Monday, October 21, 2013

Машингүй цагдаа чагнуургүй эмчтэй адилхан, Ховдоос ганзагаа дүүргэлээ



Ховд аймагт ажиллаж байхдаа цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарын ажилтай түлхүү танилцлаа. Хэсгийн төлөөлөгч нар албаны унаа машингүй байдаг гэвэл хотынхон бараг итгэхгүй биз ээ. Түргэний машингүй эмч, галын машингүй аврагчаас юуны ялгаа байх вэ. Үнэндээ хаа нэг газар хэрэг учрал гарлаа гэхэд Засаг даргаас унаа царайчилдаг хэвээрээ байна. Засаг дарга эзгүй, эсхүл машин унаа нь завгүй үед таньдаг хүнийхээ унааг царайчилхаас өөр аргагүй болдог аж. 

Энэ бол ганц Ховдын асуудал бишшүү. бүх аймаг суманд адилхан байгаа. Зарим аймаг суманд мотоцикль тавьж өгсөн нь байна. Гэхдээ хэрэгтэнг баривчилаад ардаа суулгаад сундлаад явах уу, нэгээс илүү хүн байвал яах вэ, багтаагүйг нь оосрлоод чирээд явалтай биш. Тэгэхлээр мотоцикль бол сумын хэсгийн төлөөлөгчид тийм ч тохиромжтой унаа биш нь мэдээж.

Яаралтай бөгөөд заавал шийдэх ёстой цагдаа нараа унаажуулах асуудлыг хоёр үндсэн аргаар шийдэх болох юм. 

Нэг: Уламжилалт аргаар буюу төсвөөс машиныг нь худалдаж аваад байгууллагад нь, хэсгийн төлөөлөгчид эзэмшүүлээд сар бүрийнх нь зардалыг  шийдэж байх.

Хоёрт нь: Сар бүр унааны нэмэгдэл, зардлыг хэсгийн төлөөлөгчид төсөвлөж өгөх. Хэсгийн төлөөлөгч нь өөрөө хувийн унаагаа ажил албандаа хэрэглэдэг систем. Нэг үгээр цагдаа өөрөө тухайн газар орондоо тохирсон, үүрэг гүйцэтгэх болохуйц унаагаа худалдаж авах ба төрөөс түүнийг нь түрээслэх маягаар санхүүжүүлэх. Миний хувьд хоёр дахь аргыг нь илүү дээр гэж үзэж байгаа. Ядаж өөрийн унаандаа илүү сэтгэл гаргаж, ариг гамтай хандах биз. Магадгүй нэг стандартын машин сонгоод худалдагчтай нь урт хугацааны лизингийн гэрээ байгуулж өгөх зэргээр бодлогын зохицуулалт хийж өгч болох л юм.    

Жич: Хэн нэгнээс унааг нь гуйдаг, дараа нь тэднийхээ шахалтад ордог, эсхүл төрийн погооноороо сүр үзүүлж хүний унаа тэргийг дайчилдаг тохиолдол мэр сэр байдаг л юм гэсэн. Хаана зодоон цохион, үймээн самуун, эвгүй юм болход бид цагдаагаа л өмнөө барьдаг. Төрийг төлөөлсөн цагдаагаа гахай явган хаяж болохгүй байх аа.   

No comments:

Post a Comment