Monday, January 15, 2018

Э.Эрдэнэжамъян: О.Баасанхүү хуурамч баг зүүгээд, намаа устгахын төлөө явж байгаа

Э.Эрдэнэжамъян: О.Баасанхүү хуурамч баг зүүгээд, намаа устгахын төлөө явж байгаа
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс хурал хийснээс үүдэлтэйгээр МАХН хоёр хуваагдчихсан юм шиг нөхцөл байдал үүсчихсэн. Тэр хурал нь үнэхээр хууль бус юм уу. Ямар учраас хууль бус гэж үзээд байгаа юм бэ?
-Нэг хэсэг иргэд эргэлзэж байсан байх. Одоо нөхцөл байдлыг сайн ойлгосон гэж бодож байна. Нэгдүгээрт, манай намын хоёрдугаар Их чуулган ирэх хоёрдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ хурлаар шинээр бага чуулганаа сонгодог. Намынхаа даргыг сонгож, дүрэмдээ өөрчлөлт оруулж, мөрийн хөтөлбөрийг шинэчилж баталдаг юм. Их том хурал болно. Гэтэл энэ хурлаас урьтаж О.Баасанхүү тэргүүтнүүд энд тэндээс хүмүүс цуглуулж, хурал хийж, өөрийгөө намын даргаар сонгуулах гэж оролдлоо. Энэ бол нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Түүнээс гадна, олон хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Зарим нь бүр гэмт хэргийн шинжтэй. Хүний бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан. Дээрээс нь тамга, тэмдэг хулгайлсан, нуусан гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн МАХН-ын тамга алга болсон. Бид аль хэдийнэ хүчингүй болгож, зарлуулаад, шинээр тамгаа хийлгэсэн. Гэтэл тэр алга болсон хуучин тамгыг ашиглаж байх жишээтэй. Энэ мэтчилэн олон хууль зөрчсөн учраас бүх асуудлаар нь цагдаа, шүүхэд хандсан. Ийм зүйл байж болохгүй. Бодоод үз дээ, тэд Төрийн ордонд хурал хийсэн. Намын хурлыг Төрийн ордонд хийж болохгүй. МАН хурлаа Төрийн ордонд хийж болдог бол хийнэ биз дээ. Гэтэл тэд СТӨ-нд хийдэг. Яагаад гэвэл, төр, нам тусдаа байх ёстой гэж үздэг. Төрийн ордны журам ч тийм. Гэтэл О.Баасанхүү хууль тогтоомжийн хэлэлцүүлэг хийх гэсэн юм гээд Г.Занданшатарт хүсэлт өгчихөөд намын Их хурал нэртэй хурал зохион байгуулсан. Энэ чинь нэг ёсондоо Засгийн газрыг мэхэлж байна гэсэн үг биз. Дээрээс нь төлбөр мөнгөө өгөөгүй. Дараа өгье гээд хойшлуулчихсан юм билээ. Иймэрхүү байдлаар хурлаа зохион байгуулахаас авахуулаад төрийг ч, ард иргэдийг ч, намынхныгаа ч хуурсан. Тэд намын Их хурал хийнэ гэж зар тараасан. Гэтэл мэдээлэл дутмаг хөдөө, орон нутгийнхан учрыг нь сайн ололгүй хүрээд ирсэн. Ирчихээд, манай намын хурал биш байна. Юу гэж ийм хуралд сууж байх юм гээд гарах гэтэл гаргаагүй гэж байгаа юм. Уг нь хуралд сууна гээд 200 орчим хүн цугласан юм билээ. Ядаж байхад тэр хүмүүсийн ихэнхийнх нь овог нэр, регистерийн дугаар зөрсөн. Хурал зохион байгуулсан хүмүүсийн Улсын дээд шүүхэд өгсөн бичгийг бид шүүж үзсэн. Ийм, ийм хүмүүс оролцсон хурал болсон гэдэг бичгийг нь шүүсэн хэрэг. Гэтэл овог, нэр, регистер нь таарахгүй, Монгол Улсад тийм хүн байхгүй болж байгаа юм. Магадгүй оролцсон хүмүүс нь ямар нэг байдлаар, мөнгө төгрөг авсны улмаас ч юм уу, буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн учраас овог, нэр, регистерийн дугаараа зориуд худлаа бичиж өгсөн байх. Дээд шүүхэд өгсөн материалаа ч шалгаагүй байгаа байхгүй юу. Явж, явж Улсын дээд шүүхэд худлаа материал аваачиж өгнө гэдэг чинь тусдаа гэмт хэрэг. Гэх мэт хэд хэдэн Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдээд л явж байна. Түүнээс биш манай зам хагарсан, задарсан юм биш. Манай намд байсан, хөөгдсөн хэсэг хүмүүс л ингэж бужигнуулаад байгаа юм. Энэ бүхнийг ялгадаг, салгадаг хуультай. Асуудлаа шийддэг намын байгууллагатай. Тэр байгууллага нь аль хэдийнэ шийдвэрээ гаргачихсан. Намын дэргэдэх Хяналт ёс зүйн хороо гэж бий.  Манай намын Их хурлаас сонгож байгуулсан, даргатай ижил хэмжээний эрхтэй ийм байгууллага. Бид О.Баасанхүү, Г.Бямбасүрэн гэх мэт хүмүүст хариуцлага тооцох шийдвэрээ гаргачихсан.
-Хуурамчаар гарын үсэг зуруулсан гэх мэт мэдээллийг хуралд оролцсон хүмүүс нь өгсөн юм уу. Та бүхэн яаж мэдсэн юм бэ?
-Манай намын нэрийг ашиглаад, хурал зохион байгуулаад, бужигнаад байхад бид анхааралтай хандана шүү дээ. Их тэнгэрт хуралдсан хуралд нь оролцсон МАН-ын гишүүн хүн байсан. Бид тэр хүнийтодорхойлолтыг авсан. МАН-ын үүрээс манай намын гишүүн мөн гэсэн тодорхойлолт өгсөн. Тэр хүн үг хэлэхдээ “МАХН гэж юу юм. Энэ намыг тарааж, Н.Энхбаярыг буудаж алах хэрэгтэй” гэж ярьж байгаа байхгүй юу. О.Баасанхүүгийн туслахын хийсэн шууд бичлэгээр нь гарсан. Ямар хүн манай намын нэрийн дор хуралдаж буй хуралд ирчихээд, даргыг нь алах, намыг нь тараах юм яриад байна гэж судалсан. Гэтэл МАН-ын гишүүн хүн байгаа юм. Ингэж манай намын хурлыг хийнэ гэж юу байх вэ. Тийм учраас бид маш нягт шалгасан. Оролцсон хүмүүсийг нь регситерээр нь бүртгэсэн. Биечилж уулзсан. Оролцсон хүмүүсийн дийлэнх нь намын хурал гэж мэдээгүй. Биднийг хот явж үз, зардлыг нь даая гэсэн. Очихоор чинь буудлын чинь асуудлыг шийднэ гэж хэлсэн. Тэгээд нэг хэлэлцүүлэгт орчихоод ирнэ гээд л очсон. Гэтэл намын дарга сонгоно гэсэн. Бид гарах гэтэл гаргаагүй гэж байгаа юм. Өмнөговь аймгийн АН-ын гишүүн н.Болд гэдэг хүн тэр хуралд оролцсон байсан. Хурлын үеэр “Өмнөговь аймгаас надтай цуг ирсэн МАХН-ын гишүүн чинь гараад явчихлаа. Та нар намын дарга сонгоно гэж юу яриад байгаа юм. Ийм балай юм хийхээ боль. Би Ардчилсан намын гишүүн хүн байна” гээд үг хэлээд зогсч байгаа юм. Иймэрхүү байдлаар будилаан хутгаж болохгүй.
-Алга болсон тамга ашигласан гэж та түрүүнд ярьсан.  Тамгаа хулгайд алдчихсанбайсан юм уу?
-Хурлыг голлон зохион байгуулаад байгаа Г.Бямбасүрэн гэдэг бий. Тэр хүн манай намын нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 2016 оны сонгуульд нийслэлийн есөн дүүргийг орон нутгийн сонгуульд оролцуулаагүй. Энэ хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө тодорхой зэмлэл, шийтгэл хүлээсэн. Гэхдээ ажлаа хийж байсан юм. Харамсалтай нь, 2016 оны сонгуулиас хойш ажилдаа ирээгүй. Манай намын Бага чуулганаас товчооныхоо хурлыг удаа дараа хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан бол хариуцлага тооцно гэсэн журам гаргасан байдаг. Тэр дагуу хариуцлага тооцож, Г.Бямбасүрэн гэдэг хүний нарийн бичгийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Нэгэнт чөлөөлөгдсөн бол тамга тэмдэг, ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл тамга, тэмдгээ хүлээлгэж өгөөгүй. Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн намын тамга яасан бэ гэж асуухаар надад байхгүй гэж хэлж мэлзсээр дууссан. Тийм болохоор алга болсонд л тооцно. Гэтэл тэр хүн тамгыг нуусан байж. Тэр нь одоо гарч ирж байна. Тамга хулгайлах, нуух хоёр чинь ижилхэн гэмт хэрэг. Эрүүгийн хуульд нэг л зүйл, заалтаар заасан. Албан байгууллагын тамгыг нуусан, хулгайлсан, ашиглах эрхгүй этгээд ашигласан бол ял ногдуулна гэсэн заалт байгаа. Тэр хүн ийм л гэмт хэргийг үйлдчихээд байна.
-Ирэх сард болох намын Их хуралд О.Баасанхүү гишүүн тэргүүтэй хүмүүс оролцоод, намын даргын төлөө өрсөлдөх боломж нээлттэй байсан биз дээ?
-Мэдээж өмнө нь нээлттэй байсан. Одоо харин тийм боломж огт байхгүй. Аль ч сум, хорооны иргэн хэн ч байсан манай намын гишүүн л бол нэр дэвших эрх нь нээлттэй байдаг. Одоо бол тэр хүмүүст ийм эрх бахгүй. Манай хуралд очих ч эрх байхгүй. Тэднийг бид намаас хөөсөн, гарсанд тооцсон. Өөрсдөө өөр нам байгуулах юм уу, тэгээд явна биз. Хоорондоо ярьж байгаа нь ингэж үймүүлж байгаад өөр нам байгуулахыг анхнаасаа зорьсон юм билээ. Намаа байгуулна л биз, тэр нь бидэнд хамаагүй. Харин манай намын нэрийг ашиглаад, тамга тэмдгийг нуугаад, хулгайлаад ажиллаж байгаатай нь заавал хариуцлага тооцно.
-Намын дотоод журамд Их, бага хурлаа тэдэн жилд нэг хийнэ гэх мэт зохицуулалт байгаа биз дээ. Энэ хүмүүс чинь нам хурлаа хийгээгүй, нэг хүний гарт орчихсон гэсэн шалтгаан хэлж дайраад байгаа шүү дээ?
-Тэр байгууллага хурлаа хийх, хийхгүй нь дотоод журмаараа шийдэх асуудал. Журмаа зөрчсөн гэж үзвэл дотоод хяналтын байгууллага нь ажиллаад л зохицуулдаг. Өнгөрсөн хугацаанд бид Их чуулганы хэмжээний Их хуралдайг 10 гаруй удаа зохион байгуулсан. Бүх намуудтай бага чуулганыхаа хуралдааны тоог харьцуулж үзлээ. 2011 оноос хойш манай намынхан 20 удаа хуралдсан байна. Хамгийн сүүлд 20 дугаар бага хурлаа хийсэн. Гүйцэтгэх товчооны хурал хийж буй давтамжаа тооцвол бараг долоо хоногт нэг удаа хуралдаж байна. Намын бүтэц нь ингэж ажиллаж байгаа нам манайхаас өөр байхгүй. Гэтэл тэр хүмүүс Бага чуулганыхаа хуралд суудаггүй. Товчооныхоо хуралд ирдэггүй. Ийм хүмүүс гэнэт Их чуулган нэртэй хурал хийж байгаа нь зүгээр л өө хайсан хэрэг. О.Баасанхүү 2016 онд товчооны гишүүн байсан. Ганц удаа хуралд ирээгүй. Бид яагаад хуралдаа ирдэггүйг шалтгааныг нь олж ядаад тамгын газрынхандаа “Та нар О.Баасанхүү гишүүнд хэлдэггүй юм биш үү” гэж хэлж байлаа. Түүнээс хойш О.Баасанхүү рүү явуулсан зар, урьсан урилга болгоныг нь баримтжуулж авч үлдэж байгаа юм. Ганц ч удаа ирээгүй шүү. Г.Бямбасүрэн гэхэд хуралдаа ирэхээ больсон. Ийм хоёр хүн намын хурал хийнэ гэж байдаггүй юм. Үүний цаана ондоо захиалгатай, өөр зүйл явж байгаа учраас л тэд ингэж байгаа болов уу. Яг л муур багш шиг нүүрэн дээрээ худлаа инээгээд, цаагуураа өөр юм хийгээд байна даа. Би телевизээр хоёр ч удаа ярилцлага өгөхдөө иргэдээс ийм хүнийг намаасаа нэр дэвшүүлсэндээ уучлал гуйсан. Нам боловсон хүчнийхээ нөөцийг бүрдүүлэхдээ энэ хүмүүсийг ядаж л эрүүл эсэхийг шалгах ёстой байж. Харамсалтай нь,ийм эрүүл биш зүйл хийгээд явж байгаа хүмүүсийг дэвшүүлчихсэн байна даа.
-О.Баасанхүү МАХН-аас хоёр ч удаа сонгуульд оролцож, гишүүн болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН нэр дэвшигчийг өрсөлдүүлэх боломжийг нээж өгсөн хүн. Ийм хүнээ намаасаа хамаагүй хөөчихөж болдог юм уу. О.Баасанхүү гишүүн ч гэсэн одоог хүртэл МАХН-ынх гээд л яваад байгаа шүү дээ?
-Анхандаа манай намын жирийн гишүүд, дэмжигчид эхэндээ УИХ-ын хуралд төлөөлж буй ганц гишүүнээ яах гэж ингэдэг юм гэсэн байдлаар хандаж байсан. Одоо бол ойлгож байгаа байх. Энэ хүн хуурамч баг зүүгээд, намаа устгахын төлөө л явж байгаа. Хайртай хайртай гээд хайчаар тоглуулдаггүй гэдэг дээ. Ганц гишүүн минь гээд намаа тарааж, бусниулахыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Бидэнд намын Их хурлаа хий, даргаа шинээр сонго гэдэг шаардлагыг бидэнд ирүүлсэн, О.Баасанхүү гишүүн. Таны шаардлагын дагуу бид Бага чуулганаа хуралдуулж байна, ирээч гэхээр ирэхгүй байгаа юм. Намтайгаа харилцах, холбогдох ямар ч сонирхолгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам нэлээд хүчин чармайлт гаргаж ажилласан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Бага чуулганы үеэрээ бид сонгуульд оролцохгүй байх шийдвэрийг гаргасан шүү дээ. Яагаад гэвэл Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэсэн. Тиймээс луйврын сонгууль болох гэж байна. Ийм сонгуульд МАХН оролцохгүй, эсэргүүцье гэдэг шийдвэр гаргасан. Яг тэр үед О.Баасанхүү гишүүн амьдралдаа анх удаа шахуу Бага чуулганы хуралд орж ирсэн. Хуралдаа суухгүй мөртлөө хажууханд чагнаад сууж байсан юм билээ. Тэгээд “Би УИХ-д сонгогдоод, боломж авчирч өгсөн. Улс төрийн намын хувьд та нар заавал Ерөнхийлөгчийн сонгуульд орооч” гэсэн. Дээрээс нь Н.Энхбаяр дарга улс төрийн нам мөн л юм бол энэ шийдвэрээ эргэж харах ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль хэчнээн луйвар, булхайтай болно гэдгийг бид мэдэж байгаа ч гэсэн нам л юм бол мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, ард түмэнд боломж бий гэдгийг харуулах ёстой гэсэн. Ингээд гаргасан шийдвэрийнхээ тогтоолыг батлая гээд санал хураатал батлагдахгүй унасан. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор болсон. О.Баасанхүү тэр үед Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой гэж ирснээсээ хойш хуралдаа, шийдвэр гаргалтад оролцоогүй.Гадуур болохоор би С.Нарангэрэлийг дэвшүүлэх гэж байгаа гээд яриад байдаг. С.Нарангэрэл багштай уулзаад, сонгуулийн хууль нь ийм юм байна. Намаас тэдэн төгрөг гаргах ёстой гэж байна. Нэр дэвшигч нь тэдэн төгрөг гаргах ёстой. Манай намын гишүүдэд бүгдэд нь л ийм бололцоо байхгүй. Та хэрвээ өрсөлдвөл хандив босгох аян зохион байгуулах шаардлагатай болно шүү гэсэн. Гэтэл би тийм юм  хийж чадахгүй. О.Баасанхүү л надтай ирж уулзаад, юм яриад байгаа болохоос би тэгж бодоогүй гээд өөрөө нэр дэвшихээс татгалзсан. Гэтэл О.Баасанхүү дараа нь С.Нарангэрэл багшаас 10 тэрбум төгрөг нэхсэн гээд худлаа ярих жишээтэй. Тухайн үед нэр дэвшихээр яригдаж байсан бүх хүн л тэр мөнгийг босгохын төлөө явна гэж байсан. С.Ганбаатар ч ялгаагүй. Бид намаараа л тэр мөнгийг босгох гээд хандив гуйгаад л явсан. Сонгуулийн хугацаанд 50 хувьд нь хандив гуйж, 50 хувьд нь сурталчилгаагаа хийсэн. Иймэрхүү юмыг ойлгодоггүй. Ер нь бол би ганц гишүүн нь, хэнийг дэвшүүлэхийг мэднэ гэж хэлж хүмүүсээс мөнгө авсан юм шиг байгаа юм. Миний хардаж байгаа хардалтаар бол. Нөгөө хоёр нэр дэвшигчийн хэн нэгнээс нь энэ намаас ялах боломж муутай, идэвхгүй нэр дэвшигчийг дэвшүүлж өгье. Түүнийхээ төлөө мөнгө авъя гэж яриад явсан болов уу гэж бодож байгаа.
-О.Баасанхүү УИХ-ын гишүүн байх нь хамаагүй. МАХН-ын удирдах зөвлөл, аппарат энэ хүнийг намаас гаргах шийдвэр гаргасан л бол гарах ёстой биз дээ. Ямар дүрэм байна?
-Нам болгонд л дүрэмд нь нэг л заалт байдаг. Манайд харин байдаггүй байсан юм. Намын гишүүнээс хасагдсанд тооцох дүрэм. Намынхаа нэр дэвшигчтэй өрсөлдсөн, эсрэг ажилласан, зарим намын дүрэмд Засгийн газраа унагахад товчлуур дарсан гэх мэт намын гишүүнээс хасах үндэслэл бүхий заалт бий. Яг ийм заалтыг бид намын Бага чуулганаар дүрэмдээ оруулсан. Тэгэхгүй бол дур зоргоороо авирладаг. Намаас хүн нэр дэвшүүлэхээр би дэмжихгүй гээд эсрэг явдаг. Тэр ч бүү хэл хасуулах оролдож байсан шүү дээ, сонгуулийн сурталчилгааны явцад. Сонгуулийн үеэр Эрдэнэтэд О.Баасанхүү гэдэг самбар зөндөө олныг гаргаад тавьчихсан. Тэр нь сонгуулийн хууль зөрчсөн. Түүнийг О.Баасанхүү мэдэхгүй л тавив гэж дээ. Манай намынхан очоод үүнийгээ болиоч гэсэн. Би мэдэж байна гэж загнаад болоогүй. МАН-ынхан түүн дээр нь дөрөөлж, манай намын нэр дэвшигчийг хасуулах гэж гомдол гаргасан. Харин манай намынхан бидэнд ямар ч хамаагүй. О.Баасанхүү гишүүн өөрөө дур мэдэж тавьчихаад, буулгахгүй байна гэсэн тайлбараа өгсөн. Харин О.Баасанхүүгийн зөвлөхийг цагдаа нар очиж торгох гэсэн. Гэтэл О.Баасанхүү өөрөө МАН-ынхантай ярьж, гуйж байгаад гомдлыг нь татуулсан юм билээ.
-Одоо О.Баасанхүүтанай намын гишүүн  биш. Дүрмийнхээ дагуу намын гишүүнээс хасчихсан. Гэтэл тэр хүн МАХН-ын гишүүн гээд яриад байдаг. Сарын, жилийн дараа тэгээд яриад яваад байвал яах вэ?
-Тэгвэл тусдаа гэмт хэрэг болно. Дураар аашлах гэж. Өөртөө байхгүйг мэдсээр байж тухайн эрх мэдлийг байгаа гэж хэлж, бусдыг хуурч мэхлэн үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг. МАХН-ын дарга, эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг мэдсээр байж тэгж танилцуулж явна гэдэг тусдаа гэмт хэрэг л дээ.  Нэг хүн өөрийгөө би Ерөнхийлөгч байна гэж хэлээд, зарлиг гаргаад яваад байж болохгүй биз дээ. О.Баасанхүүг дураар нь тавьбал сарын дараа сонгууль хийгээд, би Монгол Улсын Ерөнхийлөгч байна гээд явах нь л дээ. Ингэж болохгүй.
-2020 оноос өмнө МАХН-ыг ямар нэг байдлаар хагалах, нэр хүндийг нь унагах, цаашлаад байхгүй болгох зорилгоор О.Баасанхүү гишүүнийг сумалж тавиад байна гэх хардлага гарах боллоо. Дээд шүүх энэ долоо хоногийн баасан гарагт шийдвэрээ гарна. Дээд шүүх түүнийг намын даргаар бүртгээд, дүрмийн өөрчлөлтийг нь баталчихвал яах вэ?
-Ийм зорилгоор О.Баасанхүү ажиллаад байгаа талаар мэдээлэл гарч байгаа. Гэхдээ Дээд шүүх тэр зоргоор шийдвэр гаргаж байвал хууль, шүүхийн байгууллага гэж байгаад яадаг юм. Тийм биз дээ. Угаасаа улстөрийн зорилготой. 2020 онд МАХН-ыг байхгүй болгоё гэж хэн нэгэн нь бодож олоод, түүндээ Дээд шүүхийг ашиглаад, шийдвэр гаргуулж байвал улс орон гэж байгаад яах юм. Яахав, шүүхийн талаар янз бүрийн шүүмжлэл гардаг. Хонгил үүсгэсэн, тэрний ч томилгоо гээд ярьдаг. О.Баасанхүү ч өөрөө ярьдаг л юм. Гэхдээ тэр болгоныг нь баталж, хуулийн байгууллагын нэр хүндийг шавартай хутгах гэж байгаа юм шиг шийдвэр арай гаргахгүй байх гэж бодож байна. О.Баасанхүү биднийг Дээд шүүхэд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх гэж ороход хамт орсон. Тэр үед Дээд шүүхийн гурван шүүгч гурвуулаа л түүнд сануулсан. Чи намынхаа хуралд суухад яадаг юм. Танай намын Их хурлаа хугацаандаа хийсэн, хийгээгүй гэдэг чинь Дээд шүүхийн асуудал ерөөсөө биш. Намын хяналтын байгууллага шийддэг юм. Тийм учраас иймэрхүү гомдлоо намдаа л тавь. Бид танай намын дүрмийг ягштал баримтална гэж хэлсэн. Харин бидэнд дүрэмдээ өөрчлөлт хийхдээ намынхаа дүрмийг зөрчөөд байна. Та нар Их хурлаа хийчихээд ирээд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүл л гэсэн.
-Шүүхийн байгууллагад улстөрчийн нөлөө их ордог гэсэн хардлага байдаг. Үнэхээр үнэн бол улстөрчдийн нөлөө ороод, танай эсрэг шийдвэр гаргахгүй гэх газаргүй шүү дээ?
-Хүмүүс шүүх буруу шийдвэр гаргасан гээд гомдоод байдаг. Шүүх үнэхээр шударга ажилладаг эсэхийг ийм улаан, цагаан юман дээр л харах хэрэгтэй, бид. Хүн дураараа аашлах гэдэг эрүүгийн хуулийн заалттай гэмт хэрэг үйлдээд. Хуурамч тамга, тэмдэг ашиглаад явж байхад Дээд шүүх бүртгэж авч байвал Улсын Дээд шүүхийг тэр дор нь татан буулгах асуудал ярих ёстой. Хэрвээ тийм шийдвэр гаргавал Улсын Дээд шүүх өөрөө гэмт хэрэг үйлдэж байгаа л гэсэн үг. Яагаад гэвэл Улсын Дээд шүүх хууль баримталж шийдвэрээ гаргадаг. Тэгвэл Улсын бүртгэлийн тухай хуульд “Энэ намын, эсвэл аль нэг байгууллагын улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхдээ төлөөлөх эрх мэдлийн хүн тамга, тэмдгээ дарж ирснээр хүсэлтийг хүлээж авна” гэсэн утгатай заалт бий. Тэгвэл манай намыг О.Баасанхүү төлөөлөх эрх байхгүй. Тамга, тэмдэг байхгүй. Тийм болохоор намын дарга болох нь битгий хэл эрүүгийн хэрэгт татагдах байлгүй гэж би бодож байна.
-Хурал санхүүжүүлэхдээ яаж мөнгө олсон бэ гэдэг нь бас асуудалтай гэгдээд байгаа. Мэдээж энэ асуудалд тодорхой хэмжээнд анхаарал хандуулсан байх?
-Их тэнгэрт үйл ажиллагаа зохион байгуулахад ямар үнэтэй билээ. Төрийн ордонд хурал хийхдээ төлбөр төлье гэж бичиг өгөхдөө мэдэгдсэн. Аймаг, орон нутгаас ирсэн бүх хүний замын зардлыг даасан. Дээрээс нь хоёр, гурван хоног зочид буудалд буулгасан. Ингээд бодохоор нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан нь тодорхой байгаа юм. Бид О.Баасанхүүг шахаж, хаанаас хөрөнгө босгосон, хэнээс хандив авснаа хэл гэж шаардсан. Яагаад гэвэл О.Баасанхүү нэг төгрөгч намдаа өгдөггүй хүн. 2012 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш ганц ч төгрөг намдаа зориулж гаргаагүй. Харамч хүн. Хэдийдээ ийм мөнгөтэй болоод, намаа шинэчилнэ гэж давхидаг юм гэж бодоод, хүн болгон л гайхсан. Эрдэнэтийн намынхнаас авахуулаад бүгд л гайхсан даа. Харин О.Баасанхүү шахалтад ороод өөрөө хэлсэн. О.Баасанхүүгийн л хэлснийг яръя. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Дугаржав, Ц.Шинэбаяр гэсэн хүмүүс надад мөнгө өгсөн. Манай намын нарийн бичгийн дарга байсан хүн надад бараг 100 сая төгрөг өгснийг Баянголд зочид буудалд аваачиж өгсөн гэж хэлсэн. Энэ бол О.Баасанхүүгийн хэвлэлээр, телевизээр өөрөө хэлсэн үг шүү. Одоо арай эвлүүлэг гэхгүй байлгүй. Нэгдүгээрт, Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр өгсөн бол МАН-д хариуцлага тооцох хэрэг гарна. Яагаад гэвэл бусад намын дотоод хэрэгт оролцож байна. Улс төрийн нам хориотой үйл ажиллагаа явуулсан байна гэсэн үг. Г.Дугаржав гэж манай намд байсан залуу. Одоо Хятадын хөрөнгө оруулалттай компанид гүйцэтгэх захирал хийж байгаа. Хятадын компаниас санхүүжилт аваад хурал хийсэн гэсэн үг үү. Ц.Шинэбаяр гэдэг хүн өөр намын дарга. Энэ хүн манай намын дотоод хэрэгт оролцож болохгүй. Энэ дөрвөөс мөнгө авсан бол хуулиар хориотой. Хууль бус санхүүжилт гэсэн үг. Сүүлийн үед сонсогдож байгаа мэдээллээр бол их мөнгө зарцуулна гэж амлаад, олон хүн ажиллуулсан. Тэдэндээ мөнгөө өгөхгүй байгаа юм билээ. Харин тэр хүмүүс нь О.Баасанхүү олон газраас, янз бүрийн хүнээс их хэмжээний мөнгө авчихаад хувьдаа ашигласан гэсэн гомдолтой байгаа юм билээ. О.Баасанхүү ямар нэг будилаан хутгаад л яваад байна. Дараа нь тэр бүхнээ хуулийн байгууллагын өмнө хэлэх шаардлагатай болох байх.
-Ирэх сард Их хурлаа хийнэ гэсэн. Энэ хурлаар ямар өөрчлөлт хийх вэ. МАХН нэг хүний нам болчихлоо гэсэн шүүмжлэл байнга гардаг. Хурлаар намын даргаа солих уу?
-Хөгжилтэй байдлаар жишиж ярья. Манай Дагваа аварга Японд очоод хэдэн жил сүмог нь эзэгнэж, түрүүлсэн. Тэглээ гээд нэг хүний сүмо гэж ярьдаггүй биз дээ. Цаана нь зөндөө л сүмоч байж л байдаг. Түүнтэй адил манай намд өч төчнөөн гишүүн байна. Муу нь ч бий, сайн нь ч байгаа. О.Баасанхүү мэтийн муу нь байна. Намаас гарч л байна. Цаана нь зөндөө сайн хүмүүс бий. 76 мянгатын дарга байгаа. 360 суманд бүгдэд нь намын дарга нар байна. Бүх дүүрэг, хороонд манай анхан шатны байгууллагууд ажиллаж байгаа. 30-аад мянган гишүүн байна. Энэ бүхнийг нэг хүн гэж хараад байгаа бол нэг л хүн болог. 30 мянгуулаа нийлээд нэг хүн болъё. Манайд нэг сайн лидер байна, яах аргагүй. Н.Энхбаяраас өөр Засгаа дөрвөн жил тогтвортой авч явсан улс төрийн лидер хаана байна. Н.Энхбаяр даргаас өөр улс орныхоо өрийг тоймтойхон шийдсэн лидер хаана байгаа юм. Алга л байна шүү дээ. Хоёрдугаар Их чуулганаар намын даргын асуудал мэдээж яригдана. Өөр хүмүүс нэрээ дэвшүүлэх л байх. Бид Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлнэ. Миний бодлоор Н.Энхбаяр дарга ойлгомжтой дахиад ялах л байх. Тэгээд хэдэн жил нэг хүний нам гэж цоллуулбал тэр л биз. Бидний нэг л хүсэл байна. 2020 онд парламентад олонхи болъё. Тэгээд тогтвортойхон шиг Засгийн газрыг байгуулаад, өр ширийг нь дараад. Одоо яриад байгаа найман хотоо байгуулаад, улс шиг улс болъё гэдэг. Бид бүх гарц гаргалгааг нь олоод, судлаачид, ард түмнээрээ хэлэлцүүлээд явж байна.  Хамгийн эхлээд улс төрийнхөө тогтолцоог өөрчлөхгүй бол бүх муу муухай зүйл үүнээс болж байгаа.


No comments:

Post a Comment