Tuesday, April 21, 2015

Баялаг хувиарлах шинэ зарчим буюу Эдийн засгийн хувьсгал

Баялагийн хувиарлалтын талаар МАХН-ын баримтлах байр суурь

Хамтын хөгжлийн шинэ зарчим, Ашигаа ч эрсдлээ ч хуваалцана

1990 оны эхэн үеийн өмч хувьчлалын алдаатай бодлогын улмаас хойш өдийг хүртэл монголчууд бүтээж бий болгох баялагаа хуваалцдаггүй, цөөн хэдэн гэр бүл, улс төр дамнасан олигархи бүлэглэл нь нийгмийн баялагийн дийлэнх хэсгийг дангаараа буюу гадныхантай хамтран эзэмшдэг болсон. Монгол Улсад бүтээгдэж буй баялагийн эцсийн хэрэглэгч нь монголчууд, монголын газар шороонд буй эрдэс баялагийн эзэд нь монголын нийт ард түмэн байхад ард түмний дийлэнх нь ашиг орлого ихтэй бизнес, томоохон төслүүдэд оролцох боломжгүй байгааг баялагийн хувиарлалт шударга бус байна гэж үзнэ. .

Баялаг хувиарлах суваг нь дан ганц төрөөс зарлаж буй тендер хэлбэрээр явагдаж байгаа нь эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаа цөөн хэсэг бүлгийнхэн ашиг олох, нийгэмд баялаг хувиарлалтын шударга бус тогтолцоо бий болход нөлөөлж байна. Төрийн тусгай зөвшөөрөл, тендер нь баялаг хувиарлалтын гол механизм болсны улмаас улс төрийн намууд  бизнесийн ашиг олох явцуу зорилготой бүлэглэлүүдэд  улам бүр автаж байна. Тендерээр бараа үйлчилгээг худалдан авахдаа жил бүр шинээр зарладаг нь монголын үндэсний компаниуд тогтвортой хөгжих бололцоог хааж буй нэг хүчин зүйл болж байна

Барилга, зам, цахилгаан станц гэх мэт бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хувьцаат компанид өгөх замаар Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд бүтээн байгуулалтын төслүүдээс хувь, ашиг хүртэх боломжийг бий болгоно.  
-      
                      Хувьцаат компаниудын захиалгат ажил, худалдан авалтын нэг жилээр биш наад зах нь 3 жилээр хийдэг болгож, компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Олон нийт дийлэнх хувьцааг нь эзэмшдэг дотоодын ХК-иудад давуу эрх олгох зарчмыг хуульчилна.
-       
              Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ашигт малтмалын ордын 20-оос дээшгүй хувь, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 30-аас дээшгүй хувийг лиценз эзэмшигч нь хяналтдаа байлгах, үлдэх хэсгийг монголын хөрөнгийн биржээр арилжаалах шаардлага тавьж монголын иргэд байгууллагууд хувь хүртэх боломжийг бий болгоно.  
-       
             Экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх стратегийг тодорхойлж, ноос ноолуур, мах, сүү, зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг стратегийн бүтээгдэхүүнд тооцож, борлуулалтын онцгой эрх бүхий олон нийтийн компани байгуулах замаар экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

-       
             Төрөөс тусгай эрх авч, нийтэд үйлчилдэг томоохон аж ахуйн нэгж байгууллагуудыг олон нийтийн буюу хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, үе шаттайгаар 51-ээс доошгүй  хувийн монголын хөрөнгийн биржэд гаргах шаардлага тавьна. Үүрэн телефон, харилцаа холбооны компаниуд, нефьт импортын компаниудыг тэргүүн ээлжинд олон нийтийн статустай болгоно.  

Н.Энхбаяр Таван толгойн талаар

Одооноос таван жилийн өмнө Ниймгмийн толь сонинд өгсөн Н.Энхбаяр даргын ярилцлагыг оллоо. Өнөөдөр ч сэдэв нь хуучраагүй байна.  

Н.Энхбаяр: “Тавантолгой”-н орд газрыг 100 хувь буюу бүхэлд нь ард түмний өмчлөлд шилжүүлж, иргэн бүртээ тэгш хувааж эзэмшүүлэх хэрэгтэй

2008 оны сонгуулиас хойш монгол хүн бүрийн анхаарлын төвд “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үүндээ тулгуурлан уул уурхайн баялгаас иргэддээ хувь хүртээх, улс орноо хөгжүүлэх асуудал байгаа билээ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаасаа хойш иргэд, олон нийтийн байгууллагуудаас янз бүрийн үнэлгээ авч, зарим судлаач, улстөрчдийн үзэж байгаагаар нэгэнт “зэс” нь цухуйж эхэлжээ. 
Нийгэмд буй энэ хандлага нь өнөөдөр эргэлтэнд оруулахаар яригдаж буй “Тавантолгой”-н орд газрыг ашиглах тухай асуудалд ч өөрийн гэсэн өнгө аясыг нэмэрлэж, өнөөдөр бараг монгол хүн бүр сонирхон хэлэлцэж, байр сууриа илэрхийлж байна. Ялангуяа, Засгийн газраас УИХ-д “Тавантолгой”-н орд газрын ашиглалтын гэрээний төслийг өргөн барьснаас хойш иргэд, компаниуд, улстөрчид гээд нийгмийн олон давхаргын төлөөлөл дээрх төсөлтэй холбоотой санал онолоо дэвшүүлэн уралдацгааж байна. Тэгвэл энэ асуудлаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, уул уурхайн талаар ард түмний эрх ашгийн үүднээс тодорхой санал санаачлагуудыг гаргаж байсан Н.Энхбаяр ямар байр суурьтай байгаа тухай ярилцсанаа уншигч олондоо толилуулж байна. 
-Та улс орныхоо нийгэм, улс төрийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зарим асуудалд  хатуухан шүүмжлэлтэй хандсан “Хана хэрэм” нийтлэлээ хэдхэн хоногийн өмнө олон түмэнд хүргэсэн. Зарим улстөрчид, ХМХ-дийн үзэж байгаагаар бол энэ нийтлэлд томоохон орд газруудын ашиглалттай холбоотой таны байр суурь “гэтэх” зарчмаар илэрхийлэгдсэн гэнэ. Тиймээс олон нийтийн анхаарлын төвд байгаа “Тавантолгой”-н орд газрын ашиглалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан хоёулаа яг энэ сэдвээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-“Хана хэрэм” гэх нийтлэл маань өнөөгийн Монголын амьдралд бодитойгоор оршин буй нөхцөл байдлыг элдэв хачир чимэггүй хэлсэнээрээ олон хүний талархал, харин “хана хэрэм”-ний цаана “нуугдаж” шударга бус ажил амжуулж буй цөөн хүний дургүйцлийг төрүүлж байж болох юм. 
Гэхдээ Монголын нийт ард түмнээс сонгогдож байсан Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр дуугүй хараад суух, нийгэмд буй буруу хандлагатай эвлэрэн тэвчих, аман дээрээ ард түмэн гэчихээд ачир дээрээ амиа бодон аргацаах ёс суртахууны эрх надад байхгүй. Нөгөөтэйгүүр “Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй, хүн хэдий цэцэн ч хэлэхээс нааш ухаардаггүй” гэсэн мэргэн үг байдаг. Тиймээс олон нийтэд ч сэрэх, эрх барьж байгаа улстөрчдөд ч санах боломжийг олгох болов уу гэсэн үүднээс уг нийтлэлийг тэрлэсэн юм. 
Нөгөө талаар үнэхээр өнөөдөр “Тавантолгой”-н ашиглалтын асуудал Монгол орны хөгжил дэвшил, монгол иргэн бүрийн амьдрал ахуйтай шууд холбоотой асуудал мөн болохоор таны хэлснээр энэ сэдвээр илэн далангүй ярилцаж, байр сууриа илэрхийлэх нь миний үүрэг гэж би үзэж байна. 
-“Тавантолгой”-н орд газрын ашиглалтыг тойрон өрнөж буй санал санаачлага, Засгийн газрын болон компани аж ахуйн нэгжүүдийн байр суурь гээд аль аль нь харилцан зөрчилтэй байгаагаас жирийн иргэн хүнд баримжаалах, ойлгох, аль нь ашигтай байж болохыг сонгох боломж олдохооргүй, эх адаггүй л юм болж байх шиг?
-Өнөөдөр монголчууд “Тавантолгой”-н нүүрсний ордыг хэрхэн ашиглах, иргэн бүрт, аж ахуйн нэгжүүдэд ямар хүртээлтэй байлгах, ямар оролцоотой байх талаар их сонирхож хэлэлцэж байна. Таны хэлснээр Засгийн газар, иргэд, компаниудын төлөөллөөс янз бүрийн санал санаачлага гарч байх шиг байна. Анзаараад байхад аль аль тал нь өөрсдийн оролцоог аль болох илүү их байлгах талаасаа л анхаараад байна уу даа. Үүнийг буруутгаж болохгүй боловч улс орны хөгжил цэцэглэлт, нийт 2 сая 800 мянган монголчуудын амьдрал ахуйг шийдчих хэмжээний энэ их баялгийг хэрхэн зөв зарцуулах, хэрхэн өгөөжтэй байлгах талаас нь бодож эрэгцүүлэх, явж ирсэн замаа эргэн харж, алдаа дутагдлаасаа сургамж авч, олноороо хэлэлцэж байж шийдэх нь шударга зарчим юм. Монгол Улс үнэхээр ардчилсан орон юм бол үндэсний хэмжээний энэ асуудалд олон ургальчаар хандаж, иргэн бүрийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэрлэх бодлогыг эрж хайж  зөв тодорхойлох, баримталж хэрэгжүүлэх ёстой. 
Монгол Улсын Ерөнхий сайд Батболдын “Тавантолгой”-гоос иргэн бүртээ хувь хүртээнэ” гэсэн байр суурийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч үсрээд 10 хувийг л иргэддээ хувьцаа хэлбэрээр олгох, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүддээ биржээр дамжуулан хувьцаа зарах замаар эзэмшүүлэх зэрэг саналууд нь хэр оновчтой вэ? гэдэгт эргэлзэж байна. Тэгвэл нөгөө талаас Монголын компаниуд нийлээд, “Тавантолгой”-гоо өөрсдөө ашиглая гэсэн санал гарч байгаа. Монголчууд хүчээ нэгтгэн зүтгэвэл чадахгүй зүйл байхгүй гэдэгт би эргэлздэггүй болохоор миний ажилдаа баримталдаг зарчим, сонгуулийн уриа хүртэл “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж байсныг та санаж байгаа биз. Монголын компаниудын дээрх нэгдэл механик бус, харин оюун санааны, хувийн бус, үндэстний эрх ашиг давамгайлсан нэгдмэл байвал амжилтанд хүрнэ байх. 
Өнөөгийн нөхцөл байдлыг ерөнхийд нь тоймлон харвал иймэрхүү хувилбарууд яригдаж байна. Гэхдээ аль аль хувилбар нь Монгол Улсын иргэн бүрийн ашиг сонирхолыг төдийлөн бүрэн бүтэн тооцож чадахгүй байгаа учраас шүүмжлэл байсаар байна. 
-“Тавантолгой”-н тодорхой хэсгийг хувьцаа болгон тараана гэсэн хандлага их хүчтэй байгаа. Гэтэл та “Эх орны хишиг”-ээ санаачилж байхдаа хувьцаанаас татгалзаж, иргэн бүрийг тэнцүү хувьтай болгож, түүнийг баталгаажуулсан нэрийн данстай болгох ёстой гэж байсан. Тэгвэл яг энэ Тавантолгойг хувьцаа болгон тараах асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Би энэ хувьцаа гэдэгтэй огт санал нийлэхгүй байна. Гэхдээ энэ бол үгүйсгэхийн тулд үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Бидэнд өнгөрсөн хорин жилийн хугацаанд өөрсдийн биеэр туулж өнгөрүүлсэн гашуун туршлага бий. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжин, төрийн өмчийг хувьчлахад иргэн бүрт олгогдсон ягаан, цэнхэр тасалбарын түүхийг өнөөдөр олон хүн мартаагүй байгаа. 
Яахав, одоо хувьцаа хэлбэрээр тараах нь зөв гэж ярьдаг хүмүүс “тэр үед монголчууд зах зээл, хувьцааны талаар мэдлэггүй байсан, харин одоо бол байдал өөр болсон” гэж “батлах”-ыг оролддог. Зах зээлийн нийгэм рүү дөнгөж шилжиж байсан тэр үед ард түмэн өнөөдрийнх шиг ядарч туйлдаагүй, ажилгүйдэл ядуурал өнөөгийн түвшинд хүрээгүй байсан гэж судлаачид үздэг. Ямар ч байсан  дийлэнх олонх нь хувьцаагаа хадгалж чадаагүй, харин цөөнх нь хамаг хувьцааг гартаа төвлөрүүлж, өмчийн эзэн болсон байдаг. Баян ба ядуугийн ялгарлын эхлэл энэ алдаатай бодлого хэрэгжсэнээр тавигдсан. 
Тэгвэл өнөөдөр иргэдийн амьдрал хүнд, өргөн хэрэглээний барааны үнэ бараг хоног хоногоор өсч байгаа үед ядарсан ард түмэн маань хувьцаагаа хараад хадгалаад, хүүхдээ өлсгөөд сууж байж чадах уу? Шуудхан хэлэхэд үгүй л болов уу. Харин ч энэ нөхцөл байдал нь мөнгөтэй хэсэгхэн хүнд мөнгөгүй олонхийнхоо хувьцааг амьдралын аргагүй байдлаар нь шахаж далимдуулаад, нэг өдрийн хоолны үнээр цуглуулаад авчих боломжийг олгох нь тодорхой байна. Ингээд хэсэг хугацааны дараа эргэн харахад ард түмэндээ тараасан нэртэй боловч ачир дээрээ хэдхэн хүн хэмжээлшгүй их баялгийн эзэн нь болоод, хожоод үлдэх вий. Тиймээс хувьцаа болгон тараах нь баялгийн тэгш бус хуваарилалтыг өнгөлөн далдлах нэгэн арга, баян, ядуугийн ялгарлыг улам гааруулах алдаатай бодлого гэж би үзэж байгаа. 
-Хувьцааны талаарх таны байр суурийг бас үгүйсгэж боломгүй үнэн санагдлаа. Тэгвэл “Монгол 999” гэх Монголын 1500 компаниудыг нэгтгээд буй нэгдлийн “Тавантолгой”-г өөрсдөө ашиглая гэсэн саналыг та дэмжиж байгаа юу?
-“Тавантолгой”-н ашиглалтанд Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоо давамгай байх ёстой гэдэгтэй ямар ч монгол хүн маргахгүй биз ээ. Үнэхээр үндэсний компаниуд маань ийм санал санаачлага гаргаж, нэгдэж, хөгжлийн төлөө санаа оноогоо нэмэрлэж байгаа нь сайшаалтай хэрэг. Хамгийн ойлгомжгүй, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа зүйл бол уг нэгдлийн, ер нь манай компаниудын энэ төсөлд оролцох оролцоогоо тодорхойлж томъёолж байгаа байдал юм. Энд бодит хандлага үгүйлэгдэж байгаа нь уг нэгдлийн удирдлагад байгаа хүмүүсийн хэлж ярьж, илэрхийлж буй хоорондоо зөрчилтэй байр сууринаас тодорхой харагдаж байна. 
Хэрвээ асуудалд Монголын компаниудын оролцоог дэмжинэ гэх байр сууринаас хандвал өөр нэг асуудал буюу “тийм л байсан юм бол “Тавантолгой”-г “Энержи ресурс” гэдэг хувийн компаний мэдэлээс яах гэж төрд буцааж авсан юм?” гэх асуудал автоматаар урган гарна. Хоёр жилийн өмнө “Энержи ресурс”-ээс төрд буцааж аваагүй байсан бол өдийд ёстой л нөгөө биржээс хөрөнгөө босгодогсон уу, зээлдэгсэн үү, ажлаа эхэлчихсэн байх байсан биз. Тэд ч 10 хувийг нь ч юм уу ард түмэндээ хувааж өгчихөөд, тодорхой хэсгийг нь биржээр дамжуулаад бусад сонирхсон аж ахуйн нэгжүүдэд зарчих л байсан байх. Өнөөдөр “Ухаа худаг” гэдэг газарт “Энержи ресурс” үйлдвэрлэлээ босгоод эхэлчихсэн байгаа шүү дээ. 
Тэгвэл нөгөө талаас ер нь “Тавантолгой”-н эрхийг эзэмшиж байсан “Энержи ресурс” одоогийн “Монгол 999” хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? гэсэн асуулт гарна. Нэг нь дотоодын арваад компаний нэгдэл, нөгөөх нь 1500-гаад компаний нэгдэл гэсэн зарчмын гэхээсээ илүү жижигхэн, бараг хувийн сонирхлын гэмээр ялгаа харагдаад байгаа. 
-Тэгэхээр энэ бүхнээс харахад аль аль тохиолдолд ямар нэг хэлбэрээр баялгийн хуваалт, хувиарлалт гэсэн явцуу сонирхолд л хөтлөгдөөд байгаа юм биш байгаа гэх хардлага өөрийн эрхгүй төрж байгаа биз?
-Тэгэхлээр тухайн үед “Тавантолгой”-н лицензийг улсад буцааж авах асуудлыг санаачилж, лиценз эзэмшигчидтэй нь ярилцаж, ятгаж, шахаж, Засгийн газарт чиглэл өгч хэрэгжүүлсэн хүн нь би юм.  Ямар зарчим барьсан бэ? гэхлээр улсын зардлаар геологийн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол тухайн стратегийн орд газрын лиценз 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэж үзсэн. Иймэрхүү зарчимаар хандаж зүтгэсний үр дүнд 15 орд газрыг стратегийн орд газрын жагсаалтанд оруулж чадсан санагдаж байна. Харамсалтай нь тэдгээрийг төрийн мэдэлд шилжүүлэх ажил одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. 
Тэр утгаараа “Тавантолгой”-н стратегийн орд газрыг төрийн мэдэлд буцааж өгсөн нь чухал алхам болсон. Энэ ажлыг хийсэн, хийлцсэн бүх хүнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ миний санал бол уг ордыг 100 хувь төрийн мэдэлд буцааж шилжүүлэх тухай байсан. Гэтэл тодорхой хэсгийг нь “Энержи ресурс” дээр үлдээсэн.  Үүнтэй Монголын бусад компаниуд барьцдаг, шүүмжлэлтэй ханддаг юм байна лээ. Энэ “999 компани”-ийнхан ч гэсэн “бид “Энержи ресурс”-ээс юугаар дутах юм бэ? Яагаад тэд “Тавантолгой”-г авч байхад бид авч болдоггүй юм бэ?” гэж асууж байгаа юм. Хариулахад хэцүү. 
Уг төслийг хэрэгжүүлэхэд Монголын компаниуд давуу эрхтэй, ижил тэгш оролцох ёстой гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ асуудлын гол нь “Тавантолгой”-г иргэн бүрт хүртээлтэй шийдэх ёстой гэсэн санал юм. 
-Нийгэмд хамгийн түгээмэл хэлэлцэгдэж буй хувилбаруудын талаарх таны байр суурь шүүмжлэлтэй байгаа юм байна. Тэгвэл танд “Тавантолгой”-г ингээд ашиглачихвал илүү хүртээмжтэй юм байна гэсэн хувилбар, санал байгаа юу? Нууц биш бол энэ талаар тодорхой ярьж өгөхгүй юу?
-(Инээв) Нууцсаад байх юу байхав дээ. Би түрүү түрүүчийн ярилцлагууддаа нэг бус удаа хэлж байсан. Үнэхээр Монголын төрийн хамгийн өндөрлөгт хүртэл намайг дэмжсэн, сургаж боловсруулсан, өдий зэрэгтэй болгосон ард түмэндээ би асар их өртэй хүн. Тиймээс би өөрийн өчүүхэн мэдлэг оюун, чадвар, туршлагыг энэ ард түмнийхээ, улс орныхоо сайн сайхны төлөө зориулах үүрэгтэй гэж боддог. Намайг ингээд ярихаар мэдээж миний санааг мушгин гуйвуулж, элдвээр дайрч давшлах л байх л даа.  Гэвч улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудал шийдэгдэж байх үед нэр төрөө хичээгээд суугаад байх нь жинхэнэ гутамшигтай хэрэг болох биз. 
Би энэ өвөл, хавар хөдөө орон нутгаар нэг бус удаа явж, иргэдийн ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар ч санаа бодлыг нь сонсч байлаа. Иргэдийн зүгээс “Уул уурхайн баялгийг иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэйгээр хуваарилахад анхаараач” гэсэн хүсэлт саналыг хамгийн ихээр гарган тавьж байсан юм. 
Тиймээс “Тавантолгой”-н ордын ашиглалтын хувилбаруудын талаар багагүй хугацаанд судалгаа хийж, эрдэмтэн судлаачид, нийгмийн янз бүрийн төлөөллийн хүмүүстэй санал солилцож, гадаадын туршлагыг ч судалж үзсэн. Үүний үр дүнд миний гэж хэлж болох боловч үндсэндээ иргэдийн санал санаачлага, эрэлт хүсэлт дээр тулгуурласан нэгэн хувилбарыг боловсруулсан юм. 
Энэ ордын өмчлөл, зохион байгуулалт, ашиглалт, хуваарилалт нь дараах үндэслэл дээр тулгуурлан хийгдэх ёстой. “Тавантолгой”-н баялаг бол, ер нь газрын хэвлийн баялаг бол хэн нэгэн тодорхой хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр бүтээгдсэн баялаг биш юм. Өөрөөр хэлбэл, дэлхий ертөнцийн үүсэл хөгжилтэй холбоотойгоор хүний оролцоогүй өрнөсөн байгалийн үйл явцын үр дүнд үүссэн баялаг юм. Өвөг дээдэс маань энэ газар нутаг дээрээ төрж өсөн, хамгаалан баталгаажуулаад газрын дээрх болон доорх баялагтай нь бидэнд өвлүүлсэн гэдгийг ч мартаж болохгүй. Тиймээс энэ баялгийг цөөн хэдэн  хүн эзэмшиж, үр өгөөж нь цөөхөн хүнийг баяжуулах хэрэгсэл болно гэдэг бол дэндүү шударга бус хэрэг болно. 
-Та шүүмжлүүлж хашрахгүй хүн юмаа. Таныг ингэж ярихаар мушгин гуйвуулах хүн мундахгүй дээ? Таны хэлж ярьж байгаа манай ард түмний сонсохоо болиод, төсөөрөөд, бараг мартчихсан шударга үнэн гэх ойлголттой дүйх гээд байх чинь?
-Мэдээж хэлэх нэг нь хэлэх байх. Энхбаяр муудаа, эсвэл хорссондоо ингэж ярьж байгаа юм гэж. “Идсэн эрүү хувхайрдаг, идүүлсэн бут ургадаг” гэж нэг үг байдаг. Тэгэхлээр би гүжир гүтгэлгээс айж, магадгүй улс орны хөгжлийн зөв гарц болж болох саналаа илэрхийлэхээс татгалзах ёстой болж байна уу? Эцсийн эцэст би ард түмэнтэйгээ аман дээрээ биш, ажил хэргээрээ амь нэгтэй байгаагийнхаа төлөө хэн нэгэн бэртэгчинд доромжлуулж байвал харин ч бахархмаар хэрэг биш үү? Би үнэн ба худлыг дэнслэн цэгнэх чадвартай ухаант ард түмэндээ итгэдэг. Намайг гүтгэж доромжилж байгаа тэр цөөхөн хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн одоо мэдэхтэйгээ болсон цаг. Гүжирдэхээс айж дуугүй байх нь харин ч том алдаа болно. 
-Та бид хоёр сэдвээсээ жаахан хазайчихлаа. Гэхдээ таны илэн далангүй яриа Энхбаяр гэдэг хувь хүнийг бас нэг өөр талаас нээгээд өгчихлөө.
-“Ам нээвэл уушиг нээ” гэдэг биз дээ. Би хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан ч энэ эгэл ард түмний бас нэг төлөөлөл. Тэгээд энэ байр сууринаас харвал бидний өнөөгийн амьдралд шударга бус хандлага бараг хэвшиж, үнэн үг хэлсэн хүн адлагддаг болсон нь өөрчлөх ёстой жишиг гэж үзэж байгаа болохоор илэн далангүй ярьж байна. 
-Хоёулаа буцаад “Тавантолгой”-н талаарх таны санал руу орох уу?
-Тэгье. 
“Тавантолгой”-н ашиглалтын талаарх миний санал гэвэл:
1. Монголын нийт ард түмэн, тодруулвал иргэн бүр “Тавантолгой”-гоос хувь хүртэх ёстой гэсэн зарчим. Гэхдээ хувьцаа хэлбэрээр биш, нэрийн дансаар хувь хишгийг хүртэж байх тухай ярьж байна.
2. ”Тавантолгой”-н 10 хувийг биш, “Тавантолгой”-н орд газрыг 100 хувь буюу бүхэлд нь ард түмний өмчлөлд шилжүүлэх зарчмыг баримтлах, үүнийг тусгай хууль боловсруулан гаргаж баталгаажуулах.
3. Монголын 2 сая 800 мянган иргэн буюу 2 сая 800 мянган гишүүнтэй ард түмний өмчлөлд байх компанийг байгуулах. Монгол хүн төрөнгүүтээ энэ компаний нэг гишүүн нь болж бүртгэгдээд, насан туршдаа  энэ эрхийг нэр төдий биш, нэрийн дансандаа ногдол ашгийг нь тогтмол , бусадтай ижил тэгш хүртэх замаар эдэлж байх зарчим.
4. ”Тавантолгой” төслийг гүйцэтгэн хэрэгжүүлэх ажилд Монголын компаниуд давуу эрхтэй оролцох зарчим. Манайхны үзүүлж чадахгүй, манайхны хийж чаддагүй, заавал гадныхны туслалцааг авч, хамтран ажиллах шаардлагатай бараа, үйлчилгээний  хэрэгцээ гарвал гадаадын компаниудын үйлчлэх эрх Монголын компаниудаар дамжин нээгддэг байх зарчим. 
Ер нь тэнд шинээр үүсэх хот тосгоны үйлчилгээг манай үндэсний компаниуд гүйцэтгэж, алсдаа уурхайг дагасан ямар хөгжил үүсэхийг бид шийдэх ёстой. Ийм жишиг олон орнуудад байна. 
-Уучлаарай, үнэхээр хэрэгждэг бол сайхан л санаа сонсогдож байна. Бүх иргэн нь нэг компаний гишүүн байна гэж сонсоогүй юм байна. Амьдрал дээр байж болох болов уу? Нэг бол төрийн өмч, эсвэл хувийн өмч л байдаг шиг санагдах юм. Иргэн бүрийн өмч гэхээр...
- Дээр хэлсэнчлэн газрын хэвлийн баялаг бол байгалиас заяагдсан зүйл. Түүнийг хэн нэг хүн, аль нэг компани, эсхүл төр засаг бүтээж бий болгоогүй. Тиймээс нийгэмд түгээмэл байдаг хувийн, төрийн гэх өмчлөлийн хэлбэрт газрын хэвлийн баялгийг, тухайлбал, “Тавантолгой”-г хамруулж болмооргүй. 
Тэгээд төрийн тогтолцоо нь оновчтой биш, хариуцлагын тогтолцоо нь сул байгаа өнөөгийн цаг үед төрийн мэдэлд томоохон өмчийг бий болгоно гэдэг цаагуураа хээл хахууль, авлига, хүнд суртал, шударга бус явдал, оновчтой бус хуваарилалтыг дэмжинэ гэсэн үг болно. Нөгөө талаар хувийн өмчид шилжүүлвэл баян ба ядуугийн ялгаа гаарч, нийгмийн дотор шударга бус явдал дэлгэрнэ гэсэн үг. 
Тэгвэл өмчлөлийн өөр ямар хэлбэр байна вэ? гэж эрэлхийлэл хийсэн. Дэлхий дахинд сүүлийн үед шинээр бий болж байгаа өмчлөлийн өөр нэг хэлбэрийн хандлага бол “бүх нийтийн буюу ард түмний өмч” гэсэн ойлголт юм. Өнөөдөр зарим орнуудад олон нийтийн өмчлөлийн компаниуд хэдийн бий болжээ. Эдгээр компаниуд хүний оролцоогүй буй болсон баялаг буюу уул ус, ой мод, бэлчээр, ашигт малтмал зэрэг баялагийг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдон бий болдог байна. Харин хүний оюун ухааны үйл ажиллагааны үр дүнд бий болсон бусад баялаг, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл ажиллагаа голдуу хувийн өмчид тулгуурлаж байна. Улс орны аюулгүй байдалтай холбоотой салбарууд, ялангуяа дэд бүтцийн салбарын зарим объект төрийн өмчид байх нь зохимжтой юм. Тухайлбал, хил дамнасан төмөр зам төрийн мэдэлд байх, харин хил дамнаагүй төмөр зам хувин мэдэлд байх зэрэг зарчим байж болно. 
Дашрамд хэлэхэд “Бүх нийтийн буюу ард түмний өмч”-ийн аж ахуйн нэгж байгуулах, түүнийг удирдан ажиллуулах талаар гүн гүнзгий судалгаа хийсэн АНУ-ын Индианагийн Их сургуулийн профессор Остром 2009 онд Нобелийн шагнал хүртсэн. 
Тийм учраас энэ бүхнийг судалж, бодож, харгалзан үзээд монголчууд бид яагаад “Тавантолгой”-гоо “ТАВАНТОЛГОЙ – бүх нийтийн өмчит компани” болгож болохгүй гэж? гэсэн санал дэвшүүлж байна.

-Нийтийн өмч гэхээр бид нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн радио телевиз гээд төрөөс санхүүждэг, ашгийн бус байгууллагуудыг мэднэ. Таны хэлээд байгаа “Тавантолгой” бүх нийтийн эзэмшлийн компани ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж таарна. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулах вэ? Бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаагаа дүгнэх гээд олон ажил гарах байх?
-Зөв асуулт байна аа, хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийгдэж таарна. Нэгэнт энэ компаний гишүүд нь бүх иргэд байх учраас бүх ард түмний төлөөлөл болж сонгогдсон УИХ компаний Төлөөлөн удирдах зөвлөлийг баталдаг байж болох байх. Компанийн ТУЗ-д нэр дэвшүүлэхдээ ард түмнээсээ сонгогдсон УИХ гэдэг утгаараа УИХ-аас 3 хүн, Ерөнхийлөгчөөс 3 хүн, Засгийн газраас 3 хүн гээд нэр дэвшүүлж болох юм. Дээр нь иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөлүүдийг ч ТУЗ-д тодорхой тоогоор нэр дэвшүүлэн сонгож оруулж болно. Эдгээр гишүүд ротацийн журмаар ажилладаг байж болно.
Компанийн үйл ажиллагааг олон нийтийн зүгээс хянах Хяналтын зөвлөлийг байгуулж, аймаг бүрээс ИТХ-аас нэр дэвшүүлэн сонгох журмыг хэрэглэж болно. Бусдаараа бол компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журмаа бариад явж болно шүү дээ. Ерөнхий санаа бол ийм байгаа юм. Энэ бүхнийг хуульчилж баталгаажуулах хэрэгтэй. Гол нь ашгаа иргэн бүр компанийн гишүүний хувьд тэнцүү хувааж нэрийн дансан дээрээ авдаг байх зарчим. Хүн мөнгөө аваад яаж, юунд зарахаа хэнээс ч илүү сайн мэднэ дээ. 
-Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл компаний ТУЗ-д сонгогдож болно гэлээ. “Оюутолгой”-н ТУЗ-ийг сонгож байхад иймэрхүү яриа иргэний хөдөлгөөнүүдээс гарч байсан ч дэмжигдээгүй шүү дээ?
-Яагаад болохгүй гэж? Манай иргэний хөдөлгөөнүүд сүүлийн жилүүдэд байгаль орчин, уул уурхайн томоохон төслүүдэд санал бодлоо нэмэрлэсээр ирсэн. Зөв зүйтэй зүйл олныг хэлж байсан. Иргэний хөдөлгөөнийхөн гээд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн, янз бүрийн хэлбэрээр тэмцээд ирсэн Цог, Хурц, Ганбаатар, Авирмэд, Лхагважав нар шиг хүмүүс “Тавантолгой” гээд олон нийтийн өмчлөлийн компаний ТУЗ-д байж болно шүү дээ. Тэгж байж жинхэнэ утгаараа бүх нийтийн өмчлөлийн компанийн шинжээ бататгаж, иргэний олон нийтийн шударга хяналтыг баталгаажуулна шүү дээ. Энэ хүмүүс сонгогдохгүй юм гэхэд оролцоо, боломж нь хууль журмаараа нээлттэй байх ёстой. Ер нь бид “Тавантолгой”-н төслийг нэг бол төрийн компани, эсвэл хувийн компани хэрэгжүүлнэ гэж хоёр туйлшралд автах хэрэггүй. Дундын, илүү оновчтой хувилбар болох “бүх нийтийн өмч буюу ард түмний өмч” гэсэн загварыг сонгож болно. 
-Таны хэлж байгаа 2 сая 800 мянган гишүүнтэй компаний бүртгэл, ашиг хүртээх гээд нүсэр том ажил болох биш үү?
-Мэдээж аливааг шинээр эхлүүлэхэд амаргүй байх нь ойлгомжтой. Харин нэгэнт эхлүүлээд, гольдирлыг нь зөв олчихсон байхад үр ашиг нь туулсан бэрхшээл, гаргасан хүчин чармайлтыг хэдэнтээ давдаг нь амьдралын жам шүү дээ. Тэгэхээр монголчууд бид алийн болгон хэцүү, чадахгүй, бүтэхгүй гэж хойш суух юм бэ? 
Миний санал болгож байгаа хувилбарыг хэрэгжүүлэх нь зөвхөн эдийн засгийн үр ашгаар хэмжигдэхгүй. Манай улс иргэдээ бүртгэх, иргэний бүртгэлээ ямар ч “но”-гүй болгох ёстой гэж ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзэв? Уг нь Засгийн газар иргэний бүртгэлийн төгөлдөршилт гэсэн хөтөлбөр дэвшүүлж байсан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй л байна. Тиймээс сонгууль болохоор хэдэн арван мянган сонгогчид хаанаас ч юм бэ гараад ирдэг биз дээ? 
Тэгвэл “Тавантолгой” хэмээх бүх нийтийн өмч буюу ард түмний өмчлөлийн компанидаа бүх иргэдээ бүртгэх явцад төр иргэдээ нэгдсэн нэг бүртгэлд давхар хамруулаад авчих сайхан боломж гарна. “Тавантолгой”-д шууд оролцох, тэндээс ногдол ашиг хүртэх эрмэлзэл, сонирхол иргэн бүрт байгаа болохоор иргэн бүр сайн дураараа бүртгүүлнэ. Ер нь бол мэдээллийн технологи, харилцаа холбоо хурдацтай хөгжсөн өнөө үед иргэдийн бүртгэлийг сайн хийх нь их чухал аа. Бүртгэлээ сайн хийгээд авчихвал нийгмийн олон харилцааны зохицуулалт боловсронгуй, амар хялбар болно. Таны асуугаад байгаа ашиг хүртээх, хуваарилах ажил ч энэ төгс төгөлдөр болсон иргэний бүртгэлийн систем дээр суурилан элдэв чирэгдэлгүй хийгдэх болно.
-Таны ард түмнийхээ төлөө дэвшүүлж байгаа энэ санал үнэхээр бодууштай санагдлаа. Харин үүнийг бодит ажил хэрэг болгохын төлөө та юу хийхээр төлөвлөж байна вэ? Ер нь иргэн бүр яах ёстой юм?
-“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал буруугүй.” гэсэн ухаант ардын минь сайхан үг бий. Референдум хэмээх олонхийн саналаар шийдвэрлэдэг дэлхий дахинаа тогтсон ардчиллын жишиг ч бий. Энэ бүхнийг бодолцвол дээрх саналын талаар олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж болно. Мөн УИХ, ЗГ, Ерөнхийлөгч, иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудын төлөөлөл, эдийн засагчид, судлаачдыг оролцуулсан телевизийн шууд хэлэлцүүлгийг МҮОНРТ-ээс зохион байгуулбал би хувьдаа оролцож, санаа оноогоо уралдуулахад бэлэн байна. Санал санаачилга маань олон нийтийн дэмжлэгийг авбал холбогдох санал, хуулийн төслийн хувилбарыг УИХ, Засгийн газарт санал болгох бодолтой байна. 
Эс тэгвээс ноднин “Оюутолгой”-н асуудлыг яаран байж алдаатай шийдсэнтэй адил иргэдийн санаа сэтгэл наадам, морь, бөх, айраг цагаа гэж байхыг “далимдуулан” Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн эрх ашигтай шууд холбоотой “Тавантолгой”-н асуудлыг “бушуу туулай борвиндоо баастай” гэдгийн үлгэрээр хуудуутай шийдвэрлэнэ. 
-Та Засгийн газар саналыг тань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна уу?
-Энэ санал санаачлага маань Ерөнхий сайдын “ард түмэндээ хувь хүртээнэ” гэсэн санаачлагыг бодит ажил хэрэг болгох гол аргачлал нь болох байх гэж итгэж байна. Ер нь Засгийн газар гэлтгүй, Ерөнхийлөгч, УИХ гээд ард түмнээс сонгогдон, ард түмний татварын мөнгөөр оршин байгаа хэнбугай ч ард түмнээ гэсэн энэ санал санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж байгаа шүү. Тэдэнд хойш суух, иргэн бүрийн ашиг сонирхолд нийцсэн шийдлээс зайлсхийх эрх бий гэж үү? 
-Таны хэлсэнээс үзвэл энэ санал санаачлагад, тодруулбал “Тавантолгой”-г зуун хувь ард түмэндээ өмчлүүлэх саналд хэрхэн хандахаас манай эрхтэн дархтнуудын үнэн нүүр царай тодрох нь. Тэгэхээр ард түмэн, иргэд маань анхааралтай ажиглах л үлдэж байх шиг?
-Тоймлож хэлбэл тийм юм даа. Гэхдээ ард түмнээрээ хэлэлцүүлж, иргэн болгонд хүртээмжтэй хувилбарыг, шударга хуваарилалтыг сонгож, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэх нь монголчууд бидний өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал гэдгийг дахин онцолмоор байна. Гэхдээ иргэд дуугүй харж суух биш, харин дуугаа өргөж саналаа нэмэрлэвэл хүн бүрт хүртээлтэй байх бодлого бодит шийдвэр болно. 
-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Ажлын их амжилт хүсье.
Ярилцсан: М.Ганзориг