Thursday, November 26, 2015

ЦЭВЭР УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨХ ХУВЬСГАЛ

Манай Улаанбаатар хотын хамгийн ужиг асуудал бол утаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ ярианыхаа эхэнд утааны хор хохиролын дахин нэг сануулъя. Эрүүл мэндийн талаасаа Улаанбаатарчууд ханиад тусдаг, нэг ханиад тусахаараа маш хүнд хэлбэрээр, удаан хугацаанд өвчилж байгаа та бүхэн харж байгаа. Энэ бол үндсэндээ бидний уушиг тэр чигтээ өвчилж, ердийнхөөрөө ажиллаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн бараг гурван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар харшилтай байдаг болсныг харж байгаа. Харшлын хамгийн гол шалтгаан нь хортой утаа, хүнсний бүтээгдэхүүн нь хамар, амьсгалын замын өвчний гол шалтгаан бөгөөд, нэг ёсондоо хүний эрхтнийг хордуулж, ажиллагаагүй болгож байгаагийн нэг илрэл гэж үзэж болно. Дээр нь сүүлийн үед сүръеэ гэх аймшигтай өвчний тархалт нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын мэдээ тоо баримтаас харагдаж байна.

Сүръеэ бол маш аймшигтай өвчин. Хүн бүрт шахуу сүръеэгийн вирус байдаг, манай улсын хувьд бараг 90 хувь нь сүръеэгийн вирусны тээгч гэж ярьдаг. Хэзээ хүний дархлаа муудах, эсхүл сүръэгээгийн вирус нь өвчин болж хувирсан хүнээс халдвар авсан тохиолдолд энэ өвчнийг тусдаг гэж ярьдаг. Нэгэнт сүръеэ туссан бол маш хүчтэй эм тариаг тасралтгүй ууж байж л намжаадаг аюултай өвчин. Энэ бол энэ хорт утаанаас үүдэн гарч байгаа олон өвчний зөвхөн нэг нь гээд бод доо. Зүв зүгээр эв эрүүл явж байсан сайхан залуучууд сүръеэ гэх өвчнөөр өвчлөөд олон хоног сараар эмнэлэг эм тариа болоод явж байгааг бид нэг хүний, хэдхэн хүний асуудал гэж харж болохгүй ээ. Арайхийж хашсан аймшигт өвчин утаан дээр суугаад хашаа даваад гараад ирсэн байна.

Бид олон жил утаатай тэмцэх гэж худал үнэн ярьж, сүүлдээ утаа багатай зуух, хямд үнэтэй нүүрс хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт асуудал уруу орж, хэлсэн амалсан бүхэн нь жил ирэх тутам замхарч, эвлэрэх, дасах тийшээ хандаж байна. Харамсалтай нь төрийн бодлого, аль нэг даргын ажлын төлөвлөгөө, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд утаатай дасан зохицож болох авч хүний эрүүл мэнд тэр тусмаа бидний хүүхдийн эрүүл мэнд энэ утаатай хэзээ ч дасан зохицохгүй юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр доройтож байгаа бидний эрүүл мэнд, улам бүр нэмэгдэж байгаа аюултай өвчинг бид маш яаралтай аюулын харанга гэж хүлээж авахгүй бол, эрс шийдвэрээр зоригтойгоор таслан зогсоохгүй бол бид үндэсний хувьд ч орших уу эс орших уу гэдэгтээ тулах цаг хаалга тогшиж байна.

Одоо гол асуудал руугаа оръё. Яаж энэ утааг байхгүй болгох вэ гэж?

Цорын ганц арга бий. Урд нь туршигдсан ганц л арга бий. Энэ бол ердөө л нүүрс, мод түлдэг зуухнаас салж, утааны хувьсгал хийх юм. Утаагүй зуух, хямд нүүрс гэх мэт нь угтаа жаахан багасгах, нүүрсний үнийг хямдруулах л санаа болохоос утааг алга болгох санаа огт биш юм. Бидний сайн мэдэх Лондон хотын утаа нь яг өнөөдрийн Улаанбаатрын хэмжээнд хүрч, утаанаас болж олон мянган хүн нас бардаг, өвчилдөг байжээ. Лондончууд утаатай тэмцэх олон арван жилийн туршлага хуримтлуулж, хэд хэдэн хууль, акт гаргаж байсан ч утаа алга болоогүй юм. Харин ч хотын хүн ам, байшин барилгын тоогоор өдөр бүр утаа нь яг л өнөөдрийн Улаанбаатрын адил нэмэгдсээр байсан. Английн Ерөнхий сайдаар Төмөр хатагтай Маргерет Тетчер сонгогдож, янданг буюу нүүрс, мод түлдэг зуухыг огт хориглож чадсанаар лондон хот хоёрхон жилийн дотор утаанаас салж чадсан байна.

Маргерет Тетчерийг айл бүр газаар эсвэл тогоор гэрээ халаа гэхэд сөрөг хүчин, ард түмний зарим хэсэг, хэвлэл мэдээллийнхэн огт бүтэхгүй зорилго тавьлаа хэмээн баалж, шүүмжилж, улдан зүтгэж байсан байсан байдаг. Лондончууд газ хэрэглэж чадахгүй, газаа дэлбэлнэ, олон арван хүн дэлбэрч үхнэ гэх нэг хэсэг байхад тог тасарвал яах вэ, зарим нь цахилгааны хүчин чадал хүрэхгүй, гал түймрийн аюултай, гэх мэтээр ч үндэслэлээ гаргаж байжээ. Ядуу хүмүүс гэрийнхээ тоноглолыг сольж чадахгүй, тог цахилгаан, хийн газынхаа мөнгийг төлж чадахгүй гэх мэтээр ядууралтай холбон эсэргүүцэх хүмүүс ч байсан байдаг. Манай улсад ч мөн адил тийм асуудал гарна гэдгийг би мэдэж байна. Нэгэн цагт Лондончууд газ хэрэглээд бүгдээрээ дэлбэрчихээгүйн адил, тог цахилгаан нь лондон хотыг галдан шатаачихаагүйн адилаар Монголчууд Улаанбаатарчууд бид тэр зэргийн эд хэрэгслийг өөриймшүүлээд, аюул осолгүйгээр хэрэглээд сурчихна гэдэгт би итгэж байна. Тог цахилгаан хэрэглэснээр Лондонгийн оршин суугчид ядуурч, гудамжинд гарчихаагүй, тогны мөнгөгүйгээс бол хөлдөж үхсэн англи хүн гараагүйн адилаар нийслэлийнхээ иргэдийг тогны мөнгөгүй хэмээн хөлдөөчихгүй алчихгүй хэмжээний улс төрчид байгаа гэдэгт итгэж байна. Лав л МАХН нь социал демократ намын хувьд хэзээ ч иргэдээ тэгж хөсөр хаяхгүй гэдгийг амлаж байна.

Нийслэлийн иргэдийн хурал, УИХ нь Улаанбаатрын утааг ийм замаар зоригтой шийдэх бараг цор ганц амлалтыг өгөх ёстой. Энэ зорилт хатуу, хэцүү, зарим тохиолдолд санхүүгийн хувьд төрийн хувьд ч, иргэдийн хувьд ихээхэн шалгуур сорилт, бэрхшээлийг бий болгох нь дамжиггүй.

Хамгийн түрүүнд иргэд, айл өрхүүд өөрсдийн янз бүрийн аргаар утаа гаргадаг зуухаа шинэчлэх нь эхний томоохон зардалыг бий болгоно. Чадалтай боломжтой айлууд ч өөрсдөө шийдчих байх. Нэлээд олон айл хэрвээ төр засгаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийн механизмийн хүчээр бас тогоор, газаар халаалтаа шийдчихэж чадна. Бас цөөнгүй айлууд төрийн шууд дэмжлэгээр шийдэхээс өөр аргагүй байгаа нь ч үнэн.

Харин Лондончууд гуч, дөчин жилийн өмнө нүүрс модноос газ, цахилгаан халаагуурт шилжиж байсантай харьцуулхад техник, технологийн хөгжил асар өндөр түвшинд хүрчихсэн, харьцангуй бага зардлаар халаалтаа шийддэг, хэмнэлттэй шийдлүүд өргөн дэлгэрчээ. Манай монголчууд ч энэ талын судалгааг хийж, өндөр хөгжилтэй улсуудаас энэ чиглэлийн технологийг оруулж ирэхийг оролдож байгаа ба төрийн шийдвэр л дутагдаж байгаа юм.

Дараагийн нэг том зардал бол сар бүрийн цахилгааны зардал, халаалтын зардлын асуудал юм. Өнөөдрийн байдлаар хүн бүр цахилгааны төлбөр хэт өндөр болох вий, тэр зардлаа дийлэхгүй байх вий гэсэн болгоомжлол үүсэх нь мэдээж юм. Төр шийдвэрээ гаргахдаа халаалтанд зарцуулж байгаа цахилгааны мөнгийг одоогийн орон сууцны айлууд өвөл халаалтын зардалд төлж байгаагаас ихгүй байхаар зохицуулах ёстой. Богино хугацаанд айлууд зардал гаргаж халаалтын системээ шинэчилж байгаатай нь холбогдуулан хэд хэдэн шийдэл байж болох юм.

Нэгдүгээрт нийт айлуудад халаалтын системээ шинэчилж байгаатай нь холбогдуулан өвлийн улиралын цахилгааны зардлыг үе шаттайгаар хямдруулах. эхний нэг хоёр жил 80 хувь хямдруулах, Гурав дөрөвдэх жилээс 60 хувь хямдруулах, тав зураа дах жилээс 50 хувь хямдруулах ба түүнээс цааш дээр дурдсан орон сууцны халаалтын зардлаас илүүгүй байхаар тогтох. Эсвэл өрхийн орлогоор нь ангилан өрхийн орлого багатай айлуудад 80 хувь, дундаж өрхүүдэд 60 хувь, дундаас дээш орлоготой айлуудад 20 хувь гэх мэтээр хөнгөлөлт үзүүлж болж байна. Эсвэл манай улсын онцлогоос шалтгаалан хүн амын өсөлтийн бодлоготой уялдуулан дөрвөн хүүхэдтэй айлын хувьд 80 хувь, 3 хүүхэдтэй айлын хувьд 60 хувь, 2 хүүхэдтэй бол 50 хувь, нэг хүүхэдтэй бол 40 хувь гэх мэтээр хөнгөлөх механизмийг ч бодож олж болно. Бидний хувьд аль хэлбэр нь илүү дээр болохыг хэдэн дарга нар өөрсдөө шийдэх бус иргэдээсээ асууя, тэдний саналаар шийдвэрээ үндэслэе хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс МАХН-ын гишүүд дэмжигчдээс тодорхой санал асуулга явуулж байгаа бөгөөд утаагүй болох “Цэвэр Улаанбаатар Хувьсгал” хийхийг дэмжиж байгаа эсэх, ингэхдээ цахилгааны хөнгөлөлтийг ямар байдлаар хийх вэ зэргийг Улаанбаатарчуудаасаа асууж байгаа билээ.

Энэ ажил боломжтой ажил, хэрэгтэй ажил, бүтэх ажил гэдгийг тайлбарлан хэд хэдэн аргументийг энд бас дурдах нь зүйтэй байна. “Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгал” бол маш том бизнес юм. Хэдхэн компанийн бизнес биш, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, хүсэлтэй хэн бүхний оролцох боломжтой бизнес юм. Улаанбаатрын гэр хорооллыг бүхэлд нь цахилгаан халаагуурт шилжүүлнэ гэдэг бол энэ төрлийн техник, хэрэгсэл авч ирэх, худалдан борлуулах хүсэлтэй хэн бүхэнд том боломж авч ирнэ. Гарын дүйтэй, цахилгааны мэргэжилтэй, энэ чиглэлийн сургалтанд сууж мэргэших хүсэлтэй бүх хүнд шинэ боломж, шинэ орлого авч ирэх юм. Хотын ойролцоох нүүрсний уурхай, түүнийг дагасан цахилгаан станц, газ бюу хийн түлшний төсөл хэрэгжүүлэх сонирхолтой дотоод гадаадын хөрөнгө оруулагчидад бол алтан боломж болно. Ажлын байр нэмэгдэнэ. Орлого татвар ч мөн түүнийг дагаад нэмэгдэнэ.

“Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгал” бол гоё Улаанбаатрын зөвхөн эхний шат болно. Хэрвээ Улаанбаатар бүхэлдээ утаагүй, цэвэр агаартай болчихвол гэр хорооллын хашаа, байшингийн үнэ өсөж, харин шавааралдан барьсан байрны үнэ тэр хэрээр буурах хөрөнгийн зах зээлийн хувьсгал болно. Гэр хорооллын айлууд буюу өөрсдөө тусдаа байртай байхыг, хүлэмжтэй, гарааштай, өөрийн тоглоомын талбайтай байхыг хүсдэг хэн бүхнийг цэвэр агаартай хороололд оруулж байгаагаараа тэдэнд ашигтай, харин нийтийн буюу орон сууцанд амьдрахыг хүсч байгаа хүмүүст орон сууцыг нь хямдруулж өгснөөрөө бас давуу талыг олгож байгаа нь сайн хэрэг юм.

Нүүрс түлдэг айлууд ялангуяа гэрийн эзэгтэй нар, эмэгтэйчүүд маань мэднэ дээ. Гал түлэх, нүүрс буулгах, оруулах, утаа уугиулах, хувцас хунараа бусад зүйлээ утаа тортогоос салгах нь өрхийн ариун цэвэр, соёл төдийгүй санхүүд ч ямар их боломжийг бий болгох нь ойлгомжтой. Гал галлах гэж хичнээн цаг хугацааг алддаг вэ? Ажлаас ирхэд хүв хүйтэн гэрийг дулаацуулах нь ямар онцгүй сэтгэгдэл байдгийг ч бид мэднэ. Энэ бүхнийг бүх нийтээр цахилгаан, хийн түлшийн халаагуурт шилжиж байж л бид шийдэж чадна. Зуслангийн газар сайхан байшин барьчихсан айлууд маань ч, үр хүүхдээ цэвэр агаарт салхилуулахыг хүсдэг хэн бүхэн энэ хувьсгалыг дэмжих нь ойлгомжтой юм.

“Цэвэр Улаанбаатарын төлөөх Хувьсгалын” дараагийн алхам нь хот, гэр хорооллын дундах чулуун болон цементэн зам, цэцэрлэгжүүлэх, бохирын нэгдсэн суваг, цэвэр усны хангамж гэх мэт олон асуудал бий. Гэхдээ амьдралд тулсан, эрүүл мэндэд аюул занал учруулж байгаагийн хувьд эрэмбэ дарааллаараа, төсөв хөрөнгийг зарцуулах хэрэгцээ шаардлагаараа хамгийн эхэнд хийх хувьсгал бол утааг, янданг хориглох хувьсгал билээ.

Утаанд зарцуулж байгаа хувьсгалд зарцуулах өртөг өнөөдөртөө их мэт, боломжгүй мэт харагдаж байгаа ч угтаа хамгийн хямд аргаар халаалтаа шийдэж байгаа юм. Энгийнээр хэлхэд цахилгаан станц нэг тонн нүүрсээ ойролцоогоор хорин мянган төгрөгөөр худалдаж аван, техникийн дэвшил ашиглан дулаан үйлдвэрлэж байна. Харин айл өрхүүд нэг тонн нүүрсийг наяаас хоёр зуун мянган төгрөгөөр худалдан авчмаш болхи технологиор дулаан үйлдвэрлэж байна? Нөгөө талаас бид эрүүл мэндийн асар их асуудалтай болсон бөгөөд иргэд эмнэлэгт үзүүлэх, оношлуулах, эм тариа худалдан авах зэрэгт, төр засаг нь иргэдийнхөө өдөр тутам илт муудаж буй эрүүл мэндийг асуудлыг шийдэх гэж эмнэлэгийн төслүүдэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалтуудыг алсдаа бид өөр ашигтай зүйлд зарцуулах боломжтой болгож байгаа хувьсгал юм. Айлын эхнэрүүд өдөр бүр тоос тортог болж ирдэг гэрийнхнийхээ хувцасыг угаах гэж зарцуулдаг зардлаа ч хэмнэнэ, цагаа ч хэмнэнэ. 

Хамгийн гол нь эрүүл мэнд. Өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа амьсгалын замын өвчин, сүръеэ, харшил гэх мэт шинэ тутам өвчнүүд, зүрхний аттак, уушиг, арьсны гэх мэт тоо нь цөөн ч хүний амь бие эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг олон өвчнийг эмч докторууд нэрлэж, тодорхой ярих биз ээ.

Эрүүл мэндээ хамгаалж, халаалтын зардлаа хямдруулан, шинэ бизнес, олон ажлын байр бий болгох Цэвэр Улаанбаатрын төлөө Хувьсгал хийхийг уриалж байна.

Жич: Улаанбаатрын гэр хороололд 197 мянган өрх байна. Ойролцоогоор 200 мянга гээд бодчиход их хол зөрөхгүй байх аа.

Манай нэг найз өөрийн 100 мкв байрыг тогны халаалтын орчин үеийн хэрэгслээр тоноглосон ба өвөлдөө тогонд 100,000 төгрөг сард төлж байгаа гэнэ. Энэ жишгээр бодоход хоёр зуун мянган өрхийн сарын цахилгааны төлбөр сард 20 тэрбум төгрөг. 10 дугаар сараас дөрөвдүгээр сарыг дуустал цахилгаан хэрэглэнэ гэж тооцвол дээд тал нь 160 тэрбум төгрөг болно.

Хэрвээ манай айлууд ихэнх нь 6х8 байшинтай гэж тооцвол хоёр дахин бага буюу 80 тэрбум төгрөг. Энэ мөнгөний иэхнхийг буюу шөнийн цагаар халаах цахилгаан хаашдаа үнэгүй гэж үзвэл бид бараг л 20 тэрбум төрөөс илүү санхүүжүүлэх шаардлагатай болоод байх юм хар багцаагаар.

Мэдээж айл өрхүүдийн нэмэлт тоноглолын мөнгө шаардалагатай ба үүнийг харин хөнгөлөлттэй зээлээр шийдвэл ямар вэ гэж бодож байна.


Tuesday, November 24, 2015

ЗАКСОН АНХАЛТ МУЖИЙН МАГДАБУРГ ХОТООС ДҮҮРГЭСЭН ГАНЗАГА

Холбооны бүгд найрамдах Герман улсын Заксон Анхалт Мужийн барилга, зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзлаа. 

Мужийн барилгын яамны гадаа урт урт цагаан асар хэдийг барьсан байв. Сайд юуны түрүүн эдгээр асруудаа тайлбарлан “манай мужид долоо хоногт 30 мянган цагаач ирж байна. Яаралтай зохицуулалт хийхгүй бол хүмүүсийг хүйтний улиралд гадаа хонуулах нь байж боломгүй юм. Тиймээс бид бэлтгэл болгож эдгээр асруудыг барьсан ба түр байршуулах, хоол хүнс, эм тариагаар үйлчилэх зориулалтаар эдгээр асруудыг барьж байна. Эндээ түр байлгаж байгаад дараа нь цагаачдад орон байр гаргаж өгдөг юм гэлээ.

Заксон Анхалт мужийн зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь зам харилцаа, барилга, газрын харилцааг хариуцан зохицуулах чиг үүрэгтэй. Тухайлбал Германд замыг холбооны, мужийн, орон нутгийн гэж хуваадаг ба яам нь 7000 км холбооны улсын статустай хурдны зам, орон нутгийн шинжтэй 11000 км замыг хариуцдаг байна. Түүнчлэн 30 мянган км төмөр замын асуудлыг энэ мужийн зам тээвэр барилгын яам хариуцдаг байна.

Муж улсад амьдарч байгаа, энэ нутгаар дайран өнгөрч байгаа хүмүүсийн шилжих хөдөлгөөн буюу ложистикийг зохицуулхад асар их хүчин чадал зарцуулагддаг ба төмөр зам, автобус гэх мэт нийтийн тээвэр нь аль нь ч өөрийн өртгөө нөхөж чаддаггүй тул Холбооны улсын засгийн газар болон Европын холбооноос татаас авах замаар алдагдалыг санхүүжүүлдэг байна.

Магдабург хотын ирээдүн хөгжлийг тодорхойлох зорилгоор Хотын хөгжлийн сан байгуулсан ба жилд 80 сая евро энэхүү сангийн үйл ажиллагаанд хувиарладаг байна. Ер нь германы хотууд иймэрхүү хотын хөгжлийг урьдчилан харж бодлого боловсруулах зорилго бүхий сан, төсөвтэй байдаг гэв. Ингэж байж л германы хотууд илүү сайн төлөвлөлттэй, хүний амьдрах орчин тав тухыг илүүтэй хангасан байж чаддаг ба хотоо сайхан болгохын тулд зайлшгүй хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг онцлов.

Магдабург хот, Саксон Анхалт муж улс нь нь хүн ам зүйн хувьд ихээхэн асуудалтай тулгараад байгаа юм байна. 25 жилийн өмнө Монгол улсаас бараг хоёр дахин их хүн амтай байсан боловч өдгөө 2.5 сая болтлоо буурчээ. 1990 онд нэг жилд 30 мянган хүүхэд шинээр төрдөг байсан бол өнөөдөр талдаа ч хүрэхгүй болтлоо төрөлт буурсан байна. Европ, Германы хотуудад тохиолдож буй хүн ам зүйн бэрхшээлийн нэг жишээ нь энэ муж болжээ.

Германы барилгын салбарын нэг онцлог бол барилга дээр ажиллах боловсон хүчнийг хосолмол удирдлагаар бэлддэг явдал юм. Нэг талаас барилгын компани өөрийн ажилчидийг захиалан бэлтгэх, нөгөө талаас сургууль буюу түүнийг эзэмшигч яам, барилгачдын холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхим нь хамтран ажилладаг байна. Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутан нэг талаас компанийн ажилтан, нөгөө талаас сургуулийн суралцагч гэсэн үг. Онолын сургалт, дадлага ажил хоёр зэрэг явагдах ба тухайн барилга дээр сургуулийн дадлагаар ажиллаж байсан оюутан төгсөөд шууд ажлын байртай болно гэж ч ойлгож болох юм. Ингэснээр тухайн оюутны сурлагын чанар, барилгын компанийн чадавхи ихээхэн дээшлэдэг байна. Ер нь Австри Герман гэх мэт ийм хосолмол тогтолцоотой мэргэжилтэн бэлтгэдэг улсуудад ажилгүйдэл хамгийн бага түвшинд байдаг ба ялангуяа 25 нас хүртэлх залуучуудын ажилгүйдэл бусад оронтой харьцуулхад байхгүйтэй адил гэнэ. Ийм тогтолцоо практик ач холбогдол нь маш өндөр учраас сүүлийн үед зарим улс орнууд ийм системийг нэвтрүүлэх талаар туршлага судлаж, туршилж эхэлж байгаа юм байна.

Ажлын байран дээрх сургалт маш чухалд тооцогддог ба сургиулаа төгссөн инженерүүдийг ч тогтмол сургалтанд хамруулж байдаг байна. Учир нь техник технологи маш эрчимтэй хөгжиж байгаа тул барилгын компаниуд хөгжлөөс хоцрохгүйн тулд өөрийн инженери, техникийн ажилчидаа сургаж боловсруулах талд дээр яам болон сургалтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг гэнэ.

Жишээ нь байрны халаалтын систем гэхэд л маш өндөр хөгжсөн ба 10, 20 жилийн өмнөхөөс бодлогын хувьд ихээхэн өөрчлөгдсөн байдаг байна. Герман улсын тэр дундаа энэ мужийн эрчим хүчний хэрэглээний 40 хувь нь зөвхөн орон сууцны халаалт болон, агааржуулалт, хөргөлтийн хэрэглээнд зарцуулагддаг байна. 2050 он гэхэд орон сууцны эрчим хүчний хэрэглээг “0%” болгохоор зорьж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд жил бүр “Ногоон хот – Ногоон хөгжил – Ногоон үйлдвэрлэл” хэмээх бага хурал зохион байгуулж байгаа бөгөөд хотуудын проблем шинэ шийдлийг хуваалцах хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр нь болоод байгаа юм байна.

Хот бүр, тойрог хотууд гэгддэг дагуул хотууд тус бүр өөрсдөө шинээр баригдах барилгад тусгай зөвшөөрөл олгодог ба энэхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо нэмж “Дулааны алдагдалгүй байх” шаардлага тавьж хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Энэ нь нэг ёсондоо “0” буюу тэг агаарын солилцоотой буюу айл, өрөө бүр цонхоор замжуулан агаар солилцуулахгүй байх учиртай юм байна. Энэ зорилтыг хэрэгжүүлхэд хамгийн бэрхшээлтэй зүйл нь хүмүүсийн амьдралын хэвшмэл хэв маяг саад болж байгаа гэх. Хүмүүс амьдралынхаа туршид цонх онгойлгож агаарын солилцоог хийсээр сурсан бөгөөд цонх онгойлгохгүйгээр агаарын солилцоог явуулах, дулааны алдагдалыг багасгах технологуудад төдийлөн дасч өгөхгүй байна. Хүмүүст шинэ буюу ногоон барилгад амьдрах хэвшлийг ойлгуулах нь Берлинд хууль батлахаас хамаагүй илүү хэцүү даалгавар гэж сайд нь хэлж байлаа.

Жишээ нь саяхан ахмадуудад зориулсан асрах байрыг хүлээн авч, нээлтийг нь хийсэн бөгөөд цонхыг яагаад онгойлгож болохгүй тухай, цонх онгойлгохгүйгээр яаж агаарын солилцоог хийх тухай ханан дээр нь томоор, тодоор бичиж өлгөсөн бөгөөд тэнд байсан бараг бүх ахмад түүнийг нь ойлгохыг хүсэхгүй байсан ба харин удаж төдөлгүй тэдгээр ахмадууд “ногоон” байрандаа дасан зохицсон гэнэ.

Заксон Анхалт мужийн Магдабург хот бол хуучин зүүн герман буюу зөвлөлтийн талд харъяалагддаг байжээ. Энэ хот, муж улсын хувьд байгаль орчинд төдийлөн анхаарал тавьдаггүй байсан ба жишээ нь хотын төвийнхөөс бусад айлууд нь төвийн бохирын системд огт холбогдоогүй тус бүртээ жорлонтой байснаараа манай улстай ихээхэн төстэй байжээ.

Сүүлийн 25 жилийн дотор хотын төв, хотын зах, хөдөө орон нутагт байгаа бүх айлууд нэг ч үлдэлгүй 100 хувь бохирын нэгдсэн системд холбогдож чадсан ба энэ нь байгаль орчинд маш сайхан эерэг үр дүнг авч ирсэн байна. Тухайлбал энэ хотын дэргэдүүр урсдаг Элга гол 25 жилийн өмнө маш их бохирдолтой, үнэр танартай, загас жараахай огт байхгүй байсан бол өдгөө цэвэрхэн урсгалтай, загас жараахай хөвсөн гол болж цэвэршжээ. 25 жилийн өмнө хил залгаа баруун германаас ирсэн бол хаана яваагаа тэр  дор нь мэддэг тийм их ялгаатай болсон бол өнөөдөр ялгахын аргагүй ижил түвшинд хүрсэн гэдгээрээ бахархаж явдаг ажээ.

Бохирын нэгдсэн систем байгуулах ажил тийм ч амархан яваагүй бөгөөд төсвийн хөрөнгөнөөс гадна айл өрх, газрын эздээс ихээхэн хөрөнгө санхүү шаардсан ажил байжээ. Өөрсдөө мөнгө гаргаж бохирын нэгдсэн системд орохыг эсэргүүцсэн хүмүүс багагүй байсан бөгөөд тухайн үед өнөөдрийн зам тээврийн сайдын гэр бүл гэхэд л 17000 марк төлж байжээ. Энэ нь нэг талаасаа иргэдэд санхүүгийн дарамт болсон хэдий ч гарсан үр дүн нь иргэдэд таалагдсан, ихээхэн үр дүнтэй ажил болсон байна.

Хотын хөгжлийн иймэрхүү зардлын нэг евро тутамд 0.5-1 еврог улсын төсвөөс татаас маягаар өгч шийдэж байсан гэдгийг дурдалгүй өангөрч болохгүй.

Алслагдсан газар буюу 10 км-ээс цааш бохирын төвлөрсөн системд холбогдох айл өрхүүдийн бохирын системийг шийдэхдээ хиймэл цөөрмийн аргыг ашигласан ба манай улсыг ч мөн адил аймаг сумынхаа бохирын нэгдсэн системийг шийдэхдээ хиймэр цөөрмийн аргыг ашиглахыг зөвлөж байлаа. Энэ нь бусад орчин үеийн аргатай харьцуулхад маш хялбар бөгөөд бараг зардлын 5 хувьд ч хүрдэггүй хямд өртөгтэй мөртөө үр дүнтэй арга гэнэ. Манай улс газар нутаг томтой, хүн ам цөөтэй тул иймэрхүү аргыг ашигласан нь дээр гэж байлаа. Хиймэл цөөрөм байгуулж, зэгс гэх мэт цэвэршүүлэх, үнэр дарах ургамал хамт тариад л шийдчих боломжтой ажлыг өндөр технологи гэх мэтээр хүндрүүлэх шаардлагагүй юм гэж байлаа.



Thursday, October 8, 2015

Өршөөлийн хуульд тавьсан хориг үндсэн хууль зөрчсөн

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн Өршөөлийн хуулийг  УИХ баталж гаргасан ч Ерөнхийлөгчийн хориг, нэмэлт өөрчлөлт оруулах гэхчлэн бас л хүлээлт үүслээ. Энэ хуулийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг та юу гэж үзэж байна?

-Эрүүгийн хуулиар гэм буруутай нь тогтоогдож ял эдэлж буй иргэдээ өршөөх асуудал  Монголд анх удаа тавигдаж буй юм биш. Төр үүссэн цагаас  бүх улс, бүх  нийгэмд энэ  хүмүүсээ яах вэ гэдэг асуудал үүсч ирсэн. Аль ч нийгэмд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял шийтгэл заавал эдүүлэх ёстой гэж үзэж эрүүгийн хуулийг батлан гаргадаг. Түүнчлэн хэрэв тэр хүмүүс гэм буруугаа ойлгосон, засарсан, хүмүүжсэн бол хүмүүнлэг, ардчилсан төр хайр ивээлээ үзүүлж, шинээр амьдрах, амьдралаа дахин эхлүүлэх боломж олгож байх ёстой гэсэн байр суурийг дэлхийн төр улсууд баримтлах болсон. 

Гэмт хэргийн асуудалд төр шийтгэх талд онцгой эрхтэй байдаг шигээ мөн өршөөж нигүүлсэх онцгой эрхтэй. Шийтгэх эсвэл өршөөх эсэхийг манай улсын хувьд УИХ тогтоодог. Ямар үйлдэл, эс үйлдлийг гэм буруутай, гэмт хэрэг гэж үзэх, тэр гэм буруутай хүмүүст ямар ял шийтгэл оноохыг  УИХ Эрүүгийн хуулиар тогтоож өгч байгаа юм. Дараа нь гэм буруутай нь тогтоогдоод ял эдэлж байгаа хүмүүсийг ямар шалтгаанаар, юуг нь үндэслэн хэрхэн өршөөх вэ гэдгийг мөн л УИХ дангаараа шийддэг. Энэ утгаараа өршөөл үзүүлэх нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх гэдэг нь  гэмт хэргийг шинжээр нь, төрлөөр нь, эсвэл зүйл ангиар нь өршөөх хэлтрүүлэх, нигүүлсэнгүй хандах талаар тусгай хууль гаргаж хэрэгжүүлдэг  арга юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид  мөн үүнтэй төстэй эрх байдаг нь уучлал үзүүлэх юм. Энэ эрхийг хэн ч булаацалдах, хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй юм. Төрийн тэргүүн, ард түмнээс сонгогдсоны хувьд хэн нэгэн хүн гэм буруугаа ойлголоо, миний хэргийг уучилж өгөөч гэж өргөдөл, хүсэлтээ өгсөн тохиолдолд түүнийг нь харгалзан үзэж, өөрийн онцгой бүрэн эрхийн дагуу уучлал үзүүлдэг. Үүнд нь УИХ ч, Дээд шүүх ч  нөлөөлөх эрхгүй. Түүнчлэн АТГ, Улсын прокурор ч нөлөөлөх  боломжгүй. Хэрэв ингэх юм бол Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхэд халдсан асуудал үүснэ. Хэдэн сарын өмнө Канадын иргэн Ж.Капла нарт уучлал үзүүлсэн асуудлаар ард түмэн нэлээд шүүмжлэлтэй хандсан. Үүн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, зөвлөхүүд тодорхой тайбар өгч байсныг санаж байгаа биз ээ. Тэгэхээр УИХ ч мөн адил онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Өршөөлийн хуулийн эргэн тойронд ямар асуудал үүсэв гэвэл, наймдугаар сард УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой гэмт хэргүүдийг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан. Хуульд хамрагдсан хүмүүс тэр өдрөөс эхлэн суллагдсан байх ёстой. Мөрдөн байцаалтанд байсан бол тэр нь хэрэгсэхгүй болсон байх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьж байна гээд Эрүүгийн хуулийн зарчимд байж боломгүй эргэлзээтэй байдлыг улстөржүүлсэн байдлаар гаргаж тавилаа. Өнөөдөр энэ л байдалтай холбоотой  асуудал  үүсээд байна.

-Өршөөлд хамрагдах байсан хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэж үзэж болох уу?

-Наймдугаар сарын 8-нд Өршөөлийн хууль батлагдсанаар өршөөлд хамрагдан суллагдах ёстой байсан хүмүүс өнөөдөр хоёр сар гаруй хугацаанд шоронд хууль бусаар сууж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн зарчимыг зөрчсөн, Үндсэн хууль болоод Олон улсын хүний эрхийн  гэрээ, конвенцийг зөрчсөн байдал руу УИХ-ыг хөтлөөд явчихлаа. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд хуулийг буцааж хэрэглэх тухай зохицуулалт байдаг.Бусад хуулиас ялгаатай нь гэмт хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээр шүүгдэж буй, эсвэл шүүхээс ял авсан хүмүүст нэг онцлог эрх бий. Тухайн хүн өөрт нь   хөнгөн, эсвэл бага ял  оноосон, хэрэгсэхгүй болгосон хуулийн зохицуулалт байх юм бол түүнийг хэрэглэх эрх нь нээлттэй байдаг. Тэгэхээр өнөөдөр үүсээд байгаа асуудал үүний эсрэг үйлдэл болж байна. Өршөөгдсөн хүмүүст хориг тавина гэдэг эрхзүйн байдлыг нь дордуулж, буцаагаад ял шийтгэлтэй байдалд нь аваачиж байна гэсэн үг.

-УИХ  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн. Ямар өөрчлөлт гарах нь бүрхэг байна?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь  өршөөсөн байсан хүмүүсийг өршөөхөө болилоо, буцаалаа, бид буруу бодож байж, эргээд шорондоо сууцгаа гэсэнтэй агаар нэг юм. Ийм байж болохгүй. Жишээ нь, өнөөдөр 1991 оны Өршөөлийн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал яах вэ. Тухайлбал, тэр үед өршөөгдсөн байсан авлигын гэмт хэргийг өршөөхгүй гэвэл яах вэ. Тэр үед өршөөдсөн бүх хүнийг буцааж авчраад шоронд суулгах уу. Ялыг нь нөхөж  эдлүүлэх үү. Ингэж болохгүй. Хэрвээ ерөнхийлөгч хориг тавьсан бол, УИХ ямар нэг байдлаар энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол зөвхөн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар л асуудалд хандах ёстой.

-Өмнөх Өршөөлийн хуулиудаар авлига, албан тушаалын хэргийг огт өршөөж байгаагүй гэсэн  тайлбарууд ихээхэн сонсогдож байгаа. Энэ талаар?

-Энэ бол улстөржсөн дүгнэлт. Өмнөх өршөөлийн  хуулиудаар авилга албан тушаалын гэмт хэргийг оролцуулаад бүх гэмт хэргийг өршөөж байсан. Хэргийн шинж байдлаар, хүнд, хөнгөн, онц хүнд гэмт хэрэг гэж ангилаад хүнд гэмт хэргээс гурав, онц хүнд гэмт хэргээс нэг жил хасах гэх мэтчилэнгээр хэсэгчлэн, хөнгөн хүнэдвтэр гэмт хэргийг бүхэлд нь өршөөж байсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дотроо хүнд нь ч байна, хөнгөн нь  ч байна, онц хүнд нь ч байна. Энэ нь тэр хүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж байна шүү дээ. Тэгэхээр авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн хөнгөн, хүндэвтэр гэсэн ангилалд орсон бол шууд хэрэгсэхгүй болгодог байсан байна. Хүнд зүйл ангид хамаарч байгаа бол эдлэх ялаас нь 3-5  жил хасдаг байсан байна. Онц хүндээр  гэмт хэрэг үйлдсэн бол өршөөдөггүй гэх мэтээр хуульчилж байж. Тэгэхээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэргийг огт өршөөдөггүй байсан гэвэл үгүй. 

Дэлхийн нийтийн жишигт огт өршөөдөггүй гэмт хэргүүд гэж бий. Түүнд  хүнд төрөлхтний эсрэг гэмт хэрэг, өөрөөр хэлбэл терроризм, улс үндэстэн дамжсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, түүнчлэн хүний амь биед онц ноцтойгоор халдсан рецедив гэмт хэргүүдийг өршөөдөггүй. Үүнийг ямар ч хуульч хэлэх байх. Харин улстөрчид  янз бүрээр хэлж ярьж, зарим нь улстөржсөн хоригоо зөв болгож тайлбарлахын тулд, эсвэл ард түмэнд өөрийгөө авлигын эсрэг тэмцэж байгаа мэтээр ойлгуулах, өөрийгөө  авлигач биш юм шиг харагдуулахын тулд хуулийг буруу тайлбарлаж байна. 

Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь яриад байгаа хууль зүйн шинэтгэлийнх нь хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг АН-аас томилогдсон Х.Тэмүүжин сайд өргөн барьж байсан, одоо Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн бариад байгаа. УИХ, Ажлын хэсэг Өршөөлийн хуулийг батлахдаа тэр бодлогын хүрээнд л боловсруулж гаргасан шүү дээ. Эрүүгийн хууль өмнө нь ямар байсныг харьцуулж үзье л дээ. Жишээ нь, арван мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял авлаа гэж шүүмжилдэг. Гэтэл тэр хүн нэг биш гурван удаа хулгай хийчихсэн байдаг. Нийт  учруулсан хохирол нь жишээ нь 30 мянган төгрөг байлаа гэж үзхэд давтан үйлдэл нь оноох ял шийтгэлийг хүндрүүлэх гэх шалтгаанаар онц хүнд гэмт хэрэг гэсэн зүйл ангид хамаарч арван жилийн ялаар шийтгүүлчихэж байна. Гэтэл хүнийг нэг удаагийн үйлдэлд нь нэг л  шийтгэх ёстой гэсэн олон улсын зарчим бий. Тэгвэл  давтан гэмт хэрэг үйлдсэн гэж ялладаг, хүмүүсийг айлган сүрдүүлэх байдлаар шийтгэдэг хоцрогдсон онолын хүрээнд ийм хуулиар яваад байж болохгүй гэж үзэж, Засгийн газар, Хууль зүйн яам, АН-ын дарга нар шинэчилсэн Эрүүгийн хууль бариад орж ирж байхад ажлын хэсэг нь өнөөх  хуучин тогтолцоогоороо хүнд гэмт хэргийг өршөөхгүй, хүндэвтэрийг нь өршөөнө гэдэг нь гэх хууль зүйн техникээр хууль хийчихвэл төрийн бодлогоосоо гажиж байгаа хэрэг юм.

- Өршөөлийн хуулийг улстөржүүлж буй гол шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөлд хамруулахгүй гэснээс үүдэлтэй гэх юм?

-Тэгж ойлгуулах гээд байх шиг байна.   Гэтэл үнэн хэрэгтээ тэр хүнийг аль хэдийнээ хэлмэгдүүлчихсэн, хэлмэгдүүлж ял шийтгэл оноогоод дуусчихсан шүү дээ. Нэг хүнийг дахин давтан хэлмэгдүүлээх гээд байгаа юм уу? Зүгээр л Хүмүүсийн тархийг угааж, Өршөөлийн хуулиар талцуулж байгааг олон нийт ялгаж салгаж ойлгох байх. Ер нь ганц Н.Энхбаярыг ч биш өөрсөдтэй нь түрийвч лобби нийлээгүй, үгэнд нь ороод байдаггүй хүмүүсийг хууль шүүхийн байгууллагаар дамжуулан дарамталдаг, хэлмэгдүүлдэг хэсэг бүлгийнхэн л араандаа нуусан зэвсгээ хураалгачих гээд сандарч, чичирч байгаа хэрэг юм.

-УИХ-ын гишүүд энэ байдлыг яагаад олж харахгүй байгаа юм бол? Яагаад баталсан хуулиасаа эргэж буцаад байна гэж та бодож байна?

Би залуу хүний хувьд юу гэж харж байна вэ гэвэл, энэ УИХ хүний төлөө өөрсдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадах хүмүүс үү, үгүй юу гэдэгт эргэлзээ төрж байна. . Хүний төлөө чиглсэн, зөв зүйтэй гээд нэг хууль баталдаг, баталсан хуулийнхаа талд зогсч чадалгүйгээр хаа нэг газраас нэг шүүмжлэл ирэхээр больчихдог, тэндээс  нэг хүн загнахаар хууль батлаж байсан үеийн байр сууриасаа ухардаг хүмүүс төр барьж чадах уу, үгүй юу гэдэг асуулт илүү чухал санагдаж байна.  Чадахгүй юм бол яах гэж хууль баталсан юм бэ. Монголын төр Оюутолгой, Тавантолгойгоо ард түмнийхээ талд шийдлээ гэхэд  гаднаас  нэг хүн  ирээд загнахаар  болих уу, баталсан хуулиа буцаах уу. Гаргасан шийдвэртээ ингэтэл эргэлздэг юм бол өөр хуулийг яаж батлаад байна вэ. Хийж байгаа үйлдлээ, батлаж байгаа хуулиа мэдэж байна уу үгүй юу гэх асуулт зайлшгүй гарна. Хэн ч ингэж бодно, бодоод зогсохгүй асууна.

- Магадгүй Шударга ёс эвслийнхэн Н.Энбаярт зориулаад өршөөлийн хуулийг батлуулах гээд байна гэх хардлага ч байгаа?

Дахиад хэлхэд өршөөлийн  хууль МАХН-ын дарга  Н.Энхбаярт   ямар ч хамаагүй. Тэр хүн ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, үйлдэх ч үгүй. Гэмт хэрэг хийгээгүй хүнийг өршөөх тухай асуудал байдаггүй юм. Харин Н.Энхбаярыг зүгээр л Пиарын арга хэрэгслээр гүтгэж доромжилж байгаад дахин дахин хэлмэгдүүлж болно гэж үзээд, тэр ч агуулгаараа хориг тавиад, сонгуулийн өмнө хэлмэгдүүлэлтээ давтана гэж үзэж байгаа бол ард түмэн зүгээр хараад суухгүй л байх. Ард түмний төлөөлөөд УИХ-д суугаа намынх нь гишүүд ч тэр, шударга ёсыг бодож байгаа хэн ч тэр хүлээн зөвшөөрөөд байж болох асуудал биш байх. Иймэрхүү байдлаар айлган сүрдүүлж өөрсдийн дураар авирлах боломжийг өөгшүүлээд байдаг ард түмэн гэж байхгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Хэлмэгдүүлэлт явагдах гээд, илт заналхийлээд, эх орондоо ирхэд нь хүртэл хөөж туугаад, гэм буруугүй намынх нь даргыг шоронд хийнэ шүү гэж үүрэг даалгавар өгөөд байхад нь хүртэл өмөөрөхгүй байгаа бол харин гайхаж асууна шүү дээ. Яагаад та нар өмөөрдөггүй юм бэ? Яагаад та нар эвлэрээд байгаа юм бэ? Та нар тэгвэл шударга ёсыг яаж тогтоох гэж байгаа хүмүүс вэ? Даргыгаа өмөөрч чадахгүй байж ард түмнийг яаж өмөөрөх гээд байгаа улс вэ гэж асууна шүү дээ. Угаасаа тэгж ч асуудаг юм.

-Ард түмэн өршөөлийн хуулийг эсэргүүцээд байгаа юм биш үү?

Энэ удаагийн өршөөлийн хууль бол нийгмийн бүх л хүсэл, шаардлагад  нийцсэн хууль. 2012 оны сонгуульд АН ч, МАХН  ч, бусад намууд ч манай Эрүүгийн хууль болохоо больчихлоо, хийсэн хэргээс нь давсан ял өгөөд байна. Тиймээс өөрчилье, хийсэн хэрэгт нь тохирсон ял өгдөг болъё, Монголын залуус дэндүү олноороо шоронд орж байна. Энэ байдлыг эргэж харъя гэдэг асуудлыг  мөрийн хөтөлбөртөө  дэвшүүлсэн. Тэгвэл мөрийн хөтөлбөртөө өөрчлөхөөр оруулсан  Эрүүгийн хуулиа одоо болтол батлаагүй л байна. Шүүмжлээд байсан хуулийнх нь балгаар 2012 оноос  хойш  гурван жил гаруй  зарим монгол залуучууд хийсэн хэрэгтээ харьцуулхад хэт хүнд ял эдлээд ирлээ. Тэгвэл тэднийг нэг өдрийн өмнө ч болтугай суллах хэрэгтэй биз дээ. Намууд сонгуулиар амласнаа хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр улстөрчид өөрсдөө л шүүмжлэл хэлж,  баталсан хуулиа улстөржүүлээд  байгаа болохоос  хөдөө орон нутгаар явахад ард түмэнтэй уулзаад асуугаад байхад Өршөөлийн хуулийг шүүмжилж буруушаагаад байгаа юм алга. Харин ч манай нутгийн тэр маань алдсан юмсан, энэ маань эндсэн юм, ганц хоногийн өмнө ч болтугай суллуулчих юмсан гэж ярьж байгаа юм. Алдсан эндсэн залуусыг  шоронд нь суулгаад, хатаагаад хаячих юмсан, тэр 8-9 мянган хүнийг төрөөр тэжээлгээд, гэмт хэрэг, муу муухайд улам сургаад байя гэж байгаа  монгол хүн нэг ч алга. Тэгэхээр Өршөөлийн хууль хэдхэн улстөрчийн тоглоом болохоос ард түмнийг талцуулж байгаа асуудал биш гэдэг нь харагдаж байгаа юм.

-Одоо тэгвэл яах ёстой юм бэ?


УИХ Өршөөлийн хууль баталчихаад, түүнд хамрагдсан хүмүүсийг суллахгүй, шоронгоос гаргахгүй байгаа нь  Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенцийг  зөрчсөн асар том зөрчил. Ерөнхийлөгчийн хориг тавьсан нь ч, хоригийг хүлээж авсан нь ч  Үндсэн хууль зөрчсөн явдал. Хүний эрх зүйн байдлыг дордуулж, төрдөө итгэх итгэлийг нь алдагдуулж, цөхрүүлж, зарим ухвар мөчид иргэд хүмүүжих, ухаажихаас илүү хорсох, гомдох сэдэлийг илүү төрүүлсэн ухвар мөчид шийдвэр. Тэгэхээр өршөөлийн хуулиа сайжруулах бол зөвхөн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулаад нэн даруй өршөөлийн хуулиа хэрэгжүүл эхлэх хэрэгтэй. 

Tuesday, April 21, 2015

Баялаг хувиарлах шинэ зарчим буюу Эдийн засгийн хувьсгал

Баялагийн хувиарлалтын талаар МАХН-ын баримтлах байр суурь

Хамтын хөгжлийн шинэ зарчим, Ашигаа ч эрсдлээ ч хуваалцана

1990 оны эхэн үеийн өмч хувьчлалын алдаатай бодлогын улмаас хойш өдийг хүртэл монголчууд бүтээж бий болгох баялагаа хуваалцдаггүй, цөөн хэдэн гэр бүл, улс төр дамнасан олигархи бүлэглэл нь нийгмийн баялагийн дийлэнх хэсгийг дангаараа буюу гадныхантай хамтран эзэмшдэг болсон. Монгол Улсад бүтээгдэж буй баялагийн эцсийн хэрэглэгч нь монголчууд, монголын газар шороонд буй эрдэс баялагийн эзэд нь монголын нийт ард түмэн байхад ард түмний дийлэнх нь ашиг орлого ихтэй бизнес, томоохон төслүүдэд оролцох боломжгүй байгааг баялагийн хувиарлалт шударга бус байна гэж үзнэ. .

Баялаг хувиарлах суваг нь дан ганц төрөөс зарлаж буй тендер хэлбэрээр явагдаж байгаа нь эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаа цөөн хэсэг бүлгийнхэн ашиг олох, нийгэмд баялаг хувиарлалтын шударга бус тогтолцоо бий болход нөлөөлж байна. Төрийн тусгай зөвшөөрөл, тендер нь баялаг хувиарлалтын гол механизм болсны улмаас улс төрийн намууд  бизнесийн ашиг олох явцуу зорилготой бүлэглэлүүдэд  улам бүр автаж байна. Тендерээр бараа үйлчилгээг худалдан авахдаа жил бүр шинээр зарладаг нь монголын үндэсний компаниуд тогтвортой хөгжих бололцоог хааж буй нэг хүчин зүйл болж байна

Барилга, зам, цахилгаан станц гэх мэт бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хувьцаат компанид өгөх замаар Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд бүтээн байгуулалтын төслүүдээс хувь, ашиг хүртэх боломжийг бий болгоно.  
-      
                      Хувьцаат компаниудын захиалгат ажил, худалдан авалтын нэг жилээр биш наад зах нь 3 жилээр хийдэг болгож, компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Олон нийт дийлэнх хувьцааг нь эзэмшдэг дотоодын ХК-иудад давуу эрх олгох зарчмыг хуульчилна.
-       
              Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ашигт малтмалын ордын 20-оос дээшгүй хувь, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 30-аас дээшгүй хувийг лиценз эзэмшигч нь хяналтдаа байлгах, үлдэх хэсгийг монголын хөрөнгийн биржээр арилжаалах шаардлага тавьж монголын иргэд байгууллагууд хувь хүртэх боломжийг бий болгоно.  
-       
             Экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх стратегийг тодорхойлж, ноос ноолуур, мах, сүү, зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг стратегийн бүтээгдэхүүнд тооцож, борлуулалтын онцгой эрх бүхий олон нийтийн компани байгуулах замаар экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

-       
             Төрөөс тусгай эрх авч, нийтэд үйлчилдэг томоохон аж ахуйн нэгж байгууллагуудыг олон нийтийн буюу хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, үе шаттайгаар 51-ээс доошгүй  хувийн монголын хөрөнгийн биржэд гаргах шаардлага тавьна. Үүрэн телефон, харилцаа холбооны компаниуд, нефьт импортын компаниудыг тэргүүн ээлжинд олон нийтийн статустай болгоно.  

Н.Энхбаяр Таван толгойн талаар

Одооноос таван жилийн өмнө Ниймгмийн толь сонинд өгсөн Н.Энхбаяр даргын ярилцлагыг оллоо. Өнөөдөр ч сэдэв нь хуучраагүй байна.  

Н.Энхбаяр: “Тавантолгой”-н орд газрыг 100 хувь буюу бүхэлд нь ард түмний өмчлөлд шилжүүлж, иргэн бүртээ тэгш хувааж эзэмшүүлэх хэрэгтэй

2008 оны сонгуулиас хойш монгол хүн бүрийн анхаарлын төвд “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үүндээ тулгуурлан уул уурхайн баялгаас иргэддээ хувь хүртээх, улс орноо хөгжүүлэх асуудал байгаа билээ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаасаа хойш иргэд, олон нийтийн байгууллагуудаас янз бүрийн үнэлгээ авч, зарим судлаач, улстөрчдийн үзэж байгаагаар нэгэнт “зэс” нь цухуйж эхэлжээ. 
Нийгэмд буй энэ хандлага нь өнөөдөр эргэлтэнд оруулахаар яригдаж буй “Тавантолгой”-н орд газрыг ашиглах тухай асуудалд ч өөрийн гэсэн өнгө аясыг нэмэрлэж, өнөөдөр бараг монгол хүн бүр сонирхон хэлэлцэж, байр сууриа илэрхийлж байна. Ялангуяа, Засгийн газраас УИХ-д “Тавантолгой”-н орд газрын ашиглалтын гэрээний төслийг өргөн барьснаас хойш иргэд, компаниуд, улстөрчид гээд нийгмийн олон давхаргын төлөөлөл дээрх төсөлтэй холбоотой санал онолоо дэвшүүлэн уралдацгааж байна. Тэгвэл энэ асуудлаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, уул уурхайн талаар ард түмний эрх ашгийн үүднээс тодорхой санал санаачлагуудыг гаргаж байсан Н.Энхбаяр ямар байр суурьтай байгаа тухай ярилцсанаа уншигч олондоо толилуулж байна. 
-Та улс орныхоо нийгэм, улс төрийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зарим асуудалд  хатуухан шүүмжлэлтэй хандсан “Хана хэрэм” нийтлэлээ хэдхэн хоногийн өмнө олон түмэнд хүргэсэн. Зарим улстөрчид, ХМХ-дийн үзэж байгаагаар бол энэ нийтлэлд томоохон орд газруудын ашиглалттай холбоотой таны байр суурь “гэтэх” зарчмаар илэрхийлэгдсэн гэнэ. Тиймээс олон нийтийн анхаарлын төвд байгаа “Тавантолгой”-н орд газрын ашиглалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан хоёулаа яг энэ сэдвээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-“Хана хэрэм” гэх нийтлэл маань өнөөгийн Монголын амьдралд бодитойгоор оршин буй нөхцөл байдлыг элдэв хачир чимэггүй хэлсэнээрээ олон хүний талархал, харин “хана хэрэм”-ний цаана “нуугдаж” шударга бус ажил амжуулж буй цөөн хүний дургүйцлийг төрүүлж байж болох юм. 
Гэхдээ Монголын нийт ард түмнээс сонгогдож байсан Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр дуугүй хараад суух, нийгэмд буй буруу хандлагатай эвлэрэн тэвчих, аман дээрээ ард түмэн гэчихээд ачир дээрээ амиа бодон аргацаах ёс суртахууны эрх надад байхгүй. Нөгөөтэйгүүр “Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй, хүн хэдий цэцэн ч хэлэхээс нааш ухаардаггүй” гэсэн мэргэн үг байдаг. Тиймээс олон нийтэд ч сэрэх, эрх барьж байгаа улстөрчдөд ч санах боломжийг олгох болов уу гэсэн үүднээс уг нийтлэлийг тэрлэсэн юм. 
Нөгөө талаар үнэхээр өнөөдөр “Тавантолгой”-н ашиглалтын асуудал Монгол орны хөгжил дэвшил, монгол иргэн бүрийн амьдрал ахуйтай шууд холбоотой асуудал мөн болохоор таны хэлснээр энэ сэдвээр илэн далангүй ярилцаж, байр сууриа илэрхийлэх нь миний үүрэг гэж би үзэж байна. 
-“Тавантолгой”-н орд газрын ашиглалтыг тойрон өрнөж буй санал санаачлага, Засгийн газрын болон компани аж ахуйн нэгжүүдийн байр суурь гээд аль аль нь харилцан зөрчилтэй байгаагаас жирийн иргэн хүнд баримжаалах, ойлгох, аль нь ашигтай байж болохыг сонгох боломж олдохооргүй, эх адаггүй л юм болж байх шиг?
-Өнөөдөр монголчууд “Тавантолгой”-н нүүрсний ордыг хэрхэн ашиглах, иргэн бүрт, аж ахуйн нэгжүүдэд ямар хүртээлтэй байлгах, ямар оролцоотой байх талаар их сонирхож хэлэлцэж байна. Таны хэлснээр Засгийн газар, иргэд, компаниудын төлөөллөөс янз бүрийн санал санаачлага гарч байх шиг байна. Анзаараад байхад аль аль тал нь өөрсдийн оролцоог аль болох илүү их байлгах талаасаа л анхаараад байна уу даа. Үүнийг буруутгаж болохгүй боловч улс орны хөгжил цэцэглэлт, нийт 2 сая 800 мянган монголчуудын амьдрал ахуйг шийдчих хэмжээний энэ их баялгийг хэрхэн зөв зарцуулах, хэрхэн өгөөжтэй байлгах талаас нь бодож эрэгцүүлэх, явж ирсэн замаа эргэн харж, алдаа дутагдлаасаа сургамж авч, олноороо хэлэлцэж байж шийдэх нь шударга зарчим юм. Монгол Улс үнэхээр ардчилсан орон юм бол үндэсний хэмжээний энэ асуудалд олон ургальчаар хандаж, иргэн бүрийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэрлэх бодлогыг эрж хайж  зөв тодорхойлох, баримталж хэрэгжүүлэх ёстой. 
Монгол Улсын Ерөнхий сайд Батболдын “Тавантолгой”-гоос иргэн бүртээ хувь хүртээнэ” гэсэн байр суурийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч үсрээд 10 хувийг л иргэддээ хувьцаа хэлбэрээр олгох, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүддээ биржээр дамжуулан хувьцаа зарах замаар эзэмшүүлэх зэрэг саналууд нь хэр оновчтой вэ? гэдэгт эргэлзэж байна. Тэгвэл нөгөө талаас Монголын компаниуд нийлээд, “Тавантолгой”-гоо өөрсдөө ашиглая гэсэн санал гарч байгаа. Монголчууд хүчээ нэгтгэн зүтгэвэл чадахгүй зүйл байхгүй гэдэгт би эргэлздэггүй болохоор миний ажилдаа баримталдаг зарчим, сонгуулийн уриа хүртэл “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж байсныг та санаж байгаа биз. Монголын компаниудын дээрх нэгдэл механик бус, харин оюун санааны, хувийн бус, үндэстний эрх ашиг давамгайлсан нэгдмэл байвал амжилтанд хүрнэ байх. 
Өнөөгийн нөхцөл байдлыг ерөнхийд нь тоймлон харвал иймэрхүү хувилбарууд яригдаж байна. Гэхдээ аль аль хувилбар нь Монгол Улсын иргэн бүрийн ашиг сонирхолыг төдийлөн бүрэн бүтэн тооцож чадахгүй байгаа учраас шүүмжлэл байсаар байна. 
-“Тавантолгой”-н тодорхой хэсгийг хувьцаа болгон тараана гэсэн хандлага их хүчтэй байгаа. Гэтэл та “Эх орны хишиг”-ээ санаачилж байхдаа хувьцаанаас татгалзаж, иргэн бүрийг тэнцүү хувьтай болгож, түүнийг баталгаажуулсан нэрийн данстай болгох ёстой гэж байсан. Тэгвэл яг энэ Тавантолгойг хувьцаа болгон тараах асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Би энэ хувьцаа гэдэгтэй огт санал нийлэхгүй байна. Гэхдээ энэ бол үгүйсгэхийн тулд үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Бидэнд өнгөрсөн хорин жилийн хугацаанд өөрсдийн биеэр туулж өнгөрүүлсэн гашуун туршлага бий. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжин, төрийн өмчийг хувьчлахад иргэн бүрт олгогдсон ягаан, цэнхэр тасалбарын түүхийг өнөөдөр олон хүн мартаагүй байгаа. 
Яахав, одоо хувьцаа хэлбэрээр тараах нь зөв гэж ярьдаг хүмүүс “тэр үед монголчууд зах зээл, хувьцааны талаар мэдлэггүй байсан, харин одоо бол байдал өөр болсон” гэж “батлах”-ыг оролддог. Зах зээлийн нийгэм рүү дөнгөж шилжиж байсан тэр үед ард түмэн өнөөдрийнх шиг ядарч туйлдаагүй, ажилгүйдэл ядуурал өнөөгийн түвшинд хүрээгүй байсан гэж судлаачид үздэг. Ямар ч байсан  дийлэнх олонх нь хувьцаагаа хадгалж чадаагүй, харин цөөнх нь хамаг хувьцааг гартаа төвлөрүүлж, өмчийн эзэн болсон байдаг. Баян ба ядуугийн ялгарлын эхлэл энэ алдаатай бодлого хэрэгжсэнээр тавигдсан. 
Тэгвэл өнөөдөр иргэдийн амьдрал хүнд, өргөн хэрэглээний барааны үнэ бараг хоног хоногоор өсч байгаа үед ядарсан ард түмэн маань хувьцаагаа хараад хадгалаад, хүүхдээ өлсгөөд сууж байж чадах уу? Шуудхан хэлэхэд үгүй л болов уу. Харин ч энэ нөхцөл байдал нь мөнгөтэй хэсэгхэн хүнд мөнгөгүй олонхийнхоо хувьцааг амьдралын аргагүй байдлаар нь шахаж далимдуулаад, нэг өдрийн хоолны үнээр цуглуулаад авчих боломжийг олгох нь тодорхой байна. Ингээд хэсэг хугацааны дараа эргэн харахад ард түмэндээ тараасан нэртэй боловч ачир дээрээ хэдхэн хүн хэмжээлшгүй их баялгийн эзэн нь болоод, хожоод үлдэх вий. Тиймээс хувьцаа болгон тараах нь баялгийн тэгш бус хуваарилалтыг өнгөлөн далдлах нэгэн арга, баян, ядуугийн ялгарлыг улам гааруулах алдаатай бодлого гэж би үзэж байгаа. 
-Хувьцааны талаарх таны байр суурийг бас үгүйсгэж боломгүй үнэн санагдлаа. Тэгвэл “Монгол 999” гэх Монголын 1500 компаниудыг нэгтгээд буй нэгдлийн “Тавантолгой”-г өөрсдөө ашиглая гэсэн саналыг та дэмжиж байгаа юу?
-“Тавантолгой”-н ашиглалтанд Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоо давамгай байх ёстой гэдэгтэй ямар ч монгол хүн маргахгүй биз ээ. Үнэхээр үндэсний компаниуд маань ийм санал санаачлага гаргаж, нэгдэж, хөгжлийн төлөө санаа оноогоо нэмэрлэж байгаа нь сайшаалтай хэрэг. Хамгийн ойлгомжгүй, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа зүйл бол уг нэгдлийн, ер нь манай компаниудын энэ төсөлд оролцох оролцоогоо тодорхойлж томъёолж байгаа байдал юм. Энд бодит хандлага үгүйлэгдэж байгаа нь уг нэгдлийн удирдлагад байгаа хүмүүсийн хэлж ярьж, илэрхийлж буй хоорондоо зөрчилтэй байр сууринаас тодорхой харагдаж байна. 
Хэрвээ асуудалд Монголын компаниудын оролцоог дэмжинэ гэх байр сууринаас хандвал өөр нэг асуудал буюу “тийм л байсан юм бол “Тавантолгой”-г “Энержи ресурс” гэдэг хувийн компаний мэдэлээс яах гэж төрд буцааж авсан юм?” гэх асуудал автоматаар урган гарна. Хоёр жилийн өмнө “Энержи ресурс”-ээс төрд буцааж аваагүй байсан бол өдийд ёстой л нөгөө биржээс хөрөнгөө босгодогсон уу, зээлдэгсэн үү, ажлаа эхэлчихсэн байх байсан биз. Тэд ч 10 хувийг нь ч юм уу ард түмэндээ хувааж өгчихөөд, тодорхой хэсгийг нь биржээр дамжуулаад бусад сонирхсон аж ахуйн нэгжүүдэд зарчих л байсан байх. Өнөөдөр “Ухаа худаг” гэдэг газарт “Энержи ресурс” үйлдвэрлэлээ босгоод эхэлчихсэн байгаа шүү дээ. 
Тэгвэл нөгөө талаас ер нь “Тавантолгой”-н эрхийг эзэмшиж байсан “Энержи ресурс” одоогийн “Монгол 999” хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? гэсэн асуулт гарна. Нэг нь дотоодын арваад компаний нэгдэл, нөгөөх нь 1500-гаад компаний нэгдэл гэсэн зарчмын гэхээсээ илүү жижигхэн, бараг хувийн сонирхлын гэмээр ялгаа харагдаад байгаа. 
-Тэгэхээр энэ бүхнээс харахад аль аль тохиолдолд ямар нэг хэлбэрээр баялгийн хуваалт, хувиарлалт гэсэн явцуу сонирхолд л хөтлөгдөөд байгаа юм биш байгаа гэх хардлага өөрийн эрхгүй төрж байгаа биз?
-Тэгэхлээр тухайн үед “Тавантолгой”-н лицензийг улсад буцааж авах асуудлыг санаачилж, лиценз эзэмшигчидтэй нь ярилцаж, ятгаж, шахаж, Засгийн газарт чиглэл өгч хэрэгжүүлсэн хүн нь би юм.  Ямар зарчим барьсан бэ? гэхлээр улсын зардлаар геологийн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол тухайн стратегийн орд газрын лиценз 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэж үзсэн. Иймэрхүү зарчимаар хандаж зүтгэсний үр дүнд 15 орд газрыг стратегийн орд газрын жагсаалтанд оруулж чадсан санагдаж байна. Харамсалтай нь тэдгээрийг төрийн мэдэлд шилжүүлэх ажил одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. 
Тэр утгаараа “Тавантолгой”-н стратегийн орд газрыг төрийн мэдэлд буцааж өгсөн нь чухал алхам болсон. Энэ ажлыг хийсэн, хийлцсэн бүх хүнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ миний санал бол уг ордыг 100 хувь төрийн мэдэлд буцааж шилжүүлэх тухай байсан. Гэтэл тодорхой хэсгийг нь “Энержи ресурс” дээр үлдээсэн.  Үүнтэй Монголын бусад компаниуд барьцдаг, шүүмжлэлтэй ханддаг юм байна лээ. Энэ “999 компани”-ийнхан ч гэсэн “бид “Энержи ресурс”-ээс юугаар дутах юм бэ? Яагаад тэд “Тавантолгой”-г авч байхад бид авч болдоггүй юм бэ?” гэж асууж байгаа юм. Хариулахад хэцүү. 
Уг төслийг хэрэгжүүлэхэд Монголын компаниуд давуу эрхтэй, ижил тэгш оролцох ёстой гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ асуудлын гол нь “Тавантолгой”-г иргэн бүрт хүртээлтэй шийдэх ёстой гэсэн санал юм. 
-Нийгэмд хамгийн түгээмэл хэлэлцэгдэж буй хувилбаруудын талаарх таны байр суурь шүүмжлэлтэй байгаа юм байна. Тэгвэл танд “Тавантолгой”-г ингээд ашиглачихвал илүү хүртээмжтэй юм байна гэсэн хувилбар, санал байгаа юу? Нууц биш бол энэ талаар тодорхой ярьж өгөхгүй юу?
-(Инээв) Нууцсаад байх юу байхав дээ. Би түрүү түрүүчийн ярилцлагууддаа нэг бус удаа хэлж байсан. Үнэхээр Монголын төрийн хамгийн өндөрлөгт хүртэл намайг дэмжсэн, сургаж боловсруулсан, өдий зэрэгтэй болгосон ард түмэндээ би асар их өртэй хүн. Тиймээс би өөрийн өчүүхэн мэдлэг оюун, чадвар, туршлагыг энэ ард түмнийхээ, улс орныхоо сайн сайхны төлөө зориулах үүрэгтэй гэж боддог. Намайг ингээд ярихаар мэдээж миний санааг мушгин гуйвуулж, элдвээр дайрч давшлах л байх л даа.  Гэвч улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудал шийдэгдэж байх үед нэр төрөө хичээгээд суугаад байх нь жинхэнэ гутамшигтай хэрэг болох биз. 
Би энэ өвөл, хавар хөдөө орон нутгаар нэг бус удаа явж, иргэдийн ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар ч санаа бодлыг нь сонсч байлаа. Иргэдийн зүгээс “Уул уурхайн баялгийг иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэйгээр хуваарилахад анхаараач” гэсэн хүсэлт саналыг хамгийн ихээр гарган тавьж байсан юм. 
Тиймээс “Тавантолгой”-н ордын ашиглалтын хувилбаруудын талаар багагүй хугацаанд судалгаа хийж, эрдэмтэн судлаачид, нийгмийн янз бүрийн төлөөллийн хүмүүстэй санал солилцож, гадаадын туршлагыг ч судалж үзсэн. Үүний үр дүнд миний гэж хэлж болох боловч үндсэндээ иргэдийн санал санаачлага, эрэлт хүсэлт дээр тулгуурласан нэгэн хувилбарыг боловсруулсан юм. 
Энэ ордын өмчлөл, зохион байгуулалт, ашиглалт, хуваарилалт нь дараах үндэслэл дээр тулгуурлан хийгдэх ёстой. “Тавантолгой”-н баялаг бол, ер нь газрын хэвлийн баялаг бол хэн нэгэн тодорхой хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр бүтээгдсэн баялаг биш юм. Өөрөөр хэлбэл, дэлхий ертөнцийн үүсэл хөгжилтэй холбоотойгоор хүний оролцоогүй өрнөсөн байгалийн үйл явцын үр дүнд үүссэн баялаг юм. Өвөг дээдэс маань энэ газар нутаг дээрээ төрж өсөн, хамгаалан баталгаажуулаад газрын дээрх болон доорх баялагтай нь бидэнд өвлүүлсэн гэдгийг ч мартаж болохгүй. Тиймээс энэ баялгийг цөөн хэдэн  хүн эзэмшиж, үр өгөөж нь цөөхөн хүнийг баяжуулах хэрэгсэл болно гэдэг бол дэндүү шударга бус хэрэг болно. 
-Та шүүмжлүүлж хашрахгүй хүн юмаа. Таныг ингэж ярихаар мушгин гуйвуулах хүн мундахгүй дээ? Таны хэлж ярьж байгаа манай ард түмний сонсохоо болиод, төсөөрөөд, бараг мартчихсан шударга үнэн гэх ойлголттой дүйх гээд байх чинь?
-Мэдээж хэлэх нэг нь хэлэх байх. Энхбаяр муудаа, эсвэл хорссондоо ингэж ярьж байгаа юм гэж. “Идсэн эрүү хувхайрдаг, идүүлсэн бут ургадаг” гэж нэг үг байдаг. Тэгэхлээр би гүжир гүтгэлгээс айж, магадгүй улс орны хөгжлийн зөв гарц болж болох саналаа илэрхийлэхээс татгалзах ёстой болж байна уу? Эцсийн эцэст би ард түмэнтэйгээ аман дээрээ биш, ажил хэргээрээ амь нэгтэй байгаагийнхаа төлөө хэн нэгэн бэртэгчинд доромжлуулж байвал харин ч бахархмаар хэрэг биш үү? Би үнэн ба худлыг дэнслэн цэгнэх чадвартай ухаант ард түмэндээ итгэдэг. Намайг гүтгэж доромжилж байгаа тэр цөөхөн хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн одоо мэдэхтэйгээ болсон цаг. Гүжирдэхээс айж дуугүй байх нь харин ч том алдаа болно. 
-Та бид хоёр сэдвээсээ жаахан хазайчихлаа. Гэхдээ таны илэн далангүй яриа Энхбаяр гэдэг хувь хүнийг бас нэг өөр талаас нээгээд өгчихлөө.
-“Ам нээвэл уушиг нээ” гэдэг биз дээ. Би хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан ч энэ эгэл ард түмний бас нэг төлөөлөл. Тэгээд энэ байр сууринаас харвал бидний өнөөгийн амьдралд шударга бус хандлага бараг хэвшиж, үнэн үг хэлсэн хүн адлагддаг болсон нь өөрчлөх ёстой жишиг гэж үзэж байгаа болохоор илэн далангүй ярьж байна. 
-Хоёулаа буцаад “Тавантолгой”-н талаарх таны санал руу орох уу?
-Тэгье. 
“Тавантолгой”-н ашиглалтын талаарх миний санал гэвэл:
1. Монголын нийт ард түмэн, тодруулвал иргэн бүр “Тавантолгой”-гоос хувь хүртэх ёстой гэсэн зарчим. Гэхдээ хувьцаа хэлбэрээр биш, нэрийн дансаар хувь хишгийг хүртэж байх тухай ярьж байна.
2. ”Тавантолгой”-н 10 хувийг биш, “Тавантолгой”-н орд газрыг 100 хувь буюу бүхэлд нь ард түмний өмчлөлд шилжүүлэх зарчмыг баримтлах, үүнийг тусгай хууль боловсруулан гаргаж баталгаажуулах.
3. Монголын 2 сая 800 мянган иргэн буюу 2 сая 800 мянган гишүүнтэй ард түмний өмчлөлд байх компанийг байгуулах. Монгол хүн төрөнгүүтээ энэ компаний нэг гишүүн нь болж бүртгэгдээд, насан туршдаа  энэ эрхийг нэр төдий биш, нэрийн дансандаа ногдол ашгийг нь тогтмол , бусадтай ижил тэгш хүртэх замаар эдэлж байх зарчим.
4. ”Тавантолгой” төслийг гүйцэтгэн хэрэгжүүлэх ажилд Монголын компаниуд давуу эрхтэй оролцох зарчим. Манайхны үзүүлж чадахгүй, манайхны хийж чаддагүй, заавал гадныхны туслалцааг авч, хамтран ажиллах шаардлагатай бараа, үйлчилгээний  хэрэгцээ гарвал гадаадын компаниудын үйлчлэх эрх Монголын компаниудаар дамжин нээгддэг байх зарчим. 
Ер нь тэнд шинээр үүсэх хот тосгоны үйлчилгээг манай үндэсний компаниуд гүйцэтгэж, алсдаа уурхайг дагасан ямар хөгжил үүсэхийг бид шийдэх ёстой. Ийм жишиг олон орнуудад байна. 
-Уучлаарай, үнэхээр хэрэгждэг бол сайхан л санаа сонсогдож байна. Бүх иргэн нь нэг компаний гишүүн байна гэж сонсоогүй юм байна. Амьдрал дээр байж болох болов уу? Нэг бол төрийн өмч, эсвэл хувийн өмч л байдаг шиг санагдах юм. Иргэн бүрийн өмч гэхээр...
- Дээр хэлсэнчлэн газрын хэвлийн баялаг бол байгалиас заяагдсан зүйл. Түүнийг хэн нэг хүн, аль нэг компани, эсхүл төр засаг бүтээж бий болгоогүй. Тиймээс нийгэмд түгээмэл байдаг хувийн, төрийн гэх өмчлөлийн хэлбэрт газрын хэвлийн баялгийг, тухайлбал, “Тавантолгой”-г хамруулж болмооргүй. 
Тэгээд төрийн тогтолцоо нь оновчтой биш, хариуцлагын тогтолцоо нь сул байгаа өнөөгийн цаг үед төрийн мэдэлд томоохон өмчийг бий болгоно гэдэг цаагуураа хээл хахууль, авлига, хүнд суртал, шударга бус явдал, оновчтой бус хуваарилалтыг дэмжинэ гэсэн үг болно. Нөгөө талаар хувийн өмчид шилжүүлвэл баян ба ядуугийн ялгаа гаарч, нийгмийн дотор шударга бус явдал дэлгэрнэ гэсэн үг. 
Тэгвэл өмчлөлийн өөр ямар хэлбэр байна вэ? гэж эрэлхийлэл хийсэн. Дэлхий дахинд сүүлийн үед шинээр бий болж байгаа өмчлөлийн өөр нэг хэлбэрийн хандлага бол “бүх нийтийн буюу ард түмний өмч” гэсэн ойлголт юм. Өнөөдөр зарим орнуудад олон нийтийн өмчлөлийн компаниуд хэдийн бий болжээ. Эдгээр компаниуд хүний оролцоогүй буй болсон баялаг буюу уул ус, ой мод, бэлчээр, ашигт малтмал зэрэг баялагийг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдон бий болдог байна. Харин хүний оюун ухааны үйл ажиллагааны үр дүнд бий болсон бусад баялаг, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл ажиллагаа голдуу хувийн өмчид тулгуурлаж байна. Улс орны аюулгүй байдалтай холбоотой салбарууд, ялангуяа дэд бүтцийн салбарын зарим объект төрийн өмчид байх нь зохимжтой юм. Тухайлбал, хил дамнасан төмөр зам төрийн мэдэлд байх, харин хил дамнаагүй төмөр зам хувин мэдэлд байх зэрэг зарчим байж болно. 
Дашрамд хэлэхэд “Бүх нийтийн буюу ард түмний өмч”-ийн аж ахуйн нэгж байгуулах, түүнийг удирдан ажиллуулах талаар гүн гүнзгий судалгаа хийсэн АНУ-ын Индианагийн Их сургуулийн профессор Остром 2009 онд Нобелийн шагнал хүртсэн. 
Тийм учраас энэ бүхнийг судалж, бодож, харгалзан үзээд монголчууд бид яагаад “Тавантолгой”-гоо “ТАВАНТОЛГОЙ – бүх нийтийн өмчит компани” болгож болохгүй гэж? гэсэн санал дэвшүүлж байна.

-Нийтийн өмч гэхээр бид нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн радио телевиз гээд төрөөс санхүүждэг, ашгийн бус байгууллагуудыг мэднэ. Таны хэлээд байгаа “Тавантолгой” бүх нийтийн эзэмшлийн компани ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж таарна. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулах вэ? Бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаагаа дүгнэх гээд олон ажил гарах байх?
-Зөв асуулт байна аа, хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийгдэж таарна. Нэгэнт энэ компаний гишүүд нь бүх иргэд байх учраас бүх ард түмний төлөөлөл болж сонгогдсон УИХ компаний Төлөөлөн удирдах зөвлөлийг баталдаг байж болох байх. Компанийн ТУЗ-д нэр дэвшүүлэхдээ ард түмнээсээ сонгогдсон УИХ гэдэг утгаараа УИХ-аас 3 хүн, Ерөнхийлөгчөөс 3 хүн, Засгийн газраас 3 хүн гээд нэр дэвшүүлж болох юм. Дээр нь иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөлүүдийг ч ТУЗ-д тодорхой тоогоор нэр дэвшүүлэн сонгож оруулж болно. Эдгээр гишүүд ротацийн журмаар ажилладаг байж болно.
Компанийн үйл ажиллагааг олон нийтийн зүгээс хянах Хяналтын зөвлөлийг байгуулж, аймаг бүрээс ИТХ-аас нэр дэвшүүлэн сонгох журмыг хэрэглэж болно. Бусдаараа бол компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журмаа бариад явж болно шүү дээ. Ерөнхий санаа бол ийм байгаа юм. Энэ бүхнийг хуульчилж баталгаажуулах хэрэгтэй. Гол нь ашгаа иргэн бүр компанийн гишүүний хувьд тэнцүү хувааж нэрийн дансан дээрээ авдаг байх зарчим. Хүн мөнгөө аваад яаж, юунд зарахаа хэнээс ч илүү сайн мэднэ дээ. 
-Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл компаний ТУЗ-д сонгогдож болно гэлээ. “Оюутолгой”-н ТУЗ-ийг сонгож байхад иймэрхүү яриа иргэний хөдөлгөөнүүдээс гарч байсан ч дэмжигдээгүй шүү дээ?
-Яагаад болохгүй гэж? Манай иргэний хөдөлгөөнүүд сүүлийн жилүүдэд байгаль орчин, уул уурхайн томоохон төслүүдэд санал бодлоо нэмэрлэсээр ирсэн. Зөв зүйтэй зүйл олныг хэлж байсан. Иргэний хөдөлгөөнийхөн гээд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн, янз бүрийн хэлбэрээр тэмцээд ирсэн Цог, Хурц, Ганбаатар, Авирмэд, Лхагважав нар шиг хүмүүс “Тавантолгой” гээд олон нийтийн өмчлөлийн компаний ТУЗ-д байж болно шүү дээ. Тэгж байж жинхэнэ утгаараа бүх нийтийн өмчлөлийн компанийн шинжээ бататгаж, иргэний олон нийтийн шударга хяналтыг баталгаажуулна шүү дээ. Энэ хүмүүс сонгогдохгүй юм гэхэд оролцоо, боломж нь хууль журмаараа нээлттэй байх ёстой. Ер нь бид “Тавантолгой”-н төслийг нэг бол төрийн компани, эсвэл хувийн компани хэрэгжүүлнэ гэж хоёр туйлшралд автах хэрэггүй. Дундын, илүү оновчтой хувилбар болох “бүх нийтийн өмч буюу ард түмний өмч” гэсэн загварыг сонгож болно. 
-Таны хэлж байгаа 2 сая 800 мянган гишүүнтэй компаний бүртгэл, ашиг хүртээх гээд нүсэр том ажил болох биш үү?
-Мэдээж аливааг шинээр эхлүүлэхэд амаргүй байх нь ойлгомжтой. Харин нэгэнт эхлүүлээд, гольдирлыг нь зөв олчихсон байхад үр ашиг нь туулсан бэрхшээл, гаргасан хүчин чармайлтыг хэдэнтээ давдаг нь амьдралын жам шүү дээ. Тэгэхээр монголчууд бид алийн болгон хэцүү, чадахгүй, бүтэхгүй гэж хойш суух юм бэ? 
Миний санал болгож байгаа хувилбарыг хэрэгжүүлэх нь зөвхөн эдийн засгийн үр ашгаар хэмжигдэхгүй. Манай улс иргэдээ бүртгэх, иргэний бүртгэлээ ямар ч “но”-гүй болгох ёстой гэж ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзэв? Уг нь Засгийн газар иргэний бүртгэлийн төгөлдөршилт гэсэн хөтөлбөр дэвшүүлж байсан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй л байна. Тиймээс сонгууль болохоор хэдэн арван мянган сонгогчид хаанаас ч юм бэ гараад ирдэг биз дээ? 
Тэгвэл “Тавантолгой” хэмээх бүх нийтийн өмч буюу ард түмний өмчлөлийн компанидаа бүх иргэдээ бүртгэх явцад төр иргэдээ нэгдсэн нэг бүртгэлд давхар хамруулаад авчих сайхан боломж гарна. “Тавантолгой”-д шууд оролцох, тэндээс ногдол ашиг хүртэх эрмэлзэл, сонирхол иргэн бүрт байгаа болохоор иргэн бүр сайн дураараа бүртгүүлнэ. Ер нь бол мэдээллийн технологи, харилцаа холбоо хурдацтай хөгжсөн өнөө үед иргэдийн бүртгэлийг сайн хийх нь их чухал аа. Бүртгэлээ сайн хийгээд авчихвал нийгмийн олон харилцааны зохицуулалт боловсронгуй, амар хялбар болно. Таны асуугаад байгаа ашиг хүртээх, хуваарилах ажил ч энэ төгс төгөлдөр болсон иргэний бүртгэлийн систем дээр суурилан элдэв чирэгдэлгүй хийгдэх болно.
-Таны ард түмнийхээ төлөө дэвшүүлж байгаа энэ санал үнэхээр бодууштай санагдлаа. Харин үүнийг бодит ажил хэрэг болгохын төлөө та юу хийхээр төлөвлөж байна вэ? Ер нь иргэн бүр яах ёстой юм?
-“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал буруугүй.” гэсэн ухаант ардын минь сайхан үг бий. Референдум хэмээх олонхийн саналаар шийдвэрлэдэг дэлхий дахинаа тогтсон ардчиллын жишиг ч бий. Энэ бүхнийг бодолцвол дээрх саналын талаар олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж болно. Мөн УИХ, ЗГ, Ерөнхийлөгч, иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудын төлөөлөл, эдийн засагчид, судлаачдыг оролцуулсан телевизийн шууд хэлэлцүүлгийг МҮОНРТ-ээс зохион байгуулбал би хувьдаа оролцож, санаа оноогоо уралдуулахад бэлэн байна. Санал санаачилга маань олон нийтийн дэмжлэгийг авбал холбогдох санал, хуулийн төслийн хувилбарыг УИХ, Засгийн газарт санал болгох бодолтой байна. 
Эс тэгвээс ноднин “Оюутолгой”-н асуудлыг яаран байж алдаатай шийдсэнтэй адил иргэдийн санаа сэтгэл наадам, морь, бөх, айраг цагаа гэж байхыг “далимдуулан” Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн эрх ашигтай шууд холбоотой “Тавантолгой”-н асуудлыг “бушуу туулай борвиндоо баастай” гэдгийн үлгэрээр хуудуутай шийдвэрлэнэ. 
-Та Засгийн газар саналыг тань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна уу?
-Энэ санал санаачлага маань Ерөнхий сайдын “ард түмэндээ хувь хүртээнэ” гэсэн санаачлагыг бодит ажил хэрэг болгох гол аргачлал нь болох байх гэж итгэж байна. Ер нь Засгийн газар гэлтгүй, Ерөнхийлөгч, УИХ гээд ард түмнээс сонгогдон, ард түмний татварын мөнгөөр оршин байгаа хэнбугай ч ард түмнээ гэсэн энэ санал санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж байгаа шүү. Тэдэнд хойш суух, иргэн бүрийн ашиг сонирхолд нийцсэн шийдлээс зайлсхийх эрх бий гэж үү? 
-Таны хэлсэнээс үзвэл энэ санал санаачлагад, тодруулбал “Тавантолгой”-г зуун хувь ард түмэндээ өмчлүүлэх саналд хэрхэн хандахаас манай эрхтэн дархтнуудын үнэн нүүр царай тодрох нь. Тэгэхээр ард түмэн, иргэд маань анхааралтай ажиглах л үлдэж байх шиг?
-Тоймлож хэлбэл тийм юм даа. Гэхдээ ард түмнээрээ хэлэлцүүлж, иргэн болгонд хүртээмжтэй хувилбарыг, шударга хуваарилалтыг сонгож, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэх нь монголчууд бидний өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал гэдгийг дахин онцолмоор байна. Гэхдээ иргэд дуугүй харж суух биш, харин дуугаа өргөж саналаа нэмэрлэвэл хүн бүрт хүртээлтэй байх бодлого бодит шийдвэр болно. 
-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Ажлын их амжилт хүсье.
Ярилцсан: М.Ганзориг

Monday, March 16, 2015

АНХААР !!! МАНАЙ БАРИЛГА НУРЛАА



БАРИЛГАД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ...
Барилга барихад заавал шаардагддаг хирнээ бидний төдийлөн тоож үнэлдэггүй нэг материал байдаг.
Бид тоосго , цемент, арматур, будаг цавуу гэх мэт барилга барихад ордог бүх л материалын үнэ,  тоо ширхэгийг нь тооцож, өртөг зардлыг нь боддог билээ. За тэгээд том ч бай жижиг ч бай байшин барихад барилгачин, инженер, захирал, нярав, өрлөгчин, шаварчин зэрэг  хүмүүс оролцоно. Бид ч бас хүний хөдөлмөрийг ямартай ч үнэлээд тооцоолоод л байдаг.
Гэтэл барилга барьж эхлэхээс авхуулаад, дуусгаад цэвэрлэх хүртэл,  ашиглалтанд орсны дараа ч хамгийн чухал зүйл бол УС байдаг.   Шавраа усаар зуураагүй бол тоосго хэрхэн тогтох вэ, цемент яаж бэхжих вэ? Усаар угаахгүй бол цэвэрхэн сайхан барилга боллоо юу? Ус хэдийгээр тэрхэн зуур хатчихдаг боловч нэгэнт зуураад, зууралдуулаад авсан хойно өөрийн оролцоотойгоор тэр байшинг хэдэн арав, хэдэн зуун жилийн туршид нурж уналгүй тогтоход нь хамгийн гол ач холбогдолтой гэж хэлж болно биз дээ?
Түүнтэй адилаар аливаа улс, нийгмийг сайн сайхан болгохын тулд төр хэрэгтэй, төрийн бус байгууллага хэрэгтэй, ард түмэн газар шороо байж гэмээнэ  улс гүрэн тогтоно гэх мэтээр бид бас жагсаалт гаргаж байдаг.  Хууль хэрэгтэй, хууль хэрэгжүүлдэг байгууллага хэрэгтэй, тэр байгууллагыг бүрдүүлэхэд сонгууль хэрэгтэй, сонгуульд хар машин хэрэгтэй гэх мэтээр бас хэрэгтэй зүйлүүдээ бичиж болноо. Мэдээжийн хэрэг татвар, татвар төлдөг байгууллагууд ч амин чухал байх.
Миний бодлоор өнөөдрийн бидний байгуулсан нийгмийг байшинтай зүйрлүүлбэл байх ёстой материалууд нь дээр дурдсанаар бас ч гэж байх нь байна аа. Нэг гэм нь бидний барьж байгуулж буй өнөөдрийн нийгэм гэдэг байшин маань нэг л тогтворгүй, хэн нэг нь санаандгүй түлхчихвэл нурчих гэж байгаа мэт тааруухан л барилга болчихоод байгааг хүн бүр л ярьж бичиж байна. Тоосгоо өрсөн боловч хоорондоо наалдаагүй, цементээ зуурсан боловч усгүй учраас барьцалдаагүй тэр чигээрээ овоолсон тоос шиг замхарч байдаг бүрдэл хэсгүүдтэй байна.
Нийгмийг байгуулахад шаардлагатай бүх л хуулиудыг батлаад л, аливаа улс гүрэнд байх ёстой байгууллагуудыг байгуулаад л байдаг, нийгэм гэдэг байшин овойж оцойтлоо хөгжөөд босоод ирэхгүй байгаагын цаад шалтгаан юу билээ? Барилгад хэрэгтэй усны үүргийг чухам юу гүйцэтгэх вэ? Бидэнд төдийлөн үнэлэгдэхгүй  байгаа хирнээ, зайлшгүй шаардлагатай ЮУГ бид тооцохгүйгээр барилгын материалуудаа овоолж өрөөд байна вэ?
Миний бодлоор хүн чанар, хүний мөс, эв нэгдэл, шударга ёс, хүн хүндээ итгэх итгэл, биесээ хүндлэх хүндлэл, бусдыг хайрлах хайр, маргааныг царцаадаг хүлээцтэй байдал,  бусдыг үл доромжлох ёс суртахуун, хариуцлагаа ухамсарлах сэтгэхүй, ажил хөдөлмөрт дурлах хандлага, ахмадаа дээдлэх ёс зүй зэрэг нийгмийн үнэт зүйлсийг бид үнэлэхгүй байгаагаас үүдэлтэй гэж бодном.
Хэдэн ч том зам бариад, хичнээн ч аймгийг холбоод нэгэнт бие биенээ хүндлээд зам тавьж өгөхгүй  л бол замын хөдөлгөөний хуулийг цагдаад даатгаад яах юм бэ?
Үр хүүхдүүддээ бусдыг хүндлэж, хайрлахыг зааж өгөхгүй юм бол өрөөл бусдаас өөрийн хүүхдийг яаж хамгаална гэж бодож байна. Өдөр бүр цэрэг цагдаагийн хамгаалалттай байдаг нийгмийг төсөөлж чадах уу? Өрөөлийг хүндэтгэхгүйгээр  өөрөө өөртөө хүндлэл олж авдаг ид шид гэж дуулсан уу? Өөрөөсөө ахмад хүмүүстэй ямар ч барьергүйгээр, ичиж эмээлгүйгээр хэрэлдэж байгаа орчин үеийн залуус, гэр гэрээсээ, гар утасныхаа цаанаас хэнтэй ч хамаагүй хэрэлдэж, хэнийг ч хамаагүй доромжилж байдаг сошиал гэх ертөнцийн баранк бүтээгдэхүүнүүдээс бид ямар харилцаатай нийгмийг хүсэн хүлээх вэ? 
Улс төрд итгэл, эв нэгдлээ сахихгүй бол эрх мэдэлд хүрээд яаж хамтын шийдвэр гаргаж энэ нийгмээ урагшлуулна гэж бодож байна? Сонгож байгуулсан монгол төрөө хүндлэхгүй юм бол улс гээд яах юм бэ? Тэдний батласан хуулийг хэн хэрэгжүүлэх ёстой юм бэ? Гаднаас довтлоход дотроос хаалга нээж өгөх урвагчид лугаа адил бусадтай нийлээд төрөө ард түмнээ худалдаад, муучлаад байвал нэг улс гэж байгаад яах юм бэ?
Хоёр тал муудчихаад эвлэрч сурахгүй юм бол, хайртаа хосууд туньчихаад бие биеэ уучлаж чадахгүй юм бол төр засгаас эвлэрүүлдэг хууль гаргаад нэмэртэй юу? Эдийн засгийг хөгжүүлээд тааламжтай юу?
Эмч нь өвчтөндөө халамж тавьдаггүй бол хичнээн MRI байгаад нэмэртэй гэж үү? Багш нь заах сэтгэлгүй бол лэп топоор зэвсэглээд ч сайжрахуу? Сэтгүүлч нь мөнгөнд явчдаг бол уншигчид нь гэгээрээд, сэхээрлээ юу? Улс төрчид худлаа амалдаг л бол сонгуулийн хуулийг өөрчлөөд улс орон хөгжлөө юу?
Бид аз жаргалыг хэтэрхий материаллаг зүйлсээс, хэлбэр дүрсээс нь хайгаад байгаа юм биш биз? Эгэл ардаас эрдэмтэдээ хүртэл, түлээчин залуугаас төрийн түшээдээ хүртэл зөвхөн эдийн засгийн өсөлт, улс төрийн амжилтыг ярьдаг сонирхдог, тойрч хэрэлддэг улсад аз жаргалын индексийг юугаар тооцох хэрэг вэ?
Тиймээс найзуудаа АНХААРААРАЙ. Манай барилга нурлаа шүү.  Бид усгүй цементээ шуудайтай чигээр нь өрчихөөд, тоосгоныхоо хооронд хуурай шавар асгачихаад есөн давхар байшин барьчих гээд үзээд байна. Энэ хооронд хэдэн ч инженер халагдаж, хэдэн ч барилгачин дарагдаж үхэх ёстой юм бэ? Уг нь ус байсаар л байгаа. Өөрсдөө л гэр гэртээ ууж байгаа болохоос барилгадаа хэрэглэх талаар бодож үзмээр байна.