Sunday, March 31, 2013

Боловсролын шинэчлэл



Нөхцөл байдал.

Өнөөдөр 175 мянган оюутан суралцаж байгаагаас 155 мянга нь бакалавр, 16 мянга орчим нь магистрантурт суралцаж байна. Нийгмийн ухааны чиглэлээр 50 гаруй мянга, зам барилга, уул уурхайн чиглэлээр 30 гаруй мянган оюутан суралцаж байна.

Дээд боловсролын шинэчлэлийг нийгмийн асуудлуудтай уяалдуулах шаардлагатай. Сургалтын чанар материаллаг баазын асуудлыг энд хөндөх гэсэнгүй. Харин оюутны хичээл, амьдралын хэмнэлийг улс орны бүтээн байгуулалт, улирлын мөчлөг зэрэгтэй хэрхэн уялдуулж болох талаар өөрийн санааг хүргэх гэсэн юм.

Өнөөдөр ямар ч компанийн захирал, эзний толгойны өвчин бол хүний нөөцийн асуудал байдаг. Ажилдаа дур сонирхолтой чадварлаг хүмүүс цөөхөн байна, хариуцлагатай, итгэлтэй хүн бүр ховордож байна гэж гомдолцгоодог. Харин хэн ч илүү их цалин нэхдэг, эсвэл академик мэдлэг муутай гэхчилэн гомдоллоод байдаггүй.

Оюутнууд төгссөөд ажилд орохдоо диплом дээрх дүнгүүдийг ажил олгогч нэг их сонирхдоггүй ба тэр тусмаа ерөнхий эрдмийн хичээлүүд бараг хэрэггүй гэж үзээд,мэргэжлийн хичээлүүдээ ч нөгөө хэдтэйгээ адилхан халтуурдсанаа мэддэг. Суралцах арга барил сайн эзэмшсэн хэсэг нь ажил дээрээ амархан дадлагажаад явж байхад нэг хэсэг нь шаардлага хангахгүйн улмаас дипломтой худалдагч болцгоодог. Тэгэхлээр шинээр ажил горилогч залуучууд хэрэг болохооргүй хичээлд мөнгө, цаг үрж байхаар ямар нэг ажил хийж байсан бол дээр байж дээ гэх яриаг ч төгссөн хойноо өрнүүлж сууцгаадаг.

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар нь дорвитой зөвлөгөө өгөх газар бараг байхгүйтэй адил. Мэргэжлээ сонгосон байлаа гээд хүссэн ангидаа орох бололцоогүй нь бас шийдвэрлэх ёстой асуудал мөн. Үүнийг ихээхэн уян хатан зохицуулах, хуучин явж ирсэн тогтолцооноос, хайрцагнаас гарч нийгмийн шаардлагатайгаа уялдуулах хэрэгтэй болоод байна. Мэргэжлээ зөв сонгох талаар төрөөс хийх зохицуулалтын талаар санал болгомоор анаа байна.

            Компаниудыг элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө ажлын байрны захиалга өгч , 4 жилийн дараах боловсон хүчнээ сонгодог болгох, бололцоотой бол тэтгэлэгт хамруулдаг арга хэмжээг зохион байгуулах ажил зэргийг санааилбал бага ч гэсэн үр дүнгээ өгсөн ажил болох байх. "Хүүхэд залуучуудын хөгжлийн төв" ТББ зэрэг байгууллагаас зохион байгуулдаг байсан боловсролын үзэсгэлэн яармагаас ялгаатай нь Ажил олгочид хүүхдүүдийн шалгалтын дүн, хувийн хэрэг, хүсэл сонирхолд нь тулгуурлаж элсэлтийн захиалгаа төгсөгч хүүхдийн нэр зааж өгдөг болбол ямар вэ. Элсэлтийн захиалгад ажил олгогчийн захиалгад хамрагдсан хүүхдүүдийг тухайн ангид давуу эрхээр элсүүлэх буюу эсвэл шинээр анги нээж өгөх арга хэмжээ авч болох л юм. Захиалагч жишээ нь барилгын компани байлаа гэж бодоход түүх нийгмийн хичээл, хэлний сургалтын дүн нь бусдаас тааруу ч гэсэн, геометр, алгебраа сайн, эсхүл магадгүй бие бялдар, манлайлах чадварынх нь хувьд харж байгаад ирээдүйн инженерүүдээ сонгож авч болох шүү дээ. гол хичээлдээ сайн ч бусад хичээлийнхээ дүнгээс болоод хүссэн ангидаа орж чадалгүй алддаг бэрхшээлийг арилгах арга юм уу даа. Захиалагч нь оюутны тэтгэлэг, үйлдвэрийн болон танилцах далдлага зэргийг хариуцахаар сургуультай гэрээ хийх гэх мэт зохицуулалт аяндаа л болоод явчихна. Гол нь төр өөрөө заавал суралцах оюутны тоо, мэргэжлийн ангийн хувиарыг хатуу батлалгүйгээр, хэрэгцээт мэргэжлээр суралцах оюутны тоо, анги, сургалтын хөтөлбөрийг уян хатан болгоод зохицуулалтын ажлаа сургууль, оюутан, ажил олгогч гуравт л найдаад үлдээхэд бараг энэ ажлын 50 хувь нь нугараад явчихна.

Бакалаврын сургалтын хөтөлбөрийг уян хатан болгон өөрчлөх

Их дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрийг мэргэжлийн дээд боловсролын, шинжлэх ухааны дээд боловсролын гэсэн хоёр төрөлтэй болгох арга хэмжээ байж болох юм.

Өнөөгийн бакалаврын хөтөлбөр нь эхний нэг, хоёрдугаар курсэд ерөнхий эрдмийн хичээлүүд буюу хэл, түүх, эдийн засаг, эрх зүй гэхчилэн дээд боловсролтой хүний мэдэх ёстой наад захын мэдээллүүдийг өгөхөд чиглэгддэг ба гурав дөрөвдүгээр курсээс эхлэн нарийн мэргэжлийн хичээлүүд нь ордог.

Ихэнх оюутнууд өөрийн мэргэжлийн хичээлүүдээс бусдыг нь үл ойшоох, халтуурдах байдлаар ханддаг ба сургалтын байгууллага ч эдгээр хичээлийг нэг их хайхардаггүй гэхэд  болно.  

Нэгэнт мэргэжлийн амин чухал судлагдахуун биш учраас сургуулийн зүгээс багш нарыг сонгохдоо ч, тэр чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулахдаа ч төдийлөн ач холбогдол өгдөггүй.

Интернетийн эрин үе эхэлсэн өнөө үед ерөнхий эрдмийн хичээлийн агуулгыг дээд боловсролын программд заавал оруулаад байх шаардлага байна уу үгүй юу гэдэг асуудлыг гаргаж ирж тавих цаг нь болсон байж мэднэ.

Ийм шалтгааны улмаас их дээд сургуулийн программыг шахаж богиносгох санаачлага хэрэгтэй гэж үзлээ.

Монголын ажиллах хүчнийг хамгийн их шингээдэг бизнесийн салбарууд улиралын чанартай байгаа юм. Өөрөөр хэлбэл зам, барилга, аялал жуулчлал, уул уурхай гэх мэт бизнесүүд, тэдгээрийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээ ч улирлын чанартай байна. Иймээс бакалаврын сургалтыг илүү уян хатан болгож зөвхөн мэргэжлийн хичээлийг шахаж оруулдаг хөтөлбөрийг бий болгох, эдгээр хураангуйлсан гэх үү мэргэжлийн программыг их дээд сургуулиуд хүйтний улиралд хэрэгжүүлдэг байж болох юм.

Жишээ нь барилгын инженерийн мэргэжил эзэмшиж буй бакалавр оюутан гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл аль нэг барилгын компанид туслах ажилтнаар орох ба, аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл оюутныхаа ажлыг хийж суралцана. Арван жилээ төгсмөгц барилгын компанид ажилд орсон, 4 жилийн дараа инженер болох хүсэлтэй залуучуудад зөвхөн сургууль нь биш ажил олгогч нь  нарийн мэргэжлийн чиг баримжаа олоход нь туслаж болно.

Найз нараасаа, ойр тойрныхноосоо авсан ийм мэргэжил гоё, ирээдүйтэй гэх зөвлөгөөнөөс илүү тухайн ажлын байрандаа ажлын амт, хөдөлмөрийн үр шимийг хүртэхийн зэрэгцээ амьдрал дээр харж мэдэрсэн мэргэжлийг илүү сонгох боломжтой болно.

Давуу тал нь.-     
  Бодитой сонголт. Өөрийн сонгосон мэргэжлээр үнэхээр ажиллах уу үгүй юу гэдгээ эхний жил ээ л мэдрэх боломжтой. Хэрвээ үнэхээр барилгын мэргэжил эзэмших дур сонирхлыг нь татахааргүй бол 4 жил, цаг хугацаа хөрөнгө мөнгөө шатаасны дараа мэргэжлээ өөрчлөхөөс илүү давуу талтай. Барилгачин биш хуульч хийх ёстойгоо ойлгоод шинээр эхлэх боломжтой л болно гэсэн үг.

-       Нарийвчилсан сонголт. Ерөнхийдөө барилгын инженер болно гэх бодолтой ороод тухайн үед өөрт нь оногдсон хувиарын дагуу суралцахаас өөр аргагүй байдалд ихэнх оюутнууд орсон байдаг. Тэгвэл эхний жилээсээ л аль нэг барилга дээр ажиллаж эсэлсэн бол цахилгааны инженер болох уу, дулааны инженер болох уу, эсвэл дотоод засал чимэглэлээр явсан ннь дээр үү, агааржуулалтаар дагнах уу гэдэг шийдвэрээ өөрөө, эсвэл компанийн хүний нөөцийн менежер, цех бригадын даргаасаа зөвлөж байж шийдэх боломжтой болно.

-       Өөрийн чадварыг үнэлж сурна.

-       Суралцахдаа хариуцлагатай болно. Одооны оюутнуудын багагүй хэсэг нь сүх далайтал үхэр гэгчээр “айвуу тайвуу” суралцдаг нь өөрчлөгдөнө. Зунжин хийсэн, туслах, хар бор ажлаа хийх үү эсхүл өндөр мэргэжилтэй инженер болох уу гэдэг сонголтыг тэд биеээр мэдэрнэ. Бие даалтаа халтуурдах уу эсвэл чин сэтгэлээсээ хийх үү гэдэг нь цаашдаа амьдрахад нь хэр үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдэрэх болно.

-       Сургалтын төлөвлөгөөтэй болно. Багш, профессоруудас яг юу асууж, хичээл дээрээ чухам юуг судлах ёстойгоо сайн мэднэ. Ажиллаж байгаад гадагшаа дотогшоо явж суралцсан хүмүүсийн хийсэн судалгааны ажил илүү ажил хэрэгч байдаг гэж ярьцгаадаг нь оргүй үг биш байх.

-       Үр бүтээлтэй суралцана. Нэгэнт барилгын инженер болох хүнд бөөн чирэгдэл болгож түүх, нийгэм заагаад байх шаардлагагүй. Хүн өөрийн мэргэжилд хамааралгүй танин мэдэхүйн хэрэгцээгээ, өөрийн сонирхлын дагуу ном сонин, интернет тэр байтугай телевизийн сувгуудаас олох бүрэн боломжтой болсон. Тэр хүн гадаад хэл, мэргэжлийн хэл шаардлагатай бол төгсөхийнхээ хэрд боломжийн курсад суралцах, эсвэл бий болгосон хуримтлалаараа хэдэн сар гадаад оронд очиж хэлний сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийхэд дутуу дулимаг зааж цаг үрсэн хэдэн кредитийн хөтөлбөрөөс хэд дахин илүү үр ашигтай байна.

Ийм учраас “мэргэжлийн” бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг бий болгож ажиллах хүч, боловсрол, ажил олгогчийн хоорондын уялдаа холбоог бий болгох нь чухал байна. Үүний тулд дараах хэд хэдэн шийдвэрийг ажил хэрэг болгох шаардлагатай болов уу.

Ийм шинэчлэлийг хийсний үр дүнд нийгэмд тулгараад байгаа дараах томоохон зорилтуудыг шийдвэрлэж чадна.
-      
 Ажиллах хүчний хангамжийг зохицуулна. Зуны улиралд заавал гаднаас ажиллах хүч авч байж хийдэг бүтээн байгуулалтын ажлуудад оюутны хүчийг дайчлах боломжтой болно. Жил бүр Засгийн газар гаднаас ажиллах хүчин авдаг байдал ихээхэн өөрчлөгдөнө. Ядаж л нарийн мэргэжлийн инженерүүдээ түлхүү авч ирж, монгол ажилчидаа сургаж, дадлагажуулах зорилт нь биелнэ. 

-       “Цаг нөгцөөгч” оюутан багасна. Ямар ч байсан бакалавр болно гэсэн ойрын зайн зорилттой суралцаад дараа нь мэргэжлийн бус ажил хийхэд тулдаг асуудлыг шийдвэрлэнэ

-      Туршлагатай ажилтануудтай болно. Бакалаврын зэрэгтэй төгсөгчид ажлын байрандаа шууд бэлэн болсон бүтээгдэхүүн болон очно. 

-    Төсөв хэмнэнэ. Төрөөс оюутнуудад зарцуулдаг 70 мянга гэхчилэн төсөв хэмнэгдэхээс гадна оюутнууд өөрсдөө түүнээс хэд дахин илүүтэйгээр баялаг бүтээхэд бодитой оролцож эхэлнэ. 

Эцэст нь бүх оюутныг ийм шахсан программд оруулах гээгүй гэдгээ дурдъя. Өөрөө хүссэн эсвэл уралдаант шалгалтад дээгүүр байр эзэлсэн оюутнууд бүрэн буюу шинжлэх ухааны дээд боловсролын программаар хичээллэх ёстой. Цаашид мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний, судалгааны карьер хөөх хүсэлтэй, магистер доктор, профессор болох төлөвлөгөөтэй оюутнууд ерөнхий эрдмийн хичээлүүд, мэргэжлийн хичээлүүдээ үзэж суралцах ёстой.  

Мэргэжлийн дээд боловсрол, шинжлэх ухааны дээд боловсрол аль нь ч дөрвөн жил суралцаад бакалаврын зэрэг авч болох ба хэрвээ цаашдаа магистрийн зэрэг хамгаалах бол мэргэжлийн дээд боловсролын программаар суралцсан оюутан богино хугацааны ерөнхий эрдмийн сургалтад хамрагддаг зохицуулалтыг бий болгож болно. 

Дээрх санаа жишээг эрх зүйч, аялал жуулчлал, тэр байтугай үйлчилгээний ажил мэргэжлүүд дээр ч хөрвүүлхэд болохоор санагдана. Та бас тунгаана биз ээ. Баялаг бүтээх  бүтээн байгуулалтдаа өөрсдөө гар бие оролцох нь чухал байгаа энэ үед манай залуучууд дуртайяа хүлээн авах байх гэдэгт найдаж байна.

Манай улсад хуулийн зөвлөгөө өгөхөөр ирсэн нэг гадны хуульчийн үгээр энэ бичлэгээ дуусгъя.

“Танайх хуулийн зөвлөх авах сонгон шалгаруулалт зарлахдаа заавал эрдмийн зэрэг (master, PhD ) шаардах юм аа. Заримдаа бид тийм хүнийг өөрийн багтаа олж авах гэж их дээд сургуулиас хүн хайж, олж байж танай шалгуурт тэнцдэг. Өөр ямар ч оронд хуулийн зөвлөгөө тухайлбал даатгалын чиглэлээр хуулийн зөвлөх авах гэж байгаа бол даатгалын чиглэлээр хэдэн жил ажилласан, хэдэн хэлцэлд орж байснаар нь шалгаруулдаг. Судлаач бол судлаач, тэд шинийг санаачилдаг, туршдаг заримдаа философич байдаг учраас яг амьдралд хэрэгтэй зөвлөгөө өгдөггүй. Танай хууль, бусад гэрээ хэлцэл чинь амьдралаас хол хөндий, хэрэгждэггүй, ашиггүй гэсэн шүүмжлэл гарч байгаа бол ихэнх хуулийг чинь онолын хүмүүс боловсруулснаас тэгж байгаа юм” гэж билээ.

Friday, March 29, 2013

Ажилгүйчүүддээ туслах уу



Монгол Улсын Үндсэн Хууль, Эдийн засаг, Нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ILO) гаргасан зөвлөмжүүдэд хүний хөдөлмөрлөх эрхийн талаар тусгаж баталгаажуулсан байдаг.  

Хүн хөдөлмөрлөх эрхээ эдлэх гол нөхцөл нь өөрийн ур чадвар, туршлага, эрүүл мэндэд тохирсон ажлын байраар хангуулах явдал юм. Аль нам засгийн эрх барихаас хамаарахгүйгээр төр иргэдээ ажлын байраар хангах үүрэгтэй.

Ажлын байрыг үндсэндээ  хоёр арга замаар шийдэж байна. Нэгдүгээрт: Эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг сайжруулж, бизнесийг дэмжих. Үүнд: Татварын хөнгөлөлт, татвараар дамжуулан дэмжих бодлого, Жижиг дунд үйлдвэрийн зээл, хүнд хөнгөн аж ахуй үйлдвэрүүдийг бий болгох, дэмжих зэрэг орно. Хамгийн гол нь төр бодлогоор хөдөлмөрлөх эрх зүйн болон эдийн засгийн нөхцлийг шийдвэрлэж байгаа юм.

Манай улсад атрын гуравдугаар аян, зам барилга, ноос ноолуурын салбарыг дэмжихээр бонд гаргах  зэргээр үндэсний бодлого, хөтөлбөрөөр дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах бодлогууд амжилттай хэрэгжиж байна.. Татварын бодлогын  хувьд гурван 10-ын бодлого нь үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчид, ажил хэрэгч хүмүүст таатай боломж олгохын сацуу ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой хөтөлбөр болсон нь маргаангүй үнэн.

Ажлын байр бий болгох хоёр дахь үндсэн арга бол тухайн зорилтот бүлгүүдэд зориулсан ажлын байрыг дэмжих, зохион байгуулалттайгаар шинээр бий болгох юм. Энэ тал дээр  манай улстодорхой туршлага бий. Тухайлбал хараагүйчүүдийн үйлдвэр, хорих байгууллагуудын дэргэдэх уурхай, тоосгоны үйлдвэрүүд гэх зэрэг. Эдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний талаар энд авч үзсэнгүй. Дурдвал олон л асуудал хөндөгдөх байх.  

Хэдийгээр  тодорхой туршлагатай ч Засгийн газрын зүгээс зайлшгүй авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн овоо харааг ийш нь чиглүүлэх цаг ирсэн гэж үзэж байна.  

Зах зээл дээр эрэлт ихтэй мэргэжил, боловсролтой хүмүүсийн хувьд асуудал харьцангуй өөр болсон тул байнгын буюу түр хугацаагаар ажилгүй байгаа иргэдийнхээ боломж, нөхцлийг судлаж зорилтод ажлын байрыг бий болгох нь маш чухал. Үүний тулд хэн хаана, ямар учраас ажилгүй байгааг нь аль болох нарийвчлан  авч үзэх шаардлагатай байна.

     Ажилгүйчүүдийг  өөрийнхөөрөө ангилах гээд үзье. Мэдээж бүрэн дүүрэн мундаг ангилал хийж чадахгүй  ч ядаж энэ мэтээр ярьж санаа бодлоо солилцож эхлэх нь зүйтэй гэж бодогдолоо. Үүнийг уншиж байгаа та ч бас өөрийнхөөрөө ангилах гээд үзээрэй. Миний бодлоор дор дурдсан нийтлэг шинжтэй зорилтот ажлын байрыг бий болгох асуудал орхигдсоор байна. 

1.    Дундаж насныхан.
2.    Улирлын чанартай ажил эрхлэгчид
3.    Орон нутгийн буюу байршлын ажилгүйчүүд

Эдгээр ангиллын ажилгүйчүүдийг дотор нь багахан тайлбар хийж, мөн хэрхэн ажлын байраар хангаж, нөхцөл байдлыг нь дээрдүүлэх талаар өөрийн толгойд буусан санаануудаа хуваалцъя. Тухайн аймаг орон нутагт амьдарч байгаа  ажилгүй иргэдийн жишээнд тулгуурлах нь зүйтэй болов уу. 

      Нэг. Дундаж насныхан

35-аас дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүс. Ихэнх нь хөдөө бол багш, захиргааны ажилтан мэтийн ажил албатай байсан. Сонгуулийн үр дүнгээр заримдаа ажилтай, заримдаа ажилгүй болдог ба нас ахих тусам ажилтай болох магадлал нь буурч байгаа хүмүүс. Аль ч сум багт ийм хүмүүс өч төчнөөнөөрөө байгаа. Хотод бол оёдол, арьс шир, гутлын үйлдвэр  зэрэг үйлдвэрүүдэд ажиллаж байсан, түүнчлэн хөдөөнөөс шилжиж ирсэн гол төлөв эмэгтэйчүүд. 

Эд бүгд ямар ч ажлыг өлхөн хийчих чадвартай боловч нийгмийн байдлаасаа шалтгаалан ажлын байргүй байгаа хүмүүс юм. Бичиг үсэгтэй, боловсролтой, нэг ёсондоо монголын нийгмийн дундажийг бүрдүүлдэг хүмүүсийн төлөөлөл.

            Жишээ: Архангай аймаг


Архангай аймгийн төвд амьдардаг өдгөө 48 настай Мөнгөнцэцэг. Урьд нь аймгийн захиргаанд ажилладаг байсан боловч өнөөдөр ямар нэг эрхэлсэн ажилгүй байгаа. Хүүхэд нь оюутан. Захиргааны ямар ч ажлыг өлхөн хийх чадвартай, төрд ямар нэг ажилд орох хүсэлтэй байгаа тухайгаа ярьж байсан.   Энэ тохиолдолд төрд ажилд орно гэдэг нь нэгэнт шинээр бүтэц орон тоо бий болгоогүй цагт нэг иргэнийг нөгөөгөөр нь сольж байгаа л ажил болно. Мөнгөнцэцэг ажилтай боллоо гэхэд цаана нь бас нэг Мөнгөнцэцэг ажилгүй болно л гэсэн үг юм.

Тиймээс  төр чадах чинээгээрээ захиргааны орон тоо шинээр бий болгох шаардлагатай. Гэхдээ мэдээж шаардлагагүй илүүдэл орон тоо  хэрэггүй. Тухайлбал Аймгийн эрүүл мэндийн төвд харилцагчийн үйлчилгээний менежер гэсэн орон тоо бий болгож болж байна. Эмч нарын цаг зав хүрэлцээгүйгээс өвтөнүүдэд соёлтой үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Эмнэлэгүүдэд үйлчилгээний менежерийн орон тоо шинээр гаргаж өгвөл эмч, өвчтөн, төр, ажилгүй иргэнд бүгдэд нь тустай л санаачилга болно. Эмнэлэгийн үйлчилгээ сайжирна, өвчтөн хэнд хаана үзүүлж, хэдий хэр удаж үйлчлүүлэх зэрэг стресстэй асуудлуудаасаа сална, мэдээж хэдэн хүн ажилтай орлоготой болно. Түүнчлэн арван жилийн сургуульд хүүхдийн байгууллагын ажилтан (хуучнаар ПАУ, одоогийнхоор скаутын удирдагч гэх мэт) хэд хэдийг гаргаад өгвөл өнөөгийн хүүхдийн хүмүүжил, гэмт хэрэг зөрчил, компьютер тоглоом болон бусад зүйлд донтох гэх мэт олон асуудлыг шийдээд л явчихна даа.

            Жишээ: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум

Алтанбулаг сумын иргэн 57 настай Жамъяндорж. Өглөө бүр хэдэн давхар өмд, хувцас өмсч монгол оросын хил гаалийнханд дарамтлуулан байж амьд ачаа тээврийн контейнерийн ажил хийдэг. Заримдаа түүхий махыг биедээ скочоор тогтоогоод хилээр гарч  “контрбанд” хүртэл хийдэг. Хэдэн мянгаар нь ачаа бараа оруулж зөөж чадахгүй. Амьдралын эрхэнд “хууль зөрчигч” болж яваа. Алтанбулаг суманд хэдэн зуун хүн ингэж л амьдралаа залгуулдаг. Эдгээр иргэдийн тухайд манайхаас оросын талтай харилцан тохиролцоод оруулж гаргах ачаа барааных нь хязгаарыг  тогтоогоод хууль ёсны болгож өгмөөр байгаа юм. Нэг цүнх гэх үү, гахай гэх үү хэмжээтэй барааг алтанбулагийн хэдхэн тооны иргэд оруулж гаргаснаар ОХУ-ын экспорт, импортын хэмжээнд өчүүхэн ч нөлөө байхгүй. Оросын зарим иргэдэд ч мөн ийм нөхцөлөөр харилцан зөвшөөрөл өгч яагаад болохгүй гэж. Хятад цагаан будааны хориг тавьсан ч гэсэн нэг хүнд нэг шуудай будаа авч орохыг зөвшөөрдөгтэй төстэй зохицуулалт л хэрэгтэй байгаа юм. 

Хоёр. Улирлын чанартай ажил эрхлэгчид

Ийм нэг хэсэг тогтвортой орлогогүй бүхэл бүтэн арми байна. Энд тариаланчид, барилгачид, зам ангийхан, уурхай, геологи хайгуулын туслах ажилчид, эдгээр бизнестэй холбоотой ханган нийлүүлэгчид гэх мэтчилэн дулааны улиралд үнэд орж эрэлт нь ихэсдэг боловч хүйтэрч сезон дуусмагц ажилгүй болцгоодог хэсэг бүлгийг орууна.

Ихэвчлэн биеийн хөдөлмөр эрхэлдэг. Гарын ур дүй сайтай, ямар ч ажлаас хойш суудаггүй ажилсаг хүмүүс. Техник сэтгэлгээ сайтай, гэм нь ажил нь  байнгийн бус хөдөлмөрлөх нөхцөл нь суурин биш, энд тэнд байдгаас болж гэр бүл тогтворгүй болох зэрэг эрсдэлд амьдардаг. Бор дарсны хэрэглээ нь өндөр байх нь элбэг.  

Жишээ: Улаанбаатар хот


Говь-Алтай аймгаас ирсэн том машины жолооч 37 настай Батгэрэл. Зундаа замын компанид жолоочоор ажилладаг ба 10 сарын дундаас 3 сар гартал 5 сар ажилгүй. Эхнэр нь зах дээр хүний бараанаас заралцдаг. Өвлийн турш ажилгүй, хаа нэг хүний халтууранд явж тав гурван цаас олдог. Найз Ц, Б хоёр нь бас зундаа барилга дээр ажилладаг бөгөөд өвөл мөн л ажилгүй, зун нь олсон цалингаа гамнан байж амьдралдаа хүргэдэг. Энэ хүмүүсийг өвлийн цагаар мэргэжил дээшлүүлэх сургалтад суулгаж болох юм. Цалинтай “МСҮТ” Мэргэжил сургалтын төвүүдийг чухам ийм хүмүүст зориулбал хаа хаанаа хэрэгтэй. Засварчны, инженер, гагнуурын, барилгын сан техник, дотоод засал гэх мэт өвөл ч ажиллаад байж болох мэргэжил эзэмшүүлж болно. Хэдэн жилийн турш ахисан түвшний сургалтад суулгаснаар чадварлаг инженер техникийн ажилчидыг нь хүртэл бизнес эрхлэгчдэд бэлдээд өгөх давхар хожоотой л программ болох байх. Ямар ч  байсан цагаа дэмий үрэхгүй л болно.

Гурав. Орон нутгийн буюу байршлын ажилгүйчүүд

Энд бараг бүх сумын ажилгүй иргэд, магадгүй уул уурхайтай эсвэл газар тариалан эрхэлдэгээс бусад сумын төвийн иргэд, Налайх, Багахангай зэрэг алслагдмал дүүргийнхэн, аймгийн төвййн иргэд орно. Нэгэн цагт орон нутгийнх нь түшиц болж байсан үйлдвэрлэл үйлчилгээ үгүй болсны улмаас нийтээрээ тодорхой ажилгүй болсон хүмүүс.

Жишээ: Налайх дүүрэг

Уурхай нь хаагдсаны улмаас гол төлөв дарга даамал, инженерүүд нь хувийн уул уурхайн байгууллага бараадаад нүүчихсэн. Одоо эрчүүд нь осолтой далд уурхайд амь дүйн нүүрс олборлодог. Хавар зунаас хятадын голдуу тоосгоны үйлдвэрт ажилладаг. Нэг хэсэг хятадууд оёдлын үйлдвэр ажиллуулж байх үед хаа очиж олон хүн сайн оёдолчид болж байсан боловч одоо хаагдсан учир эмэгтэйчүүд нь хийх ажилгүй. Налайхыг Улаанбаатарчуудын өвлийн нүүрс түлээг амь дүйн ханган нийлүүлдэг хүмүүс байлгамааргүй л байгаа юм. Энэ жижиг хотыг Монголын загварын төв болгож хөгжүүлбэл ямар вэ. 

ШУТИС-ын болон бусад загвар, технологийн сургуулиудыг нэн тэргүүнд Налайхад шилжүүлж, арван жилийн сургуулиудад нь оёдол, загварын хичээлийг түлхүү оруулж  болох юм.Арьс шир боловсруулдаг, гоёлын цүнх, гутал хийдэг хүмүүст зориулсан ажлын байрыг бариад, ганц хоёр томоохон дэлгүүр байгуулаад өгчихвөл аяндаа л энэ хот гоё болоод ирнэ. Соёлын төв, том үйлчилгээнийх нь төвүүдийг Загварын шоу хийдэг болгоод нөгөө сүртэй Гоёл наадам энэ тэрээ зөвхөн Налайхад хийдэг болчихвол ямар вэ. Загварын гудамжтай, hand made гутал цүнх, пальто, костюм авахыг хүссэн хүмүүс Налайхыг зорьдог болчихвол сайхан биш гэж үү. Дүүргийн нүүр царайг хөрөнгө оруулалт хийж эрс өөрчлөхөд ядах юмгүй, зардал ч бага орох болов уу. Үүнийгээ дагаад шоу бизнес, үзвэр үйлчилгээний бизнесүүд, даавуу, бөс барааны гол захууд ч Налайх дүүрэгт төвлөрөөд ирэх юм. Энэ бол жишээ, өөр ч байж болно. Гэхдээ биелэхэд боломжгүй ч зүйл бас биш болов уу.   

Үүнтэй адилаар хэд хэдэн сумыг алт мөнгө, чулууны чиглэлээр нь сургуультай нь, школтой нь брэндчилбэл нөгөө монгол брэнд амьдралд буух цаг ойртоод ирэх байх. Монголд айлчилж буй жуулчид зөвхөн ноолууран цамц авах биш монголын газар шорооноос олборлосон алт мөнгө, зэс, эрдэнийн чулуугаар хийсэн үнэт эдлэл авах хүсэлтэй байх нь ашигтай шүү дээ. Мөн адил нэг цэгт төвлөрсөн сум (магадгүй Багахангай дүүрэг ч юм уу) –д орчин үеийн тоног төхөөрөмж, технологи, гадны мэргэжилтэн хуран чуулаад ирэхэд манайхан хэнтэй ч өрсөлдөхүйц хангалттай экспорт хийгээд байж чадах л байх. Алт, мөнгийг зах зээлийн ханшаар нь, сорьцийн  баталгаатайгаар Монголбанкнаас нийлүүлээд байж болно шүү дээ. Яваандаа манай дархчуул зөвхөн мөнгөн аяга, хэт хутга төдийг хийж дотооддоо борлуулаад байлгүй гар утасны үнэтэй гадар, зангианы хавчаар, нэрийн хуудасны сав, , асаагуурын гадар, түлхүүрийн оосор, цагны оосор мэт тансаг хэрэглээний зүйлсийг дэлхий нийтэд нийлүүлэх ёстой. Энэ төрлийн зах зээлд гар хийцээрээ өрсөлдөхөд манай уран дархчууд нэг юм дуулгана вий. Арьсан бүтээгдэхүүн хийсэн ч орчин үеийн загварын цүнхийг алт мөнгөөр хучаад зарсан ч борлогдож л таарна. Нэгэнт дэлхий даяар монголыг  алт, эрдэнэсийн орон гэж харж байгаа үед ийм л төрлийн танигдсан үнэ цэнэтэй брэндийг өөрсдийн хэмжээнд гаргаж, олон улсын үзэсгэлэн яармагуудад ч энэ төрлийн бүтээгдэхүүнээр өрсөлдвөл эрх биш учиртай гэж бодогддог.  Энэ бол шинэ юм биш, нэг сум нэг бүтээгдэхүүн гэдэг хөтөлбөрийн хувилбар. Гэхдээ нэг сум нэг бүтээгдэхүүн гэх хөтөлбөр нь чухам иргэдийн өөрсдийн, эсхүл орон нутгийн санаачлага дээр тулгуурладаг бол миний дэвшүүлж байгаа санаа бол Засгийн газар зарим нэг брэнд, бүтээгдэхүүнээ тодорхойлоод л сургууль, зах, тусгай зөвшөөрөл гээд шаардлагатай бүгдийг нь шийдээд санаачлаад явах юм.

Дахин гол санаандаа эргэж ороход хаана ямар хүмүүс ажилгүй байгааг нарийн судлаад тэдэнд зориулсан ажлын байрыг төрөөс зохион байгуулалттайгаар бий болгох бодит ажил өнөөдөр дутагдаж байна. Урд хөрш маань ажилгүйчүүдээрээ замын хөдөлгөөнийг зохицуулуулж, зогсоолын тасалбарыг хүртэл нэг хүн нь мөнгө хурааж байхад нөгөөх нь тасалбарыг нь өгөх мэт яль шалихгүй ажлын байраар зохиомлоор хангаж байгаагаас жишээ аваад ч болтугай зорилтод ажлын байрыг бий болж эхэлмээр байна.

Дан ганц сэтгэлийн чин зориг, иргэдийн санаачлага дээр тулгуурлаж ажилгүйдлийг шийдвэрлэх боломжгүй билээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг иргэдийн санаачлагад тулгуурласан барьцаат зээл, төслийн хөнгөлөлттэй зээл олгох төдийгээр хязгаарлалгүй зорилтот ажлын байр бий болгох туршилтын хөтөлбөр хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг тал руу нь өөрчилж шаардлагатай рэх зүйн шинэчлэлтийг хийж ч болох л юм.

Ямартай нь энэхүү нийтлэлээрээ зорилтот ажлын ажлын байр бий болгох асуудлыг хөндлөө. Эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтэнүүд, уншигчид та бүхэн цааш нь хөгжүүлэх биз ээ.

Thursday, March 28, 2013

Үндсэн хууль ба социализм



Үндсэн хууль социал демократ үзлийн эх сурвалж, тунхаглал болох тухай

Монгол Улсын Үндсэн Хууль бол тэр чигтээ социал демократ үзэл санаан дээр тулгуурлан гарсан гэж хэлж болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын гэрээ конвенцид тулгуурлан Үндсэн хуулийг боловсруулсан. Социал демократуудын үзэл онолын гол номлол нь эдгээр олон улсын пакт болон Монгол Улсын Үндсэн хуульд тусчихсан байдаг юм. (олон улсын эдгээр гэрээ конвенц социал демократуудын үзэлтэй хэрхэн уялддаг талаархи онол, түүхийг Томас Майерийн “Нийгмийн ардчилалын ирээдүй” номноос уншиж болно.)

Төрийг байгуулахдаа Ардчилалын аргыг, харин нийгэм эдийн засгийн асуудалд төрөөс хандахдаа социальны буюу төрөөс зохицуулах, баталгаажуулах ёстой гэж үздэг онолыг Социаль демократ гэж ойлгодогийг дахин сануулах хэрэггүй болов уу. 

Социал демократууд хүний эрх тэр дундаа идэвхгүй гэж нэрлэгддэг “...эдийн засгийн болон нийгмийн баталгаатай байдлын доод хэмжээгээр хангуулах..” эрхүүдийг чухалчилж үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн авъяас чадвар, гарал үүсэл нийгмийн байдал, үзэл бодлоос үл хамааран төрийн халамжийг хүртэх, нийгмийн баялагаас шударгаар хүртэх эрхтэй ба энэ баталгааг нь төр хариуцах ёстой юм. 

Барууны буюу либералууд энэ асуудалд арай өөрөөр ханддаг. Тэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох сонгогдох зэрэг эрхүүдийг илүү чухалчилж үздэг. Либератариуд хүн өөрөө өөрийнхөө амьдралд эзэн байх ёстой, өөрийн хөдөлмөр авъяас чадвараар амьдрах ёстой ба төрөөс эдийн засаг нийгмийн асуудалд оролцох, зохицуулах асуудлыг байж болшгүй гэж үздэг.

Үндсэн хууль социал демократ үзэл дээр суурилсныг гэрчлэх хэдхэн зүйл заалтыг та бүхэнд сануулъя.

 “..Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ...”

 “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” “..өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй...” 

“...эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно...” 

“...сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно...” 

“...шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно...” 

Эдгээр заалтын эсрэг үзэл номлол ярьж чадах байгаа бол харин жинхэнэ сонгодог барууны үзэлтэн гэж нэрлэгдэх байх.