Илтгэл: Бид өрсөлдөх чадвартай юу? Төр бидний өрсөлдөх чадварыг дэмжиж
байгаа юу?
Сайн байцгаана уу?
Залуучууд аа.
Намайг Э.Эрдэнэжамъян гэдэг. Эрх зүйч мэргэжилтэй.
Монголын Скаутын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Залуучуудтай ажилладаг,
залуучуудыг өв тэгш иргэн болгох үндсэн зорилготой скаутын хөдөлгөөнд 20 гаруй
жил хүчин зүтгэсэн хүний хувьд өнөөдөр энэ танхимд өөрийн зарим үзэл бодлыг
хуваалцах гэж хүрэлцэн ирлээ.
Юуны өмнө та бүхэндээ цэргийн баярын халуун мэндийг
өргөн дэвшүүлэе! Энэ
өдөр эр зоригтой өвөг дээдэс маань Хиагтыг чөлөөлөхөөр зорьж, 400 цэргийн
хүчээр өөрөөс цэрэг зэвсгээр хол илүү дайсныг дарж сөнөөнө хэмээн бат итгэж,
бас тэрхүү итгэлийнхээ төлөө амь бие үл хайрлан тэмцэж, ялалт байгуулсан өдөр
юм. Энэ өдөр монголчуудын тусгаар тогтнолын төлөөх хүсэл мөрөөдөл сэрсэн,
боссон, хэрэгжиж эхэлсэн өдөр юм.
100 жилийн өмнө манай
улсыг хятадын гоминданы цэрэг эзэлсэн байлаа, мөн оросын цагаан хааны цэрэг
орогнон түйвээж байв, манайд боловсролын систем гэж байсангүй, цэрэг арми ч
үгүй, цэрэг цуглана гэвч зэвсэг үгүй байсан юм.
Гэвч тэр үеийн
залуучуудад мөрөөдөл,тусгаар улсаа босгож, гадаадын дайсныг хөөж зайлуулж чадна
гэх итгэл байсан юм. Тэр байтугай Үндсэн хуулиа батална. Нийгэм журмын цоо шинэ
тогтолцоонд шилжиж чадна гэх итгэл байсан юм.
Хорин хэдэн настай
залуучуудаар удирдуулсан тэдэнд агуа том итгэл, мөрөөдөл байсан тул чадсан.
Энэ танхимд сууж байгаа
залуучууд та бүхэн ч тухайн цаг хугацаанд байсан бол үүнийг чадах байсан гэдэгт
би итгэлтэй байна. Гэвч бидэнд өнөөдөр тийм агуа мөрөөдөл, итгэл байгаа юу?
Өнөөдөр манай улс хөгжих, хэрхэн хөгжих тухай хүн
бүр сэтгэн бодож, өөр өөрийн гарц гаргалгааг тунгаан бодож байгаа цаг юм.
Аль ч улсын хөгжлийг үнэлдэг ерөнхий хэдэн
үзүүлэлт байдаг. Жишээлбэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, түүнээс
нэг хүнд ногдох орлого, аж үйлдвэр, техник технологийн ололт амжилт, шинэ
бүтээлүүд буюу үйлдвэр үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбарт хийгдэж буй
инноваци гэх мэтээр маш олон янзын үзүүлэлтийг бид гарган тавьж болно. Өрсөлдөх
чадварын үзүүлэлт гэх мэт зүйлийг монголчууд ярьдаг ойлгохыг хичээдэг болжээ.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 байдлаар:
https://tradingeconomics.com/mongolia/gdp
нэг хүнд ногдох орлого нь байна.
Харин өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын дунд 104-т орж
байна.
https://ikon.mn/p/ko3
Гэхдээ бидэнд эдгээр үзүүлэлтийн ард чухам ямар
хүчин зүйл хамгийн чухал болохыг тунгааж бодох явдал дутагдаж байна. Тэр нь
хүний нөөцийн бодлого, хүнээ хөгжүүлэх бодлого гэж товчлон хэлж болно.
Дотоодын нийт бүтээгдэхүүний их ба бага байгаа
үзүүлэлтийн цаана явж явж тэрхүү эдийн засгийн үзүүлэлтийг өөд нь татах ёстой,
тийм чадвартай хүмүүс байна уу үгүй юу гэдэг асуулт хамгийн чухал байдаг. Учир
нь шинэ нээлт, амжилттай яваа бизнес бүрийн цаана хүний авъяас, санаачилга,
уйгагүй зүтгэл нуугддаг. Өрсөлдөх чадварын үзүүлэлт гэдэг нь үндсэндээ өнөөгийн
нийгэмд манай улсын хүмүүс, тэр дундаа залуучууд маань бусад улсын залуучуудтай
өрсөлдөх чадвар байна уу үгүй юу гэдэг асуудал юм.
Тэгэхээр миний өнөөдрийн илтгэл манай улсын
залуучуудад өрсөлдөх чадвар байгаа юу үгүй юу гэдэгт та бүхний анхаарлыг
хандуулах зорилготой юм.
Өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн үзүүлэлт зэргээр олон
улсын байгууллагуудын гаргадаг олон судалгаа бий.
Хүний хөгжлийн үзүүлэлтийг үндсэндээ гурван үе давхаргад хувааж тодорхой
асуулт тавьж, өөрийн бодлоо илэрхийлэе.
1.
Хувь
хүний хөгжлийн үзүүлэлтээр бид ямар түвшинд явна?
-
Хувь
хүний үзүүлэлтийг боловсрол буюу мэдлэг олж байгаа байдлаар нь үнэлнэ. Энэхүү
мэдлэг боловсролыг дэлхий дахинд
o
Академик
боловсрол буюу бичиг үсэг, тоо, физик, хими гэх мэт шинжлэх ухааны суурь мэдлэг
дунд болон их, дээд сургуулиар олж авч байгаа боловсрол
o
Эрүүл
мэндийн ба спорт, биеийн хөгжлийн боловсрол буюу эрч хүчтэй ажиллах, ачаалал
даах, урт удаан амьдрах тухай боловсрол
o
Оюун
санааны буюу итгэл үнэмшил, сайн мууг ялган таних, хувь хүний үнэт зүйлийн
боловсрол
o
Эр
зоригийн буюу шийдвэр гаргах, гаргасан шийдвэртээ үнэнч байх, шинийг санаачлах,
өөрийгөө илэрхийлэх зэрэг хүрээнд багтаан ойлгодог.
БИД боловсролыг зөвхөн академик боловсролын
хүрээнд сэтгэж, хараад байгаа юм биш биз? Өв тэгш хүн гэж хэнийг хэлэх вэ? Аль
нэг боловсрол нь дутагдвал амжилт гаргах, улс орныг хөгжүүлэхэд үр нөлөө
үзүүлэх үү?
-
Тодорхой
мэдлэг боловсрол эзэмшсэн хүний ёс суртахуунтай холбоотой хүмүүжил буюу орчин
үед хандлага гэж нэрлэх ойлголт бий.
o
Спорт
нь хүний биед хэрэгтэй гэдгийг ойлгох нь мэдлэг, харин спортоор хичээллэх гэж
хүсдэг эсэх нь хандлага
o
Тодорхой хичээлийг ямар нэг байдлаар хэрэгтэй
гэж ойлгож, багшийн заасныг сурах нь мэдлэг, харин түүнийг дэлгэрүүлэн судлах
дуртай байх эсэх нь хандлага
o
Архи
тамхи хэрэглэх нь муу гэдгийг ойлгох нь мэдлэг, харин түүнийг хэрэглэх эсэхээ
шийдэх нь хандлага
Монголчууд бид үүнийг хүмүүжил гэж нэрлэдэг. Хүний сайн сайхан чанаруудыг шингээсэн
гэсэн утгатай үг билээ.
-
Дадал
зуршил гэдэг бол олж авсан мэдлэг, өөртөө бий болгосон хандлагаа амьдрал дээр
хэрэгжүүлж байгаа эсэхийн үзүүлэлт болдог.
o
Спортоор
хичээллэх хандлагатай боловч зав гаргадаггүй, бие бялдарын хөгжилдөө санаа
тавьдаггүй бол муу зуршилтай гэсэн үг. Харин байнга спортоор хичээллэдэг бол
сайн зуршилтай хүн болно.
o
Багшийн
заасныг ойлгодог, хичээлдээ сайн суудаг ч илүү их мэдлэгт тэмүүлдэггүй бол муу
зуршилтай, багшийн заасан бүхнийг дэлгэрүүлэн судлах тэмүүлэлтэй, баяжуулан
ойлгох эрэл хайгуул хийдэг бол сайн зуршилтай
o
Тамхины
хор уршигийг ойлгодог, тамхинаас гарна гэж боддог хандлагатай боловч гарч
чадаагүй хүн бол муу зуршилтай, буруу дадалтай хүн гэсэн үг.
Үндсэндээ өв тэгш сайн хүн гэж сайн мэдлэг
боловсрол олж авсан, түүнийгээ өөрт болон бусдад хэрэгтэй гэж итгэдэг, зөв хандлага,
зуршлыг амьдралдаа хэрэгжүүлж чадсан хүнийг хэлнэ. Дан ганц мэдлэг олоход
чиглэсэн, түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэггүй хүнийг өв тэгш хүн гэж хэлхэд
хэцүү.
Дараагийн
үзүүлэлт бол
2.
Ниймийн
зүгээс сайн, муу ямар нөлөөг залуучуудад үзүүлж байна?
-
Залуучуудыг
нийгэм хэн гэж үзэж байна вэ гэдэг асуулт юм.
-
Хий
гэснийг хийгээд, сур гэснийг сураад явах ёстой этгээд үү өөрийн гэсэн хүсэл
мөрөөдөлтэй бие хүн гэж ойлгож байна уу?
-
Өөр
шигээ болгохыг хүсч байна уу? Өөрөөсөө өөр хүн болгохыг хүсч байна уу?
-
Өөрсдөө
алдаж онодог, баяр ёслол бүрээр баярладаг, залуу насандаа болзож дурлаж явсан мөртлөө залуучуудыгаа хэзээ ч
баярлаж болохгүй, алдаа гаргах эрхгүй, болзож дурлах шаардлагагүй мэтээр ойлгож
шаарддаг нийгэм үү?
-
Дэмжлэг
үзүүлж байна уу? Бололцоо олгож байна уу?
-
Шинийг
санаачилж, өөрийнхөөрөө шийдэх үед нь хэрэгтэй дэмжлэг үзүүлдэг компани,
залуучуудад зориулсан хөрөнгө оруулалтын сан тогтсон бүтэц байна уу? Зөвхөн аав
ээж, ах дүүсийнхээ чадвахийн хэмжээнд л хөгжих бололцоотой юу? Аав ээж нар нь
эрсдэл хийгээд хөрөнгө оруулахад бэлэн тийм олон гэр бүл байна уу?
3.
Төрийн
зүгээс үзүүлэх нөлөө буюу дэмжлэг байна
уу, үгүй юу?
-
Залуу
хүн шинээр бизнес эрхлэх бололцоо байна уу?
-
Зээлийн
хүү, банкны барьцаа, түрээсийн төлбөр нь бусад улсаас их үү бага уу? Манай
залуучууд бусад орны залуучуудтай өрсөлдөх дэд бүтцийг төр хийж өгсөн үү?
Тендерийн хууль нь залуу бизнес эрхлэгчдэд ээлтэй юу эсвэл зөвхөн том компани,
олон жил бизнес хийсэн байгууллагыг дэмжиж байна уу?
-
Чөлөөтэй
сурч боловсрох, давтан сурах
-
Монголын
их дээд сургуулийн төлбөрийн систем нь залуучуудад ээлтэй юу? Хөгжлийн төлөө,
залуучуудыгаа улс орныг хөгжүүлэх хүн гэж харсан тогтолцоо юу? Эсвэл их дээд
сургуулийн төсвийг бүрдүүлэгч гэж харж байна уу? Залуу хүн өөр мэргэжил эзэмших
боломж олгож байна уу?
-
Мэдлэгээ
ашиглах, инноваци бий болгох боломж
-
Монголдоо
болон гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, шинийг санаачлагчид, инноваци бий
болгох хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулсан дэд бүтцийг төр дэмжиж байна уу?
Хүртээмжтэй хэрэгжсэн төсөл байна уу? Хөрөнгө мөнгө нь хангалттай юу? Ер нь
тийм систем байна уу? Мэдлэг боловсрол олгочихоод зөнд нь орхичихож байна уу?
Шинэ нээлт, шинэ бүтээлийг бий болгохын төлөө эрсдэл гаргах боломж байна уу?
Төр тийм зүйлийг хийж чадаж байна уу?
Дүгнэлт
Залуучууд маань авъяастай. Сайн сурч чадаж байна.
Дэлхийн аль ч улсын хүүхэд залуучуудаас манай монголын залуучууд IQ болон бусад оюун ухааны ур чадвараар
огтхон ч дутахгүй. Үүнийг батлах маш олон жишээг бид мэднэ. Оюун ухааны
олимпиадад оролцож байгаа тамирчин залуус маань нотолно. Гадаадад сурч байгаа,
ажиллаж байгаа монгол залуучууд маань нотолно.
Харин нийгмийн дэмжлэг, нийгмийн буюу эцэг эхчүүд,
томчууд гэх мэт эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүсийн дэмжлэг үнэхээр сул
байна. Тэд залуучуудыг нэг бол өөрсдийнх нь явсан замаар явах ёстой робот,
эсвэл өөрсдийнх нь хий гэснийг хийдэг, ас гэвэл асдаг, унтар гэвэл унтардаг
компьютер шиг төсөөлж байна. Эсвэл тэд зөвхөн хайрлаж хамгаалж байх ёстой
хүүхэлдэй адилаар хандах нь элбэг байна.
Төр залуучуудыгаа хэн гэж үзэж байна вэ? Төрийн
зүгээс залуучуудыг зүгээр л дарамт, төсвийн зарлага эсвэл төсөв бүрдүүлэгч
татвар төлөгчдийн барааг “худалдан авагч” гэж ойлгож байна. Энийг энгийн хэдэн
жишээгээр нотлоё. Залуу хүн анх ажилд орохдоо
өмнө нь 3 жил ажилласан туршлагатай гэдгээ нотлох шаардлагатай болдог. Зээл
авахын тулд зээл авахааргүй хэмжээний их хөрөнгөтэй гэдгээ батлах шаардлагатай
болдог. Тендерт анх орохдоо энэ мэт тендерийг өмнө нь зөндөө авч байснаа төрд
үзүүлэх хуультай байдаг.
Ямар дэмжлэг гэхээрээ ийм байдаг юм бэ? Нэг үгээр манай
улсад залуучуудын өрсөлдөх чадварыг дэмжих бодлого алга.
Тэд залуучууд бол жинхэнэ бүтээгчид, шинийг
санаачлагчид, өрсөлдөх чадварын үзүүлэлтийн гол цөм гэдгийг ойлгохгүй байна.
Жишээ болгож их дээд сургуулийн төлбөр, тэтгэлэг дээр
харуулая:
Энэ бол манай улсын төлбөрийг нь төрөөс даадаг цор
ганц их сургуулийн төлбөрийн мэдээлэл.
Хөгжих гэж бодож байгаа улс гүрэн ямар боловсролын
тогтолцоог хөгжүүлж байна? Герман улсд боловсрол үнэ төлбөргүй, хятад, япон,
америк гэх мэт хөгжсөн олон улс гүрнүүд зөвхөн өөрсдийнхөө иргэдэд гэлгүй
гадаадын улс орнууд тэр дотроо манай монголын тэргүүний сурлагатай оюутнуудад
мэдлэг, мэргэжил олгохдоо “тэтгэлэг олгож” байна. Манай улс ямар бодлого барьж
байна. Энд сурч байгаа ирээдүйн инженерүүдэд тэтгэлэг олгож байна уу? Эсвэл
цагдаа болох залуучуудад тэтгэлэг олгож байна уу? Эмч болохоор суралцаж байгаа
залуучууддаа тэтгэлэг олгож байна уу эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болох гэж
байгаа залуучуудад тэтгэлэг олгож байна уу? Эрдэм номыг түгээгч багш болохоор
зүтгэж байгаа сэхээтнүүдийг дэмжиж байна уу эсвэл гаалийн байцаагч нарт
тэтгэлэг олгож байна уу?
Би энд Хууль сахиулахын их сургуульд суралцагчдын
төлбөрийг нэм гэсэн утгаар хэлээгүйг ойлгоорой. Гагцхүү ив ижилхэн хүний үр,
Монголын залуучуудаа яагаад ялгаварлаж байгаа юм бэ гэдэг асуулт тавьж байгаа
юм.
Бид хөгжихийг хүсч байна уу? Тэгвэл яагаад
хөгжлийг авч ирдэг, инновацийг бий болгодог, өрсөлдөх чадварыг бий болгодог
тийм мэргэжилд хөрөнгө оруулдаггүй юм бэ? гэдэг асуулт тавьж байгаа юм.
Би ирээдүйд монголчууд гэмт хэрэгтэн хууль
зөрчигчид болж магадгүй, тиймээс инженерүүд бор зүрхээрээ яваг, эрдэмтэд зөвхөн
мөнчгөрөөрөө амьдраг, тэднийг бэлдэх эсэх нь төрд хамаагүй, хүчнийхнээ сайн
бэлдэе гэх төрийн бодлогыг гайхан асуулт тавьж байгаа юм.
Хэзээ бид хөгжлийг машин механизм, гадаадын зээл
тусламж гэж хардагаа болиод хөгжлийг хүн авч ирдэг, ирээдүйн хөгжлийг энд суугаа
залуучууд авч ирдэг юм гэж боддог болох вэ? Хэзээ бид тоон үзүүлэлт бүрийн ард
тэр тоог босгож байгаа, бүтээж байгаа хүн байгаа гэдгийг ухаарах вэ?
Монголд ерөнхий боловсролыг төр хариуцдаг.
Тэгэхээр дор хаяж 10 жилийн боловсролыг нь төр даагаад сургасан 100 мянган хүн
гадаадад ажиллаж, амьдарч байна? Бид төсвийн хөрөнгөөрөө солонгост хар ажилчин
бэлдэж өгдөг үүрэгтэй улс уу? Бид багтаж шингэхгүй олон хүн амтай, тэднийгээ
ажиллуулах хөдөлмөрийн талбаргүйдээ хүнээ гадагш нь зарж мөнгө олдог улс юм уу?
Эсвэл монголчууд төр нь дааж байгаад АНУ-ын компанийн ажилтанг бэлдэж өгөх
үүрэгтэй юм уу?
“Brain drain” буюу “тархины хаталт”
гэж ойлголт байдаг. Энэ бол аль нэг улсын эрдэмтэй чадалтай хүмүүс нь өөр улс
руу цагаачлан гарах тухай ойлголт юм. Хэрвээ улс гүрэн эрдэмтэй чадалтай
залуучуудаа гадагшаа алддаг тогтолцоотой бол хөгжих, дэвших, баян чинээлэг улс
болох тухай санах ч хэрэггүй. Тийм улс бол хэчнээн сайн боловсролын
тогтолцоотой байгаад ч нэмэргүй. Учир нь бэлдсэн бүх боловсон хүчин нь өөр
улсын баялаг бүтээгч болчихдог.
Монгол хүн бүр эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй.
Манай залуучууд дэлхийн аль ч улсын, ямар ч сургуульд бусдаас дутахгүй суралцах
чадвартай. Сурч мэдсэнээ баялаг болгож, улсынхаа хөгжлийн тулгуур болгож чадах
чадвартай. Энэ бол миний итгэл, энэ бол батлагдсан үзэгдэл.
Гэтэл асуудлын гол нь бид залуучуудыгаа зүгээр л нэг
сурагч гэж хараад байгаад оршиж байна.
Монгол хүн бол цор ганц сурах, сурахдаа зөвхөн
академик боловсрол олж аваг. Цаашдаа, хар аяндаа болчихно гэсэн өнгөцхөн бодлогыг
өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг хэн өөрчлөх вэ? Өнөөдөр энд суугаа, энэ
илтгэлийг сонсон нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа хүмүүс, залуучууд маань
өөрчилнө. Залуучууд маань хүсээд, дуу хоолойгоо нэгтгээд, хүслээ илэрхийлэн
бодлого боловсруулагчид хүргэж чадвал энэ тогтолцоо өөрчлөгдөнө гэж итгэдэг.
Монгол залуучууд маань өв тэгш боловсрол,
хүмүүжилтэй дэлхийн бусад орны залуучуудтай ана мана, ач тач үзэлцэн, эх орноо
дэлхийн дайтай хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Залуу хүн дор бүрнээ
өнөөдрөөс эхлэн хичээцгээе.
Монгол улс хөгжин дэвших болтугай. Та бүхэнд
өөрөөсөө хэд дахин олон цэргийг итгэл дүүрэн ялсан эр цэргийн баяр, ялалтын
баярын мэндийг дахин хүргэе. Та бүхний зүрхэнд тэдэнд байсан шиг аугаа
мөрөөдөл, сэтгэлд тань тэдэнд байсан шиг аугаа итгэл байгаа гэдэгт итгэж байна.
Баярлалаа
Энэ сайхан өдөр надад залуучуудтай өөрийн үзэл
бодлоо хуваалцах боломж олгон, энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа залуучууддаа
талархсанаа илэрхийлье.
No comments:
Post a Comment