Tuesday, July 2, 2013

Эрийн гурван наадмыг триатлан болгох уу буюу Морьны уралдааныг шинэчлэх талаархи санаа оноо



Наадам дөхөж байгаатай холбогдуулан Хурдан морьны уралдаантай холбоотой зарим санаагаа буулгамаар санагдлаа.

Наадам болох бүрийд л хүүхдээр морь унуулах, эс унуулах талаар ихээхэн маргаан дэгддэг боловч хүүхдийн байгууллага, хүүхдийн төлөө ажиллаж санаа зовцгоодог хүмүүсийн дуу хоолой дарагдан өнгөрдөг. Монголын их баяр наадам бол өнө эртнээс нүүдэлчин соёлт ард түмний маань цэнгэн нааддаг, нэг талаар бид бусдаас өөр шүү гэдгээ харуулах том фестиваль юм. Аль ч улс үндэстэн бусдаар юугаар өөр, юугаар давуу болохоо эрэлхийлж ирсэн байдаг. Сүүлчийн нүүдэлчдийн соёлыг тээж яваа бид моринд эрэмгий баатруудын удам угсаа гэдгээ үндэсний баяр наадмаар, тэр тусмаа хурдан морьны уралдаанаар үзүүлэх гэсэн эрэмэлзэлтэй.

Харамсалтай нь морин дээрээс харвалдан байлдаж, хэдэн өдөр шөнө морьтойгоо давхилддаг байсан эрчүүд маань өнөөдөр сур харвахдаа хүртэл нэг байран дээрээс зогсож байгаад харвадаг болсон ба бөх барилдахдаа хүртэл барьц шодолцож байж хэн илүү сугалаандаа азтай нь дийлдэг болчихсон ажээ. Үүнийгээ цаг үеэ дагасан хувьсал хэмээн нэрийдэж байдаг. Магадгүй зөв ч байх. Харин хэл мэдэхгүй адгуус, гомдоллож чадахгүй үрсээ уралдуулдаг хурдан хүлгийн уралдаан маань л хэвээрээ. 

Хүүхдээ хайрлах гэхээр өөдөөс ёс уламжилал ярьчихна. Хэзээнээс гарсан ч ёс уламжилал юм бүү мэд. Миний л мэдэхээр Монголын Нууц Товчоо, Хөх судар хоёрт л лав хүүхдүүдээрээ морь унуулаад баясаж суугаа хаад ноёд, баатруудын тухай хэсэг байдаггүй юм даг. Хөх сударт Чингис хаан цэргүүдийнхээ дунд хэн хамгийн хүчтэй, эрэмгий, мэргэн болохыг шалгаруулан шинээр баатруудыг тодруулан, удам угсаа гэж ялгалгүй цэргийн дарга, даамлаар томилж байсан тухай бол бичсэн л байдаг. Арай манай зарим улсын яриад байгаа эрт үеэсээ гэдэг нь Гурван настай гунан улаан баатар гэхчилэн үлгэр домгийг иш татаад байдаг юм биш байгаа даа гэж хүртэл бодох юм.  Хэхэ.

Түүх шинжихээсээ илүү орчин үед улсын наадмыг спорт гэж үзэх үү, эсвэл баяр наадам фестивал гэж үзэх үү гэдгээс хамаарч цаашдын зохицуулалтыг нь хийх ёстой байх. Хэрвээ спорт гэж үзвэл мэргэжлийн спортод шаардагддаг дүрэм журам, стандартыг гаргах хэрэгтэй болох ба миний бие спортын нарийн ширийн мэдэхгүй тул илүү дутуу зүйл бичээд хэрэггүй биз. Ямар ч байсан зам, тамирчин, дасгалжуулагч, хурд, дээд амжилтын рекорд гээд олон янзын зүйлийг нь бүрэлдүүлэх хэрэгтэй болох байх.

Харин фестивал, цэнгүүн гэдэг утгаар нь авч үзвэл хэд хэдэн өөрчлөлтийг хийх санаа байна.  
Нэгдүгээрт морьны уралдааны баяр наадмыг үзэгч, наадамчин олонд хүртээмжтэй, сонирхолтой болгож өөрчлөх. Өнөөдрийн маягаар морьны уралдаан зөвхөн морь уяачид, морьны эздэд зориулагдсан байдлаар зохион байгуулагдаж байна. Бариан дээр ирж байхад нь, эсхүл телевизийн зураглаач дагаж явж үзүүлдэгийг эс тооцвол шүү дээ. Үзэгчидэд илүү хүртээлтэй болгохын тулд:
-       Морь уралдаж буй зайг ойртуулах. Морьд ядраагүй, цуцаагүй эрч хүчтэй байхдаа баринд орж ирж байвал үзэгч олны сэтгэлд  таатай. Зарим уралдааныг харж байхад тээр холоос ядарсан сажилсан морьд ирж, зарим нь бүүр цуцсандаа алхаж явдаг.
-       Морьны гарааг үзэгчидэд харуулах. Морин тойруулгын үзэгчид яагаад тийм гал халуун цогтой үздэг, тойруулгын уралдаан тэгж их хүний сэтгэлийг татдагийн нэг шалтгаан нь зөвхөн бариандаа биш, гарааны хурд, барианы хурдыг мэдэрдэгт байдаг байх.
-       Бооцоо тавьдаг болгох. Бооцоог хэрвээ булхай будлиангүй болгоё гэвэл морь унаач нь хэнд бооцоо тавьсныг мэдэх боломжгүй байлгах талаар анхаарах гэх мэтийн дүрэм, журмыг бас хийх хэрэгтэй.
-       Одоогийн зохион байгуулдаг уралдаанаа сунгаа болгох /гэхдээ уралдах зайг нь бас бодолцох хэрэгтэй байх/. Сунгаа уралдаанаас барианд орсон эхний цөөн тооны /15-30/ морийг гараа бариаг нь нэгэн зэрэг үзэх бололцоотой ойрын зайд уралдуулж ялагчийг нь тодруулдаг байх. Ингэвэл жинхэнээсээ гадаад дотоодын үзэгчид, наадамчин олонд илүү сонирхолтой байна.
Хоёрдугаарт морьны уралдаанд хүүхдийн амь нас эрүүл мэндээр эрсдэл хийдгийг болиулах. Монгол ёс уламжилалаа бодож үндэсний бахарлын нэг хэсэг хэвээр үлдээхийн тулд зөвхөн ойрын зайд, цөөн гараагаар уралдах уралдаанд хүүхдүүдийг морь унаж уралдахыг зөвшөөрч болох юм. Хөдөө гэртээ, морь унаж, хонь хариулах хэмжээнд номхон морьноос унах зэрэгт хүүхдүүдэд эрсдэл бага байдгийг уяачид ихээхэн зөвтгөл болгодог юм билээ. Гэхдээ тэр олон омголон, хурдан хүлгийн дунд хэн нэг нь унаж бэртэхийг хянах бололцоогүй, унаж бэртсэн хүүхэд эмнэлэгийн яаралтай тусламж авах бололцоогүй олон км-ийн зайнаас уралдах нь тэс ондоо гэдгийг бодолцох ёстой. Зарим хүмүүс томчууд морь унаж уралдвал морьны нуруу аваад хаячихна гэх мэтээр үндэслэгээ хэлдэг юм билээ. Яаж ч бодсон хүн, тэр тусмаа хүүхдийн амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт шүү дээ. Ямар адгуусны нуруу гэхээрээ бүхэд бүтэн хүүхдийн амь наснаас илүү үнэтэй байх билээ дээ.

Төв цэнгэлдэх хүрээлэндээ, жижигхэн ч гэсэн тойрог замд хүүхдийн морьны уралдааныг зохион байгуулж болно шүү дээ. Өсвөрийн бөхчүүдийн барилдаан гэж тусд нь зохиодог шиг, хүүхдийн морьны уралдаан гэж тусдаа ойлголтыг шинээр бий болгож наадамлаж сурах нь хүүхдээ ч бодсон, ёс уламжилал, үндэсний бахархлаа ч бодсон зөв зүйтэй санаачлага болох буй заа.

Гуравдугаарт үнэхээр олон км-ийн зайнд хурдан хүлгийн шандас сорьсон, уртын замд монгол адууны тэсвэр хатуужлийг илтгэдэг гэх тэр шалтгаанаар уралдаан зохиох бол зөвхөн тодорхой насанд хүрсэн хүмүүс оролцдог болгох. Тэгэхдээ хэд хэдэн өдөр, хэдэн зуун км-ын цаанаас уралдуулсан ч болох биш үү. Өвгөд дээдсийн дайнч  түүхээс үзхэд хэд хэдэн өдөр битгий хэл, хэд хэдэн сар жилээр аян дайнд ордог л байсан шүү дээ. Монгол морьны, монгол эрсийн яс чанар тэгтлээ муудчихаагүй л юм бол ингэж болох л байлгүй. Авто машины эсхүл унадаг дугуйн ралли шиг хэдэн зуун км-ын цаанаас биш юм аа гэхэд өнөөгийн уралдаж буй зайндаа насанд хүрсэн эрчүүд нь шандастай хүлгүүдээ унаад өөр хоорондоо уралдаж болох биз ээ. Эсвэл хэд хэдэн км-ын зайнд буухиа уралдаан зохиож, багийн тэмцээн болгосон ч болохоор. Аварга улаач шалгаруулна гэж нэрлэсэн ч яадаг юм бэ.

Дөрөвдүгээрт буюу хамгийн сүүлчийн санаа гэвэл нэгэнт эрийн гурван наадам гэж зохион байгуулж байгаа тул хамгийн эрэмгийн сайн эр хүнийг шалгаруулах наадам болговол ямар вэ. Триатлон гэж гурван төрөлт спортын наадам байдаг. Үүнтэй адил тодорхой зайнд морьтойгоо уралдаад, нэг барианд ирж сур харван бай оноод, цэнгэлдэх хүрээлэндээ ирж хоорондоо барилддаг байж бас болох л юм. Монголын мистер гэж шалгаруулж байснаас илүү нэр хүндтэй ч болох юм билүү. Гурван төрөлд авсан онооных нь нийлбэрээр ялагчийг нь тодруулж аварга, арслан гэхүү, аль эсхүл баатар, жанжин гэх үү нэрлэн цоллож болмоор санагдана. Ингэвэл харин илүү олон нийтэд зориулсан цэнгүүн, спортын нэг томоохон шинэ төрөл болно.

Морьны уралдаан бол өнөөдөр зөвхөн уяж байгаа уяач, морьны эздийн л кайф авхад зориулсан хоцрогдмол наадам болсон байна. Эрх биш эртнээс моринд хайртай ард түмэн тулдаа л жилдээ нэг хоёр удаа үзэхдээ уйдахгүй байгаа юм. Үзэгчид олонтой, үзэгчиддээ байнга таалагддаг болгохын тулд ямар нэг өөрчлөлт хийх л ёстой. Танд бүүр өөр сайхан санаа ч байж магад. Тийм бол доор сэтгэгдэлээ үлдээгээрэй. Надад бол наадмын бүх процессийг үзэх боломж байдаггүй тул наадмын дараа зохион байгуулагддаг Уяачдын баяр л хамгийн сайхан санагддаг. Цөөхөн чанартай бөх, ойрхон зайд уралдалдсан цөөхөн морьд илүү сайхан. Тийм ч учраас зарим хүнд сумын наадам л жинхэнэ наадам гэж санагддаг биз ээ.

 За надтай ижил бодолтой байгаа, энэ талаар яриа хөөрөө, хэлэлцүүлэг өрнүүлхийг хүсч байгаа бол та лайк шейр хийгээрэй. :) 

No comments:

Post a Comment