Tuesday, March 18, 2014

Аюултай .... худалч



Монголд хэн аюултай вэ?

Монголчууд бид дайнч, тэмцэгч, тэмцэлдэгч хүмүүс. Бид энэ нутагт амьдарч унаж босож, эзлэж өндийж байхдаа ч тэр, эзлүүлж дарлуулж дээрэлхүүлж байхдаа ч тэр дандаа дайтаж тэмцэж явсан ард түмэн. Магадгүй бүх л ард түмэн тийм байдаг байх. Тиймээс бид аливаа асуудлын шийдлийг харахдаа хэн нь манай тал вэ гэдэг өнцгөөр харах нь илүү их байна.

Бөх дээр жишээ авъя л даа. Манай талын бөх нөгөө талын бөхөө цохиод авах юм бол бид аатай байна, болж муу хог, хандыг нь дараад өглөө гэх мэтээр уухайлан дэмждэг. Харин нөгөө талын бөх манай бөхийг жаахан түлхчихвэл бид нар бөхийн жудаггүй амьтан, ёс зүйгүй, хөөж явуулбал таарах амьтан гэх мэтээр шуугицгаана. Манай талын бөх байх шалгуур нь ч бас өвөрмөц содон. Хэрвээ тухай салбартаа ганцхан бөх байвал сонголт үгүй учраас яаж ч байсан манай талын бөх хэвээрээ үлдэнэ. Харин хэд хэдэн бөх гараад ирвэл аль нэг нь манай талын бөх байх ёстой учраас шилж сонгох хэрэг гарна. Гадаад эхнэртэй болсон, гадаадын харъяат болсон гэх мэтээр мэтээр манай талын бөхийн шалгуураа хатууруулж чангатгаж байгаад манай талаас хөөгөөд гаргачихна.  Эсвэл дандаа нэг хүнийг шүтээд байхад уйтгартай буюу нэг ёсондоо уйдсанаасаа болоод манай талын бөхөө шинэ гарч ирсэн нөхрөөр солихыг хүсэмжилнэ. 

Саяхан 100 хувь манай талын бөх байсан сумогийн аваргыг бид бүх нийтээрээ шүтэж, манай аваргыг “ад шоо үзсэн” сумогийн холбоог үзэн ядах хөдөлгөөнийг өрнүүлж байсан. Иртэй бяртай залуу хүн алдаа л биз, тэр зэргийн аваргаас энэ зэргийн авир гарах бол байдаг л зүйл гэхчилэн бид хир халдаахыг хүсэлгүй өмөөрдөг байж билээ.  Харин өнөөдөр нөгөө аваргаасаа уйдаад, аварга ч өөрөө моодноос гарах хэл аманд бишгүйдээ нэг орчихсон учраас манай талын бөх биш болчихжээ.  Хэдхэн жилийн өмнө бол бид түүнээс циркээ буцааж авах нь байтугай монголынхоо нэр хүндийг өргөж яваа аваргадаа үнэгүй өгчихсөн ч яадгийм гэцгээж байснаа одоо аль хэдийн мартсөөн.

Энэ бол бичлэгийн өмнөтгөл байлаа. Нийгэм өөрөө маш олон талтай бөгөөд аливаа нэг юмнаас уйддаг, цаг нь ирэхээр сонголтоо өөрчилдөг нь хорвоогийн жам юм. Манай бөх, манай баатар, тэр байтугай бидний хэрэглэдэг хувцасны моод хүртэл өөрчлөгдөж хувирдаг жамтай. Харин өөрчлөгдөж боломгүй нэг зүйл нь улс төрчид байх ёстой гэж бодном. Мэдээж улс төрчид хүн л болсон хойно өөрчлөгдөлгүй л яах вэ. Өөрчлөгдөнө. Гэхдээ жам ёсоороо, нийгмийнхээ цаг үеийг дагаж өөрчлөгдөх бол байдаг л зүйл. Жам ёсоороо бус энэ зааланд ирсэн хүмүүс юу хүсч байна түүнийг ярьдаг, нөгөө зааланд очихоороо бас л тэдэнд таалагдах зүйлийг ярьдаг улс төрч бол нийгмийн хамгийн аюултай үзэгдэл мөн. Бүх хүмүүсийн талын улс төрч байна гэдэг угаасаа бүтэхгүй бөгөөд хэрвээ бараг бүгдэд нь таалагдаж байгаа бол тэр хүн худалч гэсэн үг. Нэг ёсондоо манайхны цээрлэж ирсэн хэлц үгээр бол улааныг харж урвадаг, шарыг харж шарвадаг хүн гэсэн үг.  

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбар өргөжин, бичил мэдээллийн зах зээл хүч түрэн орж ирж байгаа энэ үед хуучны гигант хэлбэрийн хэвлэлийн хүч нөлөө суларч ирлээ. Энэ нь хуучны хэвлэлийн эздийн нийгэмд үзүүлэх нөлөө багасаж твиттерт олон дагагчтай, эсвэл фейсбүүкт олон лайктай хэн ч бай аливаа асуудалд нөлөөлхүйц “сэнсааци” “дуулиан” шуугианыг үүсгэх бололцоотой болж байгаа гэсэн үг.  Нэгэнт ул суурьтай, хяналт бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслэл моодноос гарч буй нөхцөлд бид мэдээллийн шинэ эрний прогнозыг салбар бүрт хийх ёстой гэж бодож байна. Цахим “бичил” мэдээлэл нь хэнд илүү уншигдаж, хэнээс илүү олон таалагдах вэ гэсэн шалгуурт нийцхийн тулд “туулайн чинээ цагааныг” уулын чинээ болгож байж амжилтад хүрэх нь ойлгомжтой. Захиалагч үгүй, бүртгэл ч үгүй, тусгай зөвшөөрөл ч үгүй нэр хаягнаас гарсан мэдээллийг үнэн худлыг ялгахад бэрхшээлтэйн дээр, гүтгэлэг ба худлаа мэдээлэл байсан ч хариуцлага тооцох арга бараг үгүй.

Улс төрч гэдэг хүн аль болох олон хүний саналыг авч байж амьдардаг онцлогтой нийгмийн “өвөрмөц мэдрэмжтэй бодгаль” гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Ийм нөхцөлд улааныг харж урвадаг, шарыг харж шарвадаг буюу бүх хүнд таалагдах гэж оролддог улс төрчдийн хэв шинж хэдийнээ бүрдээд эхэлчихжээ. Тэдэнд хамгийн их нөлөөлж буй нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод сүүлийн үеийн сошиал ертөнцийн барцьгүй мэдээ, баримжааг нь тодорхойлход хүндрэлтэй хандлагууд юм.  

Манай улсын хувьд үе удам дамжсан язгууртан улс төрчидгүй, хэдэн үеээрээ хийсэн бизнесийн соёл үгүй учраас холын эрх ашиг гэхээсээ илүүтэй ялсан намд олгогддог бялуунаас хүртэх хуваалцах нь улс төрийн хамгийн холын хараанд /vision or mission/ тооцогдох болсоор удаж байна. Дээр дурдсан хэдэн асуудлууд нэгдэн нийлсээр манай орчин цагийн улс төрчдийг сайнаар хэлбэл хамгийн хөрвөх чадвартай, муугаар хэлбэл хамгийн худалч хүмүүс болгох үндсэн хөрс суурь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ялахын төлөө юу ч хийхээс үл буцах “аюултай худалч” нөхдүүд олширчээ.

Худалч улс төрчдийн нийтлэг шинж бол уулзсан хүн бүртээ ашиг тустай, тэдний эрх ашгийг хамгаалхыг “хичээж, амлаж” байдагт оршино. Тэдэнд сонгуулийн өмнөх ба сонгуулийн дараах гэсэн хоёрхон цаг хугацаа байдаг. Тэдэнд эрх барьж байгаа болон эрх мэдлээсээ хагацсан гэсэн хоёрхон ялгаа байдаг. Тэдэнд хэн нь эхэлж амласан ба хэн нь илүү гаргаж амласан гэсэн хоёрхон шалгуур байдаг.  Хэн нь олон хүнд таалагдаж, дараа нь хэн илүү их бялуу хүртэх вэ гэсэн ганц л тэмцэл байдаг.

Бизнесүүдтэй уулзахдаа татварыг багасгах талаар, бусадтай нь уулзахдаа халамжийг нэмэгдүүлэх талаар нэг цаг хугацаанд ярьж чаддаг хүмүүс бол өнөөдөртөө манай монголд л байна. Тун удалгүй бид нисдэг таваг, ромбу гарагт итгэхээ больсон шигээ бөө нарт ч итгэхээ болих цаг ирнэ. Тун удалгүй бид “халуун хөнжил – г.м шар сонин” – д бичсэн бүх зүйлийг үнэн гэж бодох нь алдаа байсаныг ойлгосон шиг ээ цахим ертөнц дэх бүх зүйлийг үнэн гэж бодохоо больно. Тун удахгүй коммунизм, либертаризм хоёрын ялгааг, социалист улс төрч, капаталист улс төрчийн ялгааг олж харж чаддаг болно .

Үнэт зүйл зүйлийн мэдрэмж, тухайлбал шударга байх, хүн хүнээрээ байх, ёс зүйтэй байх шиг хүнд өөрөө өөртөө итгэл төрүүлдэг, бусдад шаардлага тавих зоригийг бий болгодог, өөрөө өөрийн үйлдэлд үнэнч байх сэдлийг төрүүлдэг зүйл үгүй. Тиймээс мэдээлэл түгээх хэлбэр хичнээн ч өөрчлөгдлөө гээд, моод хэд эргэсэн гэсэн хүмүүсийн үнэт зүйлийн мэдрэмж хэвээрээ л байна.

Эхлүүлсэн сэдэвтээ эргэж нийлхэд: Манай талын улс төрчид гэж бий. Цаашдаа ч байх л байх. Хичнээн ч алдсан ч бай, ялагдсан ч бай бид манай талын улс төрчидөө, өөр өөрсдийн баатраа өмгөөлж хамгаалсаар л байдаг. Өмгөөлж хамгаалхад ч хил хязгаар бий. Манай талын баатрууд улс орныхоо төлөө бус тухайн цаг мөчид л өрийнхөө арьсыг аятайхан аварч гархыг боддог хоромхон зуурын АЛИАЛАГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ. Манай талын баатар бага зэргийн жүжигчин байж болох ч ХУДАЛЧ БАЙЖ БОЛОХГҮЙ. Бага зэргийн худалч байж болох ч өөрсдийн үнэт зүйлээсээ урвадаг, өөрийнхөө үнэт зүйлээс, зорьж байгаа нийгмийнхээ үндсэн суурь зарчмаас урваж "улстөр" хийж чаддаг УРВАГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ. Ёстой болохгүй. 

Аюултай худалч хүн бол урвагч мөн.

No comments:

Post a Comment