүгчид манай улс орны шударга ёсны баталгаа болно.

МАХН “Шударга бол эвтэй, Эвтэй бол хүчтэй” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа тууштай баримтална.

Өнөөдөр Засгийн газар УИХ-аас томилогдож байгаа ч үнэн хэрэгтээ шударга бус сонгуулиар суудал авсан улс төрийн намуудыг хандив өгөх нэрийдлээр хувьчлан авсан улс төр-бизнесийн бүлэглэлээс хэт хамааралтай байдаг учир ард түмэн Засгийн газрыг хянах, сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардах боломжгүй байна. Засгийн газарт ард түмэн биш харин намуудын доторхи улс төр-бизнесийн бүлэглэлүүд илүү хүчтэй нөлөөлж байна. Ийм Засгийн газар тогтворгүй, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадахгүй, эхлүүлсэн ч дуусгаж чадахгүй, ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах чадамжгүй байдаг. Ийм буруу тогтолцоог нэн даруй засахгүй бол улс орон хөгжихгүй. Тийм учир Засгийн газар буюу хууль хэрэгжүүлэх эрх мэдлийн байгууллагыг ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх нь ард түмний хараа хяналтан доор хөгжлийн бодлого хэрэгжих зөв тогтолцоо мөн гэж үзэж байна.

Хууль тогтоох байгууллагыг хоёр танхимтай болгож, шүүгчдийг ард түмнээс сонгож, Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлохоор болсон ч тэдгээрийн үйл ажиллагааг иргэдийн ашиг сонирхлын үүднээс хянах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах шаардлага байх нь ойлгомжтой тул энэхүү эрх мэдлийг хүний эрхийг хамгаалах байгууллага хадгалан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хүний эрхийн байгууллагын гишүүнийг мөн адил ард түмэн сонгож байх нь зөв болно.

Түүнчлэн ард түмний татварын мөнгөөр бүрдэж байгаа төсвийн зарцуулалт, төрийн өмчийг захиран зарцуулах ажил шударга ёсонд нийцэж байгаа эсэхийг хянах эрх мэдэл бүхий Үндэсний аудитын хороог ард түмнээс сонгож байгуулна. Ийнхүү хянах эрх мэдлийг засаглалын нэгэн эрх мэдэл болгон хадгалан хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудыг ард түмний сонголтоор байгуулан ажиллуулах нь төр засгийн байгууллага, албан тушаалтан хариуцлагатай болох зөв шийдэл мөн. 

Засаглалын эрх мэдлийг ингэж Хууль тогтоох, Хууль хэрэгжүүлэх, Шүүх, Хянах гэсэн 4 үндсэн эрх мэдэлд хувиарлан хэрэгжүүлснээр засаглал хувиарлах онол монголын ард түмний эрх ашигт нийцэн Монголын хөрсөнд буун нутагшин хэрэгжих нөхцөл бололцоог бүрдүүлнэ. Ингэснээр улс төрийн намуудад шургалсан улс төр-бизнесийн бүлэглэл бүхий л эрх мэдлийг гартаа атгах бололцоог хумин хязгаарлах учир өнөөдрийн нийгэмд ноёрхож байгаа засаглалын тогтолцооны гажуудал засагдана.

Мөрийн хөтөлбөр хэрэгжих баталгаа

Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ашиглахдаа зөвхөн монголын ард түмний дундын өмч болгон түүний нийтлэг эрх ашгийг хангах зорилгод нийцүүлнэ.

Улс орноо хөгжүүлэх хамгийн гол нөөц баялаг бол манай улсын иргэд мөн. Ард түмний дундаас улс орноо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, өөрийн эзэмшсэн мэргэжил, боловсролдоо эзэн болсон, төрийн ажилд хувийн шуналгүй хандах ёс зүйтэй хүмүүсийг шилэн сонгож ажиллуулна. 

Манай улсын газар нутаг өргөн дэлгэр, байгалийн баялаг арвин их бөгөөд хүн ам нь авьяас чадвартай тул дэлхий дахины бусад улс орны нэгэн адил эрчимтэй хөгжих бүрэн бололцоотой гэдгийг ухааран ойлгож, төр засгийн бүрэн эрхийг ард түмэндээ эгүүлэн өгч, ард түмний хүсэл зоригоор улс орноо хөгжүүлэх нь хөгжлийн хамгийн том баталагаа мөн гэж үзэж байна.

МАХН-ын гишүүн, дэмжигч бүр энэхүү Мөрийн хөтөлбөрийг гүн гүнзгий судалж, түмэн олонд сурталчилан таниулж, улмаар ард түмэнтэйгээ хамт хэрэгжүүлэхийн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийж, өөрийгөө дайчлан ажиллах ёс суртахууны үүрэгтэйг ухамсарлагтун.

Сайн үйлс дэлгэрэн шударга ёс тогтох болтугай.
Монгол ард түмэн мандтугай.
Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.


2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр.                                                Улаанбаатар хот.