Friday, March 29, 2013

Ажилгүйчүүддээ туслах уу



Монгол Улсын Үндсэн Хууль, Эдийн засаг, Нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ILO) гаргасан зөвлөмжүүдэд хүний хөдөлмөрлөх эрхийн талаар тусгаж баталгаажуулсан байдаг.  

Хүн хөдөлмөрлөх эрхээ эдлэх гол нөхцөл нь өөрийн ур чадвар, туршлага, эрүүл мэндэд тохирсон ажлын байраар хангуулах явдал юм. Аль нам засгийн эрх барихаас хамаарахгүйгээр төр иргэдээ ажлын байраар хангах үүрэгтэй.

Ажлын байрыг үндсэндээ  хоёр арга замаар шийдэж байна. Нэгдүгээрт: Эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг сайжруулж, бизнесийг дэмжих. Үүнд: Татварын хөнгөлөлт, татвараар дамжуулан дэмжих бодлого, Жижиг дунд үйлдвэрийн зээл, хүнд хөнгөн аж ахуй үйлдвэрүүдийг бий болгох, дэмжих зэрэг орно. Хамгийн гол нь төр бодлогоор хөдөлмөрлөх эрх зүйн болон эдийн засгийн нөхцлийг шийдвэрлэж байгаа юм.

Манай улсад атрын гуравдугаар аян, зам барилга, ноос ноолуурын салбарыг дэмжихээр бонд гаргах  зэргээр үндэсний бодлого, хөтөлбөрөөр дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах бодлогууд амжилттай хэрэгжиж байна.. Татварын бодлогын  хувьд гурван 10-ын бодлого нь үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчид, ажил хэрэгч хүмүүст таатай боломж олгохын сацуу ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой хөтөлбөр болсон нь маргаангүй үнэн.

Ажлын байр бий болгох хоёр дахь үндсэн арга бол тухайн зорилтот бүлгүүдэд зориулсан ажлын байрыг дэмжих, зохион байгуулалттайгаар шинээр бий болгох юм. Энэ тал дээр  манай улстодорхой туршлага бий. Тухайлбал хараагүйчүүдийн үйлдвэр, хорих байгууллагуудын дэргэдэх уурхай, тоосгоны үйлдвэрүүд гэх зэрэг. Эдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний талаар энд авч үзсэнгүй. Дурдвал олон л асуудал хөндөгдөх байх.  

Хэдийгээр  тодорхой туршлагатай ч Засгийн газрын зүгээс зайлшгүй авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн овоо харааг ийш нь чиглүүлэх цаг ирсэн гэж үзэж байна.  

Зах зээл дээр эрэлт ихтэй мэргэжил, боловсролтой хүмүүсийн хувьд асуудал харьцангуй өөр болсон тул байнгын буюу түр хугацаагаар ажилгүй байгаа иргэдийнхээ боломж, нөхцлийг судлаж зорилтод ажлын байрыг бий болгох нь маш чухал. Үүний тулд хэн хаана, ямар учраас ажилгүй байгааг нь аль болох нарийвчлан  авч үзэх шаардлагатай байна.

     Ажилгүйчүүдийг  өөрийнхөөрөө ангилах гээд үзье. Мэдээж бүрэн дүүрэн мундаг ангилал хийж чадахгүй  ч ядаж энэ мэтээр ярьж санаа бодлоо солилцож эхлэх нь зүйтэй гэж бодогдолоо. Үүнийг уншиж байгаа та ч бас өөрийнхөөрөө ангилах гээд үзээрэй. Миний бодлоор дор дурдсан нийтлэг шинжтэй зорилтот ажлын байрыг бий болгох асуудал орхигдсоор байна. 

1.    Дундаж насныхан.
2.    Улирлын чанартай ажил эрхлэгчид
3.    Орон нутгийн буюу байршлын ажилгүйчүүд

Эдгээр ангиллын ажилгүйчүүдийг дотор нь багахан тайлбар хийж, мөн хэрхэн ажлын байраар хангаж, нөхцөл байдлыг нь дээрдүүлэх талаар өөрийн толгойд буусан санаануудаа хуваалцъя. Тухайн аймаг орон нутагт амьдарч байгаа  ажилгүй иргэдийн жишээнд тулгуурлах нь зүйтэй болов уу. 

      Нэг. Дундаж насныхан

35-аас дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүс. Ихэнх нь хөдөө бол багш, захиргааны ажилтан мэтийн ажил албатай байсан. Сонгуулийн үр дүнгээр заримдаа ажилтай, заримдаа ажилгүй болдог ба нас ахих тусам ажилтай болох магадлал нь буурч байгаа хүмүүс. Аль ч сум багт ийм хүмүүс өч төчнөөнөөрөө байгаа. Хотод бол оёдол, арьс шир, гутлын үйлдвэр  зэрэг үйлдвэрүүдэд ажиллаж байсан, түүнчлэн хөдөөнөөс шилжиж ирсэн гол төлөв эмэгтэйчүүд. 

Эд бүгд ямар ч ажлыг өлхөн хийчих чадвартай боловч нийгмийн байдлаасаа шалтгаалан ажлын байргүй байгаа хүмүүс юм. Бичиг үсэгтэй, боловсролтой, нэг ёсондоо монголын нийгмийн дундажийг бүрдүүлдэг хүмүүсийн төлөөлөл.

            Жишээ: Архангай аймаг


Архангай аймгийн төвд амьдардаг өдгөө 48 настай Мөнгөнцэцэг. Урьд нь аймгийн захиргаанд ажилладаг байсан боловч өнөөдөр ямар нэг эрхэлсэн ажилгүй байгаа. Хүүхэд нь оюутан. Захиргааны ямар ч ажлыг өлхөн хийх чадвартай, төрд ямар нэг ажилд орох хүсэлтэй байгаа тухайгаа ярьж байсан.   Энэ тохиолдолд төрд ажилд орно гэдэг нь нэгэнт шинээр бүтэц орон тоо бий болгоогүй цагт нэг иргэнийг нөгөөгөөр нь сольж байгаа л ажил болно. Мөнгөнцэцэг ажилтай боллоо гэхэд цаана нь бас нэг Мөнгөнцэцэг ажилгүй болно л гэсэн үг юм.

Тиймээс  төр чадах чинээгээрээ захиргааны орон тоо шинээр бий болгох шаардлагатай. Гэхдээ мэдээж шаардлагагүй илүүдэл орон тоо  хэрэггүй. Тухайлбал Аймгийн эрүүл мэндийн төвд харилцагчийн үйлчилгээний менежер гэсэн орон тоо бий болгож болж байна. Эмч нарын цаг зав хүрэлцээгүйгээс өвтөнүүдэд соёлтой үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Эмнэлэгүүдэд үйлчилгээний менежерийн орон тоо шинээр гаргаж өгвөл эмч, өвчтөн, төр, ажилгүй иргэнд бүгдэд нь тустай л санаачилга болно. Эмнэлэгийн үйлчилгээ сайжирна, өвчтөн хэнд хаана үзүүлж, хэдий хэр удаж үйлчлүүлэх зэрэг стресстэй асуудлуудаасаа сална, мэдээж хэдэн хүн ажилтай орлоготой болно. Түүнчлэн арван жилийн сургуульд хүүхдийн байгууллагын ажилтан (хуучнаар ПАУ, одоогийнхоор скаутын удирдагч гэх мэт) хэд хэдийг гаргаад өгвөл өнөөгийн хүүхдийн хүмүүжил, гэмт хэрэг зөрчил, компьютер тоглоом болон бусад зүйлд донтох гэх мэт олон асуудлыг шийдээд л явчихна даа.

            Жишээ: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум

Алтанбулаг сумын иргэн 57 настай Жамъяндорж. Өглөө бүр хэдэн давхар өмд, хувцас өмсч монгол оросын хил гаалийнханд дарамтлуулан байж амьд ачаа тээврийн контейнерийн ажил хийдэг. Заримдаа түүхий махыг биедээ скочоор тогтоогоод хилээр гарч  “контрбанд” хүртэл хийдэг. Хэдэн мянгаар нь ачаа бараа оруулж зөөж чадахгүй. Амьдралын эрхэнд “хууль зөрчигч” болж яваа. Алтанбулаг суманд хэдэн зуун хүн ингэж л амьдралаа залгуулдаг. Эдгээр иргэдийн тухайд манайхаас оросын талтай харилцан тохиролцоод оруулж гаргах ачаа барааных нь хязгаарыг  тогтоогоод хууль ёсны болгож өгмөөр байгаа юм. Нэг цүнх гэх үү, гахай гэх үү хэмжээтэй барааг алтанбулагийн хэдхэн тооны иргэд оруулж гаргаснаар ОХУ-ын экспорт, импортын хэмжээнд өчүүхэн ч нөлөө байхгүй. Оросын зарим иргэдэд ч мөн ийм нөхцөлөөр харилцан зөвшөөрөл өгч яагаад болохгүй гэж. Хятад цагаан будааны хориг тавьсан ч гэсэн нэг хүнд нэг шуудай будаа авч орохыг зөвшөөрдөгтэй төстэй зохицуулалт л хэрэгтэй байгаа юм. 

Хоёр. Улирлын чанартай ажил эрхлэгчид

Ийм нэг хэсэг тогтвортой орлогогүй бүхэл бүтэн арми байна. Энд тариаланчид, барилгачид, зам ангийхан, уурхай, геологи хайгуулын туслах ажилчид, эдгээр бизнестэй холбоотой ханган нийлүүлэгчид гэх мэтчилэн дулааны улиралд үнэд орж эрэлт нь ихэсдэг боловч хүйтэрч сезон дуусмагц ажилгүй болцгоодог хэсэг бүлгийг орууна.

Ихэвчлэн биеийн хөдөлмөр эрхэлдэг. Гарын ур дүй сайтай, ямар ч ажлаас хойш суудаггүй ажилсаг хүмүүс. Техник сэтгэлгээ сайтай, гэм нь ажил нь  байнгийн бус хөдөлмөрлөх нөхцөл нь суурин биш, энд тэнд байдгаас болж гэр бүл тогтворгүй болох зэрэг эрсдэлд амьдардаг. Бор дарсны хэрэглээ нь өндөр байх нь элбэг.  

Жишээ: Улаанбаатар хот


Говь-Алтай аймгаас ирсэн том машины жолооч 37 настай Батгэрэл. Зундаа замын компанид жолоочоор ажилладаг ба 10 сарын дундаас 3 сар гартал 5 сар ажилгүй. Эхнэр нь зах дээр хүний бараанаас заралцдаг. Өвлийн турш ажилгүй, хаа нэг хүний халтууранд явж тав гурван цаас олдог. Найз Ц, Б хоёр нь бас зундаа барилга дээр ажилладаг бөгөөд өвөл мөн л ажилгүй, зун нь олсон цалингаа гамнан байж амьдралдаа хүргэдэг. Энэ хүмүүсийг өвлийн цагаар мэргэжил дээшлүүлэх сургалтад суулгаж болох юм. Цалинтай “МСҮТ” Мэргэжил сургалтын төвүүдийг чухам ийм хүмүүст зориулбал хаа хаанаа хэрэгтэй. Засварчны, инженер, гагнуурын, барилгын сан техник, дотоод засал гэх мэт өвөл ч ажиллаад байж болох мэргэжил эзэмшүүлж болно. Хэдэн жилийн турш ахисан түвшний сургалтад суулгаснаар чадварлаг инженер техникийн ажилчидыг нь хүртэл бизнес эрхлэгчдэд бэлдээд өгөх давхар хожоотой л программ болох байх. Ямар ч  байсан цагаа дэмий үрэхгүй л болно.

Гурав. Орон нутгийн буюу байршлын ажилгүйчүүд

Энд бараг бүх сумын ажилгүй иргэд, магадгүй уул уурхайтай эсвэл газар тариалан эрхэлдэгээс бусад сумын төвийн иргэд, Налайх, Багахангай зэрэг алслагдмал дүүргийнхэн, аймгийн төвййн иргэд орно. Нэгэн цагт орон нутгийнх нь түшиц болж байсан үйлдвэрлэл үйлчилгээ үгүй болсны улмаас нийтээрээ тодорхой ажилгүй болсон хүмүүс.

Жишээ: Налайх дүүрэг

Уурхай нь хаагдсаны улмаас гол төлөв дарга даамал, инженерүүд нь хувийн уул уурхайн байгууллага бараадаад нүүчихсэн. Одоо эрчүүд нь осолтой далд уурхайд амь дүйн нүүрс олборлодог. Хавар зунаас хятадын голдуу тоосгоны үйлдвэрт ажилладаг. Нэг хэсэг хятадууд оёдлын үйлдвэр ажиллуулж байх үед хаа очиж олон хүн сайн оёдолчид болж байсан боловч одоо хаагдсан учир эмэгтэйчүүд нь хийх ажилгүй. Налайхыг Улаанбаатарчуудын өвлийн нүүрс түлээг амь дүйн ханган нийлүүлдэг хүмүүс байлгамааргүй л байгаа юм. Энэ жижиг хотыг Монголын загварын төв болгож хөгжүүлбэл ямар вэ. 

ШУТИС-ын болон бусад загвар, технологийн сургуулиудыг нэн тэргүүнд Налайхад шилжүүлж, арван жилийн сургуулиудад нь оёдол, загварын хичээлийг түлхүү оруулж  болох юм.Арьс шир боловсруулдаг, гоёлын цүнх, гутал хийдэг хүмүүст зориулсан ажлын байрыг бариад, ганц хоёр томоохон дэлгүүр байгуулаад өгчихвөл аяндаа л энэ хот гоё болоод ирнэ. Соёлын төв, том үйлчилгээнийх нь төвүүдийг Загварын шоу хийдэг болгоод нөгөө сүртэй Гоёл наадам энэ тэрээ зөвхөн Налайхад хийдэг болчихвол ямар вэ. Загварын гудамжтай, hand made гутал цүнх, пальто, костюм авахыг хүссэн хүмүүс Налайхыг зорьдог болчихвол сайхан биш гэж үү. Дүүргийн нүүр царайг хөрөнгө оруулалт хийж эрс өөрчлөхөд ядах юмгүй, зардал ч бага орох болов уу. Үүнийгээ дагаад шоу бизнес, үзвэр үйлчилгээний бизнесүүд, даавуу, бөс барааны гол захууд ч Налайх дүүрэгт төвлөрөөд ирэх юм. Энэ бол жишээ, өөр ч байж болно. Гэхдээ биелэхэд боломжгүй ч зүйл бас биш болов уу.   

Үүнтэй адилаар хэд хэдэн сумыг алт мөнгө, чулууны чиглэлээр нь сургуультай нь, школтой нь брэндчилбэл нөгөө монгол брэнд амьдралд буух цаг ойртоод ирэх байх. Монголд айлчилж буй жуулчид зөвхөн ноолууран цамц авах биш монголын газар шорооноос олборлосон алт мөнгө, зэс, эрдэнийн чулуугаар хийсэн үнэт эдлэл авах хүсэлтэй байх нь ашигтай шүү дээ. Мөн адил нэг цэгт төвлөрсөн сум (магадгүй Багахангай дүүрэг ч юм уу) –д орчин үеийн тоног төхөөрөмж, технологи, гадны мэргэжилтэн хуран чуулаад ирэхэд манайхан хэнтэй ч өрсөлдөхүйц хангалттай экспорт хийгээд байж чадах л байх. Алт, мөнгийг зах зээлийн ханшаар нь, сорьцийн  баталгаатайгаар Монголбанкнаас нийлүүлээд байж болно шүү дээ. Яваандаа манай дархчуул зөвхөн мөнгөн аяга, хэт хутга төдийг хийж дотооддоо борлуулаад байлгүй гар утасны үнэтэй гадар, зангианы хавчаар, нэрийн хуудасны сав, , асаагуурын гадар, түлхүүрийн оосор, цагны оосор мэт тансаг хэрэглээний зүйлсийг дэлхий нийтэд нийлүүлэх ёстой. Энэ төрлийн зах зээлд гар хийцээрээ өрсөлдөхөд манай уран дархчууд нэг юм дуулгана вий. Арьсан бүтээгдэхүүн хийсэн ч орчин үеийн загварын цүнхийг алт мөнгөөр хучаад зарсан ч борлогдож л таарна. Нэгэнт дэлхий даяар монголыг  алт, эрдэнэсийн орон гэж харж байгаа үед ийм л төрлийн танигдсан үнэ цэнэтэй брэндийг өөрсдийн хэмжээнд гаргаж, олон улсын үзэсгэлэн яармагуудад ч энэ төрлийн бүтээгдэхүүнээр өрсөлдвөл эрх биш учиртай гэж бодогддог.  Энэ бол шинэ юм биш, нэг сум нэг бүтээгдэхүүн гэдэг хөтөлбөрийн хувилбар. Гэхдээ нэг сум нэг бүтээгдэхүүн гэх хөтөлбөр нь чухам иргэдийн өөрсдийн, эсхүл орон нутгийн санаачлага дээр тулгуурладаг бол миний дэвшүүлж байгаа санаа бол Засгийн газар зарим нэг брэнд, бүтээгдэхүүнээ тодорхойлоод л сургууль, зах, тусгай зөвшөөрөл гээд шаардлагатай бүгдийг нь шийдээд санаачлаад явах юм.

Дахин гол санаандаа эргэж ороход хаана ямар хүмүүс ажилгүй байгааг нарийн судлаад тэдэнд зориулсан ажлын байрыг төрөөс зохион байгуулалттайгаар бий болгох бодит ажил өнөөдөр дутагдаж байна. Урд хөрш маань ажилгүйчүүдээрээ замын хөдөлгөөнийг зохицуулуулж, зогсоолын тасалбарыг хүртэл нэг хүн нь мөнгө хурааж байхад нөгөөх нь тасалбарыг нь өгөх мэт яль шалихгүй ажлын байраар зохиомлоор хангаж байгаагаас жишээ аваад ч болтугай зорилтод ажлын байрыг бий болж эхэлмээр байна.

Дан ганц сэтгэлийн чин зориг, иргэдийн санаачлага дээр тулгуурлаж ажилгүйдлийг шийдвэрлэх боломжгүй билээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг иргэдийн санаачлагад тулгуурласан барьцаат зээл, төслийн хөнгөлөлттэй зээл олгох төдийгээр хязгаарлалгүй зорилтот ажлын байр бий болгох туршилтын хөтөлбөр хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг тал руу нь өөрчилж шаардлагатай рэх зүйн шинэчлэлтийг хийж ч болох л юм.

Ямартай нь энэхүү нийтлэлээрээ зорилтот ажлын ажлын байр бий болгох асуудлыг хөндлөө. Эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтэнүүд, уншигчид та бүхэн цааш нь хөгжүүлэх биз ээ.

1 comment:

  1. хиймэл юм бүү ярь, баялгийг мэдлэг бий болгодог юм, хүмүүсийн боловсролыг дээшлүүлвэл ард түмэн өөрсдөө баялаг бүтээнэ !

    ReplyDelete