Thursday, November 26, 2015

ЦЭВЭР УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨХ ХУВЬСГАЛ

Манай Улаанбаатар хотын хамгийн ужиг асуудал бол утаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ ярианыхаа эхэнд утааны хор хохиролын дахин нэг сануулъя. Эрүүл мэндийн талаасаа Улаанбаатарчууд ханиад тусдаг, нэг ханиад тусахаараа маш хүнд хэлбэрээр, удаан хугацаанд өвчилж байгаа та бүхэн харж байгаа. Энэ бол үндсэндээ бидний уушиг тэр чигтээ өвчилж, ердийнхөөрөө ажиллаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн бараг гурван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар харшилтай байдаг болсныг харж байгаа. Харшлын хамгийн гол шалтгаан нь хортой утаа, хүнсний бүтээгдэхүүн нь хамар, амьсгалын замын өвчний гол шалтгаан бөгөөд, нэг ёсондоо хүний эрхтнийг хордуулж, ажиллагаагүй болгож байгаагийн нэг илрэл гэж үзэж болно. Дээр нь сүүлийн үед сүръеэ гэх аймшигтай өвчний тархалт нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын мэдээ тоо баримтаас харагдаж байна.

Сүръеэ бол маш аймшигтай өвчин. Хүн бүрт шахуу сүръеэгийн вирус байдаг, манай улсын хувьд бараг 90 хувь нь сүръеэгийн вирусны тээгч гэж ярьдаг. Хэзээ хүний дархлаа муудах, эсхүл сүръэгээгийн вирус нь өвчин болж хувирсан хүнээс халдвар авсан тохиолдолд энэ өвчнийг тусдаг гэж ярьдаг. Нэгэнт сүръеэ туссан бол маш хүчтэй эм тариаг тасралтгүй ууж байж л намжаадаг аюултай өвчин. Энэ бол энэ хорт утаанаас үүдэн гарч байгаа олон өвчний зөвхөн нэг нь гээд бод доо. Зүв зүгээр эв эрүүл явж байсан сайхан залуучууд сүръеэ гэх өвчнөөр өвчлөөд олон хоног сараар эмнэлэг эм тариа болоод явж байгааг бид нэг хүний, хэдхэн хүний асуудал гэж харж болохгүй ээ. Арайхийж хашсан аймшигт өвчин утаан дээр суугаад хашаа даваад гараад ирсэн байна.

Бид олон жил утаатай тэмцэх гэж худал үнэн ярьж, сүүлдээ утаа багатай зуух, хямд үнэтэй нүүрс хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт асуудал уруу орж, хэлсэн амалсан бүхэн нь жил ирэх тутам замхарч, эвлэрэх, дасах тийшээ хандаж байна. Харамсалтай нь төрийн бодлого, аль нэг даргын ажлын төлөвлөгөө, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд утаатай дасан зохицож болох авч хүний эрүүл мэнд тэр тусмаа бидний хүүхдийн эрүүл мэнд энэ утаатай хэзээ ч дасан зохицохгүй юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр доройтож байгаа бидний эрүүл мэнд, улам бүр нэмэгдэж байгаа аюултай өвчинг бид маш яаралтай аюулын харанга гэж хүлээж авахгүй бол, эрс шийдвэрээр зоригтойгоор таслан зогсоохгүй бол бид үндэсний хувьд ч орших уу эс орших уу гэдэгтээ тулах цаг хаалга тогшиж байна.

Одоо гол асуудал руугаа оръё. Яаж энэ утааг байхгүй болгох вэ гэж?

Цорын ганц арга бий. Урд нь туршигдсан ганц л арга бий. Энэ бол ердөө л нүүрс, мод түлдэг зуухнаас салж, утааны хувьсгал хийх юм. Утаагүй зуух, хямд нүүрс гэх мэт нь угтаа жаахан багасгах, нүүрсний үнийг хямдруулах л санаа болохоос утааг алга болгох санаа огт биш юм. Бидний сайн мэдэх Лондон хотын утаа нь яг өнөөдрийн Улаанбаатрын хэмжээнд хүрч, утаанаас болж олон мянган хүн нас бардаг, өвчилдөг байжээ. Лондончууд утаатай тэмцэх олон арван жилийн туршлага хуримтлуулж, хэд хэдэн хууль, акт гаргаж байсан ч утаа алга болоогүй юм. Харин ч хотын хүн ам, байшин барилгын тоогоор өдөр бүр утаа нь яг л өнөөдрийн Улаанбаатрын адил нэмэгдсээр байсан. Английн Ерөнхий сайдаар Төмөр хатагтай Маргерет Тетчер сонгогдож, янданг буюу нүүрс, мод түлдэг зуухыг огт хориглож чадсанаар лондон хот хоёрхон жилийн дотор утаанаас салж чадсан байна.

Маргерет Тетчерийг айл бүр газаар эсвэл тогоор гэрээ халаа гэхэд сөрөг хүчин, ард түмний зарим хэсэг, хэвлэл мэдээллийнхэн огт бүтэхгүй зорилго тавьлаа хэмээн баалж, шүүмжилж, улдан зүтгэж байсан байсан байдаг. Лондончууд газ хэрэглэж чадахгүй, газаа дэлбэлнэ, олон арван хүн дэлбэрч үхнэ гэх нэг хэсэг байхад тог тасарвал яах вэ, зарим нь цахилгааны хүчин чадал хүрэхгүй, гал түймрийн аюултай, гэх мэтээр ч үндэслэлээ гаргаж байжээ. Ядуу хүмүүс гэрийнхээ тоноглолыг сольж чадахгүй, тог цахилгаан, хийн газынхаа мөнгийг төлж чадахгүй гэх мэтээр ядууралтай холбон эсэргүүцэх хүмүүс ч байсан байдаг. Манай улсад ч мөн адил тийм асуудал гарна гэдгийг би мэдэж байна. Нэгэн цагт Лондончууд газ хэрэглээд бүгдээрээ дэлбэрчихээгүйн адил, тог цахилгаан нь лондон хотыг галдан шатаачихаагүйн адилаар Монголчууд Улаанбаатарчууд бид тэр зэргийн эд хэрэгслийг өөриймшүүлээд, аюул осолгүйгээр хэрэглээд сурчихна гэдэгт би итгэж байна. Тог цахилгаан хэрэглэснээр Лондонгийн оршин суугчид ядуурч, гудамжинд гарчихаагүй, тогны мөнгөгүйгээс бол хөлдөж үхсэн англи хүн гараагүйн адилаар нийслэлийнхээ иргэдийг тогны мөнгөгүй хэмээн хөлдөөчихгүй алчихгүй хэмжээний улс төрчид байгаа гэдэгт итгэж байна. Лав л МАХН нь социал демократ намын хувьд хэзээ ч иргэдээ тэгж хөсөр хаяхгүй гэдгийг амлаж байна.

Нийслэлийн иргэдийн хурал, УИХ нь Улаанбаатрын утааг ийм замаар зоригтой шийдэх бараг цор ганц амлалтыг өгөх ёстой. Энэ зорилт хатуу, хэцүү, зарим тохиолдолд санхүүгийн хувьд төрийн хувьд ч, иргэдийн хувьд ихээхэн шалгуур сорилт, бэрхшээлийг бий болгох нь дамжиггүй.

Хамгийн түрүүнд иргэд, айл өрхүүд өөрсдийн янз бүрийн аргаар утаа гаргадаг зуухаа шинэчлэх нь эхний томоохон зардалыг бий болгоно. Чадалтай боломжтой айлууд ч өөрсдөө шийдчих байх. Нэлээд олон айл хэрвээ төр засгаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийн механизмийн хүчээр бас тогоор, газаар халаалтаа шийдчихэж чадна. Бас цөөнгүй айлууд төрийн шууд дэмжлэгээр шийдэхээс өөр аргагүй байгаа нь ч үнэн.

Харин Лондончууд гуч, дөчин жилийн өмнө нүүрс модноос газ, цахилгаан халаагуурт шилжиж байсантай харьцуулхад техник, технологийн хөгжил асар өндөр түвшинд хүрчихсэн, харьцангуй бага зардлаар халаалтаа шийддэг, хэмнэлттэй шийдлүүд өргөн дэлгэрчээ. Манай монголчууд ч энэ талын судалгааг хийж, өндөр хөгжилтэй улсуудаас энэ чиглэлийн технологийг оруулж ирэхийг оролдож байгаа ба төрийн шийдвэр л дутагдаж байгаа юм.

Дараагийн нэг том зардал бол сар бүрийн цахилгааны зардал, халаалтын зардлын асуудал юм. Өнөөдрийн байдлаар хүн бүр цахилгааны төлбөр хэт өндөр болох вий, тэр зардлаа дийлэхгүй байх вий гэсэн болгоомжлол үүсэх нь мэдээж юм. Төр шийдвэрээ гаргахдаа халаалтанд зарцуулж байгаа цахилгааны мөнгийг одоогийн орон сууцны айлууд өвөл халаалтын зардалд төлж байгаагаас ихгүй байхаар зохицуулах ёстой. Богино хугацаанд айлууд зардал гаргаж халаалтын системээ шинэчилж байгаатай нь холбогдуулан хэд хэдэн шийдэл байж болох юм.

Нэгдүгээрт нийт айлуудад халаалтын системээ шинэчилж байгаатай нь холбогдуулан өвлийн улиралын цахилгааны зардлыг үе шаттайгаар хямдруулах. эхний нэг хоёр жил 80 хувь хямдруулах, Гурав дөрөвдэх жилээс 60 хувь хямдруулах, тав зураа дах жилээс 50 хувь хямдруулах ба түүнээс цааш дээр дурдсан орон сууцны халаалтын зардлаас илүүгүй байхаар тогтох. Эсвэл өрхийн орлогоор нь ангилан өрхийн орлого багатай айлуудад 80 хувь, дундаж өрхүүдэд 60 хувь, дундаас дээш орлоготой айлуудад 20 хувь гэх мэтээр хөнгөлөлт үзүүлж болж байна. Эсвэл манай улсын онцлогоос шалтгаалан хүн амын өсөлтийн бодлоготой уялдуулан дөрвөн хүүхэдтэй айлын хувьд 80 хувь, 3 хүүхэдтэй айлын хувьд 60 хувь, 2 хүүхэдтэй бол 50 хувь, нэг хүүхэдтэй бол 40 хувь гэх мэтээр хөнгөлөх механизмийг ч бодож олж болно. Бидний хувьд аль хэлбэр нь илүү дээр болохыг хэдэн дарга нар өөрсдөө шийдэх бус иргэдээсээ асууя, тэдний саналаар шийдвэрээ үндэслэе хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс МАХН-ын гишүүд дэмжигчдээс тодорхой санал асуулга явуулж байгаа бөгөөд утаагүй болох “Цэвэр Улаанбаатар Хувьсгал” хийхийг дэмжиж байгаа эсэх, ингэхдээ цахилгааны хөнгөлөлтийг ямар байдлаар хийх вэ зэргийг Улаанбаатарчуудаасаа асууж байгаа билээ.

Энэ ажил боломжтой ажил, хэрэгтэй ажил, бүтэх ажил гэдгийг тайлбарлан хэд хэдэн аргументийг энд бас дурдах нь зүйтэй байна. “Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгал” бол маш том бизнес юм. Хэдхэн компанийн бизнес биш, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, хүсэлтэй хэн бүхний оролцох боломжтой бизнес юм. Улаанбаатрын гэр хорооллыг бүхэлд нь цахилгаан халаагуурт шилжүүлнэ гэдэг бол энэ төрлийн техник, хэрэгсэл авч ирэх, худалдан борлуулах хүсэлтэй хэн бүхэнд том боломж авч ирнэ. Гарын дүйтэй, цахилгааны мэргэжилтэй, энэ чиглэлийн сургалтанд сууж мэргэших хүсэлтэй бүх хүнд шинэ боломж, шинэ орлого авч ирэх юм. Хотын ойролцоох нүүрсний уурхай, түүнийг дагасан цахилгаан станц, газ бюу хийн түлшний төсөл хэрэгжүүлэх сонирхолтой дотоод гадаадын хөрөнгө оруулагчидад бол алтан боломж болно. Ажлын байр нэмэгдэнэ. Орлого татвар ч мөн түүнийг дагаад нэмэгдэнэ.

“Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгал” бол гоё Улаанбаатрын зөвхөн эхний шат болно. Хэрвээ Улаанбаатар бүхэлдээ утаагүй, цэвэр агаартай болчихвол гэр хорооллын хашаа, байшингийн үнэ өсөж, харин шавааралдан барьсан байрны үнэ тэр хэрээр буурах хөрөнгийн зах зээлийн хувьсгал болно. Гэр хорооллын айлууд буюу өөрсдөө тусдаа байртай байхыг, хүлэмжтэй, гарааштай, өөрийн тоглоомын талбайтай байхыг хүсдэг хэн бүхнийг цэвэр агаартай хороололд оруулж байгаагаараа тэдэнд ашигтай, харин нийтийн буюу орон сууцанд амьдрахыг хүсч байгаа хүмүүст орон сууцыг нь хямдруулж өгснөөрөө бас давуу талыг олгож байгаа нь сайн хэрэг юм.

Нүүрс түлдэг айлууд ялангуяа гэрийн эзэгтэй нар, эмэгтэйчүүд маань мэднэ дээ. Гал түлэх, нүүрс буулгах, оруулах, утаа уугиулах, хувцас хунараа бусад зүйлээ утаа тортогоос салгах нь өрхийн ариун цэвэр, соёл төдийгүй санхүүд ч ямар их боломжийг бий болгох нь ойлгомжтой. Гал галлах гэж хичнээн цаг хугацааг алддаг вэ? Ажлаас ирхэд хүв хүйтэн гэрийг дулаацуулах нь ямар онцгүй сэтгэгдэл байдгийг ч бид мэднэ. Энэ бүхнийг бүх нийтээр цахилгаан, хийн түлшийн халаагуурт шилжиж байж л бид шийдэж чадна. Зуслангийн газар сайхан байшин барьчихсан айлууд маань ч, үр хүүхдээ цэвэр агаарт салхилуулахыг хүсдэг хэн бүхэн энэ хувьсгалыг дэмжих нь ойлгомжтой юм.

“Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгалын” дараагийн алхам нь хот, гэр хорооллын дундах чулуун болон цементэн зам, цэцэрлэгжүүлэх, бохирын нэгдсэн суваг, цэвэр усны хангамж гэх мэт олон асуудал бий. Гэхдээ амьдралд тулсан, эрүүл мэндэд аюул занал учруулж байгаагийн хувьд эрэмбэ дарааллаараа, төсөв хөрөнгийг зарцуулах хэрэгцээ шаардлагаараа хамгийн эхэнд хийх хувьсгал бол утааг, янданг хориглох хувьсгал билээ.

Утаанд зарцуулж байгаа хувьсгалд зарцуулах өртөг өнөөдөртөө их мэт, боломжгүй мэт харагдаж байгаа ч угтаа хамгийн хямд аргаар халаалтаа шийдэж байгаа юм. Энгийнээр хэлхэд цахилгаан станц нэг тонн нүүрсээ ойролцоогоор хорин мянган төгрөгөөр худалдаж аван, техникийн дэвшил ашиглан дулаан үйлдвэрлэж байна. Харин айл өрхүүд нэг тонн нүүрсийг наяаас хоёр зуун мянган төгрөгөөр худалдан авчмаш болхи технологиор дулаан үйлдвэрлэж байна? Нөгөө талаас бид эрүүл мэндийн асар их асуудалтай болсон бөгөөд иргэд эмнэлэгт үзүүлэх, оношлуулах, эм тариа худалдан авах зэрэгт, төр засаг нь иргэдийнхөө өдөр тутам илт муудаж буй эрүүл мэндийг асуудлыг шийдэх гэж эмнэлэгийн төслүүдэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалтуудыг алсдаа бид өөр ашигтай зүйлд зарцуулах боломжтой болгож байгаа хувьсгал юм. Айлын эхнэрүүд өдөр бүр тоос тортог болж ирдэг гэрийнхнийхээ хувцасыг угаах гэж зарцуулдаг зардлаа ч хэмнэнэ, цагаа ч хэмнэнэ. 

Хамгийн гол нь эрүүл мэнд. Өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа амьсгалын замын өвчин, сүръеэ, харшил гэх мэт шинэ тутам өвчнүүд, зүрхний аттак, уушиг, арьсны гэх мэт тоо нь цөөн ч хүний амь бие эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг олон өвчнийг эмч докторууд нэрлэж, тодорхой ярих биз ээ.

Эрүүл мэндээ хамгаалж, халаалтын зардлаа хямдруулан, шинэ бизнес, олон ажлын байр бий болгох Цэвэр Улаанбаатрын төлөө Хувьсгал хийхийг уриалж байна.

Жич: Улаанбаатрын гэр хороололд 197 мянган өрх байна. Ойролцоогоор 200 мянга гээд бодчиход их хол зөрөхгүй байх аа.

Манай нэг найз өөрийн 100 мкв байрыг тогны халаалтын орчин үеийн хэрэгслээр тоноглосон ба өвөлдөө тогонд 100,000 төгрөг сард төлж байгаа гэнэ. Энэ жишгээр бодоход хоёр зуун мянган өрхийн сарын цахилгааны төлбөр сард 20 тэрбум төгрөг. 10 дугаар сараас дөрөвдүгээр сарыг дуустал цахилгаан хэрэглэнэ гэж тооцвол дээд тал нь 160 тэрбум төгрөг болно.

Хэрвээ манай айлууд ихэнх нь 6х8 байшинтай гэж тооцвол хоёр дахин бага буюу 80 тэрбум төгрөг. Энэ мөнгөний иэхнхийг буюу шөнийн цагаар халаах цахилгаан хаашдаа үнэгүй гэж үзвэл бид бараг л 20 тэрбум төрөөс илүү санхүүжүүлэх шаардлагатай болоод байх юм хар багцаагаар.

Мэдээж айл өрхүүдийн нэмэлт тоноглолын мөнгө шаардалагатай ба үүнийг харин хөнгөлөлттэй зээлээр шийдвэл ямар вэ гэж бодож байна.


Tuesday, November 24, 2015

ЗАКСОН АНХАЛТ МУЖИЙН МАГДАБУРГ ХОТООС ДҮҮРГЭСЭН ГАНЗАГА

Холбооны бүгд найрамдах Герман улсын Заксон Анхалт Мужийн барилга, зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзлаа. 

Мужийн барилгын яамны гадаа урт урт цагаан асар хэдийг барьсан байв. Сайд юуны түрүүн эдгээр асруудаа тайлбарлан “манай мужид долоо хоногт 30 мянган цагаач ирж байна. Яаралтай зохицуулалт хийхгүй бол хүмүүсийг хүйтний улиралд гадаа хонуулах нь байж боломгүй юм. Тиймээс бид бэлтгэл болгож эдгээр асруудыг барьсан ба түр байршуулах, хоол хүнс, эм тариагаар үйлчилэх зориулалтаар эдгээр асруудыг барьж байна. Эндээ түр байлгаж байгаад дараа нь цагаачдад орон байр гаргаж өгдөг юм гэлээ.

Заксон Анхалт мужийн зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь зам харилцаа, барилга, газрын харилцааг хариуцан зохицуулах чиг үүрэгтэй. Тухайлбал Германд замыг холбооны, мужийн, орон нутгийн гэж хуваадаг ба яам нь 7000 км холбооны улсын статустай хурдны зам, орон нутгийн шинжтэй 11000 км замыг хариуцдаг байна. Түүнчлэн 30 мянган км төмөр замын асуудлыг энэ мужийн зам тээвэр барилгын яам хариуцдаг байна.

Муж улсад амьдарч байгаа, энэ нутгаар дайран өнгөрч байгаа хүмүүсийн шилжих хөдөлгөөн буюу ложистикийг зохицуулхад асар их хүчин чадал зарцуулагддаг ба төмөр зам, автобус гэх мэт нийтийн тээвэр нь аль нь ч өөрийн өртгөө нөхөж чаддаггүй тул Холбооны улсын засгийн газар болон Европын холбооноос татаас авах замаар алдагдалыг санхүүжүүлдэг байна.

Магдабург хотын ирээдүн хөгжлийг тодорхойлох зорилгоор Хотын хөгжлийн сан байгуулсан ба жилд 80 сая евро энэхүү сангийн үйл ажиллагаанд хувиарладаг байна. Ер нь германы хотууд иймэрхүү хотын хөгжлийг урьдчилан харж бодлого боловсруулах зорилго бүхий сан, төсөвтэй байдаг гэв. Ингэж байж л германы хотууд илүү сайн төлөвлөлттэй, хүний амьдрах орчин тав тухыг илүүтэй хангасан байж чаддаг ба хотоо сайхан болгохын тулд зайлшгүй хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг онцлов.

Магдабург хот, Саксон Анхалт муж улс нь нь хүн ам зүйн хувьд ихээхэн асуудалтай тулгараад байгаа юм байна. 25 жилийн өмнө Монгол улсаас бараг хоёр дахин их хүн амтай байсан боловч өдгөө 2.5 сая болтлоо буурчээ. 1990 онд нэг жилд 30 мянган хүүхэд шинээр төрдөг байсан бол өнөөдөр талдаа ч хүрэхгүй болтлоо төрөлт буурсан байна. Европ, Германы хотуудад тохиолдож буй хүн ам зүйн бэрхшээлийн нэг жишээ нь энэ муж болжээ.

Германы барилгын салбарын нэг онцлог бол барилга дээр ажиллах боловсон хүчнийг хосолмол удирдлагаар бэлддэг явдал юм. Нэг талаас барилгын компани өөрийн ажилчидийг захиалан бэлтгэх, нөгөө талаас сургууль буюу түүнийг эзэмшигч яам, барилгачдын холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхим нь хамтран ажилладаг байна. Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутан нэг талаас компанийн ажилтан, нөгөө талаас сургуулийн суралцагч гэсэн үг. Онолын сургалт, дадлага ажил хоёр зэрэг явагдах ба тухайн барилга дээр сургуулийн дадлагаар ажиллаж байсан оюутан төгсөөд шууд ажлын байртай болно гэж ч ойлгож болох юм. Ингэснээр тухайн оюутны сурлагын чанар, барилгын компанийн чадавхи ихээхэн дээшлэдэг байна. Ер нь Австри Герман гэх мэт ийм хосолмол тогтолцоотой мэргэжилтэн бэлтгэдэг улсуудад ажилгүйдэл хамгийн бага түвшинд байдаг ба ялангуяа 25 нас хүртэлх залуучуудын ажилгүйдэл бусад оронтой харьцуулхад байхгүйтэй адил гэнэ. Ийм тогтолцоо практик ач холбогдол нь маш өндөр учраас сүүлийн үед зарим улс орнууд ийм системийг нэвтрүүлэх талаар туршлага судлаж, туршилж эхэлж байгаа юм байна.

Ажлын байран дээрх сургалт маш чухалд тооцогддог ба сургиулаа төгссөн инженерүүдийг ч тогтмол сургалтанд хамруулж байдаг байна. Учир нь техник технологи маш эрчимтэй хөгжиж байгаа тул барилгын компаниуд хөгжлөөс хоцрохгүйн тулд өөрийн инженери, техникийн ажилчидаа сургаж боловсруулах талд дээр яам болон сургалтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг гэнэ.

Жишээ нь байрны халаалтын систем гэхэд л маш өндөр хөгжсөн ба 10, 20 жилийн өмнөхөөс бодлогын хувьд ихээхэн өөрчлөгдсөн байдаг байна. Герман улсын тэр дундаа энэ мужийн эрчим хүчний хэрэглээний 40 хувь нь зөвхөн орон сууцны халаалт болон, агааржуулалт, хөргөлтийн хэрэглээнд зарцуулагддаг байна. 2050 он гэхэд орон сууцны эрчим хүчний хэрэглээг “0%” болгохоор зорьж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд жил бүр “Ногоон хот – Ногоон хөгжил – Ногоон үйлдвэрлэл” хэмээх бага хурал зохион байгуулж байгаа бөгөөд хотуудын проблем шинэ шийдлийг хуваалцах хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр нь болоод байгаа юм байна.

Хот бүр, тойрог хотууд гэгддэг дагуул хотууд тус бүр өөрсдөө шинээр баригдах барилгад тусгай зөвшөөрөл олгодог ба энэхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо нэмж “Дулааны алдагдалгүй байх” шаардлага тавьж хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Энэ нь нэг ёсондоо “0” буюу тэг агаарын солилцоотой буюу айл, өрөө бүр цонхоор замжуулан агаар солилцуулахгүй байх учиртай юм байна. Энэ зорилтыг хэрэгжүүлхэд хамгийн бэрхшээлтэй зүйл нь хүмүүсийн амьдралын хэвшмэл хэв маяг саад болж байгаа гэх. Хүмүүс амьдралынхаа туршид цонх онгойлгож агаарын солилцоог хийсээр сурсан бөгөөд цонх онгойлгохгүйгээр агаарын солилцоог явуулах, дулааны алдагдалыг багасгах технологуудад төдийлөн дасч өгөхгүй байна. Хүмүүст шинэ буюу ногоон барилгад амьдрах хэвшлийг ойлгуулах нь Берлинд хууль батлахаас хамаагүй илүү хэцүү даалгавар гэж сайд нь хэлж байлаа.

Жишээ нь саяхан ахмадуудад зориулсан асрах байрыг хүлээн авч, нээлтийг нь хийсэн бөгөөд цонхыг яагаад онгойлгож болохгүй тухай, цонх онгойлгохгүйгээр яаж агаарын солилцоог хийх тухай ханан дээр нь томоор, тодоор бичиж өлгөсөн бөгөөд тэнд байсан бараг бүх ахмад түүнийг нь ойлгохыг хүсэхгүй байсан ба харин удаж төдөлгүй тэдгээр ахмадууд “ногоон” байрандаа дасан зохицсон гэнэ.

Заксон Анхалт мужийн Магдабург хот бол хуучин зүүн герман буюу зөвлөлтийн талд харъяалагддаг байжээ. Энэ хот, муж улсын хувьд байгаль орчинд төдийлөн анхаарал тавьдаггүй байсан ба жишээ нь хотын төвийнхөөс бусад айлууд нь төвийн бохирын системд огт холбогдоогүй тус бүртээ жорлонтой байснаараа манай улстай ихээхэн төстэй байжээ.

Сүүлийн 25 жилийн дотор хотын төв, хотын зах, хөдөө орон нутагт байгаа бүх айлууд нэг ч үлдэлгүй 100 хувь бохирын нэгдсэн системд холбогдож чадсан ба энэ нь байгаль орчинд маш сайхан эерэг үр дүнг авч ирсэн байна. Тухайлбал энэ хотын дэргэдүүр урсдаг Элга гол 25 жилийн өмнө маш их бохирдолтой, үнэр танартай, загас жараахай огт байхгүй байсан бол өдгөө цэвэрхэн урсгалтай, загас жараахай хөвсөн гол болж цэвэршжээ. 25 жилийн өмнө хил залгаа баруун германаас ирсэн бол хаана яваагаа тэр  дор нь мэддэг тийм их ялгаатай болсон бол өнөөдөр ялгахын аргагүй ижил түвшинд хүрсэн гэдгээрээ бахархаж явдаг ажээ.

Бохирын нэгдсэн систем байгуулах ажил тийм ч амархан яваагүй бөгөөд төсвийн хөрөнгөнөөс гадна айл өрх, газрын эздээс ихээхэн хөрөнгө санхүү шаардсан ажил байжээ. Өөрсдөө мөнгө гаргаж бохирын нэгдсэн системд орохыг эсэргүүцсэн хүмүүс багагүй байсан бөгөөд тухайн үед өнөөдрийн зам тээврийн сайдын гэр бүл гэхэд л 17000 марк төлж байжээ. Энэ нь нэг талаасаа иргэдэд санхүүгийн дарамт болсон хэдий ч гарсан үр дүн нь иргэдэд таалагдсан, ихээхэн үр дүнтэй ажил болсон байна.

Хотын хөгжлийн иймэрхүү зардлын нэг евро тутамд 0.5-1 еврог улсын төсвөөс татаас маягаар өгч шийдэж байсан гэдгийг дурдалгүй өангөрч болохгүй.

Алслагдсан газар буюу 10 км-ээс цааш бохирын төвлөрсөн системд холбогдох айл өрхүүдийн бохирын системийг шийдэхдээ хиймэл цөөрмийн аргыг ашигласан ба манай улсыг ч мөн адил аймаг сумынхаа бохирын нэгдсэн системийг шийдэхдээ хиймэр цөөрмийн аргыг ашиглахыг зөвлөж байлаа. Энэ нь бусад орчин үеийн аргатай харьцуулхад маш хялбар бөгөөд бараг зардлын 5 хувьд ч хүрдэггүй хямд өртөгтэй мөртөө үр дүнтэй арга гэнэ. Манай улс газар нутаг томтой, хүн ам цөөтэй тул иймэрхүү аргыг ашигласан нь дээр гэж байлаа. Хиймэл цөөрөм байгуулж, зэгс гэх мэт цэвэршүүлэх, үнэр дарах ургамал хамт тариад л шийдчих боломжтой ажлыг өндөр технологи гэх мэтээр хүндрүүлэх шаардлагагүй юм гэж байлаа.